Wednesday, 17 February 2021

Хоорхэ Луис Боорхэс / Jorge Luis Borges

Jorge Luis Borges
photo by Edurado Grossman 1974

Салаа замын бахч цэцэглэг / El jardín de senderos que se bifurcan 


Ахмад Лиддел Харт “Дэлхийн дайны түүх” бүтээлийнхээ 242 дугаар хуудсанд 1916 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Британы 13 дивиз 1400 их буугаар дэмжүүлэн Сэр-Монтобан дахь Германы галын шугамын эсрэг давшилт хийхээр төлөвлөж байснаа больж 29-ний өглөө болгон хойшлуулсан тухай өгүүлдэг. Түүний үзсэнээр давшилт төлөвлөсөн өдөр нь хүчтэй аадар орсон тул ийм ялихгүй өөрчлөлт хийхээс өөр аргагүйдсэн аж. Циндао хотын герман ахлах сургуулийн англи хэлний багш асан Ю Цун доктор хэлж бичүүлж, өөрөө уншиж шалгаад гарын үсгээ зурсан доорх мэдүүлэг дээрх үйл явдлыг санаад оромгүй өнгө гэрлээр тодруулан гийгүүлж өгсөн билээ. Мэдүүлгийн эхний хоёр хуудас нь байхгүй. 


* * * 

. . . тэгээд би утсаа тавьлаа. Германаар ярьсан тэр хүний дуу хоолойг би дорхоноо танив. Ричард Мэдден ахмад. Виктор Рүнебэргийн өрөөнөөс Мэдден залгана гэдэг бидний бүх ажил өнгөрлөө гэсэн үг, надад чухал биш санагдсан, тэгж санагдах ёстой байсан ч бидний амьдрал бас дууссан гэсэн үг. Тэр тэнд байна гэдэг Рүнебэрг баривчлагдсан, эсвэл алуулсан гэсэн үг. Энэ өдрийн наран шингэх хүртэл надад ч мөн аюул нүүрлэнэ. Мэдден өршөөлгүй байлаа. Чухамдаа бол өршөөлгүй байхаас ч өөр аргагүй байж. Элэг буруу гэж муу хэлүүлж, урвагч хэмээн хардуулж сэрдүүлдэг, англи төрийн албанд суусан ирланд хүн тэнгэрээс заяасан энэ их азыг шүүрэн авч, Эзэнт Германы хоёр тагнуулчийг илрүүлж, барьж, бүр болохгүй бол алж чадахгүй бол юу болох бол? Би унтахаар дээшээ гарч, ямар ч хэрэггүй гэдгийг мэдсэн хирнээ хаалгаа цоожилж, уйтан төмөр орон дээрээ дээшээ харан хэвтлээ. Өөрчлөгдөж хувирдаггүй дээвэр туургууд цонх бөглөн дүүргэж, 6 цагийн оройн наран тэнгэрт бүүдийн униартана. Ёр тэмдэг үзэгдэж, зөн совин татаагүй энэ өдөр миний зайлшгүй үхэх цаг ирнэ гэж итгэмээргүй санагдана. Эцэггүй үлдэж хоцроод Хайфэний хосмолжин цэцэрлэгт тоглож өссөн би гэдэг хүн одоо ингээд үхнэ гэж үү? Гэвч би бүх юм болох ёстой, болох болохдоо яг одоо болно гэж бодлоо. Нэгэн зуун өнгөрсний дараа нөгөө зуун залгадаг ч бүх зүйл зөвхөн одоо цагт л болдог. Тэнгэр газар, далай тэнгист өч төчнөөн л хүн байдаг, гэвч яг одоо болж байгаа зүйл зөвхөн надад тохиолдож байгаа. . . 

Морин толгойтой Мэддений зэвүү хүргэсэн гонзгой царай сэтгэлд буухтай зэрэгцэн хэрэн хэсүүчилсэн хамаг бодол сарнин одов. Одоо би айж байгаагаа нуухгүй, Ричард Мэдденийг хуурч дөнгөсөн болохоор миний хүзүүнд дүүжлүүрийн цалам углаастай байгаа, жигшил зэвүүцэл, айдас хүйдэс холилдон байж би энэ аз нь гийсэн түргэн шаламгай цэрэг намайг нууцыг нь мэдчихсэн, Анкрын хөндий дэх британы их бууны шинэ байршлын нэрийг яг таг олчихсон гэж сэжиглээ ч үгүй байгаа гэдгийг ойлгож авлаа. Бүрхэг тэнгэрт шувууд зурсхийж, би тэднийг байлдааны онгоцууд, Францын тэнгэрт зэллэсэн онгоцууд, их бууны байршлыг бөмбөгдөн сөнөөж байгаа онгоцууд болгон төсөөлөв. Миний амыг сумаар таглахаас урьтаж энэ байршлын нэрийг германы талд хашгиран хүргэж чаддаг ч болоосой. . . 

Миний хоолой хүний хоолой болохоор тэгж чанга хашгирч чадахгүй. Энэ мэдээг даргынхаа чихэнд яаж хүргэх вэ? Рүнебэрг бид хоёроос өөр хэнийг ч танихгүй, бид хоёрыг Страффордширт байгаа гэдгээс өөр юу ч мэдэхгүй тэр бие муутай, зэвүүн царайтай хүний чихэнд. Тэр хүн Берлинд байдаг уйтай даржин өрөөндөө өдөр болгон сонины хуудас эргүүлээд биднээс мэдээ ирэхийг дэмий хүлээж суугаа. . . 

“Зугтах хэрэгтэй” хэмээн би чанга дуугарав. Мэдден намайг яг хажуугаас ширтээд байгаа юм шиг санагдаж, би огт чимээ гаргалгүй босч орон дээрээ суулаа. Яагаад гэдгээ мэдэхгүй, бодвол ядуу хоосон гэдгээ дахин нэг шалгамаар санагдсан юм байлгүй, би халаасаа ухаж төнхөж үзэв. Тэндээс бодож байсан юмнуудаа ч оллоо. Дицдэж өнгөлсөн гинжтэй америк цаг, одоо нэгэнт хэрэггүй болсон, надад гай тарьж мэдэх Рүнебэргийн өрөөний дөрвөлжин зоостой хэлхээ түлхүүр, тэмдэглэлийн дэвтэр, би шууд устгах гэснээ болиод устгалгүй үлдээсэн захидал, тавтын нэг, нэгтийн хоёр мөнгө, хэдэн зоос, улаан цэнхэр харандаа, амны алчуур, ганц сумтай гар буу. Би гар буугаа тэнэг юм шиг гартаа авч, өөрийгөө зоригжуулахын тулд дэнслэн багцаалж үзэв. Буун дуу холоос сонстож болно гэсэн бүүр түүрхэн бодол гэнэт харван орж ирлээ. Арван минутын дараа миний төлөвлөгөө бэлэн болов. Утасны жагсаалт эргүүлж байгаад миний мэдээг дамжуулж чадах цорын ганц хүнийхээ нэрийг хайж оллоо. Тэр хүн Фэнтон хотын захад суудаг, галт тэргээр хагас цаг ч хүрэхгүй яваад оччих газар. Би халирхай хүн л дээ. Хүн үнэмшихийн аргагүй осолтой санаагаа төгсгөн боловсруулж дууссан болохоор үүнийгээ би одоо ч хэлж чадна. Хийж хэрэгжүүлэх амархан, гүйцэтгэл нь аймшигтай гэдгийг би мэдэж байв. Би үүнийг Германы төлөө хийгээгүй юм. Ерөөсөө ч тэгээгүй. Намайг тагнуул болтол шалд нь буулгасан энэ зэрлэг бүдүүлэг орныг би нэг их эрхэмлэж хайрлаад сүйд болдоггүй юм. Түүнээс гадна би нэг англи хүнийг таньдаг байв. Миний хувьд Гөөтэ шиг агуу мөртөө энгийн даруухан хүн. Би түүнтэй цаг хүрэхгүй ярьж суусан, тэр хугацаанд тэр хүн яг л Гөөтэ байлаа. Би санаагаа гүйцэлдүүлсэн учир нь дарга миний арьс угсааны хүмүүс, надад холилдсон тоймшгүй олон өвөг дээдсийг минь басамжилдаг санагдсан хэрэг. Би шар царайтай хүн германы армийг аварч чадна гэдгийг нотлон харуулахыг хүссэн юм. Одоо би ахмадаас зугтаах хэрэгтэй. Түүний дуу хоолой, зангидсан нударга хэзээ хэзээгүй хаалганы цаанаас нүргэлж мэднэ. Би чимээгүй хувцаслаж, толинд харан толгой дохиж өөртэйгээ салах ёс гүйцэтгээд шатаар уруудаж, сэлүүхэн гудамжийг сэлгэж нэг хараад гарч одов. Галт тэрэгний буудал гэрээс холгүй байдаг ч би тэрэг хөлсөлсөн нь дээр гэж бодлоо. Тэгвэл хүнд танигдах нь арай бага гэж итгэсэн хэрэг. Яг үнэндээ хоосон гудамжинд би хүн болгоны нүдэнд ил, хэний ч халдлагад өртөж болохоор байлаа. Хөлсний тэрэгний жолоочийг би галт тэрэгний буудлын гол хаалганд арай хүрэлгүй зогсоосноо санаж байна. Тэрэгнээс би албаар ихэд удаж түдэж байж буулаа. Би Эшгроув тосгон руу явж байгаа хэдий ч цаадах буудал хүртэлх тийз авлаа. Галт тэрэг хэдэн минутын дараа 8.50-д хөдлөнө. Би алхаагаа хурдасган яарав, дараагийн галт тэрэг 9 хагас хүртэл явахгүй. Төмөр замын тавцан дээр бараг хүн байсангүй. Би вагон дамжин баахан хэслээ. Хэдэн тариачин эр, гашуудлын хувцастай нэг эмэгтэй, Тацитын “Түүхэн тэмдэглэл”-ийг ухаангүй уншиж суугаа залуу хөвгүүн, шархтсан нэг азтай цэрэг байсныг санаж байна. Тэгж тэгж галт тэрэг хөдлөв. Миний хараад л таньсан нэг хүн хоцорчихоод уур нь шатаж, тавцан дээгүүр дэмий гүйж яваа харагдав. Ричард Мэдден ахмад. Найдлага тасарч дагжин балмагдсан би гэдэг хүн айдас төрүүлсэн цонхноос аль болох хол очиж алсын булангийн суудал дээр атиран суув. Арчаагүй хөгийн айдас хүйдэс удалгүй амиа аргацаасан баяр хөөр болон хувирав. Ирүүл тулаан эхэлчихлээ гэдгийг би өөртөө сануулж, 40 минут ч болов, хувь тохиолын сохор азаар ч болов, дайснаасаа урьтсанаар анхны довтолгоог нь няцааж анхны ялалтаа байгуулчихлаа гэдгээ ойлгов. Энэхүү жижигхэн ялалт эцсийн бүрэн ялалтыг зөгнөн бэлгэдэж байлаа. Үнэндээ тийм ч жижигхэн ялалт биш, галт тэрэгний хуваарь хэмээгч үнэт эрдэнэ шиг тэр цаг тохиол байгаагүй бол би нэг бол торны цаана, нэг бол энд үхсэн хэвтэж байх байлаа. Цэцэрхэл нь дэндээд би, халирхай хулчгар зол завшаан маань намайг санасан бодсоноо саадгүй хэрэгжүүлэх чадвартай гэдгийг хангалттай нотолж байна хэмээн өөртөө итгүүлж гарав. Сул дорой байдлаасаа би хүч чадал сэлбэж, тэр хүч маань сүүлдээ намайг хэзээ ч орхиогүй билээ. Өөдгүй жигшмээр хэргийг хүмүүс өдөр болгон шинээр зохиож үйлдсээр байгаад тун удахгүй энэ хорвоо дээр цэргүүд, дээрэмчид хоёр л үлдэх цагийг би урьдчилан харж төсөөлдөг байв. Үлдсэн тэдэнд өгөх миний зөвлөгөө гэвэл, аймшигтай жигшүүрт хэрэг үйлдэж байгаа хүн тэр хэргээ аль хэдийн үйлдчихсэн хэмээн төсөөлж ирээдүйгээ өнгөрсөнтэйгээ нэгэн адил эргэлт буцалтгүй болгох хэрэгтэй. Би ч яг тэгж, магадгүй миний амьдралын хамгийн сүүлчийн өдөр урсан өнгөрч, нөмрөн ирэх шөнийн харанхуйтай уусан нэгдэхийг аль хэдийн үхчихсэн хүний нүдээр ажиглан ширтэв. Галт тэрэг яшил моддын дундуур зөөлхөн мөлхсөөр хурдаа сааж бараг л тариан талбай дотор очоод зогсчихов. Зогссолын нэрийг зарласангүй. Тавцан дээр зогсож байсан хүүхдүүдээс би “Эшгроув уу?” хэмээн асуулаа. Тэд “Эшгроув” хэмээн хариулж, би ч буулаа. Тавцанг дэнлүү гэрэлтүүлж байсан ч хүүхдүүдийн царай сүүдэрт халхлагдаад байв. Нэг нь надаас “Та Стивен Альбер докторынд очиж явна уу?” хэмээн асууж, нөгөөх нь миний хариулахыг хүлээлгүй “гэр нь хол шүү, гэхдээ та зүүн тийшээ энэ замаа хөөгөөд уулзвар болгон дээр зүүн эргээд явбал төөрөхгүй” гэлээ. Би тэд нарт эцсийнхээ зоосыг чулуудаж өгөөд чулуун шатаар уруудаж зэлүүд зам дээр гарлаа. Бага зэрэг хазайгаад зам уруудаж эхлэв. Тэгшхэн шороон зам байлаа, толгой дээгүүр модны мөчир сүлжилдэж, тэргэл саран намайг үдэн тэнгэрт доошлон бөхийнө. Гэв гэнэтхэн Ричард Мэдден миний эцсийн аргыг яаж ийгээд мэдчихсэн юм шиг санагдав. Гэвч би тэр дороо тийм байж таарахгүй хэмээн өөрийгөө тайвшрууллаа. Цаг үргэлж зүүн гар талаа барьж явах заавар надад зарим төөрдөг байшинд төв цэгийг олдог тогтсон дүрэм яг тийм байдгийг санагдуулав. Би төөрдөг байшингийн тухай сайн мэддэг байлаа. Юун төлөө Цюй Пэний гуч хүү билээ. Тэр хүн Юнань мужийн захирагч байсан, дүрийнхээ тоогоор “Улаан асрын зүүд” зохиолоос давсан том роман бичиж, орсон хүн болгон төөрдөг лабиринт бүтээхийн тулд албан тушаалаа өгсөн гэдэг билээ. Хоорондоо огт хамаагүй, хоёр гаж санаагаа гүйцэлдүүлэх гэж тэр хүн 13 жил ноцолдоод эцэст нь харийн хүнд алуулсан байдаг. Роман нь хүн ойлгохын аргагүй дэмий эрээчсэн цаас болж, лабиринтийг нь хэн ч олоогүй билээ. Английн зуун моддын доор би тэрхүү алга болчихоод олдоогүй, үлгэр домгийн гэмээр төөрдөг байшингийн тухай бодож явлаа. Хүний гар хүрээгүй, төгс төгөлдөр тэр лабиринт нэг бол өндөр уулын нууцлаг оргилд, нэг бол тутрагын тариг дунд, эсвэл далай тэнгисийн ёроолд байгаа санагдаж, эцэс төгсгөл гэж байхгүй болохоор наймхан талтай асар майхан дотор эргэж хургасан тойрог зам биш, бүхэл бүтэн гол мөрөн, аймаг муж, улс гүрнүүдийг багтаасан байх ёстой гэж төсөөлнө. . . Би цааш нь төөрдөг байшин доторх төөрдөг байшингийн тухай бодож, атираа нугачаатай, өсөж томордог тэр лабиринт өнгөрсөн, ирээдүй хоёрыг зэрэг багтааж, сансрын уудамд түгэн тархаж од гаригуудыг хүртэл эзэлсэн харагдана. Төсөөлийнхөө доторх илбэ зэрэглээнд байдгаараа автаж, оргодол босуул хувь заяагаа мартаж орхив. Хэдий хугацаанд юм бүү мэд, би нэг хэсэг ертөнцөөс тасарч түүнийг хөндлөнгөөс нь ажиглан хийсвэрлэв. Униар татан дүнгэнэсэн хөдөө хээр, саран авхай, харуй бүрий бүгд миний дотор холилдоно. Налархай замаар уруудахад ядарсанаа мэдэхээ байна. Сэтгэлд дотно, эцэс төгсгөлгүй сайхан үдэш байлаа. Зам уруудсаар бүрэнхийлэн харанхуйлсан нугын дундуур хоёр салаалав. Нарийн цээл, хэмнэл цохилттой хөгжмийн ая нэг орж, нэг гаран навчис нахиатай алсхи холхид бүдгэрэн сэвшээ салхитай аялан одно. Хүний дайсан хүн л байдаг, амьдралын агшин бүр өөр өөр дайсантай, түүнээс биш улс орон галт цохнууд, хэл яриа, бахч цэцэрлэг, гол горхи, өрнийн салхитайгаа хамт дайсан болно гэж байхгүй, гэж би бодлоо. Ингэж явсаар би өндөр хашлагатай, зэвэрсэн төмөр хаалганд тулж ирлээ. Хашлагны завсраар улиангар модтой өргөн чөлөө, зуных баймаар саравчтай асар харагдав. Нэг нь байдаг л нэг, нөгөөх нь үнэмшихэд бэрх хоёр зүйлийг шуудхан ойлгов, хөгжим энэ асраас гарч байж, тэр нь хятад хөгжмийн ая байлаа. Тийм болохоор л би анхаарч чих тавиагүй мөртөө аяндаа сонсож сэхээрсэн байлаа. Хаалганд хонх байсан эсэхийг санахгүй байна, хаалгыг нь би хонходсон бил үү, гараараа нүдсэн бил үү. Хэлгий хөгжмийн аялгуу хангинасаар. . . 

Тэгтэл модот чөлөөний цаадах том байшингаас дэнлүү үзэгдэж, гэрэл гэгээ нь агшин тутам сэлгэн өөрчлөгдөж, модны голоор халхлагдан нэг бүдгэрч нэг тодроод, бортогон хэлбэртэй, саран өнгөтэй цаасан дэнлүүг нэг өндөр чацархаг хүн гартаа барьжээ. Гэрэлд нүд гялбаад би царайг нь ялгаж чадсангүй. Тэрээр хаалгаа нээгээд миний хэлээр удаавтар өгүүлрүүн, “Эрхэм хүндэт Си Пэн миний ганцаардлыг сарниаж, уйтгарыг сэргээхээр өөрийн биеэр морилон саатжээ. Миний цэцэрлэгийг үзэж сонирхоно биз дээ?” гэв. Тэрээр намайг манай нэг консулын нэрээр дуудаж, би сандарч бантсандаа “цэцэрлэг гэв үү?” хэмээн асуув. “Тийм ээ, салаалсан замын бахч цэцэрлэг” Миний ой санамж хутгалдан үймэлдэж, би хүн ойлгохын аргагүй өөртөө итгэлтэйгээр “Миний өндөр өвөг Цюй Пэний цэцэрлэг байна” хэмээв. “Таны өвөг юм уу? Тэгэхээр та чинь тэр алдартай хүний удам байх нь ээ? За ор, ор” Чийгтэй зам миний баг насны цэцэрлэгт байдаг шиг мурийн тахиралджээ. Бид байшинд хүрээд өрнө, дорны олон хэлний номоор дүүрсэн номын санд орж ирлээ. Төр Гэрэлт Хааны бичсэн, шар торгон хавтастай Алдагдсан нэвтэрхий толийн зузаан зузаан гар бичмэлүүдийг би танив. Энэ ботиуд хэзээ ч хэвлэгдээгүй билээ. Хүрлээр цутгасан галт шувууны дэргэдэх бягтруулын дээр пянз эргэнэ. Ягаан гялтантай нэг вааран сав, бас манай ваарчдын персээс хуулбарласан маш эртний нэг хөх шаазан байсан санагдаж байна. . . 

Стивен Альбэр намайг инээмсэглэн ширтэнэ. Тэр их өндөр хүн гэдгийг би хэлсэн, нүүр нь гүн үрчлээс суусан, саарал нүдтэй, буурал сахалтай хүн байв. Байдал төрх нь нэг харахад хувраг шиг, нэг харахад далайчин шиг, Тяньжинд шашин дэлгэрүүлж яваад сүүлд нь хятад судлалыг сонирхдог болсноо надад сүүлд нь ярьсан юм. Бид хоёр сууцгаав, би урт намхан ханзан дээр, тэр цонх руу нуруугаа харуулан том дугуй цагны дэргэд суулаа. Намайг мөрдөгч Ричард Мэдден ойрын нэг цагийн дотор наашаа ирж чадахгүй гэж би тооцож байлаа. Эргэлт буцалтгүй шийдсэн ажлаа жаахан азнаж болно. “Сонин хувь заяа шүү” хэмээн Стивен Альбер өгүүлээд “Цюй Пэн төрсөн мужийнхаа амбан захирагч, одон оронч, эрдэмтэн зурхайч, судар шаштируудын тайлбарыг уйгагүй туурвигч, нэртэй шатарчин, алдартай яруу найрагч, бас уран бичээч байсан мөртөө ном, лабиринт хоёр бүтээх гээд хамаг юмаа хаячихдаг. Тэр хүн дарангуйлан захирч, яллан шийтгэхийн баяр таашаал, орыг нь дүүргэсэн татвар эмс, элбэг баян найр хурим, эрдэм номноосоо хүртэл татгалзаад Тунамал гэрэлт наран асартаа 13 жил түгжин суусан гэдэг. Үхсэнийх нь дараа угсаа залгамжлагч нар нь уул овоо шиг гар бичмэлээс өөр юу ч олоогүй гэсэн. Та ч сайн мэдэж байгаа байх, гэрийхэн нь тэр цаасыг шатаачихъя гэж, харин гэрээс хэрэгжүүлэгч нь бумба байсан юмуу, лам хүн байсан юм уу, хэвлүүлнэ гэж зүтгэсэн гэдэг.” гэв. “Манай Цюй Пэний удмыхан тэр ламыг одоо хүртэл хараадаг юм. Хэвлэсэн зүйл нь шал дэмий, гоё сайхан үгсийн цуглуулга. Учир нь олдохгүй элдэв балай юм эрээчсэн ноорон цаасыг нь эвлүүлээд ном болгочихсон хэрэг. Би нэг уншиж үзсэн юм, гол баатар нь 3 дугаар бөлөгт үхчихсэн мөртөө 4 дүгээр бөлөгт амьд байдаг. Цюй Пэний нөгөө ажил лабиринт бол. . .” 

“Тэр лабиринт чинь энд байна” хэмээгээд Альбер чийдэж будсан, бичгийн өндөр шүүгээг заав. “Зааны ясан лабиринт?” хэмээн би дуу алдаж “төөрдөг бяцхан байшин. . .” 

“Бэлгэдлийн төөрдөг байшин” хэмээн тэр намайг залруулав. “Нүдэнд харагддаггүй цаг хугацааны төөрдөг байшин. Зэрлэг бүдүүлэг англи хүн ч гэсэн би энэ ойлгомжтой тунамал нууцыг нээх түлхүүрийг олж авсан юм даа. Зуу гаруй жилийн дараа ихэнх нарийн ширийн зүйл нь дахин сэргээхийн аргагүй болчихсон байсан ч юу болсныг төсөөлөхөд амархан байлаа. Цюй Пэн нэг удаа 'би аглагт сууж ном бичихээр боллоо', өөр нэг удаа 'би ажлаа өгч төөрдөг байшин бүтээнэ' гэж хэлсэн байх учиртай. Хүмүүс түүнийг нь хоёр өөр ажил хийх гэж байна гээд ойлгочихож. Тунамал гэрэлт наран асар нь будилж төөрмөөр бахч цэцэрлэгийн яг голд байгаа. Тийм болохоор л хүмүүс төөрдөг байшинг нь биет зүйл гэж бодсон байх. Цюй Пэн үхэж, түүний гэр бүлийн эзэмшлийн асар том эдлэн газарт нөгөө төөрдөг байшин нь олдсонгүй. Романы будлиантай үйл явдлууд намайг роман өөрөө төөрдөг байшин байж гэж бодоход хүргэсэн юм. Хоёр зүйл миний нүдийг нээж өгч, би энэ бүхний учрыг олсон доо. Эхнийх нь Цюй Пэн эцэс төгсгөлгүй төөрдөг байшин бүтээнэ хэмээн өгүүлсэн гэх сонирхолтой хууч яриа, нөгөөх нь миний олсон нэг захидлын тасархай.” Альбер босов. Хэдхэн хором тэрээр нуруугаа над руу харуулаад өндөр хар, шармал шүүгээний дээд талын шургуулгыг онгойлгов. Тэгээд цагтаа ал улаан байсан, цагийн уртад өнгө алдаж ягаавтар болчихсон, нимгэрч хэврэгшин нуглаасаараа тасарчих шахсан ганц дөрвөлжин цаас бариад эргэж ирлээ. Цюй Пэний уран бичлэгийн тэг алдартай билээ. Эргэлзэн тээнэгэлзсэн хирнээ би мах цуснаас нь тасарсан хүнийхээ нарийн бийрэн бичлэгийг шимтэн уншив. “Салаалсан замын бахч цэцэглэгээ би бүх ирээдүй цагт биш, янз бүрийн ирээдүй цагуудад зориулан үлдээв.” Би хуудас цаасыг буцааж өглөө. Альбер үргэлжлүүлэн “энэ захидлыг олохоосоо өмнө би ном яаж эцэс төгсгөлгүй байж болохыг өөрөөсөө асуудаг байлаа. Орчин эргэлдсэн тойрог мөчлөгтэй боть гэхээс өөр хариулт олдохгүй байв. Хамгийн сүүлчийн хуудсандаа хамгийн эхний хуудсаа үргэлж давтаад байвал тэр боть төгсгөлгүй үргэлжилж болохоор байв. Мянга нэгэн шөнийн үлгэрийн дунд хавьцаа байхаа, үлгэрийг хуулж сийрүүлсэн бичээч ер бусын увидастай алдаа гаргаж, Шахразада Хатан нэгэн шөнө Мянган нэгэн шөнийн үлгэрээ, үлгэр ярьж байсан нөгөө шөнөдөө дахин дахин эргэж ирж, яг тийм байдлаар төгсгөлгүй үргэлжилж болох эрсдэлтэй хэлбэрт оруулан ярьж эхэлсэн тухай гардгийг санав. Бас Платооны бүтээлийг удам дамжсан хэмээн төсөөлж, эцгээс хүүд өвлөгдөж, угсаа залгамжлагч болгон нь шинэ бөлөг нэмж, эцэг өвгөдийнхөө бичсэн ажлыг бишрэл хүндэтгэлтэйгээр засч залруулдаг байж гэж бодлоо. “Санаанаасаа зохиосон энэ таамналууд миний сэтгэлийг хөгжөөсөн ч Цюй Пэний зохиолын зөрөлдөж төөрөлдсөн бүлгүүдтэй аль нь ч хамаарахгүй, ядахнаа алсуур ч болов холбогдож өгөхгүй байв. Яг тэр үед надад Оксфордоос таны сая үзсэн захидал ирсэн юм. “Миний анхаарлыг 'салаалсан замын бахч цэцэглэгээ би бүх ирээдүй цагт биш, янз бүрийн ирээдүй цагуудад зориулан үлдээв' гэсэн өгүүлбэр өөрийн эрхгүй татаж, тэгээд л би шууд ойлгосон билээ. Салаалсан замын бахч цэцэглэг гэдэг нь тэр эмх замбараагүй роман өөрөө байж. Харин 'бүх ирээдүй цаг биш, янз бүрийн ирээдүй цагууд' гэдэг нь оронзай биш, цаг хугацаа салаалдаг болохыг өгүүлсэн юм шиг санагдав. Романыг бүтнээр нь дахиж нэг уншаад энэ санаагаа баталсан юм. Ямар ч романы гол баатар олон боломжтой тулгарахаараа нэгийг нь сонгоод бусдыг нь орхидог. Нууцыг нь бараг тайлах аргагүй энэ романдаа Фюй Пэн нэгэн зэрэг бүх боломжийг нь сонгожээ. Ингэж тэрээр янз бүрийн ирээдүй цагийг бүтээж, тэр ирээдүй цагууд нь өөр өөр ирээдүйг бүтээж, өөр өөр ирээдүй цаг нь цаашаа салаалж мөчирлөн төгсгөлгүй үржинэ. Үүнээс л үүдэж роман эмх замбараагүй болсон хэрэг. “Фан гэдэг хүн нэг нууц мэддэг байж гэж бодъё. Нэг танихгүй хүн ирээд хаалгыг нь нүдэж. Фан түүнийг алахаар шийднэ. Мэдээж үр дагаварын хэд хэдэн боломжит хувилбар байгаа. Фан урилгагүй зочноо алж болно, урилгагүй зочин нь Фаныг алж болно, эсвэл хоёулаа үхэж болно, хоёулаа үлдэж ч болно. Цюй Пэний зохиолд эдгээр бүх хувилбар хэрэгжиж, хувилбар болгон нь цаашаа салаалан үргэлжилнэ. Төөрдөг байшингийн энэ салаа замууд заримдаа уулзаж нийлнэ. Та өнөөдөр манай гэрт ирлээ, өнгөрсөн цагийн нэгэн хувилбарт та миний дайсан, нөгөө нэг хувилбарт миний нөхөр байх жишээтэй. “Миний бүдүүн хадуун хөг дуудлагыг голохгүй бол би өндөр өвгийн чинь бүтээлээс хэдэн хуудас уншиж өгье.” Дэнгийн хурц гэрэлд зүс царай нь өвгөрч хөгширсөн хүнийх шиг харагдсан ч нугаршгүй тууштай, үхэшгүй мөнхийн гэмээр гэгээ цацруулна. Үгээ зөөж, хөгөө тодолж байгаад тэрээр түүхэн сэдэвтэй нэг бөлгийн хоёр хувилбарыг уншиж өглөө. Эхнийхэд нь цэргүүд эзгүй зэлүүд уул нурууг даван дайн тулаанд явж байна. Хадтай уулын тачир нүцгэн, баргар дүнсгэр байдлыг харсан цэргүүд амьдралаа үнэ цэнэгүй болохыг ойлгож, амиа үл хайрлан байлдаад ялалт байгуулна. Нөгөөхөд нь яг нөгөө цэргүүд баяр наадам ид өрнөсөн орд харшийг дайран дайнд явж байна. Хурим найрын сүр жавхлан дайны гал дунд цэргүүдийн толгойноос салахгүй эргэлдэж, тэгээд тэд ялалт байгуулна. Би эртний энэ түүхийг гүнээчлэн биширч сонсов. Энэ түүхийг миний эцэг өвгөдийн нэг зохион туурвисан гэхээсээ илүү түүнийг алс холын эзэнт гүрний хүн, ертөнцийн нөгөө захад байдаг нэгэн арал дээр, миний аргаа баран цөхөрсөн адал явдлын шувтрага дээр амилуулан сонсгосон нь гайхалтай байлаа. Хоёр хувилбарт адилхан давтагдсан нууц тарни шиг төгсгөлийн үгийг би санаж байна. “Баатар эрс ийнхүү амгалан зүрхтэй, сэлэм нь цустай, алахдаа хурдан, үхэхдээ бэлэн байлдан оров.” Яг тэр үед намайг ямар нэгэн нүдэнд харагдахгүй, гарт баригдахгүй зүйлс нөмрөн бүүрлэхийг мэдрэв. Гэхдээ тэр нь салаалсан, зэрэгцээ 2 сүрэг бүүрлэн явсаар эцэст нь нэгдэж нийлсэн бөөгнөрөл биш, өөрөө өөрийнхөө уугуул хэв болсон, халж очихын аргагүй, нуугдмал битүүлэг зүйл байлаа. Стивен Альбер үргэлжлүүлэн, “Таны алдар цуутай өвөг ийм хувилбаруудаар зүгээр л зугаацаж суусан гэж би бодохгүй байна. Амьдралынхаа 13 жилийг тэр хүн хоосон цэцэрхэл, сайхан үгийг эцэс төгсгөлгүй туршин дэмий хоосон өнгөрөөсөн гэдэгт би итгэж чадаагүй юм. Танай улсад роман уранзохиолын хувьд доод зиндааны төрөл зүйл, дээр үед бүр ч жишдэг байсан. Цюй Пэн сайн зохиолч, гэвч тэрээр бичгийн хүн байсан болохоор өөрийгөө зүгээр нэг зохиолч гэж үздэггүй байсан нь эргэлзээгүй. Нэгэн үед амьдарч байсан хүмүүс нь түүнийг дотоод ухаан, шидийн ёсонд автсан хүн гэж гэрчилсэн, амьдралынх нь нарийн ширийн зүйлс ч үүнийг баталдаг юм. Түүний романд гүн ухааны таамаг төсөөлөл томоохон байр суурь эзэлдэг. Миний мэдэхээр үзүүр хязгааргүй цаг хугацаанаас өөр ямар ч асуудал түүний сонирхолыг тэгж их татаж, тархи толгойг нь зовоож байсангүй. Тэгсэн чинь 'бахч цэцэрлэг' романд огт дурдаагүй цорын ганц сэдэв нь цаг хугацаа байдаг. Тэр ч бүү хэл 'цаг хугацаа' гэдэг үгийг ганц ч удаа хэрэглээгүй байна. Ингэж зөрүүдлэн зайлсхийсэн явдлыг юу гэж тайлбарлах вэ?” Би хэдэн таамаг дэвшүүлсэн боловч аль нь ч үнэмшилтэй санагдсангүй. Бид хоёр баахан мэтгэлцэв. Эцэст нь Стивен Альбер “шатар гэдэг хариутай үгийн оньсогонд орж болохгүй ямар үг байх вэ?” гэж асуув. Би удаан бодсонгүй “шатар гэдэг үг” хэмээн хариулав. “Яг зөв” хэмээн Альбер шүүрч аваад “Салаалсан замын бахч цэцэглэг бол цаг хугацаа гэсэн хариутай аварга том үгийн оньсого, үлгэрийн тоглоом. Тоглоомын дүрмээрээ хариуг нь дурдах хориотой. Тэр үгнээс бүрмөсөн зайлсхийхийн тулд эв хавгүй зүйрлэл, илэрхий өөрчилсөн үг хэрэглэх нь хүний анхаарлыг түүнд хандуулах хамгийн сайн арга. Булзаач займраач Цюй Пэн хэзээ ч төгсдөггүй романыхаа салаа нугачаа болгон дээр нь ийм тойруу замыг эрхэм болгожээ. Би хэдэн зуун гар бичмэл уншиж, хайхрамж анзаарагагүй хуулан бичээчийн түмэн алдааг засаж, эмх замбараагүй зүйлийг нь цэгц журманд оруулж, тэгсэнээрээ уг зохиолын жинхэнэ эхийг сэргээж байна хэмээн итгэж суудаг хүн. Би энэ зохиолыг бүтнээр нь орчуулсан, тэнд 'цаг хугацаа' гэдэг үг ганц ч удаа гардаггүй гэдгийг баталгаатай хэлж чадна. “Яагаад гэдэг нь ойлгомжтой. Салаалсан замын бахч цэцэглэг бол Цюй Пэний ухаж мэдсэн орчлон ертөнцийн төгсөж дүүрээгүй боловч гажуудаж хазайгаагүй дүр зураг. Ньютон, Шопэнхауэр хоёроос ялгаатай нь таны өвөг цаг хугацааг туйлын, тогтмол зүйл гэж үзсэнгүй. Тэрээр эцэс төгсгөлгүй цуварсан цаг хугацаа, нэг салаалж, нэг нийлсэн, зэргэлдэж хаяа нийлсэн тоо томшгүй олон цагийн, толгой эргэм тор сүлжээ байдаг гэдэгт итгэдэг байж. Ойртон нийлж, салаалан мөчирлөж, огтлолцон солбицож, эсвэл хэдэн зуун болсон ч хоорондоо давхцдаггүй цаг хугацааны энэхүү торлог сүлжээ дотроо сэтгэшгүй олон боломжийг агуулна. Зарим цагт нь та байхад би байхгүй, заримд нь би байхад та байхгүй, хааяа хоёулаа байхад ихэнхт нь хоёулаа байхгүй. Энэ олон цагийн нэгэнд азтай тохиолдлоор та манай гэрт ирсэн бол өөр нэг цагт та манай цэцэрлэгт намайг үхсэн байхыг олно. Бас нэг цагт би энэ бүхнийг ярьж байгаа мөртөө өөрөө зүүд зэрэглээ, сүг сүүдэр болчихсон байна.” гэв. Би хоолойгоо чичрүүлэн байж “Цюй Пэний бахч цэцэглэгийг дахин сэргээсэн таньд би бүх цагт гүнээ талархаж, ач санаж явах болно” гэлээ. “Бүх цагт бол чадахгүй” хэмээн тэрээр инээмсэглэн бувтнаад “цаг хугацаа өнө мөнхөд салаалж явсаар тоолшгүй олон ирээдүйг бүтээдэг, тэдний нэгэнд би таны дайсан байх болно” гэв. Намайг дээр өгүүлсэн нөгөө л нэг зүйл дахин нөмөрч бүүрлэхийг би мэдэрлээ. Байшинг хүрээлсэн, шүүдэр чийгтэй бахч цэцэрлэг томшгүй олон сүг сүүдрээр дүүрч нэвчсэн санагдав. Бүгд Альбер бид хоёр, гэхдээ биесээ таньдаггүй, аминч зожиг, цаг хугацааны өөр хэмжээст хувирч өөрчлөгдөж, үржиж олширсон Альбер бид хоёр байлаа. Нүд өргөн үзтэл хар дарсан зүүд ч сарнив. Шарлайж харласан цэцэрлэгт ганцхан хүн харагдав, хөшөө баримал шиг идэр чийрэг, зам өлгөн алхаж яваа тэр хүн Ричард Мэдден ахмад байлаа. “Ирээдүй одоо энд байна” хэмээн би хариулаад “энд би чиний найз, захидлыг чинь дахиад нэг үзэж болох уу?” гэв. Альбер суудлаасаа бослоо. Чацархаг нуруугаа цэхлэн тэгшлээд өндөр шүүгээний дээд талын шургуулгыг нээв. Түрхэн зуур над руу ар нуруугаа дахин харуулах нь тэр. Би гар буугаа бэлэн зэхчихсэн байлаа. Байдгаараа шагайж байгаад ганц буудахад Альбер дуу шуу ч гаргалгүй тэр дороо унаад өгөв. Аянганд цохиулах шиг агшин зуур, зоволгүй үхсэн гэдгийг би одоо ч хэлнэ. Бусад нь бол бодтой биш, чухал ч биш. Мэдден шуугин орж ирээд намайг баривчилсан. Намайг дүүжилж алах ялаар шийтгэсэн. Жигшүүртэй байсан ч би ялсан! Би цохилт өгөх ёстой хотын нэрийг Берлинд дамжуулсан. Өчигдөр тэр хотыг бөмбөгдсөн. Би энэ тухай хятад судлаач Стивен Альбер хэмээх нэртэй эрдэмтнийг Ю Цун гэгч этгээд учир битүүлгээр алсан хэргийн учрыг олох гэж оролдсон англи сониноос олж уншсан юм. Дарга энэ хэргийн учрыг аль хэдийн олчихсон байгаа. Миний хувьд Альбер хэмээн нэртэй хотын нэрийг түүнд дамжуулах хэрэгтэй байсан болохоор нэгэнт дайн тулааны нүргээнийг давуулан хашгирч чадахгүй юм чинь Альбер гэдэг нэртэй хүнийг алахаас өөр аргагүй байсан гэдгийг тэр мэдэж байгаа. Гагцхүү миний сэтгэл зүрхэнд хичнээн их гэмшил харуусал төрснийг тэр ч мэдэхгүй, өөр хүн ч мэдэхгүй. 


дуун хөрвүүлсэн 
Л.Алтангэрэл

Wednesday, 6 January 2021

НАМХАЙ эмчийн зөвөлгөө

 

2019 Ц.НАМХАЙДОРЖ

12 сарын 23, 2020

"Улаанбаатар Сонгдо" эмнэлгийн зүрх судасны эмч Ц.Намхайдорж өнгөрсөн бямба гаригт “Зүрхний цусан хангамжийн дутагдал” сэдвээр иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө хүргэсэн юм. Манай улсад халдварт бус өвчний улмаас нас барах шалтгааны нэгдүгээрт зүрх судасны өвчин ордог аж. Гэтэл эл өвчнөөс иргэд урьдчилан сэргийлэх мэдлэг муу, өвчнөө хүндрүүлэх тохиолдол олон гарч байна. Ц.Намхайдорж эмчийн зөвлөгөө уулзалтад маш олон иргэд ирсэн бөгөөд, зүрх судасны өвчлөлийн шинж тэмдэг, урьдчилан сэргийлэлтийн талаар түүнээс тодруулж байв. Ингээд Ц.Намхайдорж эмчийн зөвлөгөөг тоймлон хүргэж байна.

Зүрхний бичлэгээр хүний зүрх өвчилснийг оношилдоггүй

Тухайн хүний зүрх өвчилсөн эсэхийг ганцхан зүрхний бичлэгээр оношлох боломжгүй. Өвчтөнд ямар зовиур илэрч байгаа, ямар архаг хууч өвчтэй, илэрсэн шинж тэмдгийг үзлэгээр чагнаж, цусны шинжилгээ, багажийн шинжилгээ хийлгэсний дараа онош батлагдах ёстой. Ганцхан хүчин зүйл, хэмжигчээр ямар ч өвчнийг тодорхойлохгүй. Иргэд өөрт нь илэрсэн шинж тэмдгээр дур мэдэн эм уух, өвчтөнд илэрсэн шинж тэмдгээр онош тавьж, антибиотик хийдэг эмч нар байдаг. Энэ асуудал дээр өвчтөн ч, эмч нар ч зөв ойлголттой байх ёстой.

Шигдээс болчихоогүй л бол зүрх 15 минутаас илүү өвддөггүй

Зүрхний өвчин амрахаар намддаг. Шатаар өгсөх, биед ачаалал өгөхөд дэлсч, хатгадаг ч амрахаар намдаг. Мөн зүрх рүү бага зэрэг хатгаж өвдөхөд хэлэн доороо валидол тавихад тайвширч намдаг. Зүрх өвдөх хугацаа онцлогтой. Зүрхний шигдээс болоогүй бол 15 минутаас илүү зүрх өвддөггүй. Зүүн гар бадайрч, зүрх өвдөөд байна гэж иргэд ярьдаг. Гэтэл зүүн гар бадайрч өвдөх болгон зүрхний өвчин байх албагүй. Зүрхний өвдөлтийн ерөнхий хэдхэн шинж байдаг. Зүрхний өвчин хоолтой холбоотой. Хоол идсэний дараа цээж хөндүүр болж, шахах шинж тэмдэг илэрнэ. Хүйтэн агаар сөрж, алхахад, хүнд юм өргөхөд, ачаалал нэмэгдэхэд, цээж хөндүүрлэж, зүрх рүү хатгавал зүрхний өвдөлтийн хамгийн гол шинж тэмдгүүд юм. Өөрт чинь болон гэр бүл, найз нөхдөд тань зүрхний өвдөлтийн дээрх шинж тэмдэг илэрдэг бол яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. Зарим хүн зүрхний өвдөлтийг ходоодтой андуурдаг. Ходоод өвдөөд байна гээд зүрхний шигдээс болсон хүмүүс бий. Иргэд эмнэлэгт ирж оношлуулахаасаа өмнө өөрөө өвчнөө оношилж, дур мэдэн эм уусан байдаг. Энэ нь зарим үед гай болж өвчнийхөө шинж тэмдгийг бүдгэрүүлдэг. Эмийн сангаас өвчин намдаах эм авч уугаад гайгүй болдог ч эцэстээ цаг алддаг. Өнөөдөр эхний өвдөлтөөр эмнэлэгт ханддаг иргэн маш цөөхөн. Энэ нь гол аюул болоод байна.

Ямар үед зүрхний шигдээс болдог вэ

Зүрхний шигдээс болсон хүмүүсийн 60-70 хувь нас барах магадлал өндөр. Хамгийн энгийнээр тайлбарлавал, зүрхэнд цус дамжуулдаг титэм судас таг бөглөрөхийг зүрхний шигдээс гэж хэлдэг. Бөглөрсөн титэм судас дагасан зүрхний булчингууд үхэж эхэлдэг. Хэрвээ том судас бөглөрсөн бол зүрх шууд зогсох эрсдэлтэй. Тиймээс иргэд ийм эрсдэлд орохгүйн тулд цусаа шингэлдэг эм ууж, дасгал хөдөлгөөн сайн хийж байх ёстой. Хүнд төрөлхөөс олон судас заяасан байдаг. Төрөлхийн титэм судас томтой хүмүүс байдаг. Үүнийг хүн амьдралынхаа хэв маягаар өөрчилж болно. Саунд орохоор бүх бие улайж, хөөдөг. Учир нь, халуун газар ороход хүний биеийн нэмэлт судаснууд тэлэгдэж, бие улайдаг гэсэн үг. Хүний биеийн 60-70 хувийн судаснууд нь нөөцөнд байдаг. Тиймээс байнгын ачаалал авч, дасгал хөдөлгөөн хийвэл зүрхний харагдахгүй байгаа судаснууд ажиллаж эхэлдэг. Ийм хэмжээний ачаалал авдаг хүн зүрхний шигдээс болсон ч бусад судас нь ачаалал авдаг учраас гэнэтийн цочрол үүсдэггүй. Тиймээс зүрхний шигдээс болохгүйн тулд дасгал хөдөлгөөн сайн хийж, нэмэлт судаснуудыг ажиллуулж байх ёстой. Тамирчин хүмүүсийн зүрх битүү судас байдаг. Харин дасгал, хөдөлгөөнгүй байдаг хүний зүрх хэдхэн том судас нь ажиллаж, хэрвээ тэр судсанд асуудал үүсвэл эрсдэл маш өндөр болно, хэрвээ зүрхний шигдээс болвол хугацаа маш чухал. Хүний амь нас секунд, минутаар хэмжигдэнэ. Хугацаа алдах тусам зүрхний булчингийн үхжих талбай нэмэгдэнэ. Тиймээс аль болох богино хугацаанд эмнэлэгт хандаж, яаралтай тусламж авбал зүрхний булчингийн үхжих талбай, нас баралтыг бууруулах боломжтой. Түргэн тусламж иртэл огцом эвгүй зовиур илэрвэл аспириныг гурав давхарлаад уулгахад буруутахгүй. Хэрвээ нитроглицерин, валидол тавихаар намдаж байвал бүр эвгүй болж байна гэсэн үг. Өвчин намдаах эм уулгасны дараа яаралтай эмнэлэгт очих хэрэгтэй.

Ц.Намхайдорж эмч иргэдэд зүрхний өвчний талаар ерөнхий мэдээлэл өгсний дараа иргэдийн сонирхсон асуултад хариуллаа.

Нэмэлт тэжээл, уураг, судас тэлдэг бүтээгдэхүүн зүрх өвчлүүлдэг

-Хүмүүс маш олон төрлийн даралт ихсэх өвчний талаар ярьдаг. Цусны, бөөрний, нүдний даралт гэдэг. Үүнийг яаж ангилж, даралт ихсэх өвчин юунаас үүдэлтэй байгааг хэрхэн мэдэх вэ ?

-Иргэд даралт ихсэх өвчний талаар маш их ярьдаг. Даралт ихсээд байна гэхээр нь бөөрний гаралтай юм байна тэр эмийг ууна гэж ярьдаг. Анагаах ухаанд даралтыг хоёр хуваадаг. Анхдагч даралт, хоёрдогч даралт гэж. Хүн эхээс төрөөд 4, 5 жилийн дараа судас хатуурах шинж тэмдэг илэрч, 50, 60 нас хүрэхэд судас хатууралт эрчимтэй явагдаж, даралт ихсэх магадлал өндөр болдог. Энэ нь ихэнх хүнд байгалийн жамаар үүсдэг учраас анхдагч даралт гэж нэрлэдэг юм. Өнөөдөр 70, 80 настай хүний даралт ихсэхгүй байх магадлал тун бага. Гэхдээ 70, 80 настай ч даралт нь ихэсдэггүй, өөртөө анхаардаг хүмүүс бий. Байнгын дасгал, хөдөлгөөн хийж, илүүдэл жингүй, амьдралын зөв хэв маягтай хүмүүс даралтны эм уудаггүй. Хоёрдогч даралт гэдэг нь ямар нэгэн шалтгаантай байдаг. Дотоод шүүрэл, төрөл бүрийн судаснууд, бөөр, бөөрний дээд булчирхай зэрэг маш олон шалтгаанаас үүдэлтэй. Үүнийг маш нарийн шинжилгээ хийж тогтоодог. Анхдагч даралтыг хянана л гэсэн ойлголт байдаг. Харин эмчлэгддэггүй. Насан туршдаа даралтны эм уудаг шалтгаан ердөө л энэ. Залуу хүний даралт ихсээд эм уугаад тогтвортой байлгаж цаашлаад амьдралын буруу хэв маягаасаа салж, стресстэхгүй байвал эмээ зогсоож болдог. Харин эм уухаа болиход даралт эргээд ихсээд байвал байнга эм уух ёстой. Учир нь, даралтыг савлуулж болдоггүй. Өнөөдөр иргэдийн ихэнх нь даралтаа ихсэхээр эм ууж байгаад зовиургүй болсных нь дараа даралт буучихлаа гээд эмээ уухаа больчихдог. Даралтаа эмээр гэнэт буулгаж, ихэсгэх нь буулгаагүй байхаасаа эрсдэлтэй. Тиймээс даралтны эмийн тунг тааруулж тогтмол ууж, даралтаа хянах нь хамгийн зөв арга.

Хоёрдогч даралт бол эмчлэгдэх боломжтой. Хамгийн гол нь шалтгаан юунаас байна гэдгийг зөв тодорхойлсон тохиолдолд эмчлэгдэнэ. Хэрвээ бөөрний судас нь нарийсч, түүнээс болж даралт ихэсч байгаа бол бөөрний судас тэлэх эмчилгээг хийвэл даралт тогтворжино. Бөөрний дээд талд байгаа хавдраас болж даралт ихсээд байвал мэс заслаар хавдрыг авчихвал даралт тогтворжино. Энэ мэтчилэн хоёрдогч даралтын шалтгааныг нарийн шинжилгээгээр тогтоож эмчилнэ. Түүнээс бус иргэдийн ярьснаар бөөрнөөс болж байна гээд дур мэдэн эм, тариагаар үйлчилж огт болохгүй. Хоёрдогч даралтыг нарийн мэргэжлийн эмчээр тодорхойлуулж, зөв эмчилгээг хийлгэх ёстой.

-Тамирчдын хувьд хэт их ачаалал өгснөөс болж зүрх өвдөх, томрох шинжүүд гарч байна. Энэ юутай холбоотой вэ?

-Тамирчдын хувьд хоёр асуудал байдаг. Нэгд, бэлтгэл хийж байна гээд төрөл бүрийн нэмэлт тэжээл, уураг, судас тэлэгч маш их хэрэглэдэг. Энэ нь зүрхийг нэг талдаа өвчлүүлдэг. Маш буруу гэсэн үг. Монголын тамирчдын хувьд энэ асуудалд мэргэжлийн зөвлөгөө өгдөг, хянадаг эмч, байгууллага гэж байдаггүй. Тиймээс нэгнээсээ сонссоноо нөгөөдөө дамжуулан төрөл бүрийн нэмэлт тэжээл уудаг, дусал хийлгэдэг. Үүнээс үүдэж зүрх тэлдэг. Хоёрт, маш их ачаалалтай ажиллаж байсан зүрх зузаардаг. Зузаарсан үедээ спортоо огцом хаявал гэнэт таргалдаг. Хэрвээ спортоо орхисон ч хэвийн дасгалаа хийгээд явбал эрүүл мэндэд асуудал үүсдэггүй. Гол нь ихэнх тамирчид спортоо орхисны дараа архи, тамхи ихээр хэрэглэж, нойр хоолгүй олон хоног стрессдэж, зүрхэнд эрсдэл өндөр болж эхэлдэг. Тэгэхээр их ажиллаж байсан зүрх эсрэгээрээ хурдан муудах аюултай. Цаашид манай улс зөвхөн тамирчдад зориулсан эмнэлгийн байгууллага, тусгай мэргэшсэн эмч нартай болох ётсой.

-Судасны хатуурлыг эмчилдэг сүүлийн үеийн технологийн эмчилгээ монголд нэвтэрсэн үү?

-Судасны хатуурлыг эмчилдэг хоёр төрлийн эмчилгээ байдаг. Титэм судсанд хурц шигдээс болоход бүлэн үүсдэг. Үүнийг соруулах эмчилгээг монголд хийж байгаа. Хоёрт, судас хатуурч, товруу үүссэн байхад нь авдаг эмчилгээ одоохондоо монголд нэвтрээгүй, дэлхий дахинд энэ эмчилгээг хийж байгаа.

-Та зүрхний шигдээсээс сэргийлэхийн тулд цусаа шингэн байлга гэсэн. Цусаа хэрхэн шингэлэх вэ?

-Хүний цус өтгөрдөг. Давсны хэрэглээ өндөр, илүүдэл жинтэй, сахартай, шээсний хүчил ихтэй, цөс өтгөрснөөс үүдэж судас хатуурч, цус өтгөрдөг. Цус өтгөн байна гэхээр иргэд аспирин ууж, цусаа шингэлнэ гэж ойлгодог. Аспирин уугаад хамраас нь цус гарвал цус шингэрлээ гэж ойлгодог. Аспирин цус шингэлдэггүй. Харин ямар нэгэн байдлаар судас гэнэтийн цус алдахад түүнийг тогтоох үйлчилгээтэй эм. Тэгэхээр аспирин бол титэм судасны өвчнөөс анхдагч урьдчилан сэргийлэлт биш. Анхдагч урьдчилан сэргийлэлт гэдэг нь тухайн хүн өөрт нь эрсдэл байна гэдгээ мэдэх юм. Илүүдэл жинтэй, тамхи татдаг бол цус өтгөрөх эрсдэл өндөр байна гэсэн үг. Өөрт байгаа эрсдэлээ багасгаж тамхи татахгүй, жингээ хасах хэрэгтэй. Түүнээс аспирин уугаад цусаа шингэлж байна гэж эндүүрч болохгүй.

Харин титэм судас нь тодорхой хэмжээгээр нарийссан, эсвэл даралт байнга ихсээд байгаа бол аспирин заавал уух ёстой. Учир нь, зүрхний шигдээс, харвалт өгөхөөс урьдчилан сэргийлж байгаа юм.

Цус шингэлэх арга гэвэл монголчууд дээр үеэс цусаа ханаж шингэлж ирсэн. Цус ханах нь монголчуудад тохирсон сайн эмчилгээ. Эмэгтэйчүүдийн хувьд нөхөн үржихүйн насандаа цус ханах шаардлагагүй. Учир нь сарын тэмдгээрээ цусаа шингэлж, шинэчилж байдаг. Эмэгтэйчүүдийн урт насалдаг шалтгаан нь ердөө цус шингэн байдагтай холбоотой. Харин эрчүүдийн хувьд, тэр дундаа илүүдэл жинтэй, бодисын солилцоо асуудалтай хүмүүс цусаа хануулж байхад буруудахгүй. Гэхдээ эмчийн хяналтад хануулж байх ёстой. Цусны шинжилгээгээр гемалоген, гематогений хэмжээ өндөр байвал цус өтгөн байгаа анхны шинж. Үүнээс гадна маш олон шинжилгээг хийлгэж цус өтгөрсөнийг тодорхойлдог.

-Даралтны маш олон төрлийн эм байдаг. Түүнээс чухам алийг нь сонгож хэрэглэх вэ?

-Хүнд эм, хүчтэй эм, хөнгөн эм гэсэн ойлголт байхгүй. Харин тохирсон эм гэдэг ойлголт бий. Даралтыг буулгахаас гадна бусад эрхтэнг хамгаалдаг, нарийн мэргэжлийн эмчийн зөвлөсөн, өөрт тохирсон эмийг хэрэглэх ёстой. Хамгийн гол нь анхдагч даралт уу, хоёрдогч даралт уу гэдгээ тодорхойлж, эмчийн заавраар эм хэрэглэнэ.

-Зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүд маш их байдаг. Эдгээр хүүхдүүдэд ямар эм, эмчилгээг хийх вэ?

-Зүрх төрөлхийн цоорхой төрөх тохиолдол монголд цөөнгүй бий. Хоёр жилийн өмнөөс зүрхний төрөлхийн цоорхойг бөглөх мэс ажилбарыг монголд хийж эхэлсэн. Өмнө нь зүрхийг нээгээд, зогсоож байгаад оёж энэ хагалааг хийдэг байсан бол хоёр жилийн өмнөөс тухайн хүнийг бүрэн унтуулахгүйгээр хэсгийн мэдээ алдуулж судсан дотор мэс ажилбарыг хийдэг болсон. Энэ бол маш том амжилт. Хамгийн гол нь зүрхний төрөлхийн гажиг хэдэн настайдаа оношлогдов, ямар өөрчлөлт өгсөнөөс болж мэс ажилбар хийлгэх шаардлагатай байгааг нарийн мэргэжлийн эмчид хандаж, оношоо зөв тогтоолгосны дараа хийлгэх ёстой.

-Зүрх судасны өвчтэй хүн амьтны гаралтай өөх тос идэхгүй байх хэрэгтэй гэдэг. Энэ зөв үү ?

-Ямар ч зүйл хэмжээ хязгаартай. Хэрвээ хэмжээ нь ихдэх эсвэл багадах юм бол буруу болдог. Өөх тос огт хэрэглэхгүй байх, хэтрүүлэн хэрэглэх нь хоёулаа сөрөг нөлөөтэй. Тодорхой хэмжээ гэдэг нь цусан дахь өөх тосны хэмжээг хэвийн хэмжээнд барих хэрэгтэй. Монголчуудын амьдралын хэв маяг өнөөдөр өөрчлөгдсөн. Монголчууд бүгд нүүдлийн мал ахуй эрхэлж хатуу ширүүн уур амьсгалд зохицож амьдрахад идэж хэрэглэж байсан зүйлс нь түүндээ тохирсон байсан. Одоогийн ийм нөхцөл, орчинд тэр хоол хүнс хэвээрээ байгаад байвал болохгүй. Дагаад өөрчлөгдөх хэрэгтэй. Одоо дулаан байранд амьдарч, биеийн хүчний хөдөлмөр эрхэлдэггүй хүмүүс тэр их өөх тосыг хэрэглээд байвал болохгүй. Гэхдээ тодорхой хэмжээнд тааруулж хэрэглэх хэрэгтэй. Хүний биеийн бүх эс өөхөн давхаргатай байдаг. Өөх тос бол маш их энергийн эх үүсвэр. Хэт хориглох нь цөсний чулуу үүсэх, тэнэгрэлийг мөн хавдрын эрсдэлийг ч нэмэгдүүлдэг гэсэн судалгаанууд бий. Тиймээс зохистой хэрэглэх хэрэгтэй.

-Зүрхний өвчтэй хүмүүсийг шингэн уухыг заримдаа хориглодог. Шингэний зохистой хэрэглээ ямар байх ёстой юм бэ. Шингэний дутагдалд ямар үед ордог вэ ?

-Шингэний баланс маш чухал. Ялангуяа зүрхний өвчтэй хүнд илүү хамаатай. Зүрхний дутагдалтай бол заавал шингэний баланс баримтлах шаардлагатай. Учир нь зүрхний дутагдалтай бол шингэнийг хорьдог. Их шингэн уугаад байвал хавагнаж, хий ханиалгаж бөглөрөх гээд байдаг. Зүрхний агшилт муудаж, шингэнийг эргүүлдүүлж чадахаа больдог. Үүн дээр нь ачаалал нэмж их шингэн уугаад байвал зүрх улам мууддаг гэсэн үг. Харин зүрхний ямар нэгэн асуудалгүй бол шингэн их хэмжээгээр ууж байх ёстой. Учир нь, хүний биед шингэн багадаж, дутагдалд орсноор эрдэсийн алдагдалд ордог. Бөөрний ямар нэгэн асуудалгүй бол хүний бие шингэнээ балансалж чаддаг. Илүү шингэн хэрэглэвэл бие өөрөө зохицуулаад гаргачихна. Гэтэл хүний биеийн эд эрхтнүүд доголдоход шингэний баланс заавал барихыг шаарддаг. Шээсний гарцаар шингэний балансыг барьдаг. Хоёр литр шингэн уугаад нэг литр шээс гарч байгаа бол үлдсэн нэг литр нь биед үлдэж байна гэсэн үг. Энэ бол хавагнах гол шалтгаан. Тиймээс шээс, уух шингэн хоёрыг баланслах хэрэгтэй. Ямар өвчнөөс үүдэж шингэний баланс алдагдаж байгааг эмч шинжилгээгээр тогтооно.

 

эх сурвалж: goals.mn/erka

 






Thursday, 28 May 2020

Б.ОЮУ

Б.ОЮУ \artist Oyu.B\
ДУУЧИН БОЛООРОЙ
Монгол улсын мэргэжлийн урлагийн салбарын хөгжмийн салбарт мэргэжлийн боловсон хүчний 70%, мэргэжлийн хөгжимчдийн 90%-ийг өдгөө 80 жилийн түүхтэй Монгол Улсын Консерватори дангаараа бэлтгэдэг бөгөөд дуучин, хөгжимчин Б.Оюу дүү маань энэхүү сургуулийн Ардын хөгжмийн Ятгын ангийг дүүргэж төгссөнд хувьдаа олзуурхан бахархаж явдаг.
90 ээд оны эхэн, Оюу маань жаахаан байсан үе, бид хамтдаа зусланд гардаг байлаа, ээж аав нар бүгд ажил албандаа явж дүү нараа харах хариуцлагатай үүрэгтэй, бид ихэнхдээ хөжим сонсож өдрийг өнгөрөөдөг байв. Ахынд тухайн үедээ л хамгийн сайн, бас ч үгүй тун ганган тоглуулагч байсан юм, яг СД цуглуулж эхэлж байсан үе. Попын хаан Майкл Жэксон, Уитни Хьюстон, Битлз, Пинк Флойд, Доорз, Куин гээд үе үеийн дуучдын шилдэг цомгийг Бэлхийн амны зуслангийнхаа бараг л бүх айлуудад сонсогдохуйц тийм чангаар хангинуулж, бүгд галзуурсан мэт аашилцгаадаг байв, тэгээд ч дүү нартайгаа хамт хөгжим сонсоно гэдэг наддаа л эрх чөлөө.
Нэгдүгээр ангид орох жил, хөгжим бүжгийн коллэжийн Төгөлдөр хуурын ангид шалгалт өгч тэнцээд суралцах эрх авсан ч миний мөрөөдөл бүтээгүй юм, учир нь ээж аав надад хөгжим авч өгөх бэл хүрээгүйгээс хөгжмийн сургуульд явуулахгүй гэсэнд нь дотроо их л олон жил сэтгэл тун гонсгор явж билээ. Тавилангаар ч юм уу зураач мэргэжлийг сонгож Урлагийн Төв Академид суралцах болж тэр үед дүү маань нэг зун, зуны амралтаараа эгээ дээрээ ирж амрах болсныг ээж аав нь дуулгав, миний хувьд гадаад оюутны байранд амьдардаг байсан бөгөөд дүүгээ тосч аваад хоёул сар гаран хамт амьдрах болов, хүүхдийн парк, амьтны хүрээлэн, галерей, музей гээд бидэнд тэнээгүй газар үгүй, жаахан хүүхэдтэй юу ярих, хэрхэн харьцах тухай тийм ч гүнзгий мэдлэггүй ч хамт өссөн тул дүүгээ урлагийн сургуулийн орчинд буйг таацуулж яаж ийгээд урлагийн хүн болоосой хэмээн үнэн сэтгэлээсээ хүсч, нэг өдөр баяцхан Оюутай чин сэтгэлээсээ ирээдүйн тухай ярилцав: -миний дүү болж өгвөл хөгжмийн хүн болоорой, чамд сонсгол авъяас байна, ээж аав хоёртоо хэлээд Хөгжим бүжгийн Коллэжид элсэж ор, хэмээн зөвлөсөн юм, төд удалгүй дүү маань МУКонсерваторын Ятгын ангид элсэн орсон байлаа. Энэ мэдээг сонсоод магнай тэнийтэл баярлаж, өөрөө ятгаар суралцах гэж буй аятай тийн догдолсонсон.
Цаг хугацаа харван одож, дүүгээ хэрхэн яаж сурч байгааг анхаарах завгүй болтлоо өөрийн бүтээл рүү гүн гүнзгий ороод байсан үе, нэг л мэдэхэд Оюу маань төгсөж, мөн л нэг мэдсэн тэр маань дуучин болох гараагаа хэдийн эхэлжээ. Дуучин дуучиндаа ийм ГАЛЗУУ ХҮЧТЭЙ хоолойтой гэдгийг урд огт мэдсэнгүй, зурагт үздэггүй болоод ч тэр үү, ер нь энэ нийгэмд юу болж буй тухай тийм ч нарийн ойлголтгүй над шиг хүнд хэсэг хугацаанд нүүр номоо хааснаас дүүгээ ийм шоунд оролцож буйг ч мэдээгүй явсан байна шүү би, юүтүб сувгаар дөнгөж сая үзээд энд алмайраад сууж байна, бүр ямар сайндаа эгч нь учиргүй догдолж, догдолсондоо ийн нийтлэл бичиж суух вээ, үнэхээр гайхалтай байна аа..
ОЮУ, ОЮУХАЙ дүү минь ээ, аан гээд уун гээ, чиний хоолой олдмол бус төрмөл, төрлөхийн мэргэжлийн дуучны хүчирхэг хоолой чамд үнэхээр заяажээ, чамд Дэлхийн тайз хэрэгтэй, чамайг Дэлхийн үзэгчид хүлээж байна, ерөөс уран бүтээлч хүнд зайлшгүй байх ёстой авъяас, боловсрол, гоо сайхан, ёс зүй, хүмүүжил гээд бүх зүйл чамд бий, ЗАЛУУ НАС МАШ БОГИНОХОН, бурханаас заяасан сод авъяасаа үргэлж өөд ахиулж, арчилж, тордож тэр хэрээр амьдралаас, өөрөөсөө, урлаг дахь түүхээс суралцаж яваарай. Хэзээ нэгэн цагт энэ дэлхийн хаа нэгтээ хөгжмийн томоохон наадмын тайзнаа Дэлхийн одуудтай хамт дуулж байвал эгээ нь хувьдаа цочиж гайхахгүй ээ.
Юу гээ, Уитни Хьюстоны БИЕ ХАМГААЛАГЧ хэмээх гайхалтай киноны дууг мэргэжлийн чадварлаг хоолойгоор, гол нь ТӨГС дуулсан хүн бол ЧИ, эгчийнх нь хамгийн хайртай дуучин, энэ киног үзэх гэж АРД кино театрын хаалган дээр арван жилийн ангийн хэсэг охидуудтай хамт кино руу орохоор зодоон цохион болон байж үзэж билээ, дотор огштол дуулжээ. (эл дууны холбоосыг доор хавсаргав.)
УРЛАГИЙН ОНГОД ТЭНГЭР НЬ ҮРГЭЛЖ АЛМААЗ ЭРДЭНЭ МЭТ ГЯЛАЛЗАЖ, ГАЙХАМШИГТ ДУУ ХООЛОЙ НЬ ДЭЛХИЙН ДЭВЖЭЭНД ЦАНГИНАН ЦУУРАЙЛАХ БОЛТУГАЙ хэмээн ерөөе.
Пс: өөрийн дууны гоё видео клип, пянз заавал гаргаарай за юу.

Хүндэтгэсэн,
Д.Баярцэцэг
☆☆☆☆☆
өмнөх жилийнх:
энэ жилийнх:
Ийм дуу дуулсан байна 😮
Жич: Бидний сонсох дуртай байсан дууны нэг, гурван настай Оюу Батсайхан доорх дуун дээр хэрхэн бүжиглэдэг байсныг амьдаар өнгөтөөр харсан хүнээс асууя гэвэл төлбөрөө төлөөд ярилцлага аваарай.

Saturday, 14 September 2019

ШИДЭТ ӨНӨӨДӨР



ОЙЛЛОГО 1
"Шударга үнэнээр амьдрах хүнд.. хэцүүг давж чадаагүйн улмаас зарим хүмүүс шударга бустай төд эвлэрдэг. Ямагт шударгуу үнэнд уриалан дуудагч хүмүүн бусдад амар амгаланг ерөөн түгээж байдаг. Гэвч эхийн алтан хэвлий дэх амар амгалан хүнд ганц удаа тохиодог. Энэ бол төсөөллөөс ангид төсөөлөл."   -Д.Б

Д.Б:
Аливаа шинэчлэл уламжлал дээр суурилж хөгждөг, гэвч уламжлал бүхэн сонгодог болж чаддаггүй, үүнээс улбаалж авч үзэхэд өнөөдрийн бүхэн ирээдүйн сонгодог гэгдэх эсэх, хэтийн сэтгэлгээний түвшнөөс хамаарах нөхцөл. ТЭГВЭЛ, өнөөдрийн СОНГОДОГ гэгдээд буй бүхнийг өнгөрөгч цагийн 'контэмпорари' байсан хэмээн эрс дүгнэх нь мөн л өрөөсгөл. Дэлхийн урлагийн хөгжлийн түүхэн үечлэлээр УРЛАГИЙН ТҮҮХИЙГ судлагдахуунтай холбон тайлбарлах, таниулах ажил өнөө ч үргэлжилсээр, энэхүү явцыг хөдлөшгүй хатуу үзэл баримтлал, дутуу дулимаг ойлголтоор өнгөц хуумгай дүгнэх маш буруу. Бүх цаг үед МОДЕРН буюу 'ОРЧИН ҮЕ' байсан. (жич: нэршлийн монгол утгыг дүйцүүлж харьцуулж дахин ойлгоно уу ! МОДЕРН/MODERN/ОРЧИН ҮЕ ; КОНТЭМПОРАРИ/CONTEMPORARY/ЭРИН ҮЕ) ‘Орчин үеийн урлаг -> Эрин үеийн урлаг’ хэмээх утга бүхий эдгээр нэршилд хамрах он тоолол, цаг хугацааны хуанли ДЭЛХИЙН УРЛАГИЙН ТҮҮХ -тэй танилцсан, суралцсан, боловсорсон, уншсан хэн бүхэнд тодорхой буй за. Аливааг дүгнэх гэдэг юунаас хамааралтай болж байгаа нь одоо тодхон анзаарагдаж байгаа биз, тийм ээ ТҮҮХ бөгөөд ЦАГ ХУГАЦАА. Цаг хугацааны уртад, урлагийн түүхэн хөгжлийн зүг чигийг бид ИЗМҮҮД-ПОСТМОДЕРН-КОНТЭМПОРАРИ гэх зэргээр цаг үеийг шат дараатай тодорхой урсгалаар ангилж байдаг.

ОЙЛЛОГО 2
Д.Б: Бид аливааг тодорхойлох үүднээс судалж, эрэлхийлж, хэлцэж, ярилцахаас урьтаад яаран дүгнэхийг чухалчилдаг. Гэтэл анхны сэтгэгдлээр бүхнийг дүгнэж, аливаад хандана гэдэг гэнэн бөгөөд харалган, судлууштай ойлголт. Дэвшүүлсэн, үгүүлсэн, хүүрнэсэн, тайлбарласан, тайлсан, таниулсан арга зүйн судалгаа, шуугиан тарих ерөөс урлагт сод бүтээлүүд хэрхэн үүсч бүрэлдэж бүтэж, төрж бий болсон цадиг (түүх) талаас хүмүүс анзаарч, уншиж, судлаж, ойлгож, таньж хэр чинээндээ ултай суурьтай эргэцүүлдэггүй, тус бүр ярилцдаггүй нь харамсмаар. Тодорхой түвшний мэдлэг, ойлголтгүй нь ердөө харж ширтээд л, үзэж таашаагаад л өнгөрдөг, төд мартдаг сэтгэлгээнийх. Орчин цагийн урлагт сэтгэлгээний энэхүү гажилтыг түүхч, судлаачид анзаарч, өгөгдөлийн буюу бүтээлийн судалгааг, онч тайлбарыг нэн чухагт тооцож үзэгчдэд дахин дахин эргэцүүлж тунгаах, тэр л сэрж бодох нээлттэй боломжийг олгож буй. Урлаг юуг ч шаардаж, юуг ч сургаж, юуг ч номлож тэр хэрээр юуг ч хүлээн зөвшөөрүүлэхийг хичээдэггүйн адил урлагийг таашаагаад өнгөрөх нэгэн байхад асуудал болгон хөндөх зарим нэгэн бий. Гэвч урлаг нь бидний дотоод мөн чанар, сэтгэлгээний өөр соёл, гоо зүйн хэл, зовиурт үнэн мэдрэмж, ариун нандин, харгис бурангуйг илчилж буй үгүүлэхүүн, бүтээгч бүрийн өдөөн хатгалт, туршим байдаг, тиймээс эрин цагт урлаг бие дааж, бизнес ашиг сонирхол нэр хүнд алдар гавъяа шагналаас хол ангид байхыг эрмэлзэж, анхны мөн чанараар УРЛАГ хэвээр үлдэхээр шийдсэнд оршино. Энэ цаг түүхэн шинэчлэлийн үе мөн.

Урла
гийн бие даасан асуудлууд, тусдаа шинэ элементүүд олон ургальч ухагдахууны талаар та юу мэдэх вэ ? Мэргэжилтнүүд та бүхэн эл асуултыг өөртөө тавиад хариултаа өөртөө үлдээнэ үү. хэмээсэн Д.Баярцэцэгийн асуулт бус асуултыг тодотгоод түүнтэй хийсэн ярилцлагыг мэргэжил нэгт хэн бүхэнд зориулж байна.

                                                                                     Сэтгүүлч Ирдийн Хан-Бэх


И.Х: Урлагийн түүхэнд таны сэтгэлийг догдлуулж шимшрүүлдэг зарим нэг зүйлсийн талаар яриагаа эхлэх үү ?

Д.Б: Оросын эрдэмтэн Г.Е.Грум Грижимойло 1928 онд түүхч Ж.Цэвээн-д бичсэн захидалдаа: “Өнгөрсөн үеэ сонирхдоггүй ард түмэнд хэтдээ ямар нэг гарамгай улс болох хувь байдаггүй. Танайд бахархаж болох агуу их түүх бий тул та нар аз жаргалтай байх естой. Үндэсний дээрэнгүй үзлийг бус, эх орныхоо төлөө гэсэн юм бүхнээрээ тахил өргөхөд хүмүүсийг хүргэдэг тийм эрүүл эх оронч үзлийг өсвөр үеийнхэнд төлөвшүүлэх ёстой.” хэмээсэн байдаг. Өдий төдий малтлага олдворууд урлагийн түүхийн охь булаг болж, шинэ шинэ нээлтүүд дээр дэлхийн эрдэмтэд нэгдэн ажилласаар буй. Харин хүмүүс өнгөрсөн үеэ сонирхох, судлах нь бүү хэл анхны мэдлэг, мэдэгдэхүүн хомс тиймээс хэдийн судлагдсан харийн бүхнийг СОНГОДОГ, АГУУ хэмээн хүлээн зөвшөөрч ойлгосоор ирсэн, энэ үзэгдэл одоо ч хэвээр. Ойрын нэг тод жишээ өгүүлье л дээ, Dorling Kindersley Limited, 2009 A Penguin Company "Children's Book of Art" номыг 2009 онд Монсудар хэвлэлийн газраас тусгай эрхийн зөвшөөрөлтэйгөөр орчуулж "УРЛАГ хүүхдийн ном" -ыг хэвлэж 2010 онд олны хүртээл болгосныг та бүхэн сайн мэдэж байгаа байх, номын дэлгүүрүүдээр одоо ч худалдаанд бий. Анхны хэвлэлийн орчуулгын эрхийг дэлхийн 20 гаруй орон авсны нэг нь Монгол улс, өөрөөр дэлхийн хорь гаруй орны хэлээр орчуулагдаж хэвлэгдсэний дараа эл номыг гагц хүүхдүүд бус насанд хүрэгчид, эцэг эхчүүд, урлаг сонирхогчид, оюутан залуус ч сонирхон шимтэж уншдаг болсон номын нэг. ДК хэмээх товчилсон нэрээрээ алдартай Penguin хэвлэлийн газар “домог” “хөгжим” “кино” өөр бусад цувралуудыг хэдийн худалдаанд түгээгээд дэлхийн сая сая хүүхэд багачууд, уншигчдыг байлдан дагуулж буй. Номын цувралын анхных “УРЛАГ хүүхдийн ном” -ын орчуулганд урлаг судлаач, зураач Ч.Болдбаатар багштайгаа санаа бодлоо солилцож байсан, тухайн үед ажилдаа дарагдаад номын агуулгын багтаамж, хамарч буй улсын хүрээг огт анзаараагүй, номыг бичсэн арга барил, номын хүүрнэл, хэллэг, найруулга, жишээлбэр зураг, график дүрслэл, тойм дүгнэлт, тайлбарууд, график, хэвлэл талаасаа энгийн, ойлгомжтой маш сайхан ном болсныг англи эхийг анх гартаа барьж суухдаа бид ам уралдан шагшин магтаж байв. 2010 онд худалдаанд гарсны дараа номын монгол хувилбарыг өөрийн номын санд худалдаж авсан, харин хэзээ хойно, номын хуудсыг хэд хэд эргүүлсний дараа л энэ номд МОНГОЛЫН УРЛАГИЙН тухайд ганц баримт, ганц ч түүх дурдагдаагүйг гайхан анзаарч, ингэхэд Монголын УРЛАГ гэж яг юу билээ ? ер нь бидэнд УРЛАГ байна уу ? хэмээн эргэцүүлэхэд хүрч дараа дараагийн цувралуудыг сөхөж харсан ч бидний өв соёл ахуй түүхээс эдгээр номд багтсан зүйл нэгээхэн ч алга, дэлхийн улс үндэстэн түүн дундаа ирээдүйн хүмүүс хачирхаж гайхахаар асуудал мөн биз, мөн. Урлагийн бодлогодоо анхаарал тавьдаг улс бол тусгаар өөрийн үндэстнийхээ хэтийн эрх ашгийн төлөө, буурьтай байр суурьнаас, нухацтайгаар дэвшүүлэх, олон улсын тавцанд зайлшгүй хэлэлцэх ёстой онцгой асуудал мөн үү гэвэл мөнөөс мөн. Өнөөдөр үүнийг тухайлан хэн ч анзаараагүй л байна, анзаарсан ч энэ талаар ярьж хэлж дуугарсан нь үгүй, би хувьдаа мэдэхгүй. Бусдаар урлаг сэтгэлийг догдуулагч юм аа.

И.Х: Тэр номд дэлхийн бүхий л улс үндэстний урлагийн түүхийг тоймлон багтаах ёстой шиг, Монголын урлагийн түүхээс яагаад нэг ч түүх ороогүй юм бол оо ?

Д.Б: Харин тийм, яг тэгж бодоод маш ихээр гайхсан. Нэг талаас судлаачидтай холбоотой нөгөө талаас тухайн улсын урлагийн түүхийн бодлоготой шууд холбоотой. Дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олдоггүй гэж, биднийг энд улс төр шоу цэнгээн ардчилал хувьсгал гэж эргүүтэж донгиотож талцаж дотроо хэмлэлдэж суух зуур дэлхий цаана чинь урлагийн түүхэнд монгол улсыг хэдийн орхиод бүр түүхийн тавцангаас арчаад хаячихаж. Би ингэж л ойлгосон.

И.Х: Монголын урлагийг судалдаг гадны түүхчид байдаггүй юм уу ?

Д.Б: Одоо тийм болоод л тэр номд багтаагүй юм байлгүй дээ, хэн мэдэхэв, ингэхэд монгол хэл дээр урлагийн түүх уншдаг гадны судлаачид хэд байгаа бол бас бодууштай асуудал шүү, хэдий ч бид өөрсдөөсөө бурууг хайх хэрэгтэй, манай улсад цөөн урлаг судлаачид бий, хэдий бий ч судалгаа шинжилгээний бүтээл бичих гэдэг амар ажил биш, наандаж цаг хугацаа цаашлаад монгол улс урлагийн онол түүх, судалгааны талбарт мэргэжилтнүүдээ бодлоготойгоор зайлшгүй бэлтгэж сургаад тодорхой хугацааны дараа үр дүнгээ нээх ёстой. Гэтэл улс төр нам эвсэл болон талцаж, хоосон хэрэгждэггүй хууль баталмар аядаж, хэрэлдэж дэмий зүйлс хэлэлцэж цаг барж суух, сонгуулийн суртчилгаанд бүхэл бүтэн бонд үүсгэн өр тавиад үр хойчын амьдралаар дэнчин тавьж шоудсан байх, яам тамгын газруудад мэргэжлийн бус ялзарчихсан үхширсэн бодолтой хүмүүс удирдлага дарга цэргийн дүр эсгэн өдөр хоног аргацаан цалингаас цалингийн хооронд амьдарч суух, цаг урссаар бид ялзарсаар, бодит талбар энэ салбарт халаас хоосон мэргэжил нэгт хэдэн нөхөд нойр хоолгүй өдөр шөнөгүй тэмцэж, өөрсдийн гэр бүл, амь амьдралаа золиослон бор зүрхээрээ зүтгээд зүтгээд л байдаг, далайцтай томоохон үр дүнд тэр бүр хүрч чадахгүй, өөрсдийн сэтгэж, хөдөлмөрлөж, олж нээж бүтээсэн түүхийг хөндлөнгөөс ажвал мөнгөтэй нөлөө бүхийчүүд замаас нь шуудхан түрэмгийлэн давшилж, булаан авч, дээрэмдэж байх шиг, монголын урлагийг хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулахаар зүтгэж буй залуусын зүрх сэтгэлийн галыг унтрааж, сэтгэлийг бөхийлгөж, урмыг хугалж, гутаан доромжилж байхад дотоодын судлаачид мэргэжилтнүүдийн амьдрал өнөөдөр бараг л мөхлийн ирмэг дээр байна, иймд үнэн бодот байдалд эмзэглэж, шимширч шаналалгүй яах вэ.   

И.Х: Ингэхэд гарц байна уу бидэнд ?

Д.Б: Тэргүүлэгч салбар бүхэнд хөгжлийн хэтийн бодлого байх ёстой, төр солигдох бүрд бодлого нь сайжрах дээшлэх ёстой атал харин ч дагаж хувирч өөрчлөгдөөд, хуулиа өөрсдөдөө аятайхан тааруулж засварлаад байгаа хүмүүс шиг хувьсаж, цаашид ийн замнаад байвал тэгээд үүнийгээ хөгжил хэмээвээс алсдаа энэ улсын аль ч салбар яагаад ч дэлхийн тавцанд гарч ирэхгүй, хэзээ ч хаана ч хэний ч итгэлийг олохгүй, үргэлж дээрэлхүүлж доромжлуулагч ард түмэн болж хувирна. Бид түүхээ хэрхэн хороолгосон, булаалгасан гашуун сургамж бидний өмнө бий шүү дээ. Эхнээс энэ мэт бурангуй нөхцөл нийгэмд нөлөөлж, хор нөлөө нь бүрдэж байхад ч ангайж шалхайж залхуурч суусаар, уг нь толгой сийрэг сэтгэж ажиллах залуусын хэтийн амьдралыг ч, боловсролд ч анхаарч дэмжмээрсэн. Суурьтай системчилж боловсорч бэлтгэгдсэн мэргэжилтнүүдийн нөөц боломжийг бүрдүүлбэл гарц шинээр үүсэх өндөр магадлалтай. Гарц бий болох бус үүсэх. Үүсч бий болно, бий болсноор сая танигдана. Хөгжлийн зарчим нь ийм юм даа.

И.Х: Монголын хөгжмийн салбрын мэнэжмэнтийг юу гэж үздэг вэ ?

Д.Б: Хөгжмийн салбарт монголд шинэ одууд төрж байх шиг, бөөн бөөн дуучид хөгжимчид дж нар үйлдвэрлэгдэж байна, гарч ирсэн одууд гэвч төд удалгүй хэн нэгний мөнгө олох хэрэгсэл болчихдог. Мөнгөний машинд бодох шаардлага байхгүйтэй адил юм даг уу. Энэ нь олон нийтэд, бүр ирээдүйн мэргэжлээ сонгох гэж буй залууст, цаашлаад хөдөөний малчдад хүртэл нөлөөлж дуучин хөгжимчин болвол олны танил болох төдийгүй баяжих боломжтой хэмээн бодчихсон, эндүүрчихсэн, эргүүтсэн хүмүүс нийгмээр дүүрэн. Дэлхийн тавцанд нэрээ мандуулж хэдэн зуун сая шүтэн бишрэгчтэй болж цомгоо сая саяар борлуулж байгаа дуучин хөгжимчин байна уу манайд, тийм мэнэжмэнт өнөөдөр монголд байна уу, байхгүй шд, тулганд өрдсөн гал дээрх тогоон дотроо буцалж ядаад байна, буцалж чаддаг ч юм уу үгүй ч юм уу, өнөөдүүл нь галаа нэмдэг ч юм уу үгүй ч юм уу хэн мэдхэв. Харин ДЖ гэгдэх хэдэн залуус өөрсдийгөө хөөрхий боломжын хэрээр мэнэжмэнтлэж байгаа ч дэмжигчид болох цөөнхөн тооны сонсогчдоос өөр хүмүүс алга, ардын болон үндэсний хөгжмийнхний тухайд нэг бол гадныхан, жуулчдад зориулж монголдоо тоглоно үгүй бол жуулчин аятай дэмийрээд явчихдаг, нийтийн дууныхан өнөө л ээж аав, эх улс, нутаг орон, дэнж нуга, ус уул, амьтан малаа  бусдыг цочтол хоолойны цар, чадал хэрээр хашгичина, дуулж сурснаа сонордуулж буй хэрэг, уярдаг нь бий л байх, халгаж залхсан ч бий, номыг нь үзэж номхоныг нь сурсан хөгжим бүжгийн сургуулийн багачууд хүүхдүүд харин эдний хажууд харьцангуй мэргэжлийн суурь сайтай, ирээдүйтэй санагддаг, тэгэхээр энэ салбарт мэнэжмэнт хөгжлийн талаар ярих зүйл ч алга. Шат дараалсан боловсрол гэдэг чухал гэдгийг эргээд мэнэжмэнтийн салбарынханд ихээхэн хамаатай тул хичнээн жил иймэрхүү байдалтай үргэлжлэх вэ.

И.Х: Их утга зохиол ?

Д.Б: Юу гэж ?

И.Х: Монголын утга зохиолын салбарын хөгжил таны нүдээр ?

Д.Б: Утга зохиол, энэ үгэнд би маш эмзэг мэдрэг ханддаг гэж өөрийгөө боддог. Мэдээж салбарын хөгжлийг мэргэжлийн хүн шиг нарийн тодорхойлж хэлж мэдэхгүй ч одоогоор өрнөн болж буй үзэгдлүүдийг ажаад байвал бодмоор, хэлмээр, ярьмаар зүйлс мэр сэр бий бий.

И.Х: Тодруулбал ?

Д.Б: Хатуу бөгөөд шуудхан үнэнийг хэлэхэд монголын зохиолчдын эвлэлээс асуудлыг эхлэх нь зүй. Энэ байгууллагын үйл ажиллагааг зохиолчдын эвлэлийн ажлын байрны үүднээс нь харахад танигдана, ийм тохиолдолд мэнэжмэнтийн тухай яриад байх зүйл юу байхав. Бие биенээ магтаж хөөргөж дөвийлгөж, бусад руу чичлэн дайрах хэл амаа билүүдсэн, ер их л том том юм ярьсан зохиолч нэртүүд, харин хажууд нь судлал болон шүүмж, судалгааны чанартай үгүүллүүд бичдэг судлаачид бараг тэдний ачаар өнөөдөр монголын утга зохиолын салбар дүрслэх урлагийн салбартай харьцуулахад онолын түвшинд уначихгүй байрандаа байгаа юм биш үү, зарим ганц нэг сайн сэтгүүлчид байх гэвч урлагийн сэтгүүл зүй огт хөгжихгүй юм. Ер нь хэн боловч зөв бодолтой, тууштай бодлоготой сайн ажиллаж байгаа үйл ажиллагаа бидний нийгэмд, нүдний өмнө ил тод анзаарагдаж буйг хүмүүс аандаа ойлгоно, таньж ялгаж сурах биз ээ. Энэ салбарыг хувьдаа хайрлаж хүндлэж явдаг хүний хувьд хэр чадлаараа мэддэг чаддаг бүхнээр дэмжин ажиллаж, ойрын хэдэн жилийн хугацааг өөрийн зүгээс зохиолч яруу найрагчдын номын зурагт сэтгэлээрээ хандаж, хавтасны загвар шийдэлд анхаарал хандуулж, хэвлэл дизайны хөгжлийг ахиулах тал дээр анхаарал төвлөрүүлж буй, харин нийт түвшнийг номын дэлгүүрүүдээр ороод харахад тавиур дээр өрөөтэй номын хавтаснаас ил тод харагддаг, үүнийг бусдаас эрт мэдэрсэн байсан ч гэх юм уу, аль болох хараат бус чөлөөт, бие даан шийдвэр гаргаж, тодорхой мэдлэг, хөдөлмөр, хүч, цаг заваа зориулж байгаагийн хувьд жаахан ч гэсэн өөрчлөлт, басхүү шинэчлэл хийх юмсан хэмээн тун бодтойгоор мөрөөддөг.

И.Х: Таны мөрөөдөл биелэлээ олж байна уу ?

Д.Б: Угаасаа аль ч утгаараа бусад салбартай харьцуулхад хүндээс хүнд салбар шүү дээ утга зохиол гэдэг чинь, хүсэл мөрөөдлийн минь явц хэдий удаан ч бага багаар хэрэгжүүлж байгаа, миний үндсэн мэргэжилтэй нягт холбоотой учир тууштай хариуцлагатай хандахыг хичээн, чардайж чармайж л байна, урлаг утга зохиолын уялдаа, хэвлэл техник, уламжлалыг сөхөж харах хэрэгтэй болдог ч цаг хугацаа, нөлөө бүхий эрх мэдэл, мөнгө төгрөг санхүүгийн асуудал болж хувирдаг. Гэсэн хэдий ч мөрөөдлийнхөө төлөө шантралгүй ажилласаар байх болно.

И.Х: Үүнд итгэлтэй байна уу ?

Д.Б: Мэдээж.

И.Х: Куратор гэж хэн бэ, голлох үүрэг ач холбогдол, ер  ямар утгатай үг юм бол ?

Д.Б: Баярлалаа, тун сайхан асуулт байна, нэн түрүүнд та бүхэн толь бичгээ шүүрч авах, нээх хэрэгтэй болох байх даа. Латин хэлний Cura/Кура-Санаа тавих хэмээх үгийн үндэс куратор нь - харгалзагч, зохион байгуулагч, удирдагч, чиглүүлэгч хэмээсэн утгатай. Олон улсад ихэвчлэн музей, галерей, номын сан, архив соёлын өвийн сан, түүх археологийн малтлага олдвор, урлагийн бүтээл, хувийн болон хувьсгалын цуглуулга, шинжлэх ухааны бүтээлүүдийг цогцоор нь бодлого зохион байгуулалтайгаар олон нийтэд хүргэж танилцуулах үүрэгтэй тодорхой хугацаанд бэлтгэгдсэн тусгай мэргэжлийн хүн, эл үгийн эрт цагийн салбар утга нь гэгээнтэн, номлогч, санваартан товчхондоо бичгийн хүн гэсэн үг, мөн хариуцлага хэмээн ойлгож болно. Уг нь хүн төрөлхтөн их тайлбар толь Википедиа цахим хуудсанд дэлгэрэнгүй тайлбарлачихсан байгаа шүү дээ. Та бүхэн википедиа цахим хуудсын хайлтаар Curator гэж бичээд олж уншаарай, тэнд куратор хүний үүрэг, боловсрол, сургалт зарчмын талаар бүхнийг дэлгэрэнгүй, надаас илүүтэй тодорхой тайлбарлаад биччихсэн байгаа. Үгийн хадмал орчуулгын утга, куратор хэмээх нэршлийн тухай дэлгэрүүлж уншаад бүтээгч зохиогчидтой ханьсуулж эргэцүүлэн бодоход мэргэжлийн хэн бүхэнд ерөнхий дүр зураг тодорхойлогдоно. Куратор гэх энэхүү онцгой мэргэжилд ажлын орчин, нөөц боломж, хувь хүний нөхцөл бололцоо хамгийн чухал. Жишээ нь бид улсын чанартай томоохон арга хэмжээнүүдийг зохион байгууллаа гэхэд ажлаа эхлэхээс өмнө, заавал тухайн салбарын мэргэжлийн хүнд зайлшгүй хандаж зөвлөлдөх, санаагаа тайлбарлах, ажлаа эртнээс нарийн төлөвлөх ёстой, үгүй бол үйл ажиллагаандаа зохион байгуулалт муу хэмээх дүгнэлтийг хариулт болгон хүртэнэ. Куратор нь дүрслэх урлагийн салбарт голдуу хэрэглэгддэг мэргэжлийн оноосон нэр, уул шугамдаа тусгай мэргэжилтэн, гүн ухаантан, түүхч, хэл шинжлээч, шүүмжлэгч, судлаачид голдуу багтдаг дүрслэх урлагийн талаар мэргэжлийн өндөр түвшинд суурь боловсрол эзэмшсэн, өөрийн хөрстэй, тэрхүү хөрс дээрээс үндэслэж буй мөнхийн гацуур. Мэнэжэр гэдэг мэргэжилтэй андуурч болохгүй, дүрслэх урлагт мэнэжэр гэдэг нь санхүүтэй холбоотой бүх асуудлыг хариуцдаг хүн, цаашлаад судлаач кураторын хооронд ч нарийн зааг, ялгаа бас бус уялдаа бий шүү, энэ мэт нарийн ялгааг мэргэжлийн хүмүүс ч яг таг ялгаж салгаж ойлгохгүй байх нь бий, гэхдээ энэ том асуудал биш, урлан бүтээгчдэд төдийлөн хамаагүй, тойм мэддэг байхад л хангалттай. Одоо жишээ нь: түүхч хүн хөгжимчин байлаа гэвэл тэр хүн түүхээ хөөж үү хөгжмөө хөөж үү гэдгээс шалтгаалаад тодорхойлогдохтой адил. Түүхч хүн өөрийгөө судлаач хэмээн даруухан тодорхойлох нь бий, огт мэдэхгүй өнгөрөх ч бий, энэ бүхний гол ялгаа зааг, тойм дүгнэлт, тодорхой түүхийг бичилцэж буй хүнийг куратор гэнэ. Хэл, соёлын ялгаа, зөрүүгээс болж өрнөдөд дорнын, дорнод өрнөдийн судлаачид харилцан танигдахдаа удаан, тиймээс харилцан нөлөөллийн тухай яриа нэг их байхгүй, уг нь энэ асуудал хэт ирээдүйд таниулах миний судалгааны үндсэн сэдэв л дээ, ингээд олонд задлачих шив, харьцангуй нэршил, хүнд мэргэжил шүү. Энэ тухайд хэзээ нэг цагт сэдэвчлэн лэкцлэнэ дээ хэмээн бодож төлөвлөж байв даа, өөрөө ухсан газрыг яг олоод малтчихлаа шүү. (инээв. сурв)

И.Х: Манайхан түүн дундаа урлаг бүтээгч, зохиогч, ер нь хүмүүс кураторын үүргийг төдийлөн сайн мэддэггүй тиймдээ ч анхаарал хандуулж, дэмжиж, гол нь ойлгодоггүй шиг ?

Д.Б: Тийм.

И.Х: Энэ тал дээр таны бодол ?

Д.Б: Төлбөрийг нь төлөөд мэргэжилтнүүдээ бэлтгэ. (инээв) Урлагийг олонд таниулна гэдэг багаар ажиллах хамтын ажил, нөр их хөдөлмөр, асар их хүлцэл тэвчээр, уйгагүй зүтгэл, маш их золиос шаардагддаг тэр хэрээр нийгэм, олонд хүрч танигдах онцгой бас хүчтэй салбар. Дан ганц авъяасаар эсвэл хөдөлмөрөөр болгож бүтээгээд тэр нь дэлхийн түүхэнд багтаад байдаггүйг бид мэднэ.

И.Х: Хэд хэдэн үзэсгэлэнгийн куратороор ажиллаж байсан, бүтээлчдийг өөрөө сонгож хамтарч ажилладаг уу, эсвэл тэд өөрсдөө хүсэлт илгээдэг үү, нууц биш бол таны хөдөлмөрийн хөлс ?

Д.Б: Заа янз бүр дээ, манай зарим зураачид өөрсдөө хүсэлт ирүүлдэг, үзэсгэлэнгийн куратороор ажиллаж өгөөч гээд, бүтээлчид эрх чөлөөг эрхэмлэгчид, ямар нэг байдлаар ч болов бусдаар удирдуулах, хараат байх дургүй, зарим нь бүр ойлгохгүй мэдэхгүйгээсээ болж андуурна гээ, өөрсдийнх нь төлөө ажиллах хүнийг зааварлаж, загнаж, тушаалаа гэх, энэ тохиолдолд мэргэжлийн ур чадвар хүлцэл тэвчээр багагүй шаардагддаг, өөрөөр хэлбэл муугүй сэтгэл зүйч хүн шүү дээ, заримдаа авъяастай бүтээлчдийг шинээр нээж гаргаж ирэх юмсан гэж боддог, ядаж төөрчихсөн төөрөгдлөөс нь гаргаж зөв залж чиглүүлж өгөх, даан ч үнэндээ ядуу шүү дээ бид чинь, заримдаа ядуу байх нь хувь хүний баялаг гэдэг ч дэмжлэг туслалцаа, хөрөнгө мөнгөгүй бол олон улсын чанартай, бүтээлчдийнхээ үзэсгэлэнг удирдаж дэлгэхэд бэрх, наандаж урлагийн бүтээлүүдийг хил дамнан тээвэрлэх зөөхөөс авхуулаад, хянаж хариуцах.... цаашлаад түүхэн судалгаа, дүгнэлт тодорхойлолт гэх мэт дийлдэшгүй нүсэр их ажилтай, ачаалал өндөртэй хүмүүс, манай улсын хувьд эрин үеийн шаардлагад тэнцэх музей галерей ховор, энэ салбарт ер сэтгэлгээний урлагт орон зай хамгийн чухал.

И.Х: Таны цалин дунджаар хэд вэ ?

Д.Б: Би хэлсэн шүү дээ, өнөө маргаашаа гэх бүтээлчдээсээ юу нэхэх вэ дээ, цалинтай куратороор ажиллаж байгаагүй. Дандаа үнэгүй л ажиллана шүү дээ. (инээв. сурв) Гадны кураторууд бол төслөөсөө цалинждаг зарим нь төсөвлөгдсөн тул тусгай хангамжаар амьдардаг, манайд энэ мэргэжлийн утга учрыг ойлгож хэрэгжүүлж байгаа ч хүн алга, бодлого боловсруулж шийдвэрлэж байгаа ч хүн алга, эцэстээ энэ ажил мэргэжил урлагийн төлөө болохоос мөнгөний төлөө биш гэдэг утгаар зүтгэж буй. Эцэст нь өөртөө үнэнч, урлагт зүрх сэтгэлээ зориулсан, хувь тавилан нь урлагийн байхаар заяагдсан, урлагийг хайрладаг хүнийг бурхад тэнгэрээс харж ивээж байдаг, тиймээс хэзээ нэгэн цагт ямар нэг байдлаар шагнадаг, тэр шагнал нь итгэл найдвар гэж боддог. Өөртөө бүрэн дүүрэн итгэх шиг том шагнал үгүй. Одоогоор миний гэр бүлийнхэн намайг цалинжуулж байна даа л гэе.

И.Х: Тэгэхээр энэхүү мэргэжилтнийг цаашид хэрхэн цалинжуулах тухайд ?

Д.Б: Аль ч улс оронд үндэсний цөөн баячууд тухайн цагийнхаа өөрийн улс орны соёл урлагаас өмчлөн авч түүхэнд үлддэг жамтай бөгөөд үр хүүхэд хойч, угсаа удамдаа өвлөх боломжтой нэг үгээр үл хөдлөх хөрөнгө, оюуны биет өв юм аа, манай улсад цуглуулагчид хэдийн бий болсон ч цөөн хэдэн цуглуулагчид нь хэдхэн бүтээлчдээр хахчихсан, зарим шинэ цуглуулагчид эхэн үеийн цуглуулагчдаа дууриадаг юм уу, автдаг ч юм уу, тархиа хэн нэгнээр угаалгачихсан ч юм уу шинэ залуу бүтээлчдийг хүлээж авах сэтгэл зүйгүй нь нууц биш. Нөгөө л урлагийн суурь боловсрол, доголдол, гачлант орон зай. Нэгэнт урлагийн хувьд суурьтай нэгдсэн бодлогоор даяарчлагдаагүй бидний хувьд нэг нэгнээ дэмжих хамтрах тууштай зан, мэргэжлийн бөгөөд хувирашгүй байдал, олон санаа бодолд хөтлөдөөд байхгүй, алсыг харах чадвар, нэр алдар ашиг голдуу бодохгүй, муу санаалахгүй, тулхтай чадалтай овсгоотой мэргэн ийм хүмүүс эх орныхоо хэтийн соёл урлагийг аварч буй юм, үгүй л бол юу ч хүлээгээд нэмэргүй. Энэ асуудал өнөөдөр гагц монголд байгаа ч юм биш ээ, дэлхийн бүхий л улс орнуудад дахин үүсээд буй хуучин асуудлуудын нэг. Манай улсаас жишээлбэл олон шинэ сор бүтээлүүд эх орныхоо түүхээс нүүдэллэн гарч байгаа нь үнэн. Зураачдын бүтээлүүдийг гадныхан худалдаж аваад байна аа даа, дараа нь үгүй энийг одоо тухайн цагт хэн нэг нь яаж ийгээд өр тавиад эх орондоо аваад үлдчихгүй дээ хэмээн халаглах үе, тийм цаг ирнэ. Дайн байлдаанаар эзэлж олж авсан урлагийн бүтээлүүдийг эхнээс нь тухайн улсад нь эргүүлэн тушаах шийдвэрүүд гарч эхэллээ шд, үүний нэг жишээ нь францын шинэ ерөнхийлөгч саяхан мэдэгдэл гаргав уу яав. Африкийн улс түмний түүхэн олдворыг нүүлгэн шилжүүлж эх оронд нь эргүүлэн олгох болсон байна билээ. Оросууд манайхаас судлахаар хэдийд ч авч гарлаа Эрмитаждаа байршуулчихсан бидний хувьд хосгүй үнэ цэнтэй түүхэн үзмэрүүд хэзээ нэгэн цагт эх орондоо ирнэ гэдгийг ч мэдэж байна. Бид зураач ерөнхийлөгчтэй болсон юм чинь энэ мэтээ тоочин хэлцэж, асуудалд онцгой анхаарал хандуулж, ирээдүйд ямар нэг арга хэмжээ авах эсэх талаар урд хойд хөршүүддээ үе үе сануулж байх хэрэгтэй.  

И.Х: Улс дэмждэггүй, бор зүрхээрээ зүтгэх, цалин мөнгөгүй гэх ер яаж амьдраад байна ?

Д.Б: Гэр бүл найз нөхдийнхөө тус дэмээр өнөөдрөөр болгож байна аа, хаа нэг аз эз гэрэлтээд ганц хоёр бүтээл борлогдох тохиол гарахад урлангийн түрээс, байр хоол хүнсэнд зарцуулна. Ер нь тэгээд илүү дутуу зардал тооцоогоо маш нарийн хянаж төлөвлөдөг болсон. Бүтээлч хүн дан ганц бүтээлээрээ амьдрах хичнээн хүнд гэдгийг өдөр ирэх тусам мэдэрч хажуугаар нь дэмжлэггүй харъяалалгүй судалгаа шинжилгээгээ үргэлжлүүлэх.

И.Х: Хүнслэх тухайд ?

Д.Б: Багахан өртгөөр хоол хүнсээ хэрхэн зохицуулдаг тухайд, эрүүл байхад хүнсний бүтээгдэхүүн онцгой чухал, тиймээс хоол хүнсний бүтээгдэхүүнд онцгой анхаарал хандуулж худалдан авалт хийдэг, дэлгүүрт ороод бараа бүтээгдэхүүний тайлбар шошгыг уншина, аль улсын хэзээ үйлдвэрлэсэн, ямар орц найрлагатай, хадгалах хугацаа гэх мэт түүнчлэн хуурамч бүтээгдэхүүн үү, амт чанар ямар бол, үнэ өртөг ямар байна гэх мэт түмэн шидийн зүйлсийг харьцуулж эргэцүүлэх хэрэгтэй, их иддэггүй тул нэг дор их хэмжээгээр хүнс цуглуулдаггүй, тэгээд ч муудах хаягдал гарах магадлал өндөр, ер нь яарч сандарч хүнс цуглуулж чаддаггүй, ерөнхийдөө борог хоолонд дуртай, миний байнгын хэрэглээнд монгол цөцгийн тос, арвайн гурил, хар болон хөх будаа багтдаг, гол нь эрүүл бөгөөд шингэц сайтай, заримдаа ядарсан үед бор гурил зуурч идээд л болчихдог, амар.

И.Х: Яаж шоуддаг вэ ?

Д.Б: Гадуур явж төдийлөн их шоудаад байдаггүй, хааяа найзуудтайгаа уулзалдах тохиолдолд өөрсдийн хоол хүнс уух зүйлсээ аваад ирдэг, тэгээд л гэртээ нэг нь төмс арилгаж байхад нөгөө нь махаа бэлдэнэ, гурил зуурна, будаа агшаана гэх мэт эвтэй найртай яг таг ажлаа хувааж аваад хамтарч хоол хийдэг, хоолны дараа хүн бүр өөр өөрсдийн хэрэглэсэн аяга тавгийг угааж цэвэрлэдэг, ингэснээр дараа нь өөртөө ч бусдад ч түвэг удахгүй, ярилцах цаг заваа ч хэмнэнэ. Энэ бичигдээгүй дүрмийг миний бүх найзууд хаана ч явсан хууль шиг дагаж мөрддөг учир үл ойлголцох муудалцах асуудал үүсдэггүй, хөдөө хээр явсан ч, үзэсгэлэн, ажлын үе таарч музей галерейд байхдаа ч, гадаад руу ажлаар явсан ч адил, ажилсаг ухаалаг найзуудаараа үргэлж бахархаж хүндэлж явдаг.

И.Х: Манай уншигчдад зарим хөгжилтэй түүхээсээ хуваалцаач ?

Д.Б: За байз юу билээ, аан тийм.. хоёр жилийн өмнө, маш их халдаг зун, найзууд төрсөн өдөөр манай гэрт цугларцгаав аа. Урьд өмнө төрсөн өдрөө сүйдтэй тэмдэглэж байгаагүй миний хувьд, ...хундага тавилгүй дарс хүртэж хутга тавилгүй мах огтолж гэдэг шиг дөрөв хоног нижгэр найрлав уу яав, зочдоо явсны дараа уусан юмныхаа шилийг тоолоход дөч тавь гарч байлуу яалаа, шилнүүдээ хангинуулан байж өрж тавьчихаад орцондоо зөндөө удаан инээсэн, ямартай ч дараах гурван хоног ганцаар гэрээ цэвэрлэж билээ. Нэг найз маань улаан дарстай дарсны хундагаа тэврээд тасарчихсан, нэг нь угаалгын өрөөний шалан дээр, нэг нь үүдний гонхны дэвсгэр дээр, нөгөө нь тагтан дээр, зарим нь гал тогоонд, нэг хүний орон дээр гэхэд дөрвүүлээ тэврэлдээд тасарчихсан байх жишээний, хөгжилтэй дүр зургууд сэтгэлд тод хоногшин үлджээ, гэвч би гэрийн ажилд муу, дургүй учир тэр өдрөөс хойш гэртээ дахиж нүсэр найр наадам зохион байгуулахгүй байхаар шийдсэн. (инээв. сурв) Шоудах үед найзуудынхаа хэрхэн тасрахыг харах хөгжилтэй шүү.

И.Х: Даарах хэцүү юу халууцах хэцүү юу ?

Д.Б: Аль аль нь. Аливаа юмны хэмжээ хэтрэхээр хэцүү.

И.Х: Та өмнө нь гурван ч яруу найргийн ном хэвлүүлсэн, одоо шинэ шүлэг бичиж байна уу ?

Д.Б: Бичиж байгаа.

И.Х: Шинэ ном хэзээ гарах вэ ?

Д.Б: Мэдэхгүй.

И.Х: Ойрд юу уншиж байна ?

Д.Б: Ц.Гомбосүрэн гуайн орчуулгаар Орхан Памукын Хар судрыг төвлөрч уншиж байгаа.

И.Х: Өөр ?

Д.Б: Өөр үү, хааяа өдөр тутмын сонин гарчигладаг.

И.Х: Өөр ?

Д.Б: Дийлэнхдээ онол судалгаа шинжилгээний бүтээлүүд уншиж байна.

И.Х: Өөр ?

Д.Б: Өөр үү, уншихаар зэхсэн өрөөстэй олон бүтээлүүд байвч цаг зав хомс үед санаа алдахаас өөрцгүй. Зав гаруут өрөөстэй номуудаасаа нимгэлдэг. 

И.Х: Уншиж буй номуудаа хаана хаана өрж тавьдаг вэ ?

Д.Б: (инээмсэглэв. сурв) Тухлан суудаг газар ихэвчлэн буйдан, онол судлал судалгаа шинжилгээний бүтээлүүдийг гэртээ хаана л сууна өрөөстэй багцаар нь чирээд явдаг, орны толгойдоо унших дуртай яруу найргийн болон төвлрөн уншиж буй номоо, уншсан номуудаа номын шүүгээндээ, хэтдээ уншина гэж бодсон шидээврүүдээ нөгөө өрөөнийхөө цонхны тавцан дээр эгнүүлээд өрчихдөг, яарсан үед эрж хайж олоход амар байдаг, зун бол уншиж байгаа номуудаа бүгдийг нь давхарлаад тагтан дээр, онгорхой цонхноос зайдуу өрчихдөг.

И.Х: Эрх үү ?

Д.Б: Юу ?

И.Х: Хэр эрх вэ ?

Д.Б: Эрх биш.

И.Х: Дуртай зүйл ?

Д.Б: Мэргэжлийнхээ бүх зүйлст дуртай. Ууланд алхах, тэнгэр ширтэх, ер байгалийн 
бүхнийг ширтэх дуртай.

И.Х: Дургүй зүйл ?

Д.Б: Бохир, хуурамч бүх зүйлд дургүй, худалч хулгайч бүдүүлэг хүмүүст дургүй.

И.Х: Хүндэтгэлийн тухайд ?

Д.Б: Эзэмшсэн ажил мэргэжилдээ гаргуун, үнэнч хүнийг хүндэтгэдэг. Ер нь хүний зайлшгүй эрхэмлэх ёстой зан чанаруудын нэг гэж хувьдаа боддог, бусдыг хүндэтгэж байж бусдад хүндлэгдэнэ, өнөө цагт их л ховордсон зан чанаруудын нэг болоод байна уу даа. Хүндэтгэл нь ихдэж хүндэдсэн хүмүүс бусдыг хүндлэх сэтгэлээ гээдэг болов уу ? энэ талаар өөрөө юу гэж боддог вэ ?

И.Х: Санал нэг байна, магадгүй л юм. Та цаас зажилдаг уу, би хааяа цаас зажлаад суучихдаг ?

Д.Б: Миний мэргэжлийн гол материал цаас, ажлын шаардлагаар цаасыг үнэрлэх, илэх, имрэх, нугалах, долоох, амтлах, зажлах, бүр залгих тохиолдол ч бий. Энэ бол миний хувьд хэвийн үзэгдэл.

И.Х: Гоо сайхны талаар ямар бодолтой явдаг вэ, гоо сайхан гэж юу юм бол ?

Д.Б: Үүрдийн хэр нь хуурмаг зүйл, хүний зүрх сэтгэлтэй л холбоотой. Сэтгэлдээ гоо сайхныг бүтээгээд зуурдын амьдралд гадаад байдлыг үл тоомсорлох нэгэн байхад, гадаад өнгө үзэмжинд хууртаад сэтгэлийг орхигдуулах нэг ч бий, хүн хүний нүдэнд тусч буй үзэгдэл бүхэн өөр өөр юм.

И.Х: Шинэ үзэсгэлэн төлөвлөж байна уу, хэзээ, хаана, ямар ?

Д.Б: Оны эхэнд шинэ үзэсгэлэнгээ дэлгэчихсэн шүү дээ. Бусдыг нь дэлгэхэд одоогоор арай эрт байна, ер нь төлөвлөсөн ажил бий бий.

И.Х: Та өглөө сэрээд хамгийн түрүүнд юу хийдэг вэ ?

Д.Б: Зүүдэлсэн бол зүүдээ төсөөлөн боддог, онцгой зүүдээ дэвтэр дээр тэмдэглэн буулгадаг, орныхоо толгойд шуналтайгаар давхарлаж өрсөн яруу найргийн номнуудаас нэгийг барьж гарчигладаг.

И.Х: Хавар намрын синдром гэж хүмүүс яриад байдаг энэ юутай холбоотой юм бол ?

Д.Б: Өөрийгөө удирдах чадамж юм болов уу. Шинжлэх ухаанч үүднээс тайлбарлавал хүний уураг тархин дахь хуримтлагдсан мэдээлэлтэй холбоотой юм гэнэ билээ, саяхан урланд нэг зураачтай ярьж суув, тэрбээр хэлэхдээ.. хүн нүдээрээ тодорхой зүйлсийг харж тархин дахь мэдээлэлд нэмэгдэн хуримтлагдаж байдаг учир хараа зүйгээр дамжиж хуримтлагдсан бүх мэдээллүүд тархинд тус тус өрөө үүсгээд хадгалагдчихдаг агаад заримдаа хүн юу ч бодоогүй байхад бодлоо сонсох, эсвээс хэзээ хойно гэнэт эсрэг сөрөг мэдээллүүд биднээс энерги болон ялгарч зан авир болон илэрдэг байх нь, тэр энергүүд бидний дархлааны давхаргыг бүрдүүлж гадны элдэв нөлөөллөөс хамгаалж эсрэгцэж байдаг бөгөөд хүн болгонд өөрийгөө хамгаалах далд зөн, нууц совин байдгийн учир тэр юм гэнэ, синдромтох үгүй нь юу үзэж харахаас хамаардаг гэсэн үг, энэ яриа болсны дараа амьдрал дээрх бүх зүйл сонирхолтой ч юм шиг, сонирхолгүй ч юм шиг санагдаад явчихсан.

И.Х: Ярилцах боломж олгосон танд баярлалаа.


Д.Баярцэцэгийн үзэсгэлэнгийн зарим зургаас..