Thursday, 17 May 2018

~ Мария Эстер Васкесын ярилцлага~




Хорхэ Лүис Борхэс цуврал ярилцлагаас

| Орчуулсан © 2016 Пүрэвийн Энхтуяа / Сахиусан тэнгэрийн хот |


Мария Эстер Васкес. - Төөрдөг хонгил- лабиринтын тухай сэдэв тань хэзээ, хаана, яаж эхэлсэн бэ?

Хорхэ Лүис Борхэс. - Ямар ч билээ дээ нэг номонд дэлхийн долоон гайхамшгийн тухай, мөн тэдний дунд критийн төөрдөг байшинг харуулсан сийлбэрийн зураг байсныг санаж байна. Тэр байгууламж бухын тулалдаан болдог цэнгэлдэх хүрээлэнтэй тун төстөй мөртлөө цоожны нүх шиг бяцхан цонхнуудтай байсан юм. Тэр үед балчир хүү надад уг зургийг томруулдаг шил ашиглаж, анхааралтай шинжвэл Минотавр (эртний грекийн домогт гардаг бух толгойтой, хүн биет мангас)-ыг олоод үзчих юм шиг санагддаг байж билээ. Түүнээс гадна төөрдөг хонгил- лабиринт бол төөрөгдлийн гарцаагүй бэлгэ тэмдэг, төөрөгдөл - гайхашрал, эндээс Аристотелийн үздэгээр үүссэн метафизик, Честертоны хэлсэнчлэн: << Гайхашралаас бусад бүх зүйл, ялангуяа өдөр тутмын нэгэн хэвийн амьдралын өмнө, бүгд улиран алга болдог>> нь надад ч мөн адил ялгаагүй хамгийн энгийн танил мэдрэмж байв. Заримдаа би өөрийнхөө хийж буй үйлдлийг тэр бүр тийм сайн ойлгодоггүй тул насан туршид минь намайг дагаж яваа энэ төөрөгдлийг илэрхийлэхийн тулд, төөрдөг хонгилыг бэлгэ тэмдэг болгон сонгосон шиг, яг үнэн хэрэгтээ төөрдөг хонгил надад хэрэгтэй байсан болов уу. Дотор нь ороход л төөрөхөөр зохион бүтээгдсэн байгууламж, - энэ чинь төөрөгдлийн бэлгэ тэмдэг биш гэж үү? Энэ сэдвийг би янз бүрийн байдлаар бичиж, эндээс Минотаврын төрх болон << Астерийн байшин>> өгүүллэг минь төрсөн юм. Минотаврын өөр нэгэн нэр нь Астерий шүү дээ. Лабиринтын сэдэв мэдээжийн хэрэг << Үхэл ба луужин>>-д мөн миний сүүлийн номууд дахь хэдэн шүлгэнд минь, удахгүй хэвлэгдэх гэж буй шинэ номонд минь ч мөн Минотаврын тухай шүлэг орсон байгаа.

М.Э.В. - Тэгвэл толь?

Х.Л.Б. - Толь бол хамбург хийцийн гурван талт шүүгээнээс үүдэлтэй. Хуучны аргентин айл бүрт байсан, улаан модоор урласан, энэ нүсэр шүүгээ манайд ч гэсэн байлаа... Унтахаар хэвтэхдээ, толинд өөрийнхөө гурвалсан дүрийг олж хараад, надад аймшигтай санагддаг байв: толь бүр өөрийн тусгал дүрстэй бөгөөд гэнэт би тэр тольнуудын аль нэгэн дотор огт өөр хэн нэгэнтэй мөргөлдчих ч юм билүү? Үүн дээр бүр нэмэрлэсэн юм шиг Бүтээлгэн дор нуугдагч хоросаны Мэргэн зөнчийн тухай шүлэг (тэр уяман өвчин тусаад, үзээрийн болсон нүүрээ нуудаг байжээ) мөн Дюмагийн романд гардаг Төмөр Багийг уншсаныг ч хэлэх үү. Өөрийгөө аймшгийн мангасын дүрээр олж харах, эсвэл огт өөр хүн болж хувиран үзэгдэх энэ хоёр айдас минь нийлээд нэг цул айдас болсон юм. Түүнээс гадна толь шотландын хий үзэгдэл fetch (амьд хүмүүсийг өөр ертөнц рүү авч явахаар ирдэг)-ийн дүрээр мөн немцийн Doppelgänger, Жекил ба Хайдын тухай өгүүллэг болон бусад олон зохиолд гардаг хаа ч явсан биднийг дагалдаж байдаг, хоёрдогч хүнтэй ч холбоотой байв. Товчхон хэлвэл би тольноос айдаг байлаа. Тэр бүү хэл надад Пифагорын найз нөхрөө өөрийнхөө хоёр дахь "би"-гээр тооцдогийг нь дурдсан, энэ айдсынхаа тухай бичсэн шүлэг ч бий. Түүний толгойд хоёрдогч "би"- гийн тухай бодол толь юм уу усны тусгалын өмнө зогсож байхад нь л төрсөн болов уу гэж надад ямагт санагддаг юм. Унтахдаа ингэж айгаад байдаг ч гэсэн, юу ч харагдахгүй хав харанхуй өрөөнд унтуулаад өгөөч гэж би хүүхэд байхдаа эцэг эхээсээ асууж зүрхлээгүй өнгөрчээ. Толинд миний өөрийн гэж үзэж байгаа нүүр царайтай минь төстэй тусгал үлдсэн эсэхийг, эсвэл тэд зогсолтгүй, эв хавгүйгээр хувиран өөрчлөгдөж эхлэхийг харахаар би нүдээ дахин дахин нээж, ер зүүрмэглэж чаддаггүй байлаа. Үүн дээр мөн байнга хувиран өөрчлөгдөж байдаг, урьдны ба өөр нэгэн "би"; олон тооны "би" гийн тухай бодол ухаан санаанд минь удаа дараалан тун ч олон орж ирдэг сэн. По, Достоевский, Гофман болон Стивенсоны зохиол бүтээлдээ хөгжүүлж ирсэн энэ сэдвийн тухай хувилбар миний "Өөр" гэдэг өгүүллэгт бий.

М.Э.В. - Үргэлж нэг цэг дээр буцан ирдэг, үргэлжилсэн тойрог, ертөнцийн тухай санаа чинь хаанаас эхлэв ээ?

Х.Л.Б. - Хамгийн түрүүнд эцгээс минь. Харин түүнд энэ санаа XVIII зууны шотландын философич Хьюмын << Шашны мөн чанарын тухай ярилцлагууд>>-аас л эхтэй болов уу даа. Энэ санааг тайлбарлавал: ертөнцийг бүтээн цогцлоож байдаг махбодийн тоо хэмжээ хязгаартай бол, харин цаг хугацаа хязгаар хярхаггүй бөгөөд, агшин бүр урьдныхтайгаа салшгүй холбоотой эргэж, сансар ертөнцийн энэ урсгал хөдөлгөөний нэгхэн агшин л дахин давтагдахад, дараачийнх нь бүгд даган давтагдаж, ингээд пифагор ба стоикуудын бодсончлон бүгд нэг тойрогт хумигдан эргэлдээд, хуран цуглаж байгаа юм. Ихэнхдээ энэ санааг Энэтхэгтэй, энэтхэгийн сансар огторгуйн сургааль, буддизм дахь тойрог эргэлдэхдээ, нэг нэгнийгээ солиод, дахин давтагддаггүйтэй холбоод байдаг. Жишээлбэл: хүн нэг удаагийнхаа амьдралаар дахиж буюу хязгааргүй олон удаа давтан амьдрахгүй боловч, энэ тойрог бүр нь дараагийнхаа тойрог бүрт зайлшгүй нөлөөлдөг гэдэг. Ийм учраас амьтан, ургамал, чөтгөр, сүүдэр гэх мэтээр төрөн үргэлжлээд, өөрийгөө бүрмөсөн алдах, эсвэл эргээд хүн болон төрж болдог байна. Энэ нь нирваан буюу дээдийн дээд зол жаргал- өөрөөр хэлбэл төрөл арилжих хүрдэнд унаад, түүнээс чөлөөлөгдөн ангижрахыг хэлж байгаа юм. Энэ бодол миний сэтгэлийг маш их эзэмдэж, би олон удаа энэ сэдвээр бичсэн. Гэвч дараа нь би үүнд итгэл алдарсан юм. Итгэхээ болиод ч зогссонгүй: бидний энэ яриа ч гэсэн миний "Тойргийн тухай сургаал" эсээдээ бичсэн шиг мянган удаа давтагдсан ч гэлээ ялгаагүй л тэр анхных, яагаад гэвэл урьдныхыгаа бид санахгүй байгаа учраас тэр. Бодол санааны давтамж, энэ тухай Россеттигийн гайхалтай сайхан нэгэн шүлэг бий: 

I have been here before;
When, where or how I cannot tell.
I knew the grass beyond the door,
The keen sweet smell,
The sighing sound, the lights around the shore.
You have been mine before...
Хэзээ, хаана, хэрхэн гэдгээ хэлж мэдэхгүй ч
Хэтээсээ л би энд байсан.
Хаалганы цаадах өвсийг,
Хачин сэргэг үнэрийг,
Далайн хөвөөн дэхь гэгээг, давалгааны санаа алдах чимээг,
Чи минь урьд нь ч минийх байсныг...

Энэ санаа бол өнгөрсний тухай сэрэл мэдрэмж гэнэт нөмрөн ирэхэд, буцааж эргүүлж болшгүй өөрчлөлтийг хэлж байгаа юм. Ингэе л дээ, би жишээлбэл бидний энэ яриа болоод өнгөрсөн: << Би Мария Эстер Васкестай энэ тухай ярилцаад, түүнд энэ л Үндэсний төв номын сангийн энэ л танхимд яг л ижил зүйлийг ярьсан шүү дээ>> гэж бодъё. Тэгвэл эндээс энэ бүхэн анхны удаа болж байгаа биш, тойрог энэ мэтчилэн дахин давтагдахгүй байгааг л харуулж байгаа нь тэр. Дахин эргэн төрсөн урьдны тойргоо санах боломж байгаа нь яг үнэн хэрэгтээ бол тойргийн тухай сургаалиа няцааж байна. Бас нэг зүйл. Хэрвээ бид өөрийнхөө энэ амьдралаар олон удаа бүр хязгааргүй олон удаа давтан амьдарч болох байсан бол туулсан амьдрал бүхэн тухай бүртээ улам тод санагдаж, энэ нь, магадгүй, өнгөрснийг зарим талаар өөрчлөх боломж олгож, ингээд л энэ онол дахиад л сүйрч байгаа нь тэр.

М.Э.В. - За тэгвэл, барын тухай ярилцъя даа.

Х.Л.Б. - Би энэ тухай "Барын алтан өнгө" шүлгэндээ бичсэн. Манай гэр амьтны хүрээлэнгийн хажууд байдаг байлаа. Би бараг л өдөр бүр тэнд очиж, бизон үхрээс өөр хамгийн ихээр миний сонирхлыг татдаг ганц амьтан бар байв. Ялангуяа бенгалийн бар. Би түүнийг хэдэн цагаар хараад зогсчихдог байлаа. Алтан арьсыг нь, мэдээж бас хээ хуар шиг эрээн судлуудыг нь. Би мөн леопард, ягуар, пантер гээд энэ төрлийн бусад махчин амьтдад ч дуртай байсан. Миний тэр шүлгэнд, амьдралдаа анх удаа харсан өнгө (зөвхөн нүдээрээ харах биш, бүхий л сэрэл мэдрэхүйгээрээ мэдэрсэн), барын арьсны шар өнгөний тухай гардаг бөгөөд хараагүй болсон хойноо, одоо ч гэсэн би бүхий л өнгөнөөс ямар ч эргэлзээ мадаггүйгээр цорын ганц шар өнгийг л таньдаг юм. Эхнээсээ аваад дуустал энэ өнгө намайг дагаж явна даа. Гоёчилсон модернист чиг хандлагаар биш зөвхөн ийм л учраас би шүлгийн номоо "Барын алтан өнгө" гэж нэрлэсэн юм. Тэгээд ч бар бол хүч чадал, гоо сайхны төгс цогц, шид хавыг харуулсан амьтан шүү дээ. Дүү охин минь нэг удаа: << Бар бол хайрын төлөө бүтээгдсэн>> гэдэг сонин үг хэлж билээ. Энэ нь надад Кансинос- Ассенсийн: << Би барнаас ч илүү энхрий янаг байна>> гэж бүсгүйдээ хэлсэн мөрийг санагдуулдаг. Честертонд ч мөн адил үүнтэй төстэй зүйл байсан, Блейкийн барын тухай шүлгэнд хорт санааны эх үүрийг (Бурхан яагаад, гэмгүй ариун хургыг бүтээсэн атал түүнийг тасчин залгигч барыг бүтээчхэв ээ?); гэхэд тэр: << Бар гол руу хүйт даан жихүүцүүлэгч, гоо сайхны бэлгэ тэмдэг>> гэж хэлжээ. Барыг тодорхойлогч гоо сайхан болон цусанд шунан улайрагч чанар энд нэгдэж байгаа нь тэр. Гэхдээ л тэр бусдаас илүү цусанд шунан дурлагч нь юу л бол. Зүгээр л үнэгэнд заль, арсланд хааны сүр жавхлант эрх мэдлийг оноодог шиг: энэ бүхэн нь ёгт үлгэрийн нэгэн хэвийн байнгын баримтлал бөгөөд Эзопоос л үүссэн байх аа даа.

М.Э.В. - Тэгвэл << навахи ба цөхрөлийн холбоо>>-ны ард юу байдаг бол?

Х.Л.Б. - Энд хоёр эх үүсвэр бий. Нэгдүгээрт- миний өвөг дээдсийн ихэнх нь цэрэг эрс байгаад, тэдний олонх нь дайн тулааны талбарт амь эрсэдсэн бол харин надад ийм хувь тавилан оноогдсонгүй. Хоёрдугаарт- үгээгүйчүүдийн дундаас олж харсан энэ л шийдсэн цөхрөл, далайн эргийн дагуу цугларсан гэмт хэргийн тэрхүү хүнд гартнуудын итгэл үнэмшлийг ганцхан үгээр тодорхойлон хэлбэл: <<нэг бол чи эр хүн, эсвэл хулчгар новш.>> Тэдний эр зориг бол шунал эсвээс улс төрийн хонжоо харж хөдөлдөг, гангстер дээрэмчид, хууль завхруулагчдынх шиг биш, үнэхээр ямар ч атгаг шунал, сэдэлгүй байдаг онцлогтой. Хожим нь би скандинавын нэгэн сага туульнаас үүнд яг тохирсон үг олж уншиж билээ. Далайн дээрэмчид бусадтай уулзахдаа, танихгүй нэгнээсээ, Один эсвэл цагаан нүүрт Христийн алинд нь итгэдэг болохыг асуудаг байжээ. Тэд: << Зөвхөн өөрийнхөө хатан зоригт>> гэж хариулдаг байсан гэнэ. Манайхны балиусан хутгачдын уриа үгтэй тун адил байгаа юм шүү.

М.Э.В. - Таны хувьд бас нэгэн чухал сэдэв бол Буэнос- Айрес.

Х.Л.Б. - Тийм ээ, гэхдээ одооны энэ нийслэл биш, харин эрт цагийн, миний хүүхэд бага насны минь үеийн тэр хот. Би мянга есөн зуун есөн онд төрсөн, миний Буэнос-Айрес ерээд оны манангаар хучигдсан өнгөрсөн цаг үед үлджээ. Хоёр шалтгаанаар ингэж хэлж байгаа юм л даа. Нэгдүгээрт, урьд цагт << бүх юм илүү байлаа>> гэж хэзээнээсээ л бид үздэг шүү дээ. Харин дараагийнх нь уран зохиолыг өдөр тутмын сэдвээр хязгаарлах нь миний бодлоор буруу. Хамгийн наад захын жишээнээс үзэхэд, уламжлал өөр зүйлд сургадаг. Хомер өөрийнхөө туульсыг бичих гэж барьж авахаас өмнө, Трояны дайнаас хойш, хэчнээн эрин улиран өнгөрөх ёстой байсныг би сайн хэлж мэдэхгүй. Энд нэг ийм бүрэн бодит ойлголт яваад байна. Орчин үеийн тухай бичих үедээ чи уншигчдад, өөрийнхөө гаргасан алдааг олзлуулж, түүнд тагнан сурвалжлах боломжийг олгодог. Харин үйл явдал Турдерт ч юм уу эсвэл далайн эргийн дагуух Палермогийн дүүрэгт, ерээд онд өрнөж байгаа бол хэн ч тэр газруудад тэр үед яаж аж төрж, хэрхэн яаж ярьдаг байсныг дурсан санахгүй бөгөөд эндээс зохиолчийн бүрэн эрх чөлөө ба ямар ч цээрлэл хүлээхгүй байх боломж урган гарч байгаа юм. Ой санамж (Бергсоны хэлснээр) түүвэрлэн шилж сонгох чадвартай тул сохроор санаандгүй давамгайлчихдаг түүхий бодит байдал дээр биш харин дурсамж дээрээ түшиглэн дулдуйдаж бичих ёстой. Түүнээс гадна өдөр тутмын сэдвээр бичигч нэгэнд, зохиолч биш харин сурвалжлагч болон хувирчих аюул үргэлж нүүрлэж байдаг юм шүү.

М.Э.В. - Сүүлчийн сэдэв маань - ир.

Х.Л.Б. - Энэ бол эр зоригтой холбоотой, миний өвөө Борхэсийн гэрт өлгөөтэй байсан хоёр сэлэмнээс үүдэлтэй. Нэг сэлэм нь генерал Мансильегийнх. Өвөө минь түүнтэй анд нөхөр явсан бөгөөд парагвайн байлдааны үед, францын нэгэн романы романтик дэврүүн үйл явдалд автаад, тэр хоёр тулалдааны өмнө сэлмээ солилцсон гэдэг. Хоёр дахь сэлэм нь одоо Лесамын цэцэрлэгт хүрээлэн дэхь түүхийн музейд хадгалагдаж байгаа. Гэтэл би эр цэргийн сэлэмнээс хутгачны балиусанд шилжсэн байх юм (Лугонесийн хэлсэнчлэн: << Баатрын сэлэмнээс, балиус хүртэл доош унагч...>>). Ир - эр зоригийн бэлгэдэл, бусад зэвсэгтэй харьцуулахын аргагүй ээ. Галт зэвсэг бол хатан зоригийг биш, зөвхөн мэргэн харааг л шаарддаг. Мильтон <<Алдагдсан диваажин>> -даа үхэр бууг албин зэтгэрийн адгийн нээлт гэж зүгээр ч нэг биччиххсэн юм биш.





Monday, 19 March 2018

ЯВУУГИЙН СҮҮЛЧИЙН ҮГ

Фидель Кастротой уулзсан нь


Монгол Улсад Зохиолчдын байгууллага гал голомтоо асааж байх тэр жил ирээдүйн суу билигт яруу найрагч Б.Явуухулан, сонгодог зохиолч С.Эрдэнэ тэргүүтэн эхээс мэндэлж байжээ. Учир тавилан гэж ийм л юм даа. Их Явуу 1979 онд 50 насныхаа ойн баяр дээр " Шүлэг минь, хүлэг минь чи бид хоёрт дэлхийн дэвжээ хэрэгтэй" гэсэн шүлгээ Монголын утга зохиолын өмнө дэвшүүлж тавьж буй программ юмаа хэмээн хэлж билээ. Үзэг нэгт нөхөддөө баярын мэнд хүргэе!


ЯВУУГИЙН СҮҮЛЧИЙН ҮГ

Яруу найрагчийн сүүлчийн үг учиртай, учигтай байдаг. Өгүүлэх нь: Миний Монгол телевизэд ажиллаж байсан үе. Уран бүтээлийн үдэшлэг нэртэй нэвтрүүлэг бий болж, манай нэртэй уран бүтээлчид, ялангуяа зохиолчдыг үзэгч уншигчидтай нь уулзуулж, тэр нэвтрүүлгийг хүмүүс ихэд сонирхон үздэг байсан юм. Энэ нэвтрүүлэгт Б.Явуухулан найрагчийг хэд хэд урьсан боловч тэр нэг л “ороолоод” болж өгөхгүй байв. Бас ч гэж учир шалтгаан байсан юм билээ. Явуугийн нэр хүнд тэр үед ид өндөрөө авсан үе л дээ. Төрийн шагнал. Соёлын гавъяат зүтгэлтэн. Ардын их хурлын депатут байв. Бас түүний “Тэхийн зогсоол” болон бусад бүтээлээр нь төрийн шагналд хоёр дахь удаагаа дэвшүүлэх тухай яриа бас сонсогддог байсан юм. Мэдээж ийм үед атаа жөтөө байсан юм билээ. Москвад хэвлэгдсэн номын нь оршилд “олон нийтийн нэрт зүтгэлтэн, дорно дахины их яруу найрагч, жараад хэлээр орчуулагдсан” хэмээн бичсэн нь бас атаархагчдын нь дургүйг хүргэж байсан бололтой. Намын байгууллагын шугамаар байнга матаж, хов жив дээш нисдэг байсан гэнэлэй. Одооных шиг шар сонин гэж байхгүй, харин матаас хэмээх нууц захидлууд, намын шүүмжлэл хэмээх үг сумаар бие биенээ хорлодог үе л дээ. Ийм үед Явуу өөрийгөө өндрөөр цоллуулж, тэдний аазгайг хөдөлгөхийг хүсээгүй хэрэг. 

- Намайг магтаж ер болохгүй шүү. Энэ бол зохиолч уншигчдын л уулзалт байх юм шүү гэж хичээнгүйлэн захиад 1982.2.13-нд телевизийн бичлэгт хүрэлцэн ирсэн юм. Уг нэвтрүүлгийг телевизийн авьяаслаг сэтгүүлч Батын Дорж хариуцаж, долоо хоногийн дараа буюу 2-р сарын 20-нд дэлгэцнээ гаргахаар сонинд зарласан байлаа. Уулзалт маш сайхан боллоо. Уншигчид нь найрагчаас олон сонирхолтой асуулт асууж найрагч маань өөрийн алдарт “Би хаана төрөө вэ” шүлгээ уулзалтын магнайд уншиж, уншигчдынхаа олон асуултад тов тодорхой хариулсан юм. Мөн “Өвлийн агаар”, “Хөрөг”, “Гэргий”, “Москва” зэрэг шүлгээ өөрөө уншиж, “Тэхийн зогсоол”-ыг Ш.Гүрбазар уншсан юм. “Хар ус нуурын шагшуурга”, “Дуу минь дуу минь” дуунуудыг Зангад гуай, Түмэндэмбэрэл гуай хоёр дуулж, энэ удаагийн үдэшлэг маш сайхан, урт тэнүүн уур амьсгалтай болж байлаа.

Хөтлөгч:
- Явуухулан гуай, манай уншигчид хамгийн сүүлд асууж байгаа нэг асуултыг би танд дамжуулъя. Танд мянган уншигч захиа ирүүлж амьдралд хэрэгтэй нэгэн сайхан үг хэлнэ үү? гэж хүсвэл та юу гэж захих вэ? гэж асуухад, найрагч маань. Энэ хэцүү асуулт л даа. Гэхдээ ганцхан үгээр хариулж болно гээд хэлсэн нь: -Хатуужилтай бай. Хатуужил бол хүний хамгийн сайхан, дээд зэргийн чанар юм. Зөвлөлтийн ард түмэн дэлхийн II дайнд хорин сая хүнээ алдаад дайныг ганцхан хатуужилаар л туулж гарсан. Зөвлөлтийн ард түмэнд хайртай байгаарай. Хүн гэдэг хатуужлыг л сурах хэрэгтэй. Хүнд баяр баясгалан тааралдана. Зовлон гуниг тааралдана. Энэ бүхэнд хатуужил хэрэгтэй. Ерөөсөө ялахад хатуужил хэрэгтэй...

Яруу найрагч өөрийн хайртай уншигчидтайгаа уулзсан халуун дотно уулзалтын төгсгөлд энэ үгийг хэлжээ. Уншигч олондоо захисан сүүлчийн үг нь энэ буюу... Ялахад хатуужил хэрэгтэй. Телевизийн бичлэг хийснээс дөрөв хоногийн дараа. Утас дуугарлаа. Автал Ш.Сүрэнжав гуай байна.  -За дүү минь сэтгэлээ бариарай. Чамд нэг золгүй мэдээ дуулгая. Явуу багш нас барчихлаа... Би энэ үгийг зүүд байх гэж бодохыг хичээлээ. Чухам яаж очсоноо санадаггүй юм, нэг л мэдсэн Ш.Сүрэнжав ах, О.Дашбалбар бид гурав Сү ахын буйдан дээр зэрэгцээд уйлж сууснаа санадаг юм. Бид Явуугийнд очлоо. Адъяа эгч болсон явдлыг ярьж байна... Хамгийн сүүлд татаад дутуу орхисон янжуурыг нь хүртэл чүдэнзний хайрцаганд хийгээд харуулж байна. Номын өрөө нь яг л өнөө янзаараа. Бичгийн машин дээр нь найман мөр шүлэг харагдана. Анатолий Софроновын шүлгийн эхний найман мөрийг орчуулж дуусаад бичгийн ширээнээсээ босоод явтал...яруу найрагчийн зүрх хөндүүрлэсэн бололтой. Түрүүлгээ харан, амьсгал хураасан байжээ. Яруу найрагчийн бичгийн ширээнээ юу гэсэн мөрүүд үлдсэн вэ?

“Үрэгдэгсэд, үлдэгсэдийн аль алинд нь Өрөө төлөх цаг заавал надад ирнэ. Өр өр... Энэ өр, улайрсан бух шиг Урдуур минь хэрэн ирж заавал нэмэгдэнэ. Хэдэн арван жил хуримтлагдсан энэ өр Хэрэг нэхэх данс тооцоогүй ч гэсэн Оюун санааг минь зовоож байгаа болохоор Орноос минь улирах цаг төлж чадахгүй!... Энэ юу гэсэн үг вэ? Нэхэн бодоцгооё. Яруу найрагчийн сүүлчийн үгс хамгийн үнэнийг онож хэлдэг. Тэр л ёсоор Явуу үгээ хэлжээ. Яагаад найрагч зүрхээ хөндүүрлэн байхад энэ бадгийг сонгож орчуулсан юм болоо?! Явуугийн нас барсан мэдээ Монголыг төдийгүй дэлхийг цочоолоо. ...Ах дүү Монголоос гашуун гунигт мэдээ ирлээ. Монголын үндэсний утга зохиолд төдийгүй, орчин үеийн бүх дорно дахины утга зохиолд арилшгүй мөрөө үлдээсэн гарамгай авьяастны зүрх зогслоо... Зөвлөлтийн “Огонёк” хэмэх алдартай сэтгүүл 1982.2.19-ний дугаартаа ингэж бичжээ. Явуугийн уран бүтээлийн дотнын анд Оросын авьяас билигт яруу найрагч Римма Казакова “Амарлингуй тэнгэрээс гуниглан ширтэгч Анд найз Явуухулан минь ээ! Хорвоо чамайг хэзээ ч мартахгүй Ховлож муулж хэн ч хүлцэхгүй Эрсэдсэн цэрэг шиг нартаас хальсан Эрхэм сайн анд минь ээ! Эргэн тойрныг гүдэсхэн зангаараа Эмгэнэж юундаа ширтэнэ вэ? Харуулын албаа орхиогүй Цэрэг эр шиг эрсдлээ чи. Хан хорвоогийн энэрэлгүй тавиланг Цэрвэн тойрч болдог биш дээ...” Д.Нямсүрэн 1982.2.21-ний өдөр Дарьгангаас АН-2 онгоцоор нисэж явахдаа бичсэн нулимстай захиандаа “...Тэр минь нас нөгчлөө гэж үү дээ... Даанч үгүй баймаар даа... Яаж болох юм бэ? Яаж болох юм! Тэр чинь Явуухулан шүү дээ, Явуухулан!!! хэмээн бичээд бороон дусал шиг нулимс нь хөх бэхэн дээр үүл мэт нүүсэн байж билээ.
Тэр цаг одоотой адилгүй. Телевиз, мэдээллийн хэрэгсэл намд харьяалалтай. 1982.2.20-нд нэвтрүүлэхээр зарлагдсан Явуугийн уулзалтыг яг сүүлчийн өдөр нь гэгээн дүр, саруул дуу хоолойгоор нь үзэгч уншигчдад нь хүргэх хувь дутсан юм. Яг тэр үед явсан бол монголын ард түмний сэтгэлд яруу найрагчийн сүүлчийн үгс, сүүлчийн гэгээн дүр нь их юм хэлэх байсан юм. Намын төв хороо үүнээс ихэд болгоомжлон нэвтрүүлгийг хорьсон доо.  Оросын найрагч нөхөд нь хамгийн анх “дорно дахины их найрагч” хэмээх үгийг Явуугийн нэрийн өмнө бичиж, дараа нь манайхан болгоомжтойгоор зугуухан энэ үгийг хэрэглэх болсон нь гашуун боловч сургамжит үнэн юм даа. Мөнөөх телевизийн нэвтрүүлгийг Явуугийн нас нөгчсөний дуулиан намжиж, хүмүүсийн зүрхний хөндүүрийг илааршин мартагнуулж байгаад жил гаруйн дараа дэлгэцнээ гаргахыг зөвшөөрсөн юм. Ингэж гаргахдаа нэвтрүүлгийн эхэнд дэлгэцний чинадаас “Шүлэг минь хүлэг минь, чи бид хоёрт Дэлхийн дэвжээ хэрэгтэй” хэмээн нэвтрүүлэгчийн дуу хоолойгоор тодоос тод уншиж сонордуулсан нь их найрагчийнхаа гэрээсийг ард түмэнд нь зарлан тунхаглах гэсэн уран бүтээлчдийн санаа бодлын илрэл болсон юм. Явуу тэгэхэд өөрөө нэвтрүүлэгчээр энэ шүлгээ далдаас уншуулахаар санал болгосон нь учиртай байжээ. Уншигчийнхаа сүүлчийн асуултад хатуужилтай байхыг яагаад захиж, яагаад оюун санааны өр төлөөсний тухай найман мөрийг орчуулж, яагаад “шүлэг минь хүлэг минь чи бид хоёрт дэлхий дэвжээ хэрэгтэй” хэмээх шүлгээ далдаас уншихийг хүссэн юм болоо? Яруу найрагчийн сүүчийн үг “учиртай” ажгуу.



Г.Мэнд-Ооёо
2009 он


Sunday, 7 January 2018

ТЭНГЭРТ НЭГЭН УДААГИЙН ДУРСАМЖ

Б.Батэрдэнэ “ТЭНГЭРТ НЭГЭН УДАА” 2017, ХААН галерей


1. ХҮҮХДҮҮДИЙН МӨРӨӨДӨЛ

Эл бүтээлийг үзэсгэлэнгийн танхимд анх хараад юун тухай бодож, ямар сэтгэгдэлтэй гарснаа хуваалцахаар шийдлээ. Соц нийгмийн айл бүрд шахуу байдаг хар өнгөт орос зурагтууд. Зурагтын засварчинг ирэхэд хүүхдүүд л түүнийг тойрч зогсоод ажигладаг, хамрын үзүүрээ шургуулах нь холгүй зурагтын ар руу өнгийн ширтдэг, ийм хүүхдүүд олон байсан гэдэгт эргэлзэхгүй байна, манайх ч мөн ийм гэхдээ үүнээс арай том орос зурагттай байсан, хүүхдүүдийн л адил бүтээлийн ар руу шагайлаа. Жирэлзэх нь хар цагаан, ер ямар ч зурагт жирэлзхээрээ хар цагаан байдаг мөн сонин шүү, одоо ч тэр.

Тийм ээ, жирэлзээнээс болж л зурагтын арын таг онгойх болдог тул сониуч хүүхдүүдэд гайхамшиг. Аав минь зурагтаа өөрөө засчихдаг байсан тул хааяа нэг зурагтын арын таг онгорхой гэрт хэдэн өдөр өнждөг сөн. Надаас өөр сониучирхаж толгойгоо зурагт руу шургуулах хүн манайд үгүй тул, үсээ олон лампнуудад орооцолдуулан байж өлийж хардаг тэр хэрээр бодол санаа ч тэндээ жинхнээсээ тэнэдэг байв. Пээ тэр тоос шуух хуухай тун нарийн гэм. Гэрэл хамгаалагч ламп тогны өндөр хэлбэлзлээс болж гэрийн зурагт үе үе шатаж аав бухимдуухан шинэ лампнууд байн байн худалдаж авдаг учир зурагтанд ааваас өөр хэн ч гар хүрч зүрхэлдэггүй байж билээ. Одоо бол удирдлага л даа, зурагтын суваг солигч, юу гэдэг юм бэ дээ цахилгаан зуухны халууныг тохируулж эргүүлдэг шиг суваг солих эргүүлэгч нь жаахан масстай, хоёр дээр монгол дөрөв дээр оросын суваг гардаг, мэдээж гурав дээр юу ч гардаггүй ч тийн жирэлздэг учир сувгийн эргүүлэгч чихийг тачигнатал хүчтэй мушгихад пад пад хийн эргэдэг, дутуу эргүүлбэл масслан жирэлздэг, тэр л жирэлзээг яагаад ч юм тогноос болж масслаж байна хэмээн санадаг, тиймээс хүрэхээс ч айдаг байжээ, зурагтаа шатаачихвал хэцүүднэ гэдгийг мэдэлгүй дээ, мөн ч хүнд эд байж билээ. Нэг өдөр ааваасаа: - зурагт яагаад ийм хүнд байдаг юм бэ, хамгийн хүнд хэсэг яг аль нь юм бэ ? гэхэд аав инээснээ: -зурагтны шил хамгийн хүнд дээ, хэмээн зурагтын ар доторх эд зүйлийг нэг бүрчлэн тайлбарлаж өгч билээ нэгэн удаа. Тийм лекц сонссон хүн хэцүүднэ дээ, миний хувьд шууд муу авахаар ойлгосон байв. Ойлгосон үгүйгээ мэдэж байгаа ч юм алга одоо. Бага байхад зурагтны нүүрний шилийг ээж голдуу арчдаг байв. Би ээж аав хоёрт зурагтын шилэнд хүрэхээр тог цохиод байдаг тухай хэлж (бага байхад өвөөгийн гэрийн багананд өлгөөтэй шугамын радиогийн нүх рүү чихэвчний оксыг шургуулж тогны хүчтэй өндөр чимээнд дүйнгэтэж, хэд хэдэн удаа цахилгааны залгуураас болж тогонд цохиулж, ер тог цахилгаантай бүхэнд хүрэхээс үхтлээ айдаг болчихсон юм.), одооны энэ лэд зурагтнуудын дэлгэц ч цахилгаанждаг, тог цохьдог шүү дээ. Уг нь яагаад тог цохьдог, яахаар би цахилгаанждаг вэ гэдгийг хэдийн судалчихсан мэддэг ч, гэлээ ч хааяа зориуд шалан дээрх ноосон утсаар нэхсэн хивсэн дээгүүр ноосон оймс өмсөөд хөлөө чирж хэсэг эргэлдэж хивстэй сайтар үрэлцэж хүрэлцэж байгаад хэн нэгний арьсан дээр хаа нэгтээ хуруугаа хүргэхэд л чад хийн цочтол цахилгаан цохьдог, тэр хэрээр өөрийгөө цахилгаан тог дамжуулагч гэдгээ мэддэг, харин зурагтны шилэнд хүрэхэд цохьдог цахилгаан тогны мэдрэмж арай нягт бөгөөд хатуу, дэлгэцэнд хүрч цахилгаан цохих тэр хачин мэдрэмж үргэлж жигтэй байдалд намай хүргэдэг, одоо ч хэвээр.., үзэсгэлэнгийн зааланд, бүтээлд гар хүрээгүй ээ л гэх гэсэн юм.  

2. ГАЙХАМШИГТ ҮЗЭГДЛҮҮД

Оюутан байхад академийн гадаад оюутны дотуур байрны хоёр дугаар давхарын мухарын өрөөнд солонгос, зураач хүү амьдардаг байв. Тэр ердөө л архичин. Ганцаараа өдөржин өрөөндөө архи уудаг учир найзууд нь түүнээс дөлдөг болж улмаар ганцаардаж нүдэн дээр гүн архинд оров оо, үргэлж согтуу, үргэлжийн согтуу, хааяа нийтийн хоолны өрөөнд бид ширээ тойрч суугаад хооллонгоо ганц нэг шар айраг, ганц нутгийн зуу зэргийг хүртэх үзэгдэл энүүхэнд, яг тэр хавар манай сургуульд дөрвөн гал түймэр гарсны гурван нь гадаад оюутнуудын дотуур байранд, нэг нь хятад оюутнуудын нийтийн байранд гарсан түймэр. Эхний хэрэг архичин хүүгийнх. Цагаан сараар гэртээ хариад буцахдаа ганц шил чингис авч очлоо, мань хүн дэлхийн бүх архины шилийг цуглуулах ажилтай байсан тул бүхий л найзууд нь түүнд ердөө л таньж мэдэхгүй архи бэлэглэдэг, өөрөө ч чамгүй мөнгө зарж уусан шилээ цуглуулдаг байж билээ, цуглуулганд нь монгол архины шил үгүй тул амралтаараа харихдаа монголоос архи авчирч өгөхөө амлаад тийн чингис архиа өглөө, уулаа, өрлөө. Нэг өдөр оройн арван нэгэн цагийн алдад ном уншаад орондоо тухалчихсан байх үе, гонхонд бөөн үймээн шуугиан. Цаг гаран боллоо, шуугиан намждаггүй ээ, шаагилдаад л үе үе том дуу хадаж цуурайтаад байсан тул номоо түр хааж, хувцаслаад хаалгаар шагайтал архичин солонгос хүүгийн өрөөний үүдэнд цагдаа нар зогсож байв. Би ч шалавхан хальсны камераа шүүрч гараад хэрэгт дурлан хэнэггүйхэн очоод байдлыг хөндлөнгөөс ажив. Өрөөнийх нь хаалга онгорхой, тэнд байсан бүх эд зүйлс эзэнтэйгээ хамт үнсэн саарал баримал болчихож, өрөө тэр чигтээ. Юу билээ ? Энэ ямар содон үзэгдэл вэ ? хэмээн уулга алдаад зураг дарах гэтэл цагдаа нар хориглож болохгүй гэв. Яагаад гэтэл хэргийн газар хэрэг илрээгүй байхад зураг дарах хориотой гэнэ. Со хүү өөрөө хөл дээрээ ч зогсох тэнхэлгүй согтуу байгаа нь илт, цагдаа, галынхан, оюутны байрны дарга нар байцаагаад нэмэр алга бололтой, шал согтуу үнсэн саарал тоос нөмөрчихсөн зураасан нүд нь бүлцийж онийгоод юу болоод буйг төдий сэхээрч амжаагүй байгаа хүнтэй юу ярихсан билээ л, байрны дарга: өрөөндөө өөрөө дэлбэрчихсэн бол яах болж байна хэмээн үглээд л загнаад л, тэр толгой гудайж хөл дээрээ тэнцэж ядан дайван зогсоно. Төд удалгүй сарын дотор ар араасаа ээлж дараалан гал түймэр дэгдсэн мэдээг манай дотуур байрны нэг давхарын цахилгаан өргүүр шатны хананд томоор нэр ус шатсан өрөөнийх нь зургийг хэвлэж анхааруулгын үзүүлэн самбар болгож өлгөсөн байгааг хараад бүгд нулимсаа гартал инээлдэж билээ. Тэдгээр гал түймрийн хэргийн эзэд хэн гээ бүтэлгүй Солонгос, Монгол, Япон, Хятад оюутнууд.

Солонгос
Өрөөндөө ганцаараа уйтгарладаг архичин хүү зурагт үзэхдээ тэр өдөр зурагтан дээрээ лаа асаагаад архи уусан байж л дээ, мань хүн согтоод тасарчихсан хойгуур лааны тос зурагтны арын хуванцар тагны агааржуулагчийн зай завсраар урсаж халуун тос нэг мэдэхэд лампанд хүрч хэт халалтын улмаас зурагт дэлбэрчээ. Зурагт дэлбэрвэл ийм зүйл болдог байх нь, ийм гэж цагаан саарал тоосонцор 40 метр кв өрөөг хангалттай бүчин хучин буусан аж. Харсан үзсэн тэнд байсан бүхэн шок байдалтай алмайрч хэсэг дуу шуугүй эргэн тойрноо, хэргийн эзнийг ширтэцгээж байлаа. Мэдээж тэнд сиймхийг хайж ганц зураг дарчих санаатай хүлээн зогсоод тусыг эс олов, үзэгдлийн гайхамшгийг хальсанд буулгаж чадаагүй.

Монгол
Дөрвөн давхрын нэг өрөөнд нэг монгол охин амьдардаг байв. Өрөөгөө цэвэрлэж, өрөөндөө лаа асааж, даалгавараа хийнгээ хажуугаар нь оройн хоолоо хийхээр хоёр давхарын нийтийн гал тогооны өрөө рүү очиж хоёр цаг болох зуур өрөөнд дэггүй салхи үймж түймэр асчээ, өрөөний тэн хагас нь шатаж утаанд аваарын дохио таазнаас гал унтраагч усны шүршигч төхөөрөмж ажиллан тэр давхар нэлэнхүйдээ усанд автжээ. Хоолоо хийчихээд өрөөндөө иртэл гал түймэр хэдийн гараад унтарсан байсныг хоёр хоногийн дараа монгол охинтойгоо гадаа тааралдахдаа сая мэдсэн юм. Би тэр үед хичээлээ таслан таслан ном уншдаг байсан учир эргэн тойронд юу болж буйг анзаарч амжилгүй л бөөн бөөн үйл явдлууд өрнөчихсөн байдаг байсан юм.

Япон
Хачирхалтай нь монгол япон хоёрын галын шалтгаан яг адилхан байж билээ.

Хятад
Үд өнгөрч байхад аваар түгшүүр гал командын машины дохио тархин дундуур хангинан хэдий удаан үргэлжилсэн ч юм бэ дээ үүлгэртэн сэрж ядах зуур гэнэт өрөөний утас хангинав. Утас автал ангийн хүүхэд ярьж байна, чи чинь босоогүй байгаа юм биш биз, наана чинь хойд оюутны байр шатаад өдөржин үймэлдэж байхад чи мэдээ ч үгүй дугжирч байдаг, бос бос, алив шатсан байрыг очиж үзэцгээе гэв. Нэг оюутны компьютер халж дэлбэрэхдээ ганц давхар навтгар түр байрлах нийтийн тагз пүрхийгээд асчих нь тэр. Сургууль нэр хүндээр, хүмүүс эд хөрөнгөөр хохирол амсаж, хаа холын америкт нэг өдрийн сонинд манай академид дэгдсэн гал түймрийн мэдээ хэвлэгдсэн тухай ангийн багш ярьж бид ангиараа түс хийтэл инээлдэж билээ.

Б.Батэрдэнэ “ТЭНГЭРТ НЭГЭН УДАА” 2017, ХААН галерей

Дээрх хэргүүд, адармаатай адал явдлуудыг хэдийн мартчихсан, хэзээ хойно ийн Баагийн бүтээлээс хүүхэд насны, оюутан цагийн хөгжилтэй дурсамжууд амилах мэт.. үзэсгэлэнгийн танхимд ар нь онгорхой зурагтын нүцгэн нүүр жирэлзээд байж байх гэж. Оруут шалавхан ойртоод чагналаа, хүүе.. трансформатор нь дүнгэнэж байна, үгүй мөн.. зурагттай холбоотой бүх дурсамж, Тэнгэрт Нэгэн Удаа үзэсгэлэн, бүтээлч өөрөө яг л хүүхэд насны сэтгэгдлүүд, мөрөөдөл, зүүд шиг бодлууд дунд аялан буйгаар сэтгэж, үзэсгэлэнгийн заалыг монголын ёс гурав хэмээн дотогш орж тойрохоосоо өмнө аяга цагаан дарсыг гурван удаа том томоор балгаж төд дуниартаад гадагш гарахад саарал гудамжинд өнгө өнгийн лэд гэрэлт үсгүүд тодрон ассан өвлийн ид хүйтэнд бүтээлч найзынхаа шинэ үзэсгэлэнг үзэж баяр хүргэхээр гэрээс галерей хүртэл хоёр цаг замын түгжрэлд элдвийг эргэцүүлсэн ч харихдаа өнөөх өндөр урт бүрээ шиг жигтэй яригчны баруун гар талаасаа дөрөв дэх яригчны гойд намуухан онцгой чимээ чихэнд цуурайлсаар байлаа. 

3. Баагийн үзэсгэлэн үргэлжлэхдээ юуг санагдуулна бичвэр үргэлжилмой.

____________________________________________________________

ПС: Батэрдэнэ ээ, сайхан үзэсгэлэнгээр чих дэлдийлгэж нүд бүлтийлгэсэнд чин сэтгэлээсээ баяр хүргэж энэхүү бичвэрээ зориулав, нөгөө дуугаа үргэлжлүүлнэ шүү.



2018.1.07
Улаанбаатар хот
Дашдондовын Баярцэцэг.

Friday, 5 January 2018

МОД III TREE



MONGOLZALUUS ХХК-ийн 11 жилийн ойн баярын хүрээнд зохиогдож буй анхны үзэсгэлэн. 

Бүтээлч, судлаач Д.Баярцэцэгийн цувралаар толилуулж буй мод үзэсгэлэнгийн гурав дахь цуврал та бүхний мэлмийг баясгаж оюуны хүрдийг мялаахад бэлэн боллоо. Гүн гүнзгий бясалгалын дор бүтээсэн дорнын арга ажиллагааг орчин цагийн хэлээр хүүрнэн танилцуулж буй мод 3 үзэсгэлэнгээс та бүхэн цаасны дахин төрөлтийг ажиглаж тунгаах бөгөөд энэ цаг үеийн сэтгэлгээг түүхэн уламжлал руу хэрхэн дамжуулж холбож буйтай танилцах боломжтой. Бүхий л зүйлс цахимжиж цахилгаанжиж буй энэ цаг үед уламжлалт сэтгэглгээг өөрсдийн ёс заншилд хэрхэн хөрвүүлж, эх дэлхийн шөрмөс болсон мод гэгч энэхүү гайхамшигт мөн чанарыг хэрхэн таньж ойлгох вэ хэмээсэн бүтээлч судалгааны хүрээнд олонд түгээх, танилцуулах зорилготой үзэсгэлэн юм. Үзэсгэлэн Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн Музейд 2018 оны 1 -р сарын 4 – 9 дуустал үргэлжилнэ.



Мод цуврал үзэсгэлэнгийн түүхээс дурдвал:

Мод нэг 2014, Лилиум Галерей, Улаанбаатар хот
Мод хоёр 2015, 976 Арт Галерей, Улаанбаатар хот
Мод гурав 2018, Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн Музей, Улаанбаатар хот


Monday, 11 September 2017

3. ҮРГЭЛЖЛЭЛ БАРИМТ

ДОКУМЕНТА 14


Эртний Гэрэгийн (Грек) сонгодог үе, барууны иргэншил, ардчиллын бэлгэ тэмдэг болсон Акрополис [ ἄκρον- akron- өндөр цэг,  πόλις – polis – хот ] -ын Паафэнон сүм нь НТӨ 447 – 432 онд (мэө V – IV зуун) Афин хотод сүндэрлэжээ.  Эл сүмийн загварын дагуу хөндий төмрүүдийг холбон сүндэрлүүлсэн THE PARTHENON OF BOOKS | НОМЫН СҮМ байгууламж 15 метр өргөн, 30 метр урт, 12 метр өндөр бүхүй 20 мянга гаран номтойгоор 1983 оны долдугаар сарын 9 өдөр Аргентиний Буэнос Аирэс хотоос анхны гараагаа эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар 34 жил үргэлжлэн буй, бүтээгчийн авъяас ухааны нөр хөдөлмөр шингэсэн, оюун санааны өндөр түвшний бүтээл хэмээн урлаг судлаачдын дунд шуугиан дэгдээгээд буй, өдгөө 74 настай Аргентины яруу найрагч, зохиолч, бүтээлч Марта Минужин Германы Кассел хотноо Документа 14 –ийн үзэсгэлэн буухаас долоо хоногийн өмнө өөрийн биеэр хүрэлцэн ирж бүтээлийнхээ төслийн багийнхантай хамтран албан ёсоор үзэсгэлэнгээ буулган, нүүдэллэх дараагийн бэлтгэл ажилдаа хэдийн оржээ. 
1976 – 1983 оны үеийн Аргентины арми, цэргийн дарангуйллын уршгаас хориотой номын жагсаалтад орсон бүтээлүүдийг Марта сонгон авч бүтээлдээ өлгөсөн бөгөөд жишээ болгон иш татаж дурдвал:  Sigmund Freud, Karl Marx, Jean-Paul Sartre, Adam Smith, Ernesto Sábato, Antonio Gramsci, G.W.F. Hegel, Ernest Hemingway, Jorge Luis Borges, Marguerite Yourcenar, Michel Foucault, Salvat Encyclopedia, The Little Prince by Antoine de Saint-Exupéry.... гэх мэт..
Аргентины номын хороо, 35 гаруй хэвлэх үйлдвэр, эх орны нь ардчилагчид түүний бүтээлийг дэмжиж хамтран ажиллаж, хоёр өргөгч цамхагийн тусламжтай босгон, олон нийтэд зориулсан төсөл 1983 оны 12 -р сарын 19 өдөр нээлт хийснээс яг долоо хоногийн дараа Аргентин оронд Ардчилал дахин эргэж ирсэн юм. АРДЧИЛАЛ, ЭРХ ЧӨЛӨӨГ эрхэмлэгч бүтээлчийн сэдсэн эл нүсэр санаа дэлхийн бүхий л орны, өнцөг булан бүрээс улс үндэстэн, арьс өнгө, нас хүйс, шашин шүтлэг харгалзахгүй ч ЗӨВХӨН “хэвлэн нийтлэх эрхээ хасуулсан, хурц шүүмжлэлд өртсөн, хориотой” гэсэн тодотгол бүхий бүтээлүүдийг олонд зарлан тунхаглаж, нэгдэхийг уриалан дуудаж, чөлөөтэйгөөр оролцуулж буй бөгөөд ДОКУМЕНТА 14 -ийн турш энэхүү зорилгоо амжилттай хэрэгжүүлж бататгасан билээ. 
2017 оны есдүгээр сарын 7 –ны өдөр Документа 14 
ийн номын оффисоос цахим  шуудан иржээ. 
Захидалд:
          Dear donor, we found two copies of a book in the donation box of the                              Parthenon of Book for documenta 14.
Unfortunately, we don’t know what would be the title and author in latin script and we don’t know why and when it was banned. Unfortunately, we don’t have any person who knows the language of this book (Mongolian?), and your email figured in the first page. If you could pass me the relevant information in English, we could include the book – if valid – into the artwork. Please let me know, preferably until tonight!

          Many thanks and kind regards,
               
        
 
(Энд хүний эрхийн үүднээс захидал илгээгчийн нэрийг зориуд  нууцлав.)                                                                                                                                      
                ______________________________

                documenta 14

                Friedrichsplatz 18
                D-34117 Kassel
                T +49 561 707 277 27

                Μετσόβου 25 / Metsovou 25
                GR-10682 Αθήνα / Athens

                books@documenta.de
                www.documenta14.de
          ______________________________

....хэмээгээд доорх зургийг хавсаргаж илгээсэн байв.


Би ч сандарч тэвдсээр тэр дор нь англи хэл дээрх мэдээллүүдийг илгээв. Номын нэр, зохиогчийн нэр бас бус....
хариу захидалд:

            Dear Godo,
thank you for your reply.
Have your poems or books been banned in Mongolia or censored in 
any other part of the world?
Thank you.
(Энд хүний эрхийн үүднээс захидал илгээгчийн нэрийг зориуд нууцлав.)
______________________________

                documenta 14


                Friedrichsplatz 18
                D-34117 Kassel
                T +49 561 707 277 27

                Μετσόβου 25 / Metsovou 25
                GR-10682 Αθήνα / Athens

                books@documenta.de
                www.documenta14.de
          ______________________________

/жич: надад илгээсэн дээрх цахим захидалуудыг та бүхэн өөрсдөө орчуулаад уншаарай. (инээв)/

     Яг үнэнийг хэлэхэд надад хэлэх үг олдсонгүй. “Ардчилалын Бэлгэ Тэмдэг᠌” тодотголтой эл бүтээлд өлгөгдөх ном зөвхөн “ХОРИОТОЙ᠌” бүтээл байх ёстой. Гэтэл би өөрийн бүтээлийн нийгэм дэх наад захын хэмжүүр, тодорхой хүрээнд ядаж уншигчтай үгүйгээ ч мэдэхгүй. Тэгээд оройжин бодов оо, ингэхэд Монголд өдийд ХОРИОТОЙ НОМ бий юу ? Хориотой бүтээл гэж юусан билээ ? Мэдээж соц нийгмийн үед Монголд хориотой бүтээл бишгүй олон байсан биз, харин өнөөдөр ? хэвлэн нийтлэх ЭРХ ЧӨЛӨӨ тэгэхээр өнөөдөр хаа хүрсэн болж таарав ? ер нь бүтээл туурвилд шалгуур, хэмжүүр, шүүмжлүүр, цоллодог хүмүүс яг хэнсэн билээ ? энэ бүхнийг би хэнээс асуух ёстой вэ ? надад хэн хариулах ёстой вэ ? та бидний нийгэмд өнөөдөр хавчин гадуурхах үзэл байгаа бил үү ? гэх мэт үй түмэн элдвийн бөгөөд зайлшгүй асуултууд ундарсаар байв. Өөрөөсөө асуусан асуултын хариуг олоогүй л сууна. Хэрэв танд ХОРИОТОЙ ном бий бол Аргентины бүтээлч МАРТА Минужинтай холбогдож болно. Документа 14 есдүгээр сарын 17 өдөр албан ёсоор өндөрлөж буй, Марта Минужины THE PARTHENON OF BOOKS | НОМЫН СҮМ бүтээл төлөвлөгөөний дагуу дэлхийг тойрох аян замдаа гарч буй хэмээн эцэст нь тэд нөхөрсөгөөр бас албан ёсоор мэдэгсэн юм.
at documenta 14 Friedrichsplatz 18, THE PARTHENON OF BOOKS, donor box Kassel, Germany. 
photo by android © 2017, Odgerel Odonchimed. edited by © 2017, Bayartsetseg Dashdondov.

Эл бичвэрийг © 2017, Д.Баярцэцэг. 
Зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан. 
Зохиогчийн зөвшөөрөлгүйгээр ямар нэг байдлаар хуулах, хэвлэн нийтлэх, өөр бүтээлд ашиглахыг хориглоно.