Saturday, 24 January 2015

Түлхүүр


Түлхүүр


| зүүднээс ирсэн үгүүлэл |

            Түлхүүрээ хэрэв мартсан бол, буруу түлхүүр байсан болж гэмээнэ гадаа гайхшраа барж зогсох байсан даа хэмээсэн совинт бодол зурсхийн хуруун дээрх бэхийн толбоос цэцэг ч юм уу навч, мөчир ургах үед зураачийн төсөөлөлд үлдэх ухамсарын нүдийг олж дээ хэмээсэн амаргүй бодлын дунд эргэлдсээр....

~Зүүд~

      Аманд орсон бүхэн эргэн гарахдаа үсэг болон хувирч байх агаад үсэг бүр нь тодхон харагдана. Ярихад л амнаас үсэг ниснэ гэдэг.... тэдгээр үсгүүдийг танил зураач эмэгтэйн өмнө гаргаж үзүүлэхэд учиргүй гайхаж бас баярлахдаа нүд нь гялалзан үсэг бүрийг ширтэн дуу алдах аж. Би яг л шидтэн шиг амандаа чихэр зажлан бутлаад л, бутарсан үйрмэг бүр үсэг болж биежих юм. Зүүдэнд үсгээ тогтоосон атлаа өөр бодолд түүртээд яг бичиж авах мөчид умартаж орхилоо гэнэ.


      Морьны жүчээ, малын хашаа, хөдөө нутаг.... яг хаана, аль нутаг, энэ хэнийх вэ? Тодорхойгүй, ойлгомжгүй зүүдэн бодлын үнэрт бодолд бодол болон суух зуур хэдийн зүүдний орноос урландаа сэрээд нүдээ зөөлөн нээн олж харсан сэтгэлийн дүрс бүхэн тольдогдон буй эрх чөлөөний таашаалаар угтсан тайвшрал, өег өдөр. Өнөөдөр чинь, битүүний өдөр шүү дээ. Аяга халуун ус уугаад гэрийн зүг яаран алхлаа. Өндөр байшингуудын завсраар нар гэрэлтэн, үе үе таарах сүүдэрт алхах мөчид нарны илчийг үгүйлж буйгаа мэдэрч.... Яг юу бодож байлаа даа байз. Ер нь гудамжаар алхахад харагдсан бүхэн үргэлжилсэн өгүүлбэр болон үргэлжилсээр өгүүлэгчийн санаанаас тэс өөр утга бүхий асуулт болон хувирах, яг ямар асуулт асуулаа даа байз, гудамнууд нийлж хот үүсдэг шиг машин зам дагуу явган хүний замаар алхаж явах үес нарлуу хараад асуултаа тавихад нар толгой дохиж мөрөө хавчлаа.

   Тэнгэрийн хаяанаа үүлэн зам татаж ирснээ гэнэтхэн тэнгэрээс гэрэл татуулсан бурхан хажуугаар шуртхийн салхи татуулан одох зүг нь тодорхой үзэгдсэн хэдүй ч аргаггүй хурдан, тийн үзэгдэл болж өнгөрсний дараа сая нэг юм ухаан орж Лхам Бурхан биз ээ хэмээн танимхайрав. Ямар ч байсан хүнийх нь бүртгэлд тоологдсон л юм байна. Нар буухаас, харуй бүрий нөмрөхөөс өмнө гэртээ амжиж хүрэх нь үү үгүй юу, юутай ч алхааны хурдаа нэмж гэхдээ нэгэн жигд хэмээр, яарсаар, зүүдээ бодсоор бодсон бодлоо эргэн тунгаахуйд үлдсэн бодол ердөө л энэ. Уг нь урлангаасаа гараад алхах үед хичнээн сайхан эхэллээ дээ. Ээ энэ мартагдсан бүхий л өгүүлбэр үү, бурхадын бясалгал ч юм бил үү, салхи зулайг илбэн хацар дээр үнэрлэх үест дуусгаагүй номоо зохиолч санаж байх хэрэгтэй, эхнээс нь дахин нэг эхлэхээс дээ, хэдий тайлбар нь тийм гайхалтай сайн биш ч гэлээ.

     Тийм ч их зүйл өөрчлөгдөөгүй ажээ энэ дэлхийд бүх зүйл хэвээрээ, хэв хэвээрээ л юм шиг уулс сүндэрлэн, салхи салхилан, нар хэвийж, сар үе үе улалзан, үүлс л харин тэнгэрийн өнгөтэй хоршоод сонирхолтой. Өнөөдрийн, битүүний үүлсийг харсан хүн бол яав ч хачирхахгүй, харцаа салгахгүй байхын аргаггүй, ийм алт шиг өнгийн  тийм нарийн зураасаар урласан шиг, уран тансаг хийц бүхий өнөөх зүүдний судрын хуудас, хуудас нь гэрэлтэн тув тунгалаг байх үе тийм ч олон тохиолддоггүй тохиолдол тохиох тохиолдол тохиолдсонд л.... гол нь зүүдэнд болсон, олж харсан бүхэн, мөч бүрийн дараах сэтгэгдэл төсөөллийн гүнд нэвчсэн дараалалгүй хуудас билээ. 

      Дараалалгүй хуудсаа сөхөх бүрт гайхамшигтай, алгуурхан дэлгэгдэх тавилан. Сонгосон тавиландаа үлдсэн ертөнтөцөд мартагдсан өгүүлбэрүүд мянга мянган жилээр өгүүлэх домог, домог нь зүүд, зүүд нь туурвил, бүтээл, амьдрал, төсөөлөл, мөрөөдөл, дурлал болтлоо хувирах амирлангуй бодолдоо ганцаардлаа үргэлжлүүлсээр нэг л мэдэхэд гэрийнхээ гадаа ирж, зуршил ёсоор тэнгэр ширтэхдээ талархах сэтгэлээ харцаараа илгээн инээмсэглээд шилэн хаалганы хажуугийн нууц гэгдэх ч ил харагдах дөрвөн оронтой товчлуурууд дээр дарлаа.



2014.I.30-31
05:47
Улаанбаатар хот
МОНГОЛ УЛС.

No comments:

Post a Comment