Sunday, 31 July 2016

Хөрөг

"Зохиолч, яруу найрагч Г.Аюурзанын хөрөг" 
60x80 зотон, тос, акрилик, 2008
"Portrait of the poet, writer G.Ayurzana" 
oil, acrylic on canvas, 2008






ХӨРӨГ

Уран зургийн академийн магистрийн 2-р курс, ихэнх зургийн сургуулиуд бакалавр ч бай мастер ч бай хоёрдугаар курсээсээ эхлэн КУРСЫН АЖИЛ туурвидаг. Миний хувьд бүтэн хагас семестр хичээлд суугаагүй, учир нь хагас жил оюутны байранд, өрөөндөө ном уншиж, кино үзэж хааяа бүтээлээ хийдэг байсан үе. Өдөрт заримдаа арван кино угсруулж үзнэ (хоногийн хорин дөрвөн цагт дунджаар арван кино л үзэж амждаг юм билээ), зарим үед бүтэн сараар ном бариад босохгүй хэвтчихнэ, ийм хүн хэдий завандаа хичээлд явах билээ дээ. Анги уг нь хаяанд л даа гурван минутын дотор л гүйгээд хичээлийн танхимдаа, урландаа оччихно. Надтай хамт мастерт хоёр оюутан сурч байв, бид ангидаа гурвуулаа. Нөгөө хоёр маань намайг өдрийн од шиг сураглана, ихэнхдээ өрөө рүү утас цохин хамт хоол идье, дараа нь ийм тийм музей галерей явъя, ийм багшийн тийм лекц сонсох уу гэж л залгана. Миний сонирхол татах зүйл байвал зарим тохиолдолд хамт гардаг байв. Ангийн хоёр миний юу хийгээд хичээлд ирэхгүй байгааг мэддэг тул юу ч үл асууна, хэнд ч үл хариулна, багшид юу гэж хэлснийг ч бүү мэд. Багш ч хойноос хөөе хаая болохгүй чимээгүйхэн байсаар хоёрдугаар курсын шалгалт дөхөж Курсын ажил шалгаж дүн гарах болов. 2008 оны хавар л даа. Би 2008 оны зун Монголдоо БИЕ ДААСАН үзэсгэлэнд давхар бэлдэж, яг тэр үед хэд хэдэн хөрөг зурж байсан юм. Ихэвчлэн Зохиолчдын ХӨРӨГ. КАФКА, КАМЬЮ, БЛОК, ЦВЕТАЕВА, Монголоос АЮУРЗАНА абугайн хөргийг зурсан нь энэ. Зурагдсан хөргүүдээс ганц амьд нь АЮУР ах бөгөөд зарим хүмүүс заримдаа Аюур ах миний өмнө томоотой суугаад хөргөө зуруулсан хэмээн санадаг шиг байгаа юм, яг ч тийм биш ээ, нэгэн фото зургаас ерөнхий дүрслэлийг нь гаргаж зурсан нь энэ. Эл хөрөг бүтсэн болон хөрөг зохиолчид очсон түүх маш сонин, үүнийг одоогоор нууцлъя.

Дүн гарах үед гэв гэнэт ангийн багшийн өмнө бүтэн үзэсгэлэн дэлгэж тавиад,

-Багш аа намайг хичээл тасласанд уучлаарай, би бүтээлээ хийгээд.... төвлөрөх хэрэгтэй байсан, хичээл миний бүтээлд саад болоод байсан учир хичээлдээ яваагүй, хагас жилийн кредитээ бүтээлүүдээрээ, үзэсгэлэнгээрээ хамгаалан дүгнүүлж болох уу? гэв. Би багшид бус багш маань надад гэнэтхэн утсаар дуудагдаж миний урланд ирсэн учир хэсэгтээ алмайрч гайхан их л нухацтайгаар бүтээлүүдийг минь харж байснаа, чи тэгээд энэ хугацаанд бүтэн үзэсгэлэн бэлдсэн юм уу, за яахав болно л доо, энэ юун хөрөг билээ хэмээгээд эл хөргийг асуувай. Би ч: аан их сайн зохиолч, яруу найрагч хүн байгаа юм аа л гэлээ. Багш тун сонирхсон байдалтай: -үгүй энэ юу юм бэ дээ? гээд хөргийн баруун том орон зайд буй гялгар өнгөггүй хөндлөн өргөн зураасыг асуув. Миний инээд хүрээд, юу гэдгийг нь хэлж чадсангүй,
-зүгээр л.... -юу ч биш ээ.... багш аа, гэлээ. Багш: -дажгүй хөрөг болж ээ! хэмээн дүгнэв. Миний анхны бие даасан үзэсгэлэн ингэж намайг аварсан юм даа. Үзэсгэлэн гаргахаар бэлдэж бүтээлүүд хийгээгүй бол муу дүн аваад шууд хөөгдөх байсан биз. Дашрамд АЮУРЗАНА ах бас оюутан байхдаа сургуулиасаа хөөгдсөн түүх байдаг даа, тэр түүхийг уншаагүй, мэддэггүй байсан үе шүү! Дараа нь уншаад элгээ хөштөл инээж билээ.

Энд өгүүлэх гэсэн хамгийн гол зүйл бол, ангийн багшийн яг онож асуудаг тэр хөндлөн гялгар өргөн зураас юу вэ? Энэ бүтээлд хэний ч мэдэхгүй хичнээн нууц бий вэ? гэдэг тухай. Зохиолчын эл хөрөг одоо өөрт нь хадгалаатай буй. Өөрөө ч мэдэхгүй, бүтээлд буй далд, олон нууцыг олонд дэлгэх ер нь зөв үү? хэмээн нэг бус удаа бодож үзсэн. Ямар ч урлагийн бүтээлд өөрийн НУУЦ байдаг бөгөөд бүтээлийн нууц бүтээлийн сүнс байх.

ПС: Анхны үзэсгэлэн "МИНИЙХ" нэртэйгээр ХААН БАНК Арт Галерейд 2008 оны 8-р сард олон нийтэд дэлгэсэн билээ.