Saturday, 1 April 2017

мона лиза


Мона Лиза (англ. Mona Lisa; итал. La Gioconda; фр. La Joconde) нь Леонардо да Винчигийн зурсан, XVI зууны хөрөг юм. Энэ бүтээл одоо Парисын Лувpын музейд хадгаглагддаг, "Гунигтайхан харж, учиртай инээмсэглэх" энэ бүсгүйн хөрөг хүн төрөлхтний уран зургийн түүхэнд хүндтэй байр суурь эзэлсэн хэвээр.

Жокондагийн тааврын талаар бичсэн цаас уул овоо шиг их. Мона Лизагийн инээд ямар учиртай, ер нь Луврын музейд хуулбар зураг өлгөөтэй байгаа юм биш биз, Леонардо энэ хөрөгт хэнийг зурсан бэ гэх зэрэг асуултууд урлаг судлаачид, сэтгүүлчид, урлагийн хорхойтнуудын олон зуун жилийн турш маргааныг өрнүүлсээр иржээ. Дунд орчим насны даруухан хувцастай, сайхан гэж хэлмээргүй эмэгтэйн том биш хэмжээний хөрөг. Гэтэл яагаад хүчтэй өрсөлдөгчид болох Рафаэлийн “Сикстины дагина” эсвэл Веласкесын “Толины өмнөх Венера” зэрэг бүтээлүүд энэ бүтээлд хүндэтгэлийн тавцангаа шуудхан тавиад өгөв.

Мона Лизагийн алдрын гол үүд нь Леонардо да Винчийн авъяас юм. Учир утгагүй зүйл гэж үгүй. Жоконда бол их мастерын нэрийн хуудас. Леонардо уг хөрөгт гарын үсэг, он сар бичсэнгүй. Гэхдээ суут зураачийн бүтээл мөн гэдэг нь эргэлзээгүй. Зургийн шинж чанар нь өөрөө үүнийг батлана. Шинэ содон нээлт биш харин сэргэн мандалтын үеийн бүх ололт энэ зурагт нэгдэн өндөр түвшинд бүтээгдсэн билээ. Энд байгал ба хөргийн зохицолдол, бүсгүйн хагас хөндлөн суусан байрлал, үзэгчид хандсан харц, пирамид загварын зохиомж бий. Мөн их мастерын зурах техник илэрхий харагддаг.

Мона Лиза Европын урлагт сэтгэл зүйн хөргийн шинэ жанрын эхлэлийг тавьсан билээ. Аугаа их мастер энэ бүтээлээ туурвихдаа хурц эсрэг тэсрэг байдал ба зөөлөн хөг аялгуу хөдөлгөөнгүй зогсонги чанар ба өөрчлөлт хувиралт, сэтгэл зүйн нарийн мэдрэмж ба шилжилт зэрэг уран сайхны бүх арга хэрэгслийг ашигласан байна.

Зураач бүтээлээ нимгэн давхаргаар үелэн өмнөх давхаргыг хатсаны дараа дараачийхийг нь нэмэх аргаар зуржээ. Гэрэл сүүдрийн тоглолтыг будгаар амилуулан эд зүйлсийн замхран манарах дүрслэл гаргахыг “сфумато” (италиар утаа шиг замхрах) гэнэ.

Жоконда судлаачдын олохыг оролдож буй таавар нь сфуматог гүйцэтгэх авъяаст бий аж. Тэдний олонх будгийн давхарга дор илгээгдсэн гэх “нууц захиаг” олоод үзчихсэн хэмээж буй нь хамгийн сонирхолтой. Леонардогийн өөрийн хөрөг тэнд нуугдаж байгаа ч гэх. Үзэгчид зураачийн бүтээлд нуугдсан дүрслэлийг олохоор ямагт эрмэлзэж байдаг нь нууц биш. Энэхүү зургийн талаар маш олон янзын таамаглал мэдээ байдаг, тэр бүхэн өөр өөрийн гэсэн онцлогтой. Өнөөг хүртэл энэ бүтээлийг олон янзаар хуулбарлан зурах гэж оролдсон боловч үндсэн эх шигээ болж чадаагүйн нууц нь Леонардо Да Винчи энэ зургийг зурахдаа өөрөө будгийг нь найруулан зурсан, түүнчлэн өөр бусад хүмүүс болон туслахууд хажуудаа хэнийг ч байлгаагүйгээс энэхүү зурагны үл тайлагдах нууц үүрд хадгалагдаж үлдсэн буй.

Дүрслэх урлагийн бүтээлүүдийн дунд Жокондагийн төрсөн өдрийг бараг анзаараагүй өнгөрсөн билээ. Ван Эйк, Дуччо нарын шинэ бүтээл дуусаны баярыг Гент ба Сиена хот даяар хэдэн өдөр дараалан тэмдэглэж байлаа. Тийм ч учраас мэргэжилтнүүд Жокондагийн төрсөн өдрийг нарийн тогтоож чадахгүй л байгаа юм. Жоконда 1503-1506 оны хооронд бүтээгджээ гэж үздэг. Тэгэхлээр бид Жокондагийн төрсөн өдрийг дөрвөн жилийн турш тэмдэглээд байхад буруудах зүйл алга. Леонардо насан эцэслэх хүртлээ захиалагчдаа өгөөгүй бөгөөд энэ зургийг өөртөө хадгалж байсан. Гэсэн хэдий ч Мона Лиза “хорионд” байсангүй. Жоконда эхнээсээ алдар нэрийн шүүлтээр дамжсан. Ганц ч бүтээл ийм шүүлтгүйгээр урагш алхдаггүй. Жинхэнэ мэргэжлийн хүмүүс энэ бүтээлийн шүтэн бишрэгчид юм. 16-р зууны уран зурагт Жокондагийн ул мөр, нөлөө их. Агуу Рафаэль л гэхэд энэ зургийн “өвчний” халдвартай байв. Леонардо зураачдын “гарын авлага” болохоор бүтээл туурвижээ. Тэд Мона Лизаг хуулбарлан уран зургийн нууцад суралцаж байлаа.

Жокондагийн алдрыг дэлгэрүүлсэн анхны хүн нь зураач Жоржио Визари болсон юм. “Хамгийн нөлөө бүхий зураач, барималч, уран барилгачдын амьдралын тухай бичлэг” номондоо “Франческо дель Жокондагийн эхнэр Мона Лизагийн хөргийг бичих захиалгыг биелүүлэх зураач нь Леонардо болсон юм. Урлагийн хэлээр байгал орчныг хуулбарлан дууриах эрмэлзэлтэй хүн бүрт энэ боломжийг нээн өгч, зөвхөн уран зурагт байх нарийн нандин арга барилыг энэ зурагт нэгд нэгэнгүй гаргажээ. Хүн гэхээсээ тэнгэрлэг эл хөрөг гайхамшигтай бүтээл хэмээн тооцогдож байна. Өөрөөр ч байх аргагүй, амьдрал өөрөө ийм байдаг” хэмээн тэрээр бичиж байв. Визарийн дүгнэлт мэргэжлийн зураачдын дунд өндөр нэр хүндийг Жокондад авчирсан билээ. Мөн тэрээр ирээдүйн “супер одыг” Мона Лиза Жоконда гэсэн хамгийн тохиромжтой “тайзны нэртэй” болгосон юм.

Флоренцийн торгоны наймаачны эхнэр энд зурагджээ гэдгийг Визаригаас өөр дурьдсан хүн байдаггүй. Харин ч бүгд үүнтэй зөрчилдөж байжээ. Леонардо нэрд гарсан оргил үедээ хэний ч мэдэхгүй нэгэн худалдаачны эхнэрийг зурах хэрэг юу байсан юм бол? Зургийн талаар анхны баримттай мэдээллийг Арагоны санваартны нарийн бичгийн дарга Антонио де Беатис гаргасан байдаг боловч Мона Лиза Жокондагийн тухай нэг ч үг дурсаагүй байна. Агуу зураачийг нас барахаас өмнөхөн Беатис Леонардогийн урлангаар орсон гэнэ. Тэрээр зураачийн урланд Жулиано Медичийн захиалгаар зурагдсан Флоренцийн хатагтайн хөргийг харлаа гэж тэмдэглэлдээ бичин үлдээжээ. Хожим эрдэмтэд их зураачийн загвар нь чухам хэн байж болох тухайд хэд хэдэн таамаглал дэвшүүлэн судалсан юм.

Тэдний дундаас загвар болоход хамгийн тохиромжтой хүн нь Мантуин вангийн хатагтай Изабелла д Эсте байв. Тэр эмэгтэй их зураачтай найзалдаг, захидлаар харилцдаг байжээ. Леонардогийн зурсан Изабеллагийн харандаан таталбартай харьцуулан харвал Луврын музейн алдарт зургийн баатартай адил төстэй шинж байдаг. Гэхдээ шүтэн бишрэгчдийн хувьд Изабелла болон Леонардогийн үеийн бусад нэртэй эмэгтэйчүүд алдарт зургийн загвар болон үлдэж чадаагүй билээ. Зөвхөн Визарийн гаргаж ирсэн наймаачин Жокондагийн эхнэр Мона Лиза энэ зурагт дүрслэгдсэн гэдэгт бүгд итгэх болов. Үүүнээс зургийн Жоконда хэмээх 2 дахь нэр үүссэн аж. Ийн олон жилийн турш олон хувилбар дээр дэлхийн эрдэмтэн, судлаачид, урлагийн зүтгэлтнүүд маргалдаж, мэтгэлцсэний эцэст сайхан Жоконда бодит амьдрал дээр хэн байсныг эцсийн байдлаар тогтоожээ. Энэ бол Флоренцийн гэргий Лиза Герардини мөн болохыг нэгэн дуугаар батлав. Германы Хэйдэлбэргийн их сургуулийн эрдэмтэд уг дүгнэлтийг нээсэн боловч олон нийтэд энэ тухай 2008 он гараад удаагүй байхад зарлажээ.

Леонардогийн суу билэг Жокондагийн амьд харц, түүний нууц далд, тайлагдашгүй инээмсэглэлд оршдог. Түүнээс гадна энэ зургийн ард зурагдсан байгал асар өргөн утга учир хийгээд далд санааг агуулж буй. Гэхдээ үүнийг харсан жирийн нэг шүдний эмч хараад шүдээ хавирдаг зуршилтай гэж хэлжээ.
эх сурвалж: википедиа

Sunday, 29 January 2017

ДИЯАН=ЗЭН

- Self-mortification -

гэрэл зургийг: Цогтын ШУВУУ 2015

Photo by Shubuu Tsogt 2015
All rights reserved: YELLOWBIRD
| not edited |





ЭРТНИЙ СУРГААЛ


Бодь хэмээгч бэлгэ чанар буюу
Бодол сэтгэл төрвөөс атгаг болъюу

Ариун сэтгэл атгагийн дунд оршмуй
Ашдын зөв гурван түйтгэргүй ажгуу




Ертөнцийн хүмүүн Бурханы мөрөөр замнаваас
Ер алив аймаг сав тотгоргүй болмуй

Гагц өөрийн гэмийг шинжиж явбаас
Гарцаагүй сайн номтой магад учирмуй




Төрөл зүйлтэн өөр өөрийн замтай
Тэр бүр харилцан үл харшилмуй

Замаас гажин жам ёсыг эрвээс
Замбуулингийн нас төгстөл түүнээ эс олмуй




Эндүүрэлт орчлонд нэгэн насыг бараад
Эргээд харахад харуусал гуниг дүүрэн

Чин үнэн замыг олъё хэмээвээс
Чигч шулуун явдал тэр болой




Өөрт номын сэтгэл үгүй бол
Өөдгүй явдлаар замыг эс олмуй

Чигч сэтгэлээр явдлыг засагч хүмүүн
Чивэлт орчлонгийн гэмийг үл үзнэм




Гагцхүү бусдын гэмийг сонжин явдаг бол
Гарцаагүй тэр өөрийн гэм мөн

Бусад буруутай өөрөө гэмгүй хэмээвээс
Буруу алдас чухам тэр болой




Атгаг бодлыг биеэс үлдэн хөөж
Атаатан мэт нисваанисын үндсийг тасла

Амармаг болоод хорсох сэтгэл эс халдваас
Алжаасан хөл хөсөр амарч болмуй




Урин зальхайд автагчийн сэтгэлийг номхотгохуйд
Уран аргыг хэрэглэвээс сая бүтмүй

Өрөөлийн сэжиг төөрөгдлийг арилган чадваас
Өөрийн бэлгэ чанар илэрч буй болой




Ертөнцөд оршигч Бурханы ном
Ер ертөнцийн үзлээс ангид бус

Орчлонг огоороод бодийг олно хэмээх нь
Олдошгүй туулайн эврийг эрэхтэй адил




Үнэн үзэл ертөнцөөс нөгчихүй болой
Үзэл буруу нь ертөнцөд агч буюу

Тэрс зөв үзлийг хамт таягдан хая
Тэгж чадвал сая бодь сэтгэлийг үзмүй




Үгүүлэн буй Донминий дуулал болой
Өөр нэрийг их номын онгоц хэмээмүй

Орчлонд төөрөлдсөн нь тоолшгүй галвын хэрэг
Онож гэгээрэх нь агшнаа бүтэх тохиол.






/ “ДИЯАН᠌᠌ 2011, х-74, орчуулсан доктор, профессор Доржсүрэнгийн Болдбаатар /
 




Thursday, 5 January 2017

"НОМЫН САН ба ИОСИФ БОИС"




the event link:  https://www.facebook.com/events/1818072781787050/

CACM: https://www.facebook.com/CACM.MN/?ref=bookmarks

THE BLUE SUN: https://www.facebook.com/art.bluesun?fref=ts

ALT CTRL:  https://www.facebook.com/ALTCTRL.TM/?ref=bookmarks

MORNING ART NEWS:  https://www.facebook.com/MORNINGARTNEWS/?ref=bookmarks

Monday, 26 December 2016

УРЛАГИЙН ОНОЛ СУДЛАЛД: КОНТЭМПОРАРИ ХАНДЛАГА | судлал, шүүмж |



CONTEMPORARY ART CENTER OF MONGOLIA

ХӨХ НАР КОНТЭМПОРАРИ УРЛАГИЙН ТӨВ
НЭЭЛТТЭЙ АКАДЕМИ ХҮРЭЭЛЭН
ХҮН БАЙГАЛ ХАЙР ЭРХ ЧӨЛӨӨ 
ALT CTRL




























































ИЛТГЭЛ №1 
УРЛАГ СУДЛААЧ, ДЭД КУРАТОР ДАШДОНДОВЫН БАЯРЦЭЦЭГ 2016.12.24БЯМБА ГАРАГ
УЛААНБААТАР ХОТ, МОНГОЛ УЛС
_____________________________________

[ дүрсийг болон дүрийг тодорхойлон бичиглэх ИНУ: ]


дүрсийг эвлүүлэн ухаарахад 

дүрсийг эвлүүлэн ойлгуулахад 

дүрсийг дүрслэн илрүүлэхэд 
дүрсийг дүрслэн нээхэд 

дүрсийг тодорхойлон тайлбарлахад 
дүрсийг тодорхойлон таниулахад

бүтээгч хүмүүний сэтгэлгээний 

бүтээгч хүмүүний ухамсрын
бүтээгч хүмүүний удамшлын
            
бодот оршихуйн бие даасан ертөнцүүдийн сэтгэлгээний бүтээлүүдийг нэгэн цогц байдлаар 
МОНГОЛЫН ЭРИН ЦАГИЙН УРЛАГИЙН ТӨВД толилуулж буй бөлгөө.


УРЛАГ хүн төрөлхтөний сэтгэлгээний өвөрмөц орон зайд олон ангилал, чиглэл, урсгал, хандлага | ИЗМ –үүдэд задран нэгдэн нийлэн нэгтгэн дүгнэгдсэн урлагийн түүхэн замнал та бидний цаг үеийн өнгөрсөнд өрнөсөн бол эрин цагийн КОНТЭМПОРАРИ урсгал ДАХИН ЭРГЭЦҮҮЛЭХ хандлагаар үргэлжлэн буй төрөл, урлагийн түүхийн явц, НИЙТИЙН - СЭТГЭЛГЭЭНИЙ ЕРТӨНЦИЙН ТӨВШИНГ НЭМЭХ - БИЛГИЙН МЭЛМИЙГ НЭЭХ - ХАРАХ ӨНЦГИЙГ ТЭЛЭХ - ГЭГЭЭРЭЛД УРИАЛАХ - УХАМСАР ЗҮГ ХӨТӨЛНӨ. Дашрамд: дэлхийн болон монголын урлаг өөрийн үүргээ гүйцэтгэж буйн илрэл бөгөөс ухамсар оюун сэтгэлгээний бүтээлүүдийн орон зайгаар бэлэг барих нь бүтээгч хүмүүний үүрэг бол, таних ойлгох хүртэх таашаах ухаарах нь нийгэм үзэгчдийн хэрэг бөлгөө хэмээн судлаачид бид тодорхойлж байна.

КОНТЭМПОРАРИ хэмээх нэр томъёог Дэлхийн болон Монголын урлагт анхлан хэрэглэсээр даруй тавь гаруй жилийн хугацааг үдэж буй хэдий ч нийгэмд урлагийн боловсролын сургалтын систем хангалтгүй, урлагийн бүхий л салбарт суурь онол арга зүй, мэргэжлийн үг хэллэгийн суурийг гүн гүнзгий судлан ухаагүйн улмаас XXI зууны эхэн хагас, энэ цаг үеийн урлагийн бүх төрөл олон “ХЭЛ”-ний давалгаа, олон УГСААТАН –ны давалгаа, олон “СОЁЛ –ын давалгаанууд дэлхийн бүхий л улс үндэстнийг чөлөөт сэтгэлгээний хамтын хөдөлгөөнд оруулсан өвөрмөц цаг үе билээ.

СЭТГЭЛГЭЭНИЙ УРЛАГ -ийн контэмпорари бүтээлүүд эрин цаг үеийг дамжин туулснаар өнгөрсөн одоо ирээдүйн түүхийг мэдрэх, хойч үе эрин цагийг ойлгох, хувь хүн урлагийн боловсролын чухлыг таних нэн чухаг чиг хандлага бүхүй салбар ухаан юм.

ҮЗЭСГЭЛЭНГИЙН ТАНХИМ бол ОЮУН САНААНЫ ӨВӨРМӨЦ ТАЙЗ бөгөөд ТАЙЗ ГЭДЭГ БҮТЭЭГДМЭЛ ЦАГ ХУГАЦАА, ОРОН ЗАЙН НЭГДЭЛ. хэмээжүхүй.*
[
© П.БАТХУЯГ 2016, ЭСРЭГ ЦАГ III, 162-р талаас дэлгэрүүлэн үзнэ үү.]



СЭТГЭЛГЭЭНИЙ ОРОН ЗАЙ

(дотоод, гадаад)
|
БҮТЭЭЛИЙН ОРОН ЗАЙ 
(дотор, гадна)
|
БҮТЭЭГЧ,ҮЗЭГЧ
(дотоод, гадаад)

______________________________

цаг хугацаа - орон зай – сэтгэлгээ
|

ХҮН
|
 контемпорари урлаг


ЗОРИЛГО
нэгдмэл мөнхийн санааг тодорхойлох, бэлгэдэлт илэрхийлэлийг бүтээлээс хайх, зөн ёр совин зүүд бие тэмдэг түлхүүрийг нээх, магад нэн өөр бодомжуудаар таних, түүхийн эрин үеүүдийг задлан тайлбарлах бодот цаг хугацааны оньс, нэн өөр эриний шинэ түүх мөн.



ДҮГНЭЛТ
Анхны энэхүү үзэсгэлэнд оролцож буй бүтээлчдийг бид тодорхойлохдоо:


1. Дүрслэх урлаг суурьт бүтээлч

2. Хөгжмийн урлаг суурьт бүтээлч
3. Технологи суурьт бүтээлч 

хэмээн ангилж буй бөгөөд мэргэжлийн боловсрол эзэмшсэн түүх, явцыг тухайн бүтээлчийн бүтээл болон  cv | намтраас дэлгэрүүлэн танилцах боломжтой.






Анхаарал хандуулсанд баярлалаа


Урлаг судлаач, дэд куратор
Дашдондовын Баярцэцэг

2016.XII.24 бямба гараг
УЛААНБААТАР ХОТ
МОНГОЛ УЛС.

Sunday, 31 July 2016

Хөрөг

"Зохиолч, яруу найрагч Г.Аюурзанын хөрөг" 
60x80 зотон, тос, акрилик, 2008
"Portrait of the poet, writer G.Ayurzana" 
oil, acrylic on canvas, 2008






ХӨРӨГ

Уран зургийн академийн магистрийн 2-р курс, ихэнх зургийн сургуулиуд бакалавр ч бай мастер ч бай хоёрдугаар курсээсээ эхлэн КУРСЫН АЖИЛ туурвидаг. Миний хувьд бүтэн хагас семестр хичээлд суугаагүй, учир нь хагас жил оюутны байранд, өрөөндөө ном уншиж, кино үзэж хааяа бүтээлээ хийдэг байсан үе. Өдөрт заримдаа арван кино угсруулж үзнэ (хоногийн хорин дөрвөн цагт дунджаар арван кино л үзэж амждаг юм билээ), зарим үед бүтэн сараар ном бариад босохгүй хэвтчихнэ, ийм хүн хэдий завандаа хичээлд явах билээ дээ. Анги уг нь хаяанд л даа гурван минутын дотор л гүйгээд хичээлийн танхимдаа, урландаа оччихно. Надтай хамт мастерт хоёр оюутан сурч байв, бид ангидаа гурвуулаа. Нөгөө хоёр маань намайг өдрийн од шиг сураглана, ихэнхдээ өрөө рүү утас цохин хамт хоол идье, дараа нь ийм тийм музей галерей явъя, ийм багшийн тийм лекц сонсох уу гэж л залгана. Миний сонирхол татах зүйл байвал зарим тохиолдолд хамт гардаг байв. Ангийн хоёр миний юу хийгээд хичээлд ирэхгүй байгааг мэддэг тул юу ч үл асууна, хэнд ч үл хариулна, багшид юу гэж хэлснийг ч бүү мэд. Багш ч хойноос хөөе хаая болохгүй чимээгүйхэн байсаар хоёрдугаар курсын шалгалт дөхөж Курсын ажил шалгаж дүн гарах болов. 2008 оны хавар л даа. Би 2008 оны зун Монголдоо БИЕ ДААСАН үзэсгэлэнд давхар бэлдэж, яг тэр үед хэд хэдэн хөрөг зурж байсан юм. Ихэвчлэн Зохиолчдын ХӨРӨГ. КАФКА, КАМЬЮ, БЛОК, ЦВЕТАЕВА, Монголоос АЮУРЗАНА абугайн хөргийг зурсан нь энэ. Зурагдсан хөргүүдээс ганц амьд нь АЮУР ах бөгөөд зарим хүмүүс заримдаа Аюур ах миний өмнө томоотой суугаад хөргөө зуруулсан хэмээн санадаг шиг байгаа юм, яг ч тийм биш ээ, нэгэн фото зургаас ерөнхий дүрслэлийг нь гаргаж зурсан нь энэ. Эл хөрөг бүтсэн болон хөрөг зохиолчид очсон түүх маш сонин, үүнийг одоогоор нууцлъя.

Дүн гарах үед гэв гэнэт ангийн багшийн өмнө бүтэн үзэсгэлэн дэлгэж тавиад,

-Багш аа намайг хичээл тасласанд уучлаарай, би бүтээлээ хийгээд.... төвлөрөх хэрэгтэй байсан, хичээл миний бүтээлд саад болоод байсан учир хичээлдээ яваагүй, хагас жилийн кредитээ бүтээлүүдээрээ, үзэсгэлэнгээрээ хамгаалан дүгнүүлж болох уу? гэв. Би багшид бус багш маань надад гэнэтхэн утсаар дуудагдаж миний урланд ирсэн учир хэсэгтээ алмайрч гайхан их л нухацтайгаар бүтээлүүдийг минь харж байснаа, чи тэгээд энэ хугацаанд бүтэн үзэсгэлэн бэлдсэн юм уу, за яахав болно л доо, энэ юун хөрөг билээ хэмээгээд эл хөргийг асуувай. Би ч: аан их сайн зохиолч, яруу найрагч хүн байгаа юм аа л гэлээ. Багш тун сонирхсон байдалтай: -үгүй энэ юу юм бэ дээ? гээд хөргийн баруун том орон зайд буй гялгар өнгөггүй хөндлөн өргөн зураасыг асуув. Миний инээд хүрээд, юу гэдгийг нь хэлж чадсангүй,
-зүгээр л.... -юу ч биш ээ.... багш аа, гэлээ. Багш: -дажгүй хөрөг болж ээ! хэмээн дүгнэв. Миний анхны бие даасан үзэсгэлэн ингэж намайг аварсан юм даа. Үзэсгэлэн гаргахаар бэлдэж бүтээлүүд хийгээгүй бол муу дүн аваад шууд хөөгдөх байсан биз. Дашрамд АЮУРЗАНА ах бас оюутан байхдаа сургуулиасаа хөөгдсөн түүх байдаг даа, тэр түүхийг уншаагүй, мэддэггүй байсан үе шүү! Дараа нь уншаад элгээ хөштөл инээж билээ.

Энд өгүүлэх гэсэн хамгийн гол зүйл бол, ангийн багшийн яг онож асуудаг тэр хөндлөн гялгар өргөн зураас юу вэ? Энэ бүтээлд хэний ч мэдэхгүй хичнээн нууц бий вэ? гэдэг тухай. Зохиолчын эл хөрөг одоо өөрт нь хадгалаатай буй. Өөрөө ч мэдэхгүй, бүтээлд буй далд, олон нууцыг олонд дэлгэх ер нь зөв үү? хэмээн нэг бус удаа бодож үзсэн. Ямар ч урлагийн бүтээлд өөрийн НУУЦ байдаг бөгөөд бүтээлийн нууц бүтээлийн сүнс байх.

ПС: Анхны үзэсгэлэн "МИНИЙХ" нэртэйгээр ХААН БАНК Арт Галерейд 2008 оны 8-р сард олон нийтэд дэлгэсэн билээ.















Wednesday, 11 May 2016

ИКЕА



Хятад улс, Бээжин, Дүрслэх Урлагийн Төв Академи, Салбар бүрийн мэргэжилтэн, төгсөх оюутнууд- зарим нь иргэн, зарим нь эрдэмтэн, ихэнх нь гоц авъяастан- гүн ухаантан, яруу найрагч, зохиолч, зураач, барималч............ хэмээн нэрэлвээс дуусахгүй.



Сургуулийн шинэхэн цэцэрлэгт хүрээлэнд салхилж суув. 
Найз хятад охин:


-маргааш амралтын өдөр бид хэлэлцээд ИКЕА руу явахаар төлөвлөсөн, та хоёр хамт явах уу?
/та хоёр гэдэг нь: монголоос хамт нэг сургуульд ирсэн найз охин Дариа, асууж буй нь Дариагийн ангийн хятад охин, манай ангийн дарга хятад охины сайн найз охин, ангийн дарга охин бид хоёр найз, бид дөрөв сайн найзууд/


-юу? дахиад ярь даа, бид юу ч ойлгосонгүй.

хятад охин асуултаа давтав.

-аан.

-та хоёр тэгээд явах юм уу?

бид хоёр чин үнэнийг хэлэхэд юу ч ойлгоогүй учир дэмий л мөрөө хавчив.

-ингэхэд та хоёр ер нь икеа гэж мэдэх үү?

/икеа-г хятадаар И ЗИА ЗИА ЗЬҮ хэмээн дууддаг, уур хүрвэл И ЖА ЖАА ЖҮ, орчуулваас ИКЕА ГЭРИЙН ТАВИЛГА гэж буй./

-сайн мэдэхгүй.

-энэ бол Шведийн компани Бээжинд ганцхан байдаг, юмнууд нь их хямдхан маш сонирхолтой дэлгүүр, та хоёроос бусад нь бүгд мэднэ. Охидуудаараа явж мөрөөдөцгөөе, дараа нь хамт хоол идье тэнд сайхан хоолны газар бий амттай бөгөөд хямд шүү дээ, за алив ээ хариул л даа, хамт явъя аа.


Би Дариагаас асуув: -чи явах юм уу?

Дариа: -харин ээ, яах уу, чи?

Би: -явахгүй ээ, дараа л болъё, даалгавар ихтэй, амжихгүй.

Хятад найз: -та хоёр юу ярьсан бэ? Би ойлгохгүй байна.

Дариа хятадаар: -бид хамт ИКЕА явж амжихгүй нь ээ, та нар өдрийг сайхан өнгрүүлээрэй, дараа хамт явцгаая.
Би: -тийн, уучлаарай, амжихгүй.


Гуравдугаар тойрогт байрших Бээжингийн анхны ИКЕА амралтын өдрүүдээр аймшиг, пиг хүн, сургуулиас гарсан л бол орой нь ядарсан амьтан болж ирдэг гэдгийг мэдэх учир юуун икеа микеа.
Тэр өдрөөс хойш, тэр нэг икеа-г нь олж очоод сонирхох юмсан хэмээн үе үе бодогдох болов, огт зав гарахгүй байсаар бакалавр дүүргэсэн дээ. Мастерт сурахаар сургуулиа дахин зорив. Дөрөвдүгээр тойрогт, манай Академийн хажууханд, алхахад таван минутын газар, нүсэр том, шинэ ИКЕА баригдаад, нээгдчихсэн гэж дууллаа. Хичээл эхлэх яагаа ч үгүй, бараг сарын зай байсан учир шинэ ИКЕА руу очиж, сонирхов. Баклаврт сурч байхдаа очиж байх минь яав даа, ямар толгой эргэм том, хэцүү дэлгүүр вээ. Эхний өдөр, анх удаа орж үзээд төөрч будилж бантсаар байгаад учрыг ололгүй гарлаа. 
Хараал идсэн том дэлгүүр чинь хамаг цаг авчихлаа. 


Ингээд хичээл эхэлтэл бараг өдөр бүр ИКЕА ордог ажилтай, өөрийн маршруттай ч болов. 


Миний маршрут ийм:


  1. Икеа- зайрмаг 
  2. Икеа- зайдас 
  3. Икеа ресторан- хар кофе 
  4. Икеа- Лаа, Рам Жааз, Зураг, Даавуу, Сандал,         Гэрэл, Ургамал

За тэгээд энэ маршруутаараа бараг жил явсан дөө.
Жааз: Яагаад ч юм олон өнгийн олон хэмжээс бүхүй рам жааз хэвлэмэл зураг харахаар хачин гайхамшигтай мэдрэмж төрдөгсөн. Арай Икеагийн рам жаазнаас болоод графикт дуртай болоогүй л баймаар хэмээн бодох үе байсаан, таталбар зургуудаа өөртөө, өөрөө шалгаруулаад нэг шилдэгийг нь икеа жаазаар мялааж бүтэн сар эсвээс хагас жил өрөөндөө байршуулж тавих. 

Зураг: Икеагийн хэвлэмэл зургууд тухайн цагийн хэвлэлийн технологийн дэвшилтийг тодорхойлдог учир имрээд илээд үнэрлээд ширтээд бясалгаад зогсчихно. 
Лаа: Икеагийн лаагүйгээр өрөөгөө төсөөлж ч чадахаа болив. Орой бүр унтахын өмнө лааны гэрэлд бясалгаж бүх бурхадад зориулж зулны оронд ЛАА өргөнө. Лаанаас болж олон хэрэг манай байранд гарсан даа. 
Гадаад оюутны дотуур байрны, манай давхарын нэг солонгос оюутан мухарын өрөөнд ганцаараа водка, виски ер хатуу болгоныг уугаад л байна уугаад л байна, байнга согтуу, гэхдээ хэзээ ч хэнд ч агсам тавьж үзээгүй, хачин цонхигор хүү. 
Нэг удаа надаас: -аниа та надад монгол водканы гоё шил байвал өгөөрэй хэмээж билээ. 
Би асуусан нь: -яах гэж байгаан?
-би бүх улсын архины шил цуглуулж байгаа юм аа, тгд л....
-чи тэгээд эднийг бүгдийг нь уусан хэрэг үү?
(тэр хүү архины өвөрмөц шил цуглуулдаг болох нь илт, өрөөтэй байсан)
-за бараг ихэнхийг нь?
-ихэнхийг нь гэж юу гэсэн үг вэ?
-яахав дээ, олддоггүй архи гэж байна аа даа, тэгээд шилийг нь хүнээс гуйж авахгүй юу.
-аан, за за, эгч нь архи уудаггүй л дээ, гэхдээ шил олдвол дүүдээ өгнө өө!
-баярлалаа.
Нэг шөнө түс пас тас пар хийх чимээ гарах шиг болж, удсан ч үгүй бөөн хүмүүс үймэлдээд эхлэв. Хамгийн чимээ багатай давхар манайх байсан тул гайхаж гайхаж хаалгаараа шагайтал мухрын өрөөний үүдэнд хэдэн цагдаа нар дотуур байрны жижүүртэй зогсож байна. Зурагтныхаа дээр том лаа асаагаад, согтуу байсан учир унтраахаа мартаад дугжирч байх зуур нь лааны тос телевизорын ар тал руу урсаад халуун тосноос болж асаатай зурагт дэлбэрч өрөө нь өөртэй нь хамт ЦАГААН СААРАЛ уран баримал, хэт контемпорари болчихсон байж билээ. Би сандраад хальсны аппаратаа барьсаар буцаж иртэл галынхан зураг даруулахгүй гээд тас хориглов. Тэр мөчийг буулгасан ч бол доо.

Сарын дараа оюутны байранд дахиад гал гарав, бас л лаа, лаа асаачихаад манай нэг монгол оюутан нийтийн гал тогоонд хоол хийж байх зуур өрөө нь шатчихаж.
Сарын дараа оюутны байранд бас л гал гарав, дахиад л лаа, лаа асаачихаад япон оюутан нийтийн гал тогоонд хоол хийх зуур өрөө нь шатчихаж.
Сарын дараа нийтийн гал тогоонд гал гарав, нэг нь хийн зуухан дээр хоолоо залгаж мартаад.... хэрэв тэр үед нийтийн гал тогооны өрөөний цонх хаалттай байсан бол гадаад оюутны байр дэлбэрэх байсан гэнэ.
Сарын дараа сургуульд гал гарав, хятад оюутны түр байр тэр чигтээ шатчихаж. Аз болоход бүгд хичээлдээ явсан байсан тул нэг ч хүний амь нас эрсдээгүй гэх. Ангийн багш: өчигдөр мэдээ уншиж байсан хаа байсан Америкийн, Нью Йоркийн нэгэн хэвлэлд манай академид хэд хэдэн гал гарсан тухай мэдээ гарч, бид урлагаараа гайхагдаж гадны хэвлэлд гарах бус  гал түймэрийн мэдээгээрээ дэлхийд танигдаж байна шүү нөхөд өө! хэмээхэд нь ангиараа түс хийтэл инээлдэж билээ. Яг сарын дараа гадаад оюутны нэг давхарын цахилгаан шатны дэргэд томоос том самбар дээр дотуур байранд гал түймэр тавьсан гадаад оюутнуудыг нэрлээд шатсан өрөөнийх нь зургийг олон нийтэд анхааруулах үүднээс хэвлэж өлгөсөн байв. СОЛОНГОС МОНГОЛ ЯПОН оюутнууд.


Даавуу: Сургуульд байхдаа өөрийн даавууны үйлдвэртэй болж зурсан зургаараа даавуу нэхнэ хэмээн мөрөөддөг байсан. Зураасан зураг графикт дуртай тул орон орны дизайнеруудын зурсан даавууны хээг харж сайнаар нь бахархаж мууг нь шүүмжилж, мөрөөдсөөр. Миний зурсан зургууд ингээд даавуу болчихсон худалдаанд гарч олон хүний хэрэглээ болвол сайхан аа. ИКЕА-гийн метрийн даавууны эн дээр зураачийн нэр зурсан он нь зохиогчийн эрхийн тэмдэгтэйгээ хэвлэгдсэн байдаг. Үйлдвэрээс худалдаанд шилжээд албан ёсны икеатай дэлхийн улс бүрийн хэрэглэгчидэд хүрдэг. Тэгээд...., би ер нь юугаараа дутах билээ, өөрийгөө сорьж үзье хэмээн өдийг хүртэл олон график бүтээсэн. Миний зурсан ажлууд таны дэр хөнжил хөшиг хувцасны даавуун дээр хэвлэгдвэл гоё уу. Мөрөөдлүүдийн минь нэг биелээгүй л байна, хэр чинээгээрээ цаасан дээр ил захидал болгон өөрөө хэвлэсэн ч зарим нэгэн намайг ил захидлын зураач гэж авч байна олон нийтийн хэвлэлээр! Даавуун дээр хэвлэгдвэл даавууны зураач гэх юм байна л даа. Монголд даан ч даавууны үйлдвэр байхгүй. Даавууны бүү хэл графикийн нэгдсэн урлан ч байхгүй. Шалтгаан нь хуухай мөнгө. 
Сандал: эмээ өвөөгийн өөрөөр хэлбэл тос хир даагинд баригдаад ирмэгүүд нь элийж мөлийгөөд бөндийсөн тагжгар сандал зуухны өмнө байж байдаггүй юү. Арай ахиад орос матмал сандал нэг хэсэг хотын айл бүрийд байдаг байж билээ. Намайг бага байхад аав дүү бид хоёрт нэг нэг түшлэгтэй модон сандал урлаж нэгэнд нь чоно нөгөөд нь туулайг өнгөөр ялган зурж өгч билээ. Аавынхаа урласан сандал дээрээс хорвоог удаан гэгч ширтэх гэдэг үү. Хожмоо ухаан суугаад кино найруулагчид дүү бид хоёрынх шиг гэхдээ даавуун суудал түшлэгтэй сандал дээр суудаг болохыг анзаараад, ИКЕА-д найруулагчийн сандал зардаг болохыг олж мэдсэн дээ. Надад нэг найруулагчийн сандал бий, тэр сандал дээр мөн ч олон зочид тухлан суусансан, урлаг судлаач, зураач Ч.Болдбаатар багш маань хааяа Бээжинд зочлох үеэр манай өрөөнд орж ирүүтээ: -за Годоогийнхоо найруулагчийн сандал дээр жаахан тухлаад авъя байз! гээд шигдэн тухлаад элдвийг хүүрнэдэгсэн, сандлаа монголд чирж ирээд тагтан дээрээ тавьж мөн ч олон бүтээл бичиж зурсан даа. Харамсалтай нь зүүн тал нь хугарчихсан, нэг найз сууж байтал гэнт. 
САНДАЛ сонин эд шүү, баруун монголчууд сандлыг ширээ, урт сандлыг бандаа хэмээдэг. Хөх нуурт судалгаагаар явж байх үед дээ, айлын бэргэн: -хүүхээд тэр ширээ аваад өг, хэмээн сандал хэлсэн юм байж л дээ, би мэдэхгүй гэрийн хойморт байрлах том ширээг тэнхээ мэдэн өргөтөл биш ээ тэр ширээ гээд сандал руу заагаад хоёул өдөржин инээлдсэнсэн. ИКЕАд маш олон төрлийн сандалны тасагт оруут ёстой нэг гайхаш тасрана. 
Гэрэл: Нар сар од далай тэнгис амьтан ургамал навч цэцэг ер бүхий л төрлийн гэрэл бий. Надад хамгийн гоё нь ЛАМП. Бүрхүүлгүй лампнуудыг хэдэн зуугаар нь асаачихсан байгаа тэр хэсэгт очоод хорвоог болон өөрийгөө умартам, гайхамшиг. Гэрлээр бүтээлээ тууривдаг бүтээлчид икеа-с эхтэй ч байж магад.
Ургамал: Икеагаас гарахын өмнө тооцооны тасгийн наад хэсэгт икеагийн ботаникийн хүрээлэн бий. Яг тэр хэсэгт очуут гэв гэнт орчны агаар өөр, ШАЛ ӨӨР, туйлын цэвэр, чийглэг, сэнгэнэсэн, анхилуун, хүчилтөрөгч илт их байгааг мэдэрдэг. Хүн бүр, хүн бүхэн амьсгалдаг. Өрөөгөөрөө дүүрэн ургамал тарьж өсч өндийхийг нь ажиглан суух, завтай үедээ ганц нэг таталбар татан, сэдэв, арын фонн-д ашиглан, үе үе төрөх гуниг баяраа хуваалцахад ургамал гайхалтай сайн сонсогч байж чаддаг. Ингэхэд би өрөөндөө тарьсан ургамалдаа зориулж шүлэг бичсэн юм байна шүү. 
Кофе ба зайрмаг: Икеагийн ресторанд кофе ууж суух зуур хэд хэдэн хайку, ганц нэг өгүүллэг бичсээн. Гишүүний карттай бол кофены аяга үнэгүй, хамгийн хөгжилтэй нь хэрэв та икеад кофены аяганд мөнгө төлсөн л бол хэдэн ч удаа кофе ууж болно. Хятадууд икеагийн кофег янз янзаар л тайлбарладаг, ямар боловч зүрхээ дэлстэл кофе уух ч сайхан даа.
Гарахдаа нэг юаний зайрмагнаас дахин нэгийг аваад яг сургуулийн хаалга хүрэхэд дуусдаг. 
Зайдас: Икеагийн зайдасыг ИКЕАд ороод худалдаа хийхээсээ өмнө заавал идэж үзээрэй.


Монголоос ирсэн найзууд танил хүмүүст икеаг танилцуулж бүр зарим нэгийг нь Икеагаар өвчлүүлсэн дээ. 
Эрчүүд хэлэхдээ: эхнэртэйгээ икеад орвол хэтэвч дансыг нь атгаад, амыг нь сайн сойж яваарай хэмээн хэлцдэг. Шоопиндох ч амаргүй спорт доо. Ортой үг шүү. (инээв)


Төгсөөд Монгол руугаа буцахдаа өөрийн хэрэглэж байсан ИКЕА тавилгаа, ээжийн өгсөн мөнгөөр нэмж нэг буйдан бас бус зүйлс авч ачуулаад харив. Хүлээж авах үед буйдангийн гадарны өнгө солигдчихож. Тэгээд бодов, хэрэв Монголд ИКЕА байсан бол буцаж очоод солиулах байсан даа гэж.

Энэ мэтчлэн миний ИКЕА тай холбоотой хөгжилтэй түүхүүд дуусахгүй ээ. Икеа-р үйлчлүүлсэн хүн бүр, айл бүрт хөгжилтэй түүхүүд бий гэдэгт эргэлзэхгүй байна.

Улс орон бүрийн ИКЕА өөрийн орны соёлын онцлогт тохирсон бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Икеа Монголд албан ёсоор нээгдвэл маш олон монгол гар урчууд байнгын ажилтай болно доо.

Бээжингийн ИКЕА-д богино модон харандаа, цаасан метр үнэгүй. Яагаад гэдгийг урлаг тайлбарлана. 


Икеаг үүсгэн байгуулсан хүний сонирхолтой үнэн түүх намтар баримтыг доорх линкээс орчуулаад заавал уншаарай.



Годо 

2016.V.11
20:30

Улаанбаатар,
Монгол улс.