Бэртолуччигийн ДРИМЭРС киног анх үзэж дуусаад
зөндөө их уйлж билээ. Киноны төгсгөл надад маш их зүйлийг бодуулсан бөгөөд миний улс төрийн тухай үзэл бодлыг тэр чигт нь магад орвонгоор нь өөрчилсөн гавъяатай
хүн учир Италийн нэрт найруулагч Бэрнардо Бэртолуччид абугайд зориулж энэхүү
нийтлэлээ сийрүүлсү.
МӨРӨӨДӨГЧИД кино
хэдийгээр маш учир битүүлэг төгсдөг, постмодерн чиглэлийн хүүрнэлт зохиол
уншсан мэт сэтгэгдэл төрөх боловч битүү хар зөн дотор, совин татахдаа өчнөөн
уйлсан хэрэг. Мэдээж ийм тийм хэмээн нуршихаас илүүтэй үзэгч та эл киног өөрөө
үзэж тунгаасан нь дээр болов уу. Олон төрлийн үйл явдлууд дунд уншигч биш хүн бол
амархан төөрч будилхаар, олон олон гаргалгааг гаргаж ярилцан хэлцэж дүгнэж
болох атал кино дууссаны дараа жирийн л өдрүүд үргэлжилсээр байх вий. Үгүй дээ,
миний хувьд тийм байгаагүй.
Анхны бие даасан үзэсгэлэнгээ гаргахаар сэтгэл шулуудчихсан байсан үе. 2008 оны хавар, Болсон болоогүй натур эрээчиж суухаар, ойлгосон ойлгоогүй онолын лэкц сонсож суухаар эхлээд “өөрөөсөө эхэлье” хэмээсэн уриатайгаар, төд удалгүй магистрын диплом хамгаалах учир, тэгээд ч анхны бие даасан үзэсгэлэндээ бэлдэж байсан тул гадаад ертөнцөөс өөрийгөө тусгаарлах хэрэгтэй болсон юм. Уг нь манай академи хангалттай гадаад ертөнцөөс тусгаарлагдсан орчинд байдаг хэдий ч өөрт хангалттай санагдаагүй ч юм уу амьдралын өөр хэм өөр дэглэм рүү шилжсэн юм.
1. Өглөө эртлэн босч сонгодог хөгжим чанга яригчаараа байраар нэг орилуулна. Тэр үед сар бүр нэг хөгжмийн зохиолчын бүтээл сонсдог байв. Энэ хэв маяг надад юу өгсөн бэ гэвэл ерөнхийдөө өглөөний цай уухдаа хожим хэнийг сонсох вэ ямар цомгийг сонсвол дээр, ямар хөгжмийн бүтээл сонсох вэ гэдэг сонголтонд хүргэсэн. Тэр болтол олон ч зохиолчын хөгжим сонссон доо.
2. Өдөр бүтээлээ хийнэ. Бие даасан үзэсгэлэнгийн концэпци хар цагаан, гэхдээ контэмпорари зарчим дээр тулгуурласан бүтээлүүд байх. Хамгийн гол нь анхны үзэсгэлэн учир өөрийгөө хүмүүст харуулж таниулах тул хариуцлагатайн дээр мэргэжлийн түвшинд бүтээсэн байх ёстой. Яг энэ үед Бэрнардо Бэртолуччи абугайн бүтээлүүдтэй танилцсан юм. Би өөрийгөө маш зөв үед Бэртолуччитай танилцсан гэж боддог. Хэрэв жаахан эрт танилцсан бол залуу насны хөөрлөө дийлэхгүй байх асан, хэрэв жаахан оройтсон бол юуг ч тоохгүй байх байсан болов уу. Улс төрийн тухай үзэл бодол минь бэхжээгүй, олон улсын тухай байр суурь байхгүй, өөрийн бүтээл гэж нэрлэхээр дорвитой зүйл хийж бүтээгээгүй.. жирийн л нэг ноомой бор монгол охин. Зарим бүтээлчдэд зураачид нөлөөлсөн байдаг даа түүхэнд, харин надад кино урлаг маш их, гүн гүнзгий нөлөөлсөн.
3. Тогтмол унших, өдөр бүр унших нь амьдралын хэв маяг. Амралтаар эх орон руугаа буцахдаа яаж ийгээд хэдэн ном чирээд ирнэ. Түүнээс гадна хамгийн чухал нь сургуулийн номын сангийн доод давхарт кино зардаг байсан, 16:00 - 22:00 цаг хүртэл өдөр бүр. Болох болохгүй дэлхийн бүх киноны сан хөмрөг биш юм гэхэд гол төлөөлөгчдийг тэнд л зардаг байв. Магистр доктрын зэрэг хамгаалж буй оюутнууд багш нартай нэг танхимд үйлчлүүлэх эрхтэй. Өөрөөр хэлбэл бакалаврын оюутнууд үзэж харж судлах ном судар материал ондоо түвшинд, уншлагын танхим орчин ч өөр. Ингээд долоо хоногт гурван удаа номын сан тийш зүглэнэ. Номын санд дүнхүүртлээ суусан хүн тэр дүнхүүрлээрээ хэдэн кино худалдаж авсан биз. Оройд заавал нэг хоёр кино үзнэ, болвол гурван кино, гэвч миний рэкорд арав. Хүн хоногт хэдэн кино үзэж болох вэ ? хэмээсэн саваагүй асуулт өөртөө тавьж үзээд түүнийгээ зориуд туршиж үзсэн юм л даа, мэдээж гурав дөрөв арван цаг үргэлжилдэг киног энд дурдаагүй. Олон цаг үргэлжилдэг киног двд-ний багтаамжаас шалтгаалж хэд хэдэн цуврал болгоод хувааж бичсэн байдаг тэр журмаар үзэхгүй юу, тэгсэн нэг хоногт арваас арван хоёр кино үзэж болдог юм байна. Олон кино угсруулж үзэхийн сайн тал нэг их байхгүй дээ, учир нь чи ердөө л хөшөө болж хувирна гэж мэд. Хөшөө шиг амьдрахыг ямар амьдрал гэх вэ дээ. Мэдээж олон кино угсуулж үзэх гэж байгаа хүн бүх төрлийн бэлтгэлээ базаасан байх ёстой. Үүний нэгдүгээр асуудал хоол. Тэгээд мэдээж яг ямар кино үзэхээ багцаалдсан байх. Тэр үед сургуулийн ойр орчимд солонгос дүүрэг ид цэцэглэж байсан үе. Маш олон солонгосчууд амьдардаг дүүрэг манай сургуулийн л ойр орчимд байсан юм даг. Тиймээс захиалгын хоолны сонголт арвин хүргэлт үнэгүй амттай. Мэдээж үргэлж хоол захиалж идэж тансаглаж чадахгүй шүү дээ, ганц ч болов киногоо л худалдаж авахыг илүүд үзсэн хүн бол яаж ийгээд өөрөө хоолоо хийж идэх болно. Оюутны гуанзны хоол ч муугүй л дээ тэгээд ч хямдхан, гэхдээ л өөрийн хийсэн хоолыг яаж гүйцэхэв. Кино руугаа эргээд орьё.
Бага байхад аав ээж дүү бид дөрөв буйдан дээр зэрэгцэж суугаад кино үздэг байв. Хамгийн уйланхай нь ээж, байсгээд л нулимсаа арчиж суугаа харагддагсан. Аав шоолонгуй бас өрөвдөнгүйгээр ээж рүү харж инээмсэглэх бүрд өөрийнх нь нүдэнд бас нулимс цийсэн байгааг хараад ганцаараа тэнэг хүн шиг инээж хөхөрдөг байлаа, энэ нь мэдээж уйлахгүйн тулд зориуд инээх. Дүү минь сүүтийгээд сууж л байна жаахан хүүхэд тэр бүрийг ойлгох биш, юугаа мэдэхэв. Тэгээд дотроо боддог байлаа, за яаж ч байсан кино үзээд ээж шиг уйлахгүй юм шүү. (хи хи гэж инээв)
Б.Бэртолуччигийн Дримэрс буюу Мөрөөдөгчид
киног үзэж дуусаад яагаад тийм их шаналснаа, асгартал уйлснаа нэг л сайн
ойлгосонгүй. Дахиад үзэв, улам их шаналж улам их уйлав. Хоёр хоног тувт ДАЙН
БАЙЛДААН зүүдлэв. Дахиад үзэв. Дахиад л уйлж байна аа өнөөх чинь. Тэгээд
төгсгөлийн хэсгийг үзээд зүүдэлсэн зүүдээ бодоод бодлоо л доо тэр хоёр үнэхээр үхчихлээ
гэж үү, энэ киног үзээд би яагаад дайн зүүдлэв, эндээс л гаргалгаа эхэлсэн юм.
Хэрэндээ ихэд шаналж сүүлдээ бүтээл рүүгээ орж чадахаа байж бүр юу ч хийж
чадахаа болив. Ингээд ангидаа очиж хамт сурч байсан хоёр найзаасаа асуув:
-манай сургууль, бидний оюутны байр буй газар хуучин юу байсан бэ, юу болж
байсан юм бол ? миний зүүд нойр эвгүйтээд.. гэхэд аан хувьсгалын үед маш их
зүйл болж байсан газар гэдэг юм ерөнхийдөө хотын төвөөс зайдуу ялтныг буудаж
хороох ялыг гүйцэтгэж байсан газар гэдэг, их түүхтэй газар даа. Тиэн Ань Мэний
талбайд гарсан бослогын тухай чи мэдээж харж сонсоо байлгүй, тэр бослогод манай
сургууль идэвх санаачлагатай ажиллаж тэр үеийн бүх уриа лоозонгийн үгийг бичиж
гарт барих лоозон самбарыг хийж жагсаал цуглааныг гардан зохион байгуулсан юм
билээ, тэгээд хэзээ хойно улсаас сургуульд газар өгөхдөө энэ газрыг хувиарласан
юм гэнэ, гэх нь тэр. Тиэн Ань Мэний талбай дээр гарсан оюутнуудын бослогын манлайлалд
өдгөө манай сургуулийн багш нар тухайн үедээ оюутан байсан хүмүүс нийлж жагсаж
байсан гэдэг. 1989 онд Урлагийн төв академи, Чинхуагийн их сургууль гэх мэт
сургуулийн бүлэг оюутнуудын үйл ажиллагаа. Энэ бослогыг ямар нэг удирдсан нам
эвсэл улс төрийн нөлөөлөл үгүй хэмээн түүхэнд тодорхойлдог бөгөөд жагсах хэв
маяг уриа лоозонгоо хүртэл коммунизмаас өөр байлгах юм шүү хэмээн зүтгэсэн юм
билээ. Харин Монгол Улсад яг энэ үед ардчилал гарч ирж байсан. Бээжинд оюутнууд
гудамжинд жагсаж байсан бол өдгөө ихэнх нь нэртэй том зураач эрдэмтэн багш
болжээ. Манайд жагссан бүгд улс төрчид эдийн засагчид болж бүгдээрээ авилгал
хээл хахуулийн үрийг тарьсан байна. Үнэнийг хэлсэнд уучлаарай.
Хамгийн гол нь дэлхийн зүүн хэсэгт болж буй үйл явдлууд улс төрийн эргэлтүүд Итали найруулагчийн чихийг дэлсээд авч чингээд энэхүү байдлыг бүтээлээрээ дэмжиж тэрбээр кинондоо үзэл санаагаа тусгасан нь 2003 онд бүтээсэн түүний DREAMERS кино. Дримэрс бол түүний бүтээлүүдээс яалт ч үгүй уламжлал шинэчлэлийн зааг дээрээс үсрэн гарч ирсэн, түүний хувьд магад эрс шинэчлэл болсон кино гэж дүгнэж болохоор. Түүний бүтээлүүдийг он цагийн дараалалаар жагсааж үзсэний хувьд хувьдаа ийн дүгнэж байгаа юм. Хар цагаан хуучны киног санагдуулах ихэнхдээ улс төр нийгмийн үнэн төрхийг сэтгэлгээний далд хүүрнэл маягаар илэрхийлэх Бэртолуччигийн бүтээлүүдэд цоо шинэ ӨНГӨ цоо шинэ ТӨРХ цоо шинэ ДҮР шив шинэ ЦАГ ХУГАЦАА тодрон гарч ирсэн нь дэлхийг шуугиулсан үйл явдал болж энэ кино төд удалгүй хятадад маш өндөр үнэлгээ авч залуучуудын дунд түүн дундаа урлагийн сургуулийнхний хувьд шүтээн болсон кино бөлгөө.
Ерөөс Бэртолуччигийн бүтээлүүд өнгөц харахад улс төрийн агуулгатай байдаг боловч цаана нь хэлэх гээд байгаа санаа нь уран бүтээлч хүний тухай л байдаг. Бараг бүх бүтээлүүдээс нь гойд утга зохиолын, яруу найргийн мөн чанар нэвт уншигддаг. Кадр бүр нь онцгой агшин гэхдээ тэрхүү зураглалуудыг жинхэнэ уран бүтээлч хүн л сэтгэж чадахаар хэсгүүд олон бий. Улс төрчийн бүтээлээс улс төрийн тухай амь амьсгаа цухалздаг бол урлагийн хүнээс урлаг л үнэртдэг. Жинхэнэ урлагт жинхэнэ хүн л хэрэгтэй. Жинхэнэ хүн гэдэг өв соёл урлаг үндэстэн угсаатныг хайрлах хамгаалах хүчтэйгээр дуугарч чадах дуу хоолойгоо нэгтгэх ухаан асч үнэнээр гэрэлтэж байдаг.
Урлагийн салбар хоорондоо хуваагдаж хагаралдаж мэтгэлцэх нь хэр зөв бэ ? хэмээн өөрөөсөө удаа дараа асуусан удаа ч бий. Хэрэв зээ Бэртолуччи яруу найрагч кино шүүмжлэгч эцэгтэй байгаагүй бол урлагийн орчинд өсч хүмүүжээгүй бол тэр хэмжээнд сэтгэж туурвих байсан нь эргэлзээтэй байх асан. Туйлдаа хүртэл шаналсан бүтээлч өөр юу хийж чадна гэж.
Сүүлийн үед манайханд илт ажиглагдах болсон санаа: манай утга зохиол, манай уран зохиол, манай дүрслэх урлаг, манай хөгжмийн урлаг гэх мэт ярианууд, үзэл бодлын заагууд томорч, тэр нь нийгэмд илтэд мэдрэгдэх болсон шалтгааныг хувьдаа улс төр эдийн засагтай холбож ойлгодог. Буруу ч бай зөв ч бай бидний бүтээж туурвих эрх хэдийгээр хязгаарлагдаагүй эрх чөлөөтэй байгаа ч энэ бүхнийг бүтээхэд тодорхой дэмжлэг санхүү хэрэгтэй байдаг дээр дулдуйдан бүхнийг атгах гэсэн атгаг бодлууд жинхнээсээ бидний бүтээх туурвих эрхийг хясаад байна уу даа гэлтэй.
Нэг хэсэг оюутнууд нийлж кино ярьдаг болчихсон, кино үздэггүй цуглуулдаггүй оюутан үгүй болчихсон байсан үе л дээ. Гадаад оюутнууд өөр өөрийн орны киночдын тухай намтар түүхээс ярьна, тэр дундаас нэг япон найз маань ихэд шимшрэнгүйгээр: -хэрэв тухайн цагт амьдарч байсан бол тэгээд хөрөнгөтэй мөнгөтэй эрх мэдэлтэй байсан бол Акира Куросавад бүх мөнгөө шавхаад киногоо хий гээд өгчих байсаан гээд уртаар санаа алдаж нүдэнд нь нулимс цийлэгнэн сууж байсансан. Би өөдөөс нь: -үгүй тэгээд Куросава гуай кино хийх мөнгөгүй тийм ядуу байсан хэрэг үү, тэгсэн хэрнээ зөндөө кино бүтээчихсэн байдаг ? гэхэд тэрбээр: -тэр хүн жаахан мөнгө олохоороо бүх мөнгөө кинондоо зарчихдаг байсан тул кинонууд нь маш удаан ахиж урагшилдаг өөрөө маш ядуу тарчиг амьдарч байсан юм билээ, гэтэл япон улс энд тэнд дайтаад эдийн засаг хямраад юун кино мантай байсан биз, хэмээв. Үнэндээ үнэхээр олон гэхдээ япон улсын тухай япон хүний тухай их сайн кинонууд бүтээсэн хүн шүү дээ. Зураач хүний сэтгэл ээ гэж.
Дэлхийн дүрслэх урлаг ийм болтлоо, ийм гэдэг нь КОНТЭМПОРАРИ урсгал болтлоо хөгжсөн нь, ПОСТМОДЕРНИЗМ шинэ давалгаа болтлоо түгсэн нь өөр хоорондоо сүлэлдэн оршсных хэмээн санадаг. Кино урлаг урлагийн бүх салбарын нэгдэл, тэр бүхнийг толь мэт тусгаж байдаг. Харин хэт амьдрал хэт улс төрийн болохоор юу болж хувирдаг билээ ? ЮУ Ч БИШ, юу ч биш байна гэдэг огт оршоогүйгээс эс ялгагдмуй.
2008 он зуны амралтаараа үзэсгэлэнгийн бүтээлүүдээ Монгол руу түрүүлж ачуулчихаад Бээжингээс галт тэргээр хөдөлж 7 сарын 1 өдөр эрээн хотод ирэв, тэнд дугуй солих гэж олон цаг болдог доо, дөнгөж эрээнд орж иртэл утасны сүлжээ орж Монголд бослого гарч гэнэ, УБ хотод бөөн юм болж байна, Уран зургийн галерей шатжээ, гэх мэт утга авцалдаа муутай мэссэжүүд бөмбөгдөх нь тэр. Тэр үед ухаант утас байсан биш, дүрс мэдээ авчих юу ч байхгүй учир дэмий баахан сандралдав. За бослого энэ тэр ч яах вэ, гол нь УЗГалерей шатна гэдэг юу гэсэн үг вэ ? яаж ч хичээгээд огт ойлгосонгүй дотор харанхуйлаад хачин ихээр шаналж билээ. 7 сарын 2 өдөр хоёр цагийн орчим галт тэрэгний зогсоолд буухад эх орон маань онц байдал зарлачихсан байлаа. Та бүхэн тэр өдрийг санадаг уу ? Би маш тод санадаг. Маргааш нь төрсөн өдөр болоод хоёр дүүтэйгээ хамт хоол идэхээр гартал Тэнгис рүү явдаг машин зам гэсэр сүмийн уулзвар дээр UN гэсэн бичигтэй саарал өнгийн хуягт зогсож байлаа, гэрэл зургийн камераа авч гараагүйдээ маш их харамсаж билээ. Кино руу яваад орчих шиг, нэг л хачин мэдрэмж нөмөрч тэр өдөр ийш тийш явж болохгүй байсан тул тэгсгээд харьсан юм. Саяхан А Урланд нээлттэй урлан хөтөлбөр зохион байгуулж тэр хүрээнд хэд хэдэн бүтээлчидтэй танилцаж ярилцах завшаан тохиосон бөгөөд (бүтээгчийн нэрийг өөрийнх нь хүсэлтээр зориуд нууцлав) Бямбын Ринчен абугайн хөргийг бүтээсэн нь нэгний үймээнээр шатсан тухай дуулаад маш их харамсаж билээ. Танд өөрт тань тэрхүү хөргийн гэрэл зураг бий юу гэхэд мэдэхгүй байх ёстой уг нь гэхдээ байхгүй болсон ч байж мэднэ гэв. Цаашид бослого үймээн самуунд урлаг бүү хэлмэгдээсэй бүү өртөөсэй бүү сүйтгэгдээсэй.
Эцэст
нь хайртай найруулагч маань бурханы оронд одоод гурав хонож байна. Түүнийг
зүүний үзэлтэн байсан, тиймээс тэр үзэл нь МӨРӨӨДӨГЧИД кинонд нь тусгалаа олсон гэх
яриаг маш олон хүнээс сонсож энд тэндээс уншиж байсан. Угтаа чин үнэнийг хэлэхэд тэрбээр
зүүн баруун гэх үзэлтэй тийм ойлголттойдоо ч бус, хүн төрөлхтөнд ямар ч цаг үед
бүтээгч хүн үргэлж шинийг эрэлхийлэгч, шинэчлэгч байх ёстой хэмээсэн үзлээр магад тэрбээр урлагт маш эрт тусгаар тогтносон бодгал болон төлөвшсөн эрхэм буй заа хэмээгээд түүний хөрөг гэрэл зургуудаас өөрийн сонголтоор түүвэрлэн засаж эмхтгэснээсээ хавсаргаж орууллаа.
ИТАЛИЙН АРД ТҮМЭНД КИНОЧДОД МӨРӨӨДӨГЧИДДӨӨ ГҮН ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЬЕ.
ИТАЛИЙН АРД ТҮМЭНД КИНОЧДОД МӨРӨӨДӨГЧИДДӨӨ ГҮН ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЬЕ.
No comments:
Post a Comment