ҮНДЭСНИЙ ШУУДАН
The National Post ҮНДЭСНИЙ ӨДӨР ТУТМЫН СОНИН 2016 оны 04 сарын 26.
Мягмар гараг. №083 | И-мэил: undesniishuudan@yahoo.com | www.undesniishuudan.mn Факс: +976-11-354631 Үнэ 500 төгрөг
УРЛАГ 9-р нүүр
![]() |
| Д.Баярцэцэг 2016 он. |
Сэтгүүлч Д.Пүрэвсүрэн: Годо буюу уран бүтээлч Д.Баярцэцэгтэй ярилцлаа.
-Кафкагийн “Шүүх ажиллагаа”-г уншиж дуусахаас айдаг гэсэн (сэтгүүлч Д.Оюунномингийн “Гоодаль” сэтгүүлд нийтэлсэн “Абсурд ба абсурд бус” ярилцлага) байсан. Дууссан уу?
-Ф.Кафка Улаанбаатарт хүчтэй давалгаалж буйд би хувьдаа баяртай байна. “Шүүх ажиллагаа”-г уншиж дуусахаас “айдаг” тухай, уншиж дууссан эсэхийг бараг сэтгүүлч бүр ярилцлагынхаа өмнө асуудаг учир жаахан дэлгэрүүлж яриад энэ асуултад үүрд цэг тавих минь.
Хятадын урлагийн академид мастер, бакалаврын уран зургийн ангийн оюутнуудад ОРЧИН ЦАГИЙН УРЛАГ-ийн тухай Америкт төгссөн Хятад багш бүтэн сар лекц оров оо. Хичээл ч өндөрлөж бидний даалгавар, бүтээлүүдийг шалгахад манай ангийн хүү Ф.Кафкагаар туршиц \experimental\ богино хэмжээний кино бүтээсэн байв. Мань хүн Кафкад автчихаад хичээл дээр байнга номоо чирээд ирнэ, амрах зав зайгаараа уншаад л..., харин би Кафкаг тэр үед уншаагүй, монгол хэл дээр орчуулагдаагүй байсан үе, ангийнхаа хүүхдийн бүтээсэн “Кафка” хэмээх киног үзээд айдас төрсөн. Намайг гадаад оюутан болохоор бүгд их сайн хандана аа. Кафкагийн талаар ангийн хүүхэд маань өөрийнхөө ойлголтыг ярьж, үнэн голоосоо шаналж, бас биширсэн тухай хуучилж, ер байнга л уран зохиол, философи, сонгодог урлаг, амьдралын мөн чанарын тухай ярьдаг, маш сайн зурдаг мундаг хүү байж билээ. 2004 онд Жэрэми Аиронс гол дүрд тоглосон, Стивэн Содэрбэргийн бүтээл “Кафка” бүрэн хэмжээний уран сайхны киног үзээд мөн л үхтлээ айж шаналж үзсэн, маш сайн бүтээл болсон байсан. 2007 онд Ц.Сүхбаатарын орчуулгаар “Шүүх ажиллагаа”-г анх уншсан. Эх хэлээрээ танилцахаас өмнө хоёр ч кино түрүүлээд үзчихсэн, ангийнхаа хүүхдээс хятадаар баахан лекц сонссон байсан тул уншаад үнэндээ юу ч, бүр юу ч ойлгоогүй: би юу уншаад байна аа! гэж бодсон. Нэг өдөр халгаж халгаж Ф.Кафкагийн хөргийг бэхээр муутуун дээр бүтээсэн маань тун санаандгүй маш амжилттай болсон бөгөөд энэ хөргөө хэнд ч өгөхгүй, зарахгүй хэмээн өөртөө андгайлав. 2012 оны хавар гурван долоо хоног эмнэлэгт хэвтэв ээ. Ф.Кафкатай маш адилхан, эсвээс миний бүтээлтэй усны дусал шиг ижилхэн төрхтэй хасаг \казах\ залуу тус эмнэлэгт хамт хэвтэн эмчлүүлж байв. Нүдэндээ ч итгэхгүй, бүүр гайхаад:
-Өөрөө Франц Кафка гэдэг зохиолч мэдэх үү?
-Мэдэхгүй.
Зурсан хөргөө гар утсан дээрээ гаргаж үзүүлээд:
-Энэ!
-Танихгүй.
| [c] Д.Баярцэцэг "ФРАНЦ КАФКА" 30х60 муутуу, бэх, зотон 2007. |
Ф.Кафкагийн “Шүүх ажиллагаа”-г дахин уншихад маш хүнд байсаан. Арай ядан уншиж дуусаад удаагүй байтал өнгөрсөн жил зохиолч, яруу найрагч, орчуулагч О.Чинбаяр ах “Шүүх ажиллагаа”-г орчуулж буй хэмээгээд номын зураг асууж билээ. Эл хөрөг О.Чинбаяр ахын Кафкагийн номын шилд тавигдсан бол, орчуулагч П.Туяа эгчийн Кафкагийн “Хонгилд” өгүүллэгийн түүврийн хавтасны нүүрийг чимсэн. Ерөөс Ф.Кафка бид хоёр үйлийн үртэй юм шиг холбоотой байдаг нь бид нэг өдөр төрсөнтэй холбоотой юу, миний зурсан хөрөг үү, шүлэг үү, өнөөх хоёр адын кино юу, мэдэхгүй. Дашрамд: Ф.Кафка бид хоёр нэг өдөр төрсөн бол, бидний төрсөн өдөр “Д Доорс” хамтлагийн дуучин Жим Моррисон тэнгэр болсон юм билээ. О.Чинбаяр ахын орчуулгыг одоо болтол уншиж амжаагүй. Тэгэхээр би “Шүүх ажиллагааг” уншиж дуусаагүй байна гэсэн үг үү, дуусдаггүй аймаар байгаа биз, гоё ч юм уу.
-Одоо ямар ном уншиж байна вэ?
-Эртний урлагийн түүх, археологи, түүх, судалгааны бүтээлүүд уншиж байгаа. Уншихаасаа бодох нь их дээ.
-Ер нь таны унших арга барил ямар вэ. Номуудыг зэрэг унших, зарим уншсан номоо байнга эргэж харах, тухайн үеийн нөхцөл байдлаас унших сонголтоо хийх гэх мэт?
-Шинээр гарч буй уран зохиолын номуудыг тухайн цагт нь авч уншихыг хичээдэг. Байнга сөхөж хардаг ширээний ном бий, Ц.Дамдинсүрэн абугайн “Монгол үсгийн дүрмийн толь” болон бусад толь бичгүүд. Хааяа өөрийн болон бусад яруу найрагчдын шүлгийн түүвэр унших дуртай. Унших арга барил гээд сүйд зүйл үгүй дээ, өөрийгөө ажаад байх нь номыг цоохорлож, гарчиг хөөж унших гээд байдаг болсон, олон ном зэрэг эхэлдэгтэй холбоотой байх.
-Та уран бүтээлчийн хувьд ч, хувь хүнийхээ хувиар ч хэрхэн амьдрах, юу хийхээ мэдэхгүй зогсолтод орох үе байсан уу?
-Юу хийхээ мэдэхгүй зогсолтод орох үе үгүй ээ, харин хэрхэн амьдрах талаар нухацтай бодож буй. Мөнгө төгрөг, ажил алба, ар гэрийн амьдрал, бүтээл зохиолоо зохицуулах цагийн талаар бодох үед хэцүүхэн л санагддаг.
-Амьдралын чиг шугамын тухайд энэ зөв гэсэн баримжаагаа хэдийд олсон бэ. Юу тусалсан бэ?
-Амьдралд үнэнч, шударга хандаж, урлагт чин сэтгэл, буй бүхнээ зориулж өөрийгөө нээнэ гэдэг бүтээл туурвил.
-Шашны тухайд та ямар бодолтой байдаг вэ. Таны үзэл санаанд хэр нөлөөлсөн бэ?
-Би шашин шүтдэг гэр бүлд өсч хүмүүжээгүй ч шашны тухай домог, үлгэр, түүх, зохиол, судалгааны бүтээлүүд унших дуртай. Буддын болон бусад шашны сүм хийдүүдээр аялах зочлох ч дуртай. Ихэнхдээ сүм хийдийн хана, адар, дээвэр, туурганы баримал зураг чимэглэл гээд бүгдийг урлаг талаас нь харж биширдэг. Эрт цагийн монгол хийцийн буддын сүмүүд үнэхээр шүтэхгүй байхын аргагүй бүтээгдсэн байдаг бол Түрэгийн түрүү үеийн болон Гандара хийцийн буддын баримлууд дэлхийн урлагт “Дорнын сонгодог эрин” гэгдэх ур хийцтэй гайхамшигтай өв соёл. Оюутан байхад олон сайхан газраар аялж, ангайж алмайрч явсан минь буддын соёлыг бишрэх сэтгэл төрүүлсэн болов уу. Аливаа шашны гүн ухаан урлагийн бүтээлд болон үзэл санаанд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг, хэт автахгүй байхыг хичээдэг. Учир нь хуулбарлах сэтгэлгээ автахаас үүдэлтэй. Энэтхэгийн философич С.Радхакришнан хэлэхдээ: “Хэрвээ нийгэм өөрийнхөө оюун санааны ололтуудад итгэхээ болих юм бол, чиг баримжаагаа ч, жолоодлогоо ч алдана” хэмээсэн байдаг. Энэ бол үргэлж шинээр нээх, хөгжүүлэх, төгс төгөлдөрт тэмүүлэх санаа, тиймээс өөрийн үндэстний урт удаан хугацааны туршид бүтээсэн, хадгалагдаж үлдсэн өв соёлоо судалж хөгжүүлэх, цаашлаад шинэ үзэл санаагаар төлөвшүүлэн авч явахыг хичээх нь монгол үндэстэн хүн бүрийн бодох ёстой асуудал.
“Туйлын” гэх үзэл үгүй боловч надад хамгийн ихээр нөлөөлсөн философич бол Нагаржунай. Тэнгэр, нар, сар, гараг ертөнц, оршихуй, бурхан, шашин зэрэг ойлголтыг оргүй хоосон болгосон хүн дээ. Хэрэв Нагаржунайн онолыг дагаад эхэлбэл юун “би” оршин байх. Өөрийн “би” үгүй бол бүх зүйл хоосон.
-Танд өнгөрсөн хугацаанд хамгийн хүнд бэрх үе хэзээ, юу байсан бэ?
-Мэдэхгүй. Гэхдээ өвдөх болон гэдэс өлсөхөөр яасан хэцүү юм бэ гэж боддог. Өлссөн, зовсон, өвдсөн хүмүүсийг харах хэцүү. Өлсөж ядарч зовж үзээгүй ард түмэн үүнийг ойлгохгүй биз ээ. Нэг нууцаа дэлгэчих үү. Мастер хамгаалахын өмнөх хэдэн сар мөнгө дуусаад, өлсгөлөн байдалтайгаар хүндхэн цаг хугацааг давж туулсан, надад ус будаа хоёр л байсан. Яг тэр үед бичсэн миний нэг богино өгүүллэг бий, олон жил хав дарчихаад саяхан новшоо ухаж байгаад гаргаж ирж уншихад амттай байсан шүү. Өгүүллэгийн нэр “Өлсгөлөнгийн өдрүүд”, хаа нэгтээ нийтэлж хэвлүүлээгүй ээ.
-“Амаа хамхиж сурсан цагт хүн жинхэнээсээ амьдарч эхэлдэг” гэдэг үгийг та иш татжээ. Та одоо өөрөө өөртөө хэр сэтгэл хангалуун байна вэ?
-Латин зүйр үг. Грек нь бас л бодмоор: “Зоогийн ширээний ард амаа хамхиж бай”. Өөрөөр хэлбэл оюун санаандаа ч тэр, хоол идэж байхдаа бүү чалч, гэсэн үг. Хоол идэхдээ би юу ч боддоггүй болсон. Амаараа дүүрэн хоол чихчихээд хүний өөдөөс яриад байдаг хүнд дургүй. Миний аав их дуугүй намуухан хүн. Тэр нь надад нөлөөлсөн байх ёстой. Гэтэл сэтгүүлчид асуулт асууна, найз нөхөдтэйгөө ярина, оюутнууддаа номлоно, би ярьсаар л.... шүлэг, зохиол ч мөн нэг төрлийн яриа шүү дээ. Худлаа бурж, дэмий чалчихгүй, хэр хэмжээгээ мэддэг бол болох нь тэр.
-Мөн та дээрх ярилцлагын “өөрийгөө бүтээж байна уу, олох гэж эрэл хайгуул хийж байна уу” гэсэн асуултад “гээх гэж” хэмээн хариулжээ. Яагаад?
-Өөрийгөө гээнэ гэдэг олохтой ижил. Бурангуй үзэлдээ итгэчихээд түүнтэйгээ үхширтэл зууралдаад байдаг хүн хөгждөггүй, өөрөөс хэрэггүй зүйлээ гээж, шинэ бүхнийг өөриймшүүлж байх, гэхдээ даган дууриахгүй гэсэн санаа.
-“Уран бүтээл эхлэх цэг гэж байдаг” гэж зураач Ж.Мөнхцэцэг хэлж байсан. Та зураач, яруу найрагч, урлаг судлаач хүн. Таны зураачийн, яруу найрагчийн, урлаг судлаачийн эхлэх цэг юу байсан бэ?
-Ямар хэцүү асуулт вээ, бараг амьдралын түүхээ ярих нь байна шүү дээ. Товчхондоо бол, цаг хугацаа бүхнийг шүүх байх. Миний бүтээсэн бүхэн эхэлсэн цэг хэмээн санаваас үхэхийнхээ өмнө энэ асуултыг дахин нэг бодож үзнэ ээ. (инээв) Тэр болтол зураг, яруу найраг, судалгаа маань хаа хүрсэн байхыг хэн мэдэхэв. Төрсөн од байдаг бол тэр нь эхэлсэн цэг байж магад.
-Урлаг таныг хэрхэн өөрчилсөн бэ. Хүн бүрт байдаг нандин чанар (ихэнх хүмүүс түүнийг алддаг гэж боддог)-аа алдаж буйг мэдэрдэг үү, эсвэл урлагаар амьдарч буй учир төрөлх мөн чанараа хадгалж байгаа юу?
-Түүхээс харахад урлаг соёл өндөр хөгжихийн хэрээр хүний ёс суртахуунд өөрчлөлт гарсан байдаг. Жишээ нь: хүн сэтгэлээ илчлэн байхад, бүтээлээ тайлбарлан таниулж байхад, үзэл бодлоо илэрхийлэн туурвиж байхад өөдөөс нь ард нийтээрээ хамраа ухаад, шүлсээ нулимаад, бохь зажлаад суух нь хэр зохистой вэ гэдэг ч юм уу, сайн баримал гудманд байршуулаад тавихад өшигчих, дээр нь эрээчих эвдэх гэдэг ч юм уу, Японы ард түмэн дэлхийн бүх улс үндэстний зоосон мөнгийг хайлж хонх цутгаад Монгол Улсад бэлэглэж түүнийг талбайн цэцэрлэгт хүрээлэнд байршуулсан, гэтэл бид хэрхэн хадгалж байна вэ, тэр бол энх тайван, амгалан энхийн бэлгэ тэмдэг шүү дээ ч гэдэг юм уу, бодмоор зүйлс их бий. Нандин чанараа гээгээгүй хүн, урлагийн хүмүүн болон урлагийг хайрладаг ард түмэн л урлагийн түүхэнд үлддэг.
-Саяхан болсон контемпорари урлагийн тухай хэлэлцүүлэг дээр та “Урлагийг хэн егүүтгэсэн бэ [Who kill the ART]” гэдэг асуултыг нийтэд тавьсан. Ямар өнцгөөс та энэ асуултыг тавихад хүрсэн бэ. Жишээ нь “Урлагт дүр эсгэгчид олширсноос уу, эсвэл урлаг судлал байхгүй байгаагаас болоод уу” гэх мэтээр надад бодогдсон. Мэдээж энэ бол ганц асуултын дор бүрэн хариулагдахгүй өргөн хүрээтэй сэдэв байх.
-Өнцгөөс өнцөгдөж асуугаагүй шүү. Хэлэлцүүлгийн сэдэв “Урлаг уу, солиорол уу” байсан. Сэдвийн хүрээнд хоёр өдөр хэлэлцэхдээ дэлхий нийтэд сөргүүлэн тавьж буй асуудал юм аа, тэрнээс яг асуулт бус. Урлаг асуудал дэвшүүлэхийг илүүд үздэг бөгөөд асуулт гарч ирэх бүрт “Урлаг гэж юу вэ” хэмээх эгдүү хүргэм асуултыг хэзээд асуусаар байдаг. Хариулт нь ч мөн адил хүн бүр өөр өөрийнхөөрөө тайлбарладаг. Тиймээс би дэлхийн улс орны, ер бүх хүмүүст, цаашлаад харь гарагийнханд хүртэл хамаатай байхаар асуудал дэвшүүлсэн ухаантай. Асуудлаас улбаалж аандаа гарч ирэх санаанууд, асуултууд урлагтай харьцах, урлагт хандах хэн бүхнийг өөрчилж, шинэ эриний урлагийн түүхэнд хувь хүн бүрийн хэлэлцэх, ярилцах сэдвийн хурц асуудал байсаар байх болно хэмээн тооцсон. Асуудал байхаар тооцно гэдэг хуучрахгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл “Урлагийг хэн егүүтгэсэн бэ” гэж хэн нэг хүн бүхэн өөрөөсөө асуулаа гэж бодъё. Эндээс нэн тэргүүнээ “Урлаг гэж юу вэ” хэмээх улигт асуултыг анх удаа өөрөөсөө, нухацтайгаар, зайлшгүй, дахин асуух учиртай болно оо доо. Манай дэлхий хэдэн хүн амтай билээ! Аандаа, хаа сайгүй, хэний янаагүй, жишээ нь: үзэгчид идэвхтэй болно, урлаг судлаачид, шүүмжлээчид ажлаа сайн хийнэ, бүтээгч туурвигчид дүр эсгэж суухын оронд амьдарч эхэлнэ, улс нийгмүүд хөдөлгөөнд орж, олон соёлын харилцаа жинхэнэ утгаар хөгжиж хүн төрөлхтөний бүтээсэн, бүтээж буй түүх ба урлагийн түүх сонирхолтойгоор үргэлжилнэ хэмээн миний урьдчилж харсан бодол. Дэлхийн урлагийн түүхийн сайн туршлагагүй бид уншаад, судлаад байж дээ.
Гэхдээ урлаг судлал бий! Манайд урлаг судлалын ангийг жил бүр олон олон оюутан төгсдөг ч төгсөөд ажлын байрны асуудал, хамрах хүрээ, орчин байхгүйгээс хөөрхий хүүхдүүдийн хувь тавилан сайн дурын, сайхан сэтгэлийн, бүр зарим нь даамжраад их мэдэгчид, туйлшрагчид болж хувирдаг. Монгол Улс урлаг судлаачдаа дэмжих бодлогоо өргөжүүлэх хэрэгтэй.

No comments:
Post a Comment