Thursday, 18 December 2014

Маамхүү ахыгаа дурсахуй


                                       Миний өвөө Н.Дагва Г.Маамхүү ах хоёр


Үүлгүй цэлмэг тэнгэрээс мөсөн талст бударсан өдөр, духны голыг нэвт өрөмдөх наран дор тэнгэр ширтэн зогсоод....


хов хоосон гэдэг, 
энэ ертөнц гэдэг, 
уулс гэдэг, 
үүлс гэдэг, 
шувууд гэдэг, 
салхи гэдэг, 
гариг эрхис гэдэг, 
хувь тавилан гэдэг, 
үхэл гэдэг, 
амьдрал гэдэг, 
НАР гэдэг.... 


Өдөр шөнө ээлжлэх энэхэн дэлхийд хүмүүс хаанаас ирээд хаашаа буцдаг тухай эгэрцүүлсээр хэсэг үүргэлтэж зогсов.

Маамхүү ах Баянхонгор аймгийн уугуул, аавын минь ээж эмээгийн дүү нь, зураг дээрх хөдсөн хурган дээлтэй, тоорцог толгойдоо далийлган өмссөн дэлдэн бор жаал. Эмээ ээжийн минь гэр бүлийн түүх ер нь л их ээдрээтэй толгой эргэм, үлгэрийн ч юм шиг хачин жигтэй үйл явдал их тохиосон байдаг, ой муутай над шиг хүн тийм ч амар тогтоохгүй ээ, хичнээн олон удаа асууж шалгаадаг гэж санана, харин эмээ ой сайтай ухаан маш саруул хүн учир бүхнийг эхнээс нь унтууцалгүй цааргалалгүй давтаад ахин дахин ахин дахин бидэнд ярьж өгдөг. Ингэж ярьж өгсний ачаар л аав минь угийн гарвал бичигээ хөтлөн аав ээж эмээ өвөө ах дүүсийнхээ нэрийг тун сайхан схемлээд бичиж авсан юм. Эмээгийн ах Гончигдорж гэж сайхан буурай байж билээ, ер нь эмээгийн талынхан их өндөр насалдаг хүмүүс л дээ, хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд аав ээжийг нь буудан хороож бүх хөрөнгийг нь хурааж, эмээг лам хүнд өргүүлсэн юм гэдэг. Харин эмээ цэрэгт мордож улсын хүн амын бүртгэл болоход том ах Гончигдорж нь дүү нараа өөрийн нэрээр овоглуулсан түүхтэй, тухайн үеийн Монгол Улсын Төв Архивын Захирал, Монгол Кино Үйлдвэрийг үүсгэн байгуулалцсан, анхны даргаар нь ажиллаж байсан ба Хятад, Орос өөр хичнээн ч хэлээр юм гаргуун сайн ярьдаг Монгол судлаач, эрдэмтэн, жинхэнэ сэхээтэн хүн байж билээ /гэргий нь өдгөө амьд сэрүүн 90 гаран настай жижигхээн турьхан эмээ бий/. Хөдөөний бор дүүгээ тэр үеийн жүжигчид, найруулагчдад ер нь л Монгол Кино үйлдвэрт даатгаад орхичихсон, тэндээс л Маамхүү ахын маань амьдралын зам мөр тодорч тэрбээр олон ч кино, театрын тайз дэлгэцэнд дүр нь мөнхрөн үлдэж, эргээд мянга мянгаар тоологдох Монголын олон нэртэй жүжигчдийг сурган хүмүүжүүлсэн, найруулагч хүн билээ.

Аав ээж хоёрыгоо дагаад жил бүр цагаан сараар очиж золгохдоо хачин дуу цөөтэй намдуухан зөөлөн зантай Маам ахыгаа хараад дотроо их л бишрэн байж ширтэн суудаг байж билээ, аав тэр хоёрын яриа үл сонстоно.


2005 оны хавар ангийн найзтайгаа хамтарч ЧИНГИС АРТ Галерей-д үзэсгэлэн гаргахад үзэсгэлэн нээж үг хэлэх хүн олддоггүй, Маамхүү ах ирчихсэн байгааг хараад учиргүй баярлан: -алив та нэг үзэсгэлэн нээгээд хэдэн үг хэлээд өг гэхэд, -Би юугаа хэлж ярина аа энэ чинь одоо, за за гээд намайг их л өрөвдсөн харцаар ширтээд хав халуун, урт урт, үлгэр шиг өгүүлбэрүүд урсгаж, тийн ярьсандаа хүүхэд шиг догдолчихсон өөдөөс ирээд духан дээр зөөлөн үнэрлэж амжилт аз хийморийг ерөөж билээ. 2014 оны цагаан сараар очиж золгохдоо өвөөтэй минь хамт авхуулсан зурагны талаар болон өвөөгийн тухай мэддэг бүх түүхээ ярьж өгөхийг хүсэхэд  тэрээр: -тэгээрэй миний хүү, хоёул дараа тухтай сайхан хууч хөөрч суух зуураа ах нь ярьж өгнө өө гэж билээ. 

Би гэдэг хүн хөөрөөд л баярлаад л....төд удалгүй Монгол улсын гавъяат хэмээх цол тэмдгээр шагнуулсан дуулдав, ГАВЪЯАТ-ын цол тэмдгийг нь мялаах ямар нэг бүтээл дурсгахаар бодов. Тухайн үед дөнгөж дуусаад байсан цоо шинэ, зураасан зургийн нэг бүтээлээ жаазлаад бариад очихдоо л сая Маамхүү ахынхаа хийж бүтээсэн бүхнийг 20, 30-аад хормын богино баримтат кинон дээрээс үзээд бахархаж Монголын үе үеийн олон алдартай хүмүүсийг төрүүлсэн нь тэд бүгд хуран цугласан байгааг хараад өөртөө оройжин Үлгэрийн киноны охин шиг санагдаж билээ. 


-Тантай тухтай ярьж суух зав ер гарахгүй юм, та ч завгүй би ч завгүй хүн юм аа хэмээн инээлдээд хамтдаа зургаа авхуулан удахгүй уулзаж жинхэнэ түүх яриулах болоод бодоод л бодоод л яваад байв. Амьхандаа камер барьж очоод бичлэг хийх санаатай бэлдээд байсан боловч өмнөө бэлдсэн бүтээл болон үзэсгэлэнгүүддээ шаналсаар цаг хугацаа ниссэн сум шиг өнгөрч түүнийг дагаад ах минь амьд домгоо аваад энэ ертөнцийг орхисон байна. 


Юу ч гэхэв дээ. Үнэхээр дуудах, бодох үг ч алга.
Урд шөнөжин нэгэн нийтлэл сийрүүлэн өглөөний зургаан цагийн алдад өрийн эрхгүй ядраад хэсэг зуур нойр авахаар хэвттэл нам унтаж орхиж, гэнэтхэн дуудсан дүүгийн түгшингүй сандрангуй хоолойноос сэрэхдээ аянганд ниргүүлэх шиг л болов. 


Маамхүү ахын гэргийг дурдахгүй өнгрөхийн аргагүй, хүн хэдийд гэгээрдэг, яагаад гэгээрдэг түүнчлэн зайлшгүй тохиолдсон үед хүн сэтгэлээ хэрхэн өв тэгш чанд хатуу барьдаг хийгээд Шинэхүү эгчийн хаттай байгаа байдал намайг гайхшруулж мөн хязгааргүй ихээр гуниглуулан, гуниглан сууж байна.
Хийсэн бүтээсэн бүхэн тань хойч үед үүрд дуурсагдан үлдэж, амьд домог бүхэн тань амьдралд шингэж, гэрэлт дэлхийд Монголоо гэсэн сэтгэл есөн үеийн наран зүг гийсээр байх болно зээ.




Хүндэтгэн гүнээ мэхийн ёсолсон,
Дашдондовын Баярцэцэг

2014.12.18


Улаанбаатар хот
МОНГОЛ УЛС.


No comments:

Post a Comment