Thursday, 17 May 2018

Сайхан сэтгэлт Умберто Эко үхэлд бэлдэхийг зөвлөв


1998- 5 - 22
"Коммерсант" сонин 
дугаар 090

Умберто Экотой хийсэн ярилцлага
| Орчуулсан © 2017 Пүрэвийн Энхтуяа / Сахиусан тэнгэрүүдийн хот |

     1998 оны 5 сард Италийн философич, нэрт зохиолч, эрдэмтэн, сэтгүүлч Умберто Эко Москвад айлчилжээ. Москвагийн Их Сургууль түүнд хүндэтгэлийн honoris causa докторын зэргээ олгосон байна. Умберто мэргэжил нэгтнүүдтэйгээ уулзаж, хоёр лекц уншиж, Их театрт "Евгений Онегин" дуурь үзэн, Европт хамгийн их алдаршиж түгсэн бэстселлер болох "Дипломын ажлыг хэрхэн яаж бичих вэ" номыг нь хэвлэхээр зэхэж буй "Университетская книга" хэвлэлийн газраар зочилжээ. Таван сарын 20-нд Петербург хотыг зорихоос нь өмнө сурвалжлагч Валерий Панюшкин, профессор Экотой уулзаж ярилцсаныг орчуулан хүргэмүй.

Хоёр лекцийн танхим бив битүү дүүрч, сэтгүүлчид түүнийг тал талаас  бүчин, Москвагийн их сургуулийн хүмүүнлэгийн салбарын II байрны үүдэнд, түүний номыг барьсан, мөн гарын үсэг зуруулахаар бэлдэж үзэг бал шоволзуулсан оюутнууд бужигнан хүлээж байлаа.

Их сургуулийн захиргаанаас гаргаж өгсөн тусгай танхимд профессор зуун хорин таван удаа давтан асуусан, та эрдэмтэн үү, зохиолч уу, эсвэл сэтгүүлч үү, хэмээх асуултанд, өөрийн үндсэн мэргэжлээ лимбэчин гэж тооцдогоо хэлж уулзалтаа нээсэн юм....

-Та сэтгүүлч үү, зохиолч уу, эсвэл эрдэмтэн үү? 

Эко инээгээд: -Би өөрийгөө философич л гэж боддог. Тавь хүрч байхдаа гэнэт нэг өдөр л маш их зарагдаж борлогдсон, эрэл сурал болсон роман бичээд эхэлсэн хүн шүү дээ. Ердөө л тэр. Би хэзээ ч зохиолчдын хурал, уулзалтанд очдоггүй, харин философи болон семиотиологийн хурал чуулганд бол байнга оролцохоор явдаг. Сонин сэтгүүлд нийтлүүлдэг ажлын минь тухайд гэвэл Европт ингэж хэвшсэн байдгийг ойлгох хэрэгтэй болох байх. АНУ-аас ялгаатай нь Европт их сургуулийн эрдэмтэд үргэлж ямар нэгэн хэмжээгээр нийгэм-улс төрийн сэтгүүлүүдтэй хамтарч ажилладаг. Нийгэмд өөрийн үзэл бодлыг илэрхийлэх, магадгүй, олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд ямар нэгэн байдлаар нөлөөлөх, тэднийг тэр хуудсан дээр нь ингэж нийтлэн бичихээс өөрөөр сонин, сэтгүүлийг шүүмжлэх арга байдаггүй. Ямар ч тохиолдолд энэ бол хэвийн л зүйл. Эрдэмтэн хүн улс төрийн тэмдэглэлээ нийтлүүлсний төлөө, хэн ч түүнийг хуруугаараа чичиж, солиотой амьтан гэж хэлдэггүй. Сэтгүүлзүйг би өөрийн хоёрдахь эсвэл гуравдахь мэргэжлээр ч тооцдоггүй. Миний хувьд сэтгүүлзүй бол цагийг зөв зүйтэй өнгөрөөх арга хэрэгсэл төдий л юм.

-Академич эрдэмтэн судлаачдын ертөнц тун хаагдмал байдаг. Та тэр хил хязгаарыг яаж давж гарсан бэ? Тэгээд хамгийн гол нь, яах гэж тэр билээ?

-Та намайг яах гэж анхны романаа бичсэн юм бэ, гэж асууж байна аа даа?

-Тийм ээ.

-Ямар ч эргэлзээнгүй, их сургуулийн профессор бүрийн бичгийн ширээн дээр бичсэн романых нь эх бичмэл хэвтэж байдаг юм. Профессоруудыг ойролцоогоор хоёр бүлэгт хувааж болно: бичсэн романаа хэвлүүлсэн хэсэг, мөн хэвлүүлэхээсээ ичингүйрэгсэд эсвэл айж эмээгсэд. Уран сайхны бүтээлээ хэвлэн нийтлүүлсэн профессоруудын 95% нь бүрэн сүйрлийг амсдаг бол, дөнгөж 5% нь л харьцангуй амжилтандаа сэтгэл ханамжтай явдаг. Ерөнхий дүр байдал ямар ч тохиолдолд үүнээс өөрчлөгдөхгүй. Их сургуулийн профессорууд , бүр математик, химийн салбарынх ч бай ялгаагүй, санаанд багтамгүй зөрүүдлэн, өөрийн романаа "ширээндээ" үргэлжлүүлэн бичсээр л суудаг.

Магадгүй, би бага зэрэг хэтрүүлсэн байлаа гэхэд, та харсан ч болоосой, хамт ажиллагсад маань нөхөрсөг ярианыхаа завсар надад роман эсвэл хэсэг бүлэг үгүүллэг бичиж буйгаа байнга дуулгаж байдаг гээ!

-Тэгсэн ч гэсэн, та яагаад, гэв гэнэт бичгийн ширээнийхээ нүдэнд хэвтэж байсан романаа хэвлүүлэхээр шийдэв?

-Хариулах арга алга даа. Энэ бол намайг яагаад цагаан дарсыг улаан дарснаас илүү таашаадгийг асуухтай л адил. Нэмж хэлэх юм ёстой алга! Зүгээр л нэг өдөр амьдрал минь өөрчлөгдөж, тархи толгойнд роман бичих санаа төрж, дараа нь хэвлүүлэхээр шийдсэн нь тэр. Энэ алхмыг хийх ямар ч нухацтай шалтаг, шалтгаан надад байгаагүй.

-Гудамжаар явж буй жирийн хүний тархины бүтцээс, академич эрдэмтний тархины бүтэц юугаараа ялгаатай вэ?

-Харин, ямар нэгэн зарчмын ялгаа бий гэж үү? Үгүй дээ. Магадгүй, тоон ялгаа байж болох л юм. Их сургуулийн профессорын тархи толгой элдвийн хэрэгтэй, хэрэггүй мэдээллээр чигжээстэй явдаг нь, ямар ч байдлаар түүний зүгээс амьдралд зөв зохистой хандах баталгаа болж чадахгүй. Боловсрол харамсалтай нь амьд явахад тусладаггүй шүү дээ. Тархины бүтэц зохион байгуулалтын тухай хэн нэгэн тархи-мэдрэлийн мэс засалчаас асуувал дээр болов уу. Би хэзээ ч гавлын яс хөрөөдөж, задлан хийж үзээгүй тул хүний тархи ямар бүтэцтэйг үнэхээр хэлж мэдэх юм алга даа.

-Тэгвэл шинжлэх ухааны номууд яагаад тийм уйтгартай байдаг юм бол?

-Энд би харин тантай огт санал нийлэхгүй! "Цэвэр ой ухааны шүүмж" ном жишээлбэл, миний бодлоор, туйлын шинжлэх ухаанч ном гэлээ ч, тун чиг олон романаас илүү сонирхолтой ном доо. Магадгүй, зөвхөн танд л шинжлэх ухааны номууд уншихад тийм сонирхолгүй байдаг байх...

-Яагаад гэвэл би жирийн хүн болохоор...

-Тэгвэл ингээд л шууд хэлчхэж бай. Харин надад бол америкийн цагдаагийнхны амьдралын тухай роман уншиж байснаас Платоныг уншиж суух хамаагүй илүү сонирхолтой. Магадгүй Платон удаан уншигдана л даа, гэхдээ энэ бол таны унших дадал хэвшил л мэдэх хэрэг. Өөрөөр хэлбэл та шинжлэх ухааны номыг сонирхох, эсвэл огт тоохгүй байх чинь, таны ямар хурдтайгаар уншиж хэвшсэнээс шалтгаална.

-За тийм байдаг юм байж, тэгвэл бэстселлерт цойлох шинжлэх ухааны ном бичиж болох уу?

-Мэдээжийн хэрэг! Академик номууд маш сонирхолтой болж болно шүү дээ, за байз... ямар ном, аа тийм, Толкиены романууд шиг. Академик бичвэр уншлагын удаан хэмнэл санал болгодгоороо онцлогтой.

-Таны одоо унших гэж буй "Интернет"-ийн тухай лекц "Фукогийн дүүжинт цаг" романд тань гардаг эрдэмтдийн нууц хуйвалдаантай адил биш гэж үү?

-Ха ха ха! Бага зэрэг. Ер нь "Интернет" яваандаа тийм нууц хуйвалдаанд хувирч, соёл иргэншилд сүйрэл авчирна.

-Яагаад?

-Шүүлтүүр хяналтгүй хүлээж авах асар их мэдээллийн багтаамж яваандаа солиоролд хүргэнэ. Миний бодлоор, "Интернет"-ийн хамгийн гол аюул нь энэ. Магадгүй, хүн үнэнийг худлаас ялгаж салгаж чадахгүйд хүрэх, мэдээллийн тодорхой нэгэн эгзэгтэй багтаамж гэж байдаг байх.

-Таны "Дипломын ажлыг хэрхэн яаж бичих ёстой вэ" номонд юу үгүүлдэг вэ?

-Юуны ч тухай биш. Би энэ номоо 30 жилийн өмнө бичсэн. Оюутнууд дипломын ажлаа яаж эхлэх, хэрхэн дуусгах, ашигласан номын нэрсээ яаж жагсааж бүрдүүлэх гэх мэт асуултаар байнга намайг булж, зовоож байдаг тул би нэг сайхан өдөр зүгээр л сууж аваад, жилээс жилд улиран давтагдаж буй зөвлөлгөөнүүдээ нэгтгээд биччихсэн хэрэг. Оюутан бүрт зориулах хоёр цагийн ярилцлагын оронд би тэдэнд тэр хэвлэмэл эхээ тарааж өгсөн. Ингээд л болоо. Харин энэ ном маань 100 мянган хувь борлогдож, намайг гайхашруулсан шүү, оюутнуудад дипломын ажлаа хэрхэн, яаж бичих гарын авлага, удирдамж үнэхээр хэрэгтэй байсан юм билээ.

-Тэгвэл яах гэж дипломын ажлыг бичих ёстой юм бэ? Яагаад ер нь заавал суралцах ёстой гэж?

-Суралцах ерөөсөө албагүй. Хүмүүс зүгээр л сурч байдаг, тэгээд л болоо. Яагаад гэвэл сурах чинь өөрөө сонирхолтой шүү дээ. Яагаад гэхээр ерөөсөө л тийм байх ёстой. Аливаа сургалтанд, яг сургалтаас нь өөр ямар ч өөр утга санаа агуулагддаггүй. Хүмүүс их сургуулиа төгсөхдөө, хууль журманд хуульчлан тусгагдаж заагдсан байдгийн дагуу дипломын ажил бичих болдог.

-Таны академик сургалтууд... бид хоёрын ярилцаж суусан ширээ рүү Экогийн бичиг хэргийн туслах бүсгүй шийдэмгий дөхөн ирж, гараа савчин, миний асуултыг тасаллаа.

-Уучлаарай. Таны цаг дууссан.

-Та амласан шүү дээ! - гээд би ч мөчөөгөө өгсөнгүй.

Гэвч туслах бүсгүй эрс шулуухан: -Та ойлго л доо, тантай ярилцаж тамираа бараад, тэрбээр лекцээ уншиж чадахгүй шүү дээ. Тэгээд бүсгүй Эко руу харахад цаадах нь бүхий л байдлаараа туйлын хүлцэнгүйгээр түүний үгэнд орж буйгаа илтгэн суух ажээ. 

-Умберто, чи ярилцлагаа үргэлжлүүлэх юм уу, эсвэл амармаар байна уу?

-Мэдэхгүй ээ. - гэж Эко сайхан сэтгэлт- хорон санаат мөрдөн байцаагчийн хоёр дүрд тун ч сэтгэл ханамжтайгаар зэрэг тоглож буй мэт хариуллаа.

- Юу л гэж хэлнэ, би дагана. Би чинь дуулгавартай хүн шүү дээ.

Тэгмэгц ч би үргэлжлүүлэн: -Таны академик сургалтууд роман бичихэд тань тус нэмэр болдог уу? 

-Хариулахад төвөгтөй асуулт байна шүү. Хэрэв би эрдэмтэн байгаагүй сэн бол, яаж болон ямар романууд бичих байснаа хэлж мэдэхгүй юм. Хэрэв Наполеон төрөөгүй сэн бол, Европын түүх яаж эргэх байсан бол, гэж асууж байгаатай л адил юм даа. Би мэдэхгүй ээ. Хэн ч мэдэхгүй. Хэрэв би, жишээлбэл мужаан байсан сан бол, ямар романууд бичих байснаа, ёстой хэлж мэдэхгүй. Тэгэхлээр, хэдэн арван жилийг их сургуульд ажиллаж өнгөрөөсний дараа л анхны романаа бичсэнд хамаг учир байна аа даа. Энэ бүх ажил намайг ямар нэг зүйлд сургана аа даа. Текстийг ялгаж салгаж ойлгох чадвар болон текстийг яаж бичдэг тухай цогц төсөөллийг би энд яриагүй байна. Хэрэв би махны лангуунд ажиллаж байсан бол, магадгүй, амьдралын өөр туршлага хуримтлуулсан болж таарах нь ээ дээ.

-Таны овог, - гээд би туслах бүсгүйн зэмлэсэн харцнаас жишүү харж бултангаа, - хаанаас үүсэлтэй юм бол? хэмээн үргэлжлүүлэн асуулаа.

("Эко" италиар "цуурай" гэсэн үг, ер нь ч тэгээд Италид ийм овог огт байдаггүй.) -Өө- өө! Өвөө минь олдмол орхидос хүүхэд байсан гэдэг. Тэгээд л түүнд ийм нэр өгсөн хэрэг. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн хотын захиргааны мяндагтан түшмэлд, хаягдмал жаалыг Цуурай гэж нэрлэвэл хачин сайхан санагдаж л дээ.

-Таны дуртай зохиолч?

-Миний дараа юу?.. Данте Алигьери.

Эког танхим руу дагуулан авч явлаа. Ярилцлага ч өндөрлөв. Үргэлжид л хамгийн чухал зүйлээ асууж чадалгүй үлддэгээ санан байж: -Профессор оо, амьдралын утга учир юунд оршдог юм бол оо?

-Үхэлд бэлтгэхэд.

-Тийм гэж үү? Та ер нь яагаад миний асуултуудад хариулаад байна?

-Сайхан сэтгэлтэй болохоор л тэр.





~ Мария Эстер Васкесын ярилцлага~




Хорхэ Лүис Борхэс цуврал ярилцлагаас

| Орчуулсан © 2016 Пүрэвийн Энхтуяа / Сахиусан тэнгэрийн хот |


Мария Эстер Васкес. - Төөрдөг хонгил- лабиринтын тухай сэдэв тань хэзээ, хаана, яаж эхэлсэн бэ?

Хорхэ Лүис Борхэс. - Ямар ч билээ дээ нэг номонд дэлхийн долоон гайхамшгийн тухай, мөн тэдний дунд критийн төөрдөг байшинг харуулсан сийлбэрийн зураг байсныг санаж байна. Тэр байгууламж бухын тулалдаан болдог цэнгэлдэх хүрээлэнтэй тун төстөй мөртлөө цоожны нүх шиг бяцхан цонхнуудтай байсан юм. Тэр үед балчир хүү надад уг зургийг томруулдаг шил ашиглаж, анхааралтай шинжвэл Минотавр (эртний грекийн домогт гардаг бух толгойтой, хүн биет мангас)-ыг олоод үзчих юм шиг санагддаг байж билээ. Түүнээс гадна төөрдөг хонгил- лабиринт бол төөрөгдлийн гарцаагүй бэлгэ тэмдэг, төөрөгдөл - гайхашрал, эндээс Аристотелийн үздэгээр үүссэн метафизик, Честертоны хэлсэнчлэн: << Гайхашралаас бусад бүх зүйл, ялангуяа өдөр тутмын нэгэн хэвийн амьдралын өмнө, бүгд улиран алга болдог>> нь надад ч мөн адил ялгаагүй хамгийн энгийн танил мэдрэмж байв. Заримдаа би өөрийнхөө хийж буй үйлдлийг тэр бүр тийм сайн ойлгодоггүй тул насан туршид минь намайг дагаж яваа энэ төөрөгдлийг илэрхийлэхийн тулд, төөрдөг хонгилыг бэлгэ тэмдэг болгон сонгосон шиг, яг үнэн хэрэгтээ төөрдөг хонгил надад хэрэгтэй байсан болов уу. Дотор нь ороход л төөрөхөөр зохион бүтээгдсэн байгууламж, - энэ чинь төөрөгдлийн бэлгэ тэмдэг биш гэж үү? Энэ сэдвийг би янз бүрийн байдлаар бичиж, эндээс Минотаврын төрх болон << Астерийн байшин>> өгүүллэг минь төрсөн юм. Минотаврын өөр нэгэн нэр нь Астерий шүү дээ. Лабиринтын сэдэв мэдээжийн хэрэг << Үхэл ба луужин>>-д мөн миний сүүлийн номууд дахь хэдэн шүлгэнд минь, удахгүй хэвлэгдэх гэж буй шинэ номонд минь ч мөн Минотаврын тухай шүлэг орсон байгаа.

М.Э.В. - Тэгвэл толь?

Х.Л.Б. - Толь бол хамбург хийцийн гурван талт шүүгээнээс үүдэлтэй. Хуучны аргентин айл бүрт байсан, улаан модоор урласан, энэ нүсэр шүүгээ манайд ч гэсэн байлаа... Унтахаар хэвтэхдээ, толинд өөрийнхөө гурвалсан дүрийг олж хараад, надад аймшигтай санагддаг байв: толь бүр өөрийн тусгал дүрстэй бөгөөд гэнэт би тэр тольнуудын аль нэгэн дотор огт өөр хэн нэгэнтэй мөргөлдчих ч юм билүү? Үүн дээр бүр нэмэрлэсэн юм шиг Бүтээлгэн дор нуугдагч хоросаны Мэргэн зөнчийн тухай шүлэг (тэр уяман өвчин тусаад, үзээрийн болсон нүүрээ нуудаг байжээ) мөн Дюмагийн романд гардаг Төмөр Багийг уншсаныг ч хэлэх үү. Өөрийгөө аймшгийн мангасын дүрээр олж харах, эсвэл огт өөр хүн болж хувиран үзэгдэх энэ хоёр айдас минь нийлээд нэг цул айдас болсон юм. Түүнээс гадна толь шотландын хий үзэгдэл fetch (амьд хүмүүсийг өөр ертөнц рүү авч явахаар ирдэг)-ийн дүрээр мөн немцийн Doppelgänger, Жекил ба Хайдын тухай өгүүллэг болон бусад олон зохиолд гардаг хаа ч явсан биднийг дагалдаж байдаг, хоёрдогч хүнтэй ч холбоотой байв. Товчхон хэлвэл би тольноос айдаг байлаа. Тэр бүү хэл надад Пифагорын найз нөхрөө өөрийнхөө хоёр дахь "би"-гээр тооцдогийг нь дурдсан, энэ айдсынхаа тухай бичсэн шүлэг ч бий. Түүний толгойд хоёрдогч "би"- гийн тухай бодол толь юм уу усны тусгалын өмнө зогсож байхад нь л төрсөн болов уу гэж надад ямагт санагддаг юм. Унтахдаа ингэж айгаад байдаг ч гэсэн, юу ч харагдахгүй хав харанхуй өрөөнд унтуулаад өгөөч гэж би хүүхэд байхдаа эцэг эхээсээ асууж зүрхлээгүй өнгөрчээ. Толинд миний өөрийн гэж үзэж байгаа нүүр царайтай минь төстэй тусгал үлдсэн эсэхийг, эсвэл тэд зогсолтгүй, эв хавгүйгээр хувиран өөрчлөгдөж эхлэхийг харахаар би нүдээ дахин дахин нээж, ер зүүрмэглэж чаддаггүй байлаа. Үүн дээр мөн байнга хувиран өөрчлөгдөж байдаг, урьдны ба өөр нэгэн "би"; олон тооны "би" гийн тухай бодол ухаан санаанд минь удаа дараалан тун ч олон орж ирдэг сэн. По, Достоевский, Гофман болон Стивенсоны зохиол бүтээлдээ хөгжүүлж ирсэн энэ сэдвийн тухай хувилбар миний "Өөр" гэдэг өгүүллэгт бий.

М.Э.В. - Үргэлж нэг цэг дээр буцан ирдэг, үргэлжилсэн тойрог, ертөнцийн тухай санаа чинь хаанаас эхлэв ээ?

Х.Л.Б. - Хамгийн түрүүнд эцгээс минь. Харин түүнд энэ санаа XVIII зууны шотландын философич Хьюмын << Шашны мөн чанарын тухай ярилцлагууд>>-аас л эхтэй болов уу даа. Энэ санааг тайлбарлавал: ертөнцийг бүтээн цогцлоож байдаг махбодийн тоо хэмжээ хязгаартай бол, харин цаг хугацаа хязгаар хярхаггүй бөгөөд, агшин бүр урьдныхтайгаа салшгүй холбоотой эргэж, сансар ертөнцийн энэ урсгал хөдөлгөөний нэгхэн агшин л дахин давтагдахад, дараачийнх нь бүгд даган давтагдаж, ингээд пифагор ба стоикуудын бодсончлон бүгд нэг тойрогт хумигдан эргэлдээд, хуран цуглаж байгаа юм. Ихэнхдээ энэ санааг Энэтхэгтэй, энэтхэгийн сансар огторгуйн сургааль, буддизм дахь тойрог эргэлдэхдээ, нэг нэгнийгээ солиод, дахин давтагддаггүйтэй холбоод байдаг. Жишээлбэл: хүн нэг удаагийнхаа амьдралаар дахиж буюу хязгааргүй олон удаа давтан амьдрахгүй боловч, энэ тойрог бүр нь дараагийнхаа тойрог бүрт зайлшгүй нөлөөлдөг гэдэг. Ийм учраас амьтан, ургамал, чөтгөр, сүүдэр гэх мэтээр төрөн үргэлжлээд, өөрийгөө бүрмөсөн алдах, эсвэл эргээд хүн болон төрж болдог байна. Энэ нь нирваан буюу дээдийн дээд зол жаргал- өөрөөр хэлбэл төрөл арилжих хүрдэнд унаад, түүнээс чөлөөлөгдөн ангижрахыг хэлж байгаа юм. Энэ бодол миний сэтгэлийг маш их эзэмдэж, би олон удаа энэ сэдвээр бичсэн. Гэвч дараа нь би үүнд итгэл алдарсан юм. Итгэхээ болиод ч зогссонгүй: бидний энэ яриа ч гэсэн миний "Тойргийн тухай сургаал" эсээдээ бичсэн шиг мянган удаа давтагдсан ч гэлээ ялгаагүй л тэр анхных, яагаад гэвэл урьдныхыгаа бид санахгүй байгаа учраас тэр. Бодол санааны давтамж, энэ тухай Россеттигийн гайхалтай сайхан нэгэн шүлэг бий: 

I have been here before;
When, where or how I cannot tell.
I knew the grass beyond the door,
The keen sweet smell,
The sighing sound, the lights around the shore.
You have been mine before...
Хэзээ, хаана, хэрхэн гэдгээ хэлж мэдэхгүй ч
Хэтээсээ л би энд байсан.
Хаалганы цаадах өвсийг,
Хачин сэргэг үнэрийг,
Далайн хөвөөн дэхь гэгээг, давалгааны санаа алдах чимээг,
Чи минь урьд нь ч минийх байсныг...

Энэ санаа бол өнгөрсний тухай сэрэл мэдрэмж гэнэт нөмрөн ирэхэд, буцааж эргүүлж болшгүй өөрчлөлтийг хэлж байгаа юм. Ингэе л дээ, би жишээлбэл бидний энэ яриа болоод өнгөрсөн: << Би Мария Эстер Васкестай энэ тухай ярилцаад, түүнд энэ л Үндэсний төв номын сангийн энэ л танхимд яг л ижил зүйлийг ярьсан шүү дээ>> гэж бодъё. Тэгвэл эндээс энэ бүхэн анхны удаа болж байгаа биш, тойрог энэ мэтчилэн дахин давтагдахгүй байгааг л харуулж байгаа нь тэр. Дахин эргэн төрсөн урьдны тойргоо санах боломж байгаа нь яг үнэн хэрэгтээ бол тойргийн тухай сургаалиа няцааж байна. Бас нэг зүйл. Хэрвээ бид өөрийнхөө энэ амьдралаар олон удаа бүр хязгааргүй олон удаа давтан амьдарч болох байсан бол туулсан амьдрал бүхэн тухай бүртээ улам тод санагдаж, энэ нь, магадгүй, өнгөрснийг зарим талаар өөрчлөх боломж олгож, ингээд л энэ онол дахиад л сүйрч байгаа нь тэр.

М.Э.В. - За тэгвэл, барын тухай ярилцъя даа.

Х.Л.Б. - Би энэ тухай "Барын алтан өнгө" шүлгэндээ бичсэн. Манай гэр амьтны хүрээлэнгийн хажууд байдаг байлаа. Би бараг л өдөр бүр тэнд очиж, бизон үхрээс өөр хамгийн ихээр миний сонирхлыг татдаг ганц амьтан бар байв. Ялангуяа бенгалийн бар. Би түүнийг хэдэн цагаар хараад зогсчихдог байлаа. Алтан арьсыг нь, мэдээж бас хээ хуар шиг эрээн судлуудыг нь. Би мөн леопард, ягуар, пантер гээд энэ төрлийн бусад махчин амьтдад ч дуртай байсан. Миний тэр шүлгэнд, амьдралдаа анх удаа харсан өнгө (зөвхөн нүдээрээ харах биш, бүхий л сэрэл мэдрэхүйгээрээ мэдэрсэн), барын арьсны шар өнгөний тухай гардаг бөгөөд хараагүй болсон хойноо, одоо ч гэсэн би бүхий л өнгөнөөс ямар ч эргэлзээ мадаггүйгээр цорын ганц шар өнгийг л таньдаг юм. Эхнээсээ аваад дуустал энэ өнгө намайг дагаж явна даа. Гоёчилсон модернист чиг хандлагаар биш зөвхөн ийм л учраас би шүлгийн номоо "Барын алтан өнгө" гэж нэрлэсэн юм. Тэгээд ч бар бол хүч чадал, гоо сайхны төгс цогц, шид хавыг харуулсан амьтан шүү дээ. Дүү охин минь нэг удаа: << Бар бол хайрын төлөө бүтээгдсэн>> гэдэг сонин үг хэлж билээ. Энэ нь надад Кансинос- Ассенсийн: << Би барнаас ч илүү энхрий янаг байна>> гэж бүсгүйдээ хэлсэн мөрийг санагдуулдаг. Честертонд ч мөн адил үүнтэй төстэй зүйл байсан, Блейкийн барын тухай шүлгэнд хорт санааны эх үүрийг (Бурхан яагаад, гэмгүй ариун хургыг бүтээсэн атал түүнийг тасчин залгигч барыг бүтээчхэв ээ?); гэхэд тэр: << Бар гол руу хүйт даан жихүүцүүлэгч, гоо сайхны бэлгэ тэмдэг>> гэж хэлжээ. Барыг тодорхойлогч гоо сайхан болон цусанд шунан улайрагч чанар энд нэгдэж байгаа нь тэр. Гэхдээ л тэр бусдаас илүү цусанд шунан дурлагч нь юу л бол. Зүгээр л үнэгэнд заль, арсланд хааны сүр жавхлант эрх мэдлийг оноодог шиг: энэ бүхэн нь ёгт үлгэрийн нэгэн хэвийн байнгын баримтлал бөгөөд Эзопоос л үүссэн байх аа даа.

М.Э.В. - Тэгвэл << навахи ба цөхрөлийн холбоо>>-ны ард юу байдаг бол?

Х.Л.Б. - Энд хоёр эх үүсвэр бий. Нэгдүгээрт- миний өвөг дээдсийн ихэнх нь цэрэг эрс байгаад, тэдний олонх нь дайн тулааны талбарт амь эрсэдсэн бол харин надад ийм хувь тавилан оноогдсонгүй. Хоёрдугаарт- үгээгүйчүүдийн дундаас олж харсан энэ л шийдсэн цөхрөл, далайн эргийн дагуу цугларсан гэмт хэргийн тэрхүү хүнд гартнуудын итгэл үнэмшлийг ганцхан үгээр тодорхойлон хэлбэл: <<нэг бол чи эр хүн, эсвэл хулчгар новш.>> Тэдний эр зориг бол шунал эсвээс улс төрийн хонжоо харж хөдөлдөг, гангстер дээрэмчид, хууль завхруулагчдынх шиг биш, үнэхээр ямар ч атгаг шунал, сэдэлгүй байдаг онцлогтой. Хожим нь би скандинавын нэгэн сага туульнаас үүнд яг тохирсон үг олж уншиж билээ. Далайн дээрэмчид бусадтай уулзахдаа, танихгүй нэгнээсээ, Один эсвэл цагаан нүүрт Христийн алинд нь итгэдэг болохыг асуудаг байжээ. Тэд: << Зөвхөн өөрийнхөө хатан зоригт>> гэж хариулдаг байсан гэнэ. Манайхны балиусан хутгачдын уриа үгтэй тун адил байгаа юм шүү.

М.Э.В. - Таны хувьд бас нэгэн чухал сэдэв бол Буэнос- Айрес.

Х.Л.Б. - Тийм ээ, гэхдээ одооны энэ нийслэл биш, харин эрт цагийн, миний хүүхэд бага насны минь үеийн тэр хот. Би мянга есөн зуун есөн онд төрсөн, миний Буэнос-Айрес ерээд оны манангаар хучигдсан өнгөрсөн цаг үед үлджээ. Хоёр шалтгаанаар ингэж хэлж байгаа юм л даа. Нэгдүгээрт, урьд цагт << бүх юм илүү байлаа>> гэж хэзээнээсээ л бид үздэг шүү дээ. Харин дараагийнх нь уран зохиолыг өдөр тутмын сэдвээр хязгаарлах нь миний бодлоор буруу. Хамгийн наад захын жишээнээс үзэхэд, уламжлал өөр зүйлд сургадаг. Хомер өөрийнхөө туульсыг бичих гэж барьж авахаас өмнө, Трояны дайнаас хойш, хэчнээн эрин улиран өнгөрөх ёстой байсныг би сайн хэлж мэдэхгүй. Энд нэг ийм бүрэн бодит ойлголт яваад байна. Орчин үеийн тухай бичих үедээ чи уншигчдад, өөрийнхөө гаргасан алдааг олзлуулж, түүнд тагнан сурвалжлах боломжийг олгодог. Харин үйл явдал Турдерт ч юм уу эсвэл далайн эргийн дагуух Палермогийн дүүрэгт, ерээд онд өрнөж байгаа бол хэн ч тэр газруудад тэр үед яаж аж төрж, хэрхэн яаж ярьдаг байсныг дурсан санахгүй бөгөөд эндээс зохиолчийн бүрэн эрх чөлөө ба ямар ч цээрлэл хүлээхгүй байх боломж урган гарч байгаа юм. Ой санамж (Бергсоны хэлснээр) түүвэрлэн шилж сонгох чадвартай тул сохроор санаандгүй давамгайлчихдаг түүхий бодит байдал дээр биш харин дурсамж дээрээ түшиглэн дулдуйдаж бичих ёстой. Түүнээс гадна өдөр тутмын сэдвээр бичигч нэгэнд, зохиолч биш харин сурвалжлагч болон хувирчих аюул үргэлж нүүрлэж байдаг юм шүү.

М.Э.В. - Сүүлчийн сэдэв маань - ир.

Х.Л.Б. - Энэ бол эр зоригтой холбоотой, миний өвөө Борхэсийн гэрт өлгөөтэй байсан хоёр сэлэмнээс үүдэлтэй. Нэг сэлэм нь генерал Мансильегийнх. Өвөө минь түүнтэй анд нөхөр явсан бөгөөд парагвайн байлдааны үед, францын нэгэн романы романтик дэврүүн үйл явдалд автаад, тэр хоёр тулалдааны өмнө сэлмээ солилцсон гэдэг. Хоёр дахь сэлэм нь одоо Лесамын цэцэрлэгт хүрээлэн дэхь түүхийн музейд хадгалагдаж байгаа. Гэтэл би эр цэргийн сэлэмнээс хутгачны балиусанд шилжсэн байх юм (Лугонесийн хэлсэнчлэн: << Баатрын сэлэмнээс, балиус хүртэл доош унагч...>>). Ир - эр зоригийн бэлгэдэл, бусад зэвсэгтэй харьцуулахын аргагүй ээ. Галт зэвсэг бол хатан зоригийг биш, зөвхөн мэргэн харааг л шаарддаг. Мильтон <<Алдагдсан диваажин>> -даа үхэр бууг албин зэтгэрийн адгийн нээлт гэж зүгээр ч нэг биччиххсэн юм биш.





Monday, 19 March 2018

ЯВУУГИЙН СҮҮЛЧИЙН ҮГ

Фидель Кастротой уулзсан нь


Монгол Улсад Зохиолчдын байгууллага гал голомтоо асааж байх тэр жил ирээдүйн суу билигт яруу найрагч Б.Явуухулан, сонгодог зохиолч С.Эрдэнэ тэргүүтэн эхээс мэндэлж байжээ. Учир тавилан гэж ийм л юм даа. Их Явуу 1979 онд 50 насныхаа ойн баяр дээр " Шүлэг минь, хүлэг минь чи бид хоёрт дэлхийн дэвжээ хэрэгтэй" гэсэн шүлгээ Монголын утга зохиолын өмнө дэвшүүлж тавьж буй программ юмаа хэмээн хэлж билээ. Үзэг нэгт нөхөддөө баярын мэнд хүргэе!


ЯВУУГИЙН СҮҮЛЧИЙН ҮГ

Яруу найрагчийн сүүлчийн үг учиртай, учигтай байдаг. Өгүүлэх нь: Миний Монгол телевизэд ажиллаж байсан үе. Уран бүтээлийн үдэшлэг нэртэй нэвтрүүлэг бий болж, манай нэртэй уран бүтээлчид, ялангуяа зохиолчдыг үзэгч уншигчидтай нь уулзуулж, тэр нэвтрүүлгийг хүмүүс ихэд сонирхон үздэг байсан юм. Энэ нэвтрүүлэгт Б.Явуухулан найрагчийг хэд хэд урьсан боловч тэр нэг л “ороолоод” болж өгөхгүй байв. Бас ч гэж учир шалтгаан байсан юм билээ. Явуугийн нэр хүнд тэр үед ид өндөрөө авсан үе л дээ. Төрийн шагнал. Соёлын гавъяат зүтгэлтэн. Ардын их хурлын депатут байв. Бас түүний “Тэхийн зогсоол” болон бусад бүтээлээр нь төрийн шагналд хоёр дахь удаагаа дэвшүүлэх тухай яриа бас сонсогддог байсан юм. Мэдээж ийм үед атаа жөтөө байсан юм билээ. Москвад хэвлэгдсэн номын нь оршилд “олон нийтийн нэрт зүтгэлтэн, дорно дахины их яруу найрагч, жараад хэлээр орчуулагдсан” хэмээн бичсэн нь бас атаархагчдын нь дургүйг хүргэж байсан бололтой. Намын байгууллагын шугамаар байнга матаж, хов жив дээш нисдэг байсан гэнэлэй. Одооных шиг шар сонин гэж байхгүй, харин матаас хэмээх нууц захидлууд, намын шүүмжлэл хэмээх үг сумаар бие биенээ хорлодог үе л дээ. Ийм үед Явуу өөрийгөө өндрөөр цоллуулж, тэдний аазгайг хөдөлгөхийг хүсээгүй хэрэг. 

- Намайг магтаж ер болохгүй шүү. Энэ бол зохиолч уншигчдын л уулзалт байх юм шүү гэж хичээнгүйлэн захиад 1982.2.13-нд телевизийн бичлэгт хүрэлцэн ирсэн юм. Уг нэвтрүүлгийг телевизийн авьяаслаг сэтгүүлч Батын Дорж хариуцаж, долоо хоногийн дараа буюу 2-р сарын 20-нд дэлгэцнээ гаргахаар сонинд зарласан байлаа. Уулзалт маш сайхан боллоо. Уншигчид нь найрагчаас олон сонирхолтой асуулт асууж найрагч маань өөрийн алдарт “Би хаана төрөө вэ” шүлгээ уулзалтын магнайд уншиж, уншигчдынхаа олон асуултад тов тодорхой хариулсан юм. Мөн “Өвлийн агаар”, “Хөрөг”, “Гэргий”, “Москва” зэрэг шүлгээ өөрөө уншиж, “Тэхийн зогсоол”-ыг Ш.Гүрбазар уншсан юм. “Хар ус нуурын шагшуурга”, “Дуу минь дуу минь” дуунуудыг Зангад гуай, Түмэндэмбэрэл гуай хоёр дуулж, энэ удаагийн үдэшлэг маш сайхан, урт тэнүүн уур амьсгалтай болж байлаа.

Хөтлөгч:
- Явуухулан гуай, манай уншигчид хамгийн сүүлд асууж байгаа нэг асуултыг би танд дамжуулъя. Танд мянган уншигч захиа ирүүлж амьдралд хэрэгтэй нэгэн сайхан үг хэлнэ үү? гэж хүсвэл та юу гэж захих вэ? гэж асуухад, найрагч маань. Энэ хэцүү асуулт л даа. Гэхдээ ганцхан үгээр хариулж болно гээд хэлсэн нь: -Хатуужилтай бай. Хатуужил бол хүний хамгийн сайхан, дээд зэргийн чанар юм. Зөвлөлтийн ард түмэн дэлхийн II дайнд хорин сая хүнээ алдаад дайныг ганцхан хатуужилаар л туулж гарсан. Зөвлөлтийн ард түмэнд хайртай байгаарай. Хүн гэдэг хатуужлыг л сурах хэрэгтэй. Хүнд баяр баясгалан тааралдана. Зовлон гуниг тааралдана. Энэ бүхэнд хатуужил хэрэгтэй. Ерөөсөө ялахад хатуужил хэрэгтэй...

Яруу найрагч өөрийн хайртай уншигчидтайгаа уулзсан халуун дотно уулзалтын төгсгөлд энэ үгийг хэлжээ. Уншигч олондоо захисан сүүлчийн үг нь энэ буюу... Ялахад хатуужил хэрэгтэй. Телевизийн бичлэг хийснээс дөрөв хоногийн дараа. Утас дуугарлаа. Автал Ш.Сүрэнжав гуай байна.  -За дүү минь сэтгэлээ бариарай. Чамд нэг золгүй мэдээ дуулгая. Явуу багш нас барчихлаа... Би энэ үгийг зүүд байх гэж бодохыг хичээлээ. Чухам яаж очсоноо санадаггүй юм, нэг л мэдсэн Ш.Сүрэнжав ах, О.Дашбалбар бид гурав Сү ахын буйдан дээр зэрэгцээд уйлж сууснаа санадаг юм. Бид Явуугийнд очлоо. Адъяа эгч болсон явдлыг ярьж байна... Хамгийн сүүлд татаад дутуу орхисон янжуурыг нь хүртэл чүдэнзний хайрцаганд хийгээд харуулж байна. Номын өрөө нь яг л өнөө янзаараа. Бичгийн машин дээр нь найман мөр шүлэг харагдана. Анатолий Софроновын шүлгийн эхний найман мөрийг орчуулж дуусаад бичгийн ширээнээсээ босоод явтал...яруу найрагчийн зүрх хөндүүрлэсэн бололтой. Түрүүлгээ харан, амьсгал хураасан байжээ. Яруу найрагчийн бичгийн ширээнээ юу гэсэн мөрүүд үлдсэн вэ?

“Үрэгдэгсэд, үлдэгсэдийн аль алинд нь Өрөө төлөх цаг заавал надад ирнэ. Өр өр... Энэ өр, улайрсан бух шиг Урдуур минь хэрэн ирж заавал нэмэгдэнэ. Хэдэн арван жил хуримтлагдсан энэ өр Хэрэг нэхэх данс тооцоогүй ч гэсэн Оюун санааг минь зовоож байгаа болохоор Орноос минь улирах цаг төлж чадахгүй!... Энэ юу гэсэн үг вэ? Нэхэн бодоцгооё. Яруу найрагчийн сүүлчийн үгс хамгийн үнэнийг онож хэлдэг. Тэр л ёсоор Явуу үгээ хэлжээ. Яагаад найрагч зүрхээ хөндүүрлэн байхад энэ бадгийг сонгож орчуулсан юм болоо?! Явуугийн нас барсан мэдээ Монголыг төдийгүй дэлхийг цочоолоо. ...Ах дүү Монголоос гашуун гунигт мэдээ ирлээ. Монголын үндэсний утга зохиолд төдийгүй, орчин үеийн бүх дорно дахины утга зохиолд арилшгүй мөрөө үлдээсэн гарамгай авьяастны зүрх зогслоо... Зөвлөлтийн “Огонёк” хэмэх алдартай сэтгүүл 1982.2.19-ний дугаартаа ингэж бичжээ. Явуугийн уран бүтээлийн дотнын анд Оросын авьяас билигт яруу найрагч Римма Казакова “Амарлингуй тэнгэрээс гуниглан ширтэгч Анд найз Явуухулан минь ээ! Хорвоо чамайг хэзээ ч мартахгүй Ховлож муулж хэн ч хүлцэхгүй Эрсэдсэн цэрэг шиг нартаас хальсан Эрхэм сайн анд минь ээ! Эргэн тойрныг гүдэсхэн зангаараа Эмгэнэж юундаа ширтэнэ вэ? Харуулын албаа орхиогүй Цэрэг эр шиг эрсдлээ чи. Хан хорвоогийн энэрэлгүй тавиланг Цэрвэн тойрч болдог биш дээ...” Д.Нямсүрэн 1982.2.21-ний өдөр Дарьгангаас АН-2 онгоцоор нисэж явахдаа бичсэн нулимстай захиандаа “...Тэр минь нас нөгчлөө гэж үү дээ... Даанч үгүй баймаар даа... Яаж болох юм бэ? Яаж болох юм! Тэр чинь Явуухулан шүү дээ, Явуухулан!!! хэмээн бичээд бороон дусал шиг нулимс нь хөх бэхэн дээр үүл мэт нүүсэн байж билээ.
Тэр цаг одоотой адилгүй. Телевиз, мэдээллийн хэрэгсэл намд харьяалалтай. 1982.2.20-нд нэвтрүүлэхээр зарлагдсан Явуугийн уулзалтыг яг сүүлчийн өдөр нь гэгээн дүр, саруул дуу хоолойгоор нь үзэгч уншигчдад нь хүргэх хувь дутсан юм. Яг тэр үед явсан бол монголын ард түмний сэтгэлд яруу найрагчийн сүүлчийн үгс, сүүлчийн гэгээн дүр нь их юм хэлэх байсан юм. Намын төв хороо үүнээс ихэд болгоомжлон нэвтрүүлгийг хорьсон доо.  Оросын найрагч нөхөд нь хамгийн анх “дорно дахины их найрагч” хэмээх үгийг Явуугийн нэрийн өмнө бичиж, дараа нь манайхан болгоомжтойгоор зугуухан энэ үгийг хэрэглэх болсон нь гашуун боловч сургамжит үнэн юм даа. Мөнөөх телевизийн нэвтрүүлгийг Явуугийн нас нөгчсөний дуулиан намжиж, хүмүүсийн зүрхний хөндүүрийг илааршин мартагнуулж байгаад жил гаруйн дараа дэлгэцнээ гаргахыг зөвшөөрсөн юм. Ингэж гаргахдаа нэвтрүүлгийн эхэнд дэлгэцний чинадаас “Шүлэг минь хүлэг минь, чи бид хоёрт Дэлхийн дэвжээ хэрэгтэй” хэмээн нэвтрүүлэгчийн дуу хоолойгоор тодоос тод уншиж сонордуулсан нь их найрагчийнхаа гэрээсийг ард түмэнд нь зарлан тунхаглах гэсэн уран бүтээлчдийн санаа бодлын илрэл болсон юм. Явуу тэгэхэд өөрөө нэвтрүүлэгчээр энэ шүлгээ далдаас уншуулахаар санал болгосон нь учиртай байжээ. Уншигчийнхаа сүүлчийн асуултад хатуужилтай байхыг яагаад захиж, яагаад оюун санааны өр төлөөсний тухай найман мөрийг орчуулж, яагаад “шүлэг минь хүлэг минь чи бид хоёрт дэлхий дэвжээ хэрэгтэй” хэмээх шүлгээ далдаас уншихийг хүссэн юм болоо? Яруу найрагчийн сүүчийн үг “учиртай” ажгуу.



Г.Мэнд-Ооёо
2009 он


Saturday, 10 February 2018

Хэл Сурсан нь



Эрвээхэй эрвээхэй эрвээхэй эрвээхэй ая тэмдэглэх цаас салхинд хийсчихлээ
Тэмдэг олсон уу гэрэлтдэг цаасны Салхи хэмээх шүлэгний азарган тахиатай хэсэг
Цонх хагарсан шалтгааныг мэднэ ээ Хэн гэдгийг мэдэхгүй хаалга цоожтой байсан
Нялх навч шиг ногоон дуран хэнийх вэ Уучлаарай цөцгий элсэн чихэр аль аль нь дуусчихаж ээ

(ХҮННҮ ЗҮҮД 2015 Д.Баярцэцэг, Маргад Зүүд бүлэг, ГУНИГ |дөтгөөр~дөрөвдүгээр|, хоёрдугаар бадаг, 70-р хуудас)


Эхээс төрсний дараа аль ч улсын иргэн бай хүн болгонд тулгардаг асуудал хэл. Эх хүн хэвлийдээ хүүхдээ олсны дараа сараас гурван сарын хугацаанд хүүхдийн сүнс биедээ ирж оршоод эх үр хоёр харилцан ярилцаж ойлголцож эхэлдэг гэдэг. Төрөлх эх хэлээрээ эцэг эх ойр дотны хүмүүс ярьж буй тэр л орчинд хүүхдүүд хэлд орж ярьж сурдаг. Хүүхэд ярьж сурахад бүх эцэг эхчүүд баяр хөөр болж өдөр бүр нэг нэгээр үгийг хэлж сурган ярих дасгал хийдэг. Үүний дараа хүүхэд өөртэйгөө харьцаж эхэлдэг. Балчир байхдаа дөрвөн дугуйтай, эвхдэг саравчтай, дөрвөлжин том улбар шар тэргэн дээр (би наадмын өмнө зун төрсөн) тэнгэр ширтэн өдөржин өнждөг байснаа одоо тод санадаг. Унтаж нойрсож нүдээ нээн сэрэхэд цэлийсэн хөх тэнгэр нэн тэргүүн мэлмийд тусч, тэнгэрийн тэр л алсрах уудам гүн хөх сэтгэлд минь үүрд хоногшиж ээ.

Аав ээж хоёр минь бусдын л адил ажил ихтэй хүүхдүүддээ зориулах зав зай тааруу тиймээс хоёр гэрийн эмээ өвөө дээрээ ээлжлэн өссөн юм. Эмээ өвөө нарын ар гэрийн ажил мундахгүй, намайг эрхлүүлж суух зав төдийлөн гардаггүй, би өдөржин гадаа. Нэг мэдэхэд манайх зусландаа нэг мэдэхэд л өвөлжөө хотод, тиймээс гэртээ бүгж суудаг хүүхэд байгаагүй гэж хэлж болно, үргэлж өөртэйгөө болон байгаль амьтан эд зүйлстэй ярьж явдаг хүүхэд байлаа. Дүүтэй болсон явдал, миний хувьд нэгэн шинэ ертөнц өмнө минь нээгдэж, өөрөөсөө балчир тэр жижигхэн нялх хүнийг харах бүрдээ өөрийгөө учиргүй том болчихсон мэт санадаг байсан нь олон. Есөн настайдаа би бага сургуулийн багш болсон юм. Яаж гэж үү ? Хашаандаа хамт амьдарч байсан ах дүүсийн хүүхдүүд, дүү нар, хамар хашааны хүүхдүүдийг бүгдийг нь дэгэнд оруулахаар үсийг нь самнах нус нуух нулимсыг нь цэвэрлэхээс эхлээд зөв хичээнгүй бичиж уншиж сургахын тулд бүгдийг нь сургалтанд хамруулах хэрэгтэй болж тийн хашаандаа бага сургууль байгуулчихсан хэрэг. Балчир өлгийтэйг нь уйлахад тэврээд хичээлээ заана. Тарчиг ядуу бид өлсгөлөн зовлонг байдаг чадлаараа давсан, үнс нурманд төмсийг болгон хальсалж, эмээгийн ээжийн гал дээр хайрсан боорцог мэрж, ааруул хурууд хүлхэж, чанасан махны мөгөөрс зажилж, хатуу чихэр гал дээр хайлуулж модон иштэй чихэр болгон хувиргаж, эмээгийн зуурсан бор гурилыг горьдож чимх үмхийг хүртэж, хөөрөн шуугин дэрвэн өссөн дөө.  

Зургаан настай байхад аав минь намайг анх монгол хэлээр уншуулж бичүүлж сургасан юм. Сургуульд орохдоо бүх үсгээ ба бө -гүй мэддэг цээжээр тун догь биччихдэг, болоогүй ээ орос ном уншиж чаддаг болчихсон байв, аав намайг нэгдүгээр ангид оросоор гуравдугаар ангид англиар уншуулж сургасан юм. Дээр буй ГУНИГ шүлэгт дурдсан Салхи хэмээх шүлэгний азарган тахиатай хэсэг  хэмээх мөр бол аав бид хоёрын унших дасгал хийдэг байсан хүүхдэд зориулсан нимэгхээн цувралын КТО СКАЗАЛ МЯУ ? хэмээх гарчиг бүхий номд гардаг тахиа муур хоёрын тухай үлгэр л дээ. Тэр номтой мөн ч олон жил зууралдсан даа хөөрхий. Дөрөвдүгээр ангид хичээлийн хөтөлбөрийн дагуу орос хэл сурч эхлэв. Гайгүй сайн уншиж бичдэг хэр нь үгийн утгаа мэддэггүй дээр нь хэлний дүрэм гэдэг хүнд ачаа нэмэгдэж хэл сурах бол толгойн өвчин юм гэсэн гаргалгаанд хүрч билээ. Оросын тв сувгийг үзээд аав ганцаараа инээгээд л байна инээгээд л байна, ховорхон инээдэг аавыгаа дагаж хамт баясахын тулд инээхдээ л бэлдэж, юу гэж байна ? юу гэсэн бэ ? хэмээн шалгааж нэлээд удсаны эцэст нэг сайн гүйцэд инээж аваад аав минь ойлгосноо бидэнд товчлон тайлбарлаж өгдөгсөн. Ийм их зүйл ярьж байхад та ийм цөөхөн зүйл тайлбарлаад байхдаа яадаг юм хэмээн гомдоллохдоо аавыг орос хэл сайн мэддэггүй учир бидэнд орчуулж өгөхгүй байна хэмээн санадаг байж билээ. Ингээд хэлээ сайтар сурахаар, тийм шүү, яг тэр мөчөөс орос хэлэндээ шамдаж билээ.

Арван жилд, өөрөөр 6-р ангидаа Монголын хүүхдийн ордны англи хэлний дугуйланд элсэж оров. ЕБС сурагчдын хичээлийн гадаад хэлний сургалт орос хэл, харин би англи хэлний дугуйланд давхар сурч байлаа. Тэр үед ухаант гар утас байсан биш хичээл дээр захиа цаас шидэлж харилцдаг байсан бөгөөд ангийн охинтой ангиасаа хоёулхнаа дугуйланд явдаг тул латин үсгээр зурвасаа монгол галигт буулган бичиж харилцдаг, ангийн сахилагагүйчүүд хэдий булааж авсан ч уншиж чадахгүй учир бидний зурвас цаасыг тоохоо хэдийн больсон байж билээ. (Хүүхэд хэл сурах давуу тал аа гэж.) 

Англи хэлийг жил сураад ирэх жил нь герман хэлний анги руу шилжив ээ. 7-р ангийн хичээлийн жилийн эхний улирлын хагаст герман хэлний анги руу шилжсэн учир нь англи хэлний дугуйлангийн ангид шинэ багш ирсэн тул манай багш герман хэл заахаар болсон байв, би багшийгаа хэрэндээ шүтдэг байсан учир багштайгаа л байвал.. яаж ч байсан.. ер ямар хэл заана түүнийг нь сурна хэмээн хувьдаа ихэд муйхарлаж билээ. (Хүүхэд ийм үнэнч)

Долдугаар ангид Өсвөрийн Зохион Бүтээгчдийн Төв Сургуулийн хувцасны загвар зохион бүтээгчийн мэргэжлийн ангид шалгалт өгч тэнцээд хуучин сургуулиасаа шилжиж шинэ сургуульд элсэж оров. Шинэ мэргэжил, өөр орчин, танихгүй хүүхдүүд дээр нь герман хэл. Хичээл илт хүндэрч өөр хэл сурах ойлгоцод шууд нөлөөлж, үндсэндээ тархины ачаалал гэнэт нэмэгдсэн тул мэргэжлийн хичээлдээ анхаарлаа хандуулахаар болж, ганц сар суралцаад герман хэлний дугуйлангаасаа гарах үед багш минь намайг учиргүй ихээр өрөвдөж ямар ч байсан хэлээ битгий орхиорой, өөрөө бие даан сурч болдог юм шүү хэмээн зөвлөж билээ. Мэргэжлийн нөлөө ч юм уу орос англи герман хэлийг хаяад 9-р ангид ордог жил франц хэл сурахаар шийдэв. Буцаад л Монголын хүүхдийн ордон руугаа зүглэх нь тэр. Урд нь гурван хэл оромдож тарамдсан хүн франц хэлний ангид ороод өнөөх тарамдсан гурван хэлнээс ч хэцүү болохыг мэдрээд машид ихээр сэтгэлээр унав. Яг нэг бүтэн жил франц хэлний ангид үйл тамаа цайж аравдугаар ангид ордог жил Хүүхдийн ордны дугуйлангууд төлбөртэй болчихсон учир (уг нь төлбөр нь тийм ч өндөр биш хэдий ч ээж аавын цалин амьдралд дөнгөн данган хүрэлцдэг, цаг үеийн байдал ороо бусгаа, амьдрал хүнд байсан учир аргагүй эрхэнд) франц хэлээ орхиж билээ. Франц хэлээ орхисондоо маш их шаналж байсан хэдий ч зав зайгаар гараараа сарвайтал бичсэн шаггүй зузаан хичээлийн дэвтрээ ноортол эргүүлж бие дааж давтдаг байлаа. Багшийн бичүүлсэн тэкстүүдийг сургууль орох замдаа тарни шиг л амандаа үглэн бувтнаж, тийн цээжээр уншсаар байгаад тогтоочихсон ч шалгалт өгөхгүй гэж бодохоор нэг л хөгжилтэй. Заримдаа бие дааж цээжилсэн тэкстээ гэртээ үе үе чангаар дуржигнуулж, сурсан дуугаа дуулах бус үглэж чухам л франц хэлний дуудлага аялгаа сайжруулахаар мэрийж буйг гэрийнхэн, түүн дундаа аав минь шимтэн сонсож бахархаж өхөөрдсөн харцаар урамшуулдаг байсан хэдий ч магтаж л байсангүй.

Ар гэртээ үргэлж завгүй байсан надад хэл сурах амар байгаагүй ээ.... ус зөөнө, мод хөрөөдөж түлээ бэлтгэнэ, нүүрс хагалж зөөнө, гал түлнэ, гэр орон цэвэрлэнэ, аяга түмпэн шанага угаана, арчиж цэвэрлэх ажил мундах биш, дээр нь мэргэжлийн ангид сурч байсан тул хувцасны эсгүүр үлгэр, инженерийн тоо томъёо бодно зурна эсгэнэ оёно. Дайны хажуугаар дажин гэж бусад хичээлүүд нэмэгдэж түүнд нь дарамтлуулна. Дунд сургуулиа төгсөөд дээд сургуульд орох үес төлөвлөсөн хувцас загварын анги тэр жил элсэлт аваагүй тул уран зургийн ангид олон зүйл бодсон ч үгүй шууд элсчихэв. Хичээн шамдаж сурсаар л байв, миний голч дүн сайн байсан учир гадаадын их дээд сургуульд элсэх шалгалтанд орж болох тухай, мэргэжлийн багшаасаа дуулаад шалгалтанд бэлдэж эхэлсэн юм. Ардын зураач Амгалан абугай тэр өдөр мэргэжлийн шалгалт авч, ердөө дөрөвхөн оюутан шалгалтанд орж хоёр нь тэнцсэний нэг нь би нөгөө нь манай ангийн охин миний сайн найз. Уг нь уран зурагт гадаад руу явж суралцахаар хорь гаруй оюутан бүртүүлсэн юм билээ, гэтэл тэд цаг бариагүй, хоцорч ирсний улмаас шалгалт өгөх эрхээ хасуулж буйг шалгалт өгч суухдаа нүдээрээ хараад ихэд зовж, учиргүй их сандарч билээ. Амгалан абугайн шийдвэр Дүрслэхийн сургуульд хууль шиг үйлчилдэг байж ээ тэр үед.

Хятад хэл. Гайхмаар хачин хэл шүү. МУИС-ын хятад хэлний ангид нэг жил хэлний бэлтгэлд суралцах ёстой болов. Монголдоо хятад хэлийг анхлан сурах гараагаа эхэлсэн тавиландаа би одоо ч баярладаг. Олон зүүлт тайлбартай дүрэмгүй дүрс үсгийг сийлж сурах гэж чамгүй цаг зарсансан. Өнөөх сураад байсан орос англи герман франц хэлнүүд бүр байхгүй ээ байхгүй. Үүнээс ургуулаад бодоход хэл сурна гэдэг нэгийг нь хаяад нөгөөг нь сурдаг зүйл огт биш, гэвч бүгдийг нь оромдож хаях бүр биш, яаж ийгээд эх хэлнээсээ гадна өөр нэг хэлийг төгс эзэмшээд  бусдыг нь аандаа үргэлжлүүлэн болвол насаараа суралцах хэрэгтэй гэдгийг хожуу ухаарчээ би. Гэвч хэл сурахад хэзээ ч оройтохгүй. Миний хэл сурсан замнал бусдад сургамж болоосой хэмээсэндээ энэхүү түүхээсээ хуваалцаж байна. Сурсан бүх хэлээрээ ердөө л унших түвшинд хүрсэн ч одоо аль ч хэлэндээ сайн биш. Сайн биш гэдэг нь бичгийн буюу академик түвшний хэлтэй биш гэсэн үг. (Арго гуай шиг ярьвал би тав зургаан хэлтэй болж таарах нь, үгүй дээ.)  

Ингээд хэд дахин эргэцүүлэв ээ, ерөөс хэл сурна гэдэг эх хэлээ бүтэн төгс эзэмшихийн нэр, ингээд монгол хэл сурсан түүхээ эргэн санах болж байгаа биз. Эх хэлээ хэрхэн сурсан замнал түүхийг дурсамжаасаа уудлан санах гэж зүдэрч байна уу даа. Сур сур бас дахин сур В.И.Ленин, улаан дээр цагаан будгаар гараар дармалдан бичсэн лоозон шиг уриа үгс нүдэнд эрээлжлэн, өөртэйгөө хүүрнэн асан үеүүд кино зургийн хальс шиг гүйж, үгээр илэрхийлэмгүй нандин, бага насны өдрүүд сэргэн дурсамж болон өндийхөд үгсийн сан арвин тансаг, яруу сайхан монгол хэл, мөн өөрийн хэлний түвшний талаар байнга эргэцүүлж тийн бясалгаж үргэлжид суралцаж ахиулж байхыг хичээх молхи бичээч вээр өөрийн хөг, намтраас ийн товчиглон хөөрөлдөн бичиглэсү. Хүмүүний зовлонт тавилан гэж, хэдий ч, сурна нэмж сурна суралцсаар байгаад үхнэ.

Годо Дашдондовын Баярцэцэг.