Saturday, 1 April 2017

мона лиза


Мона Лиза (англ. Mona Lisa; итал. La Gioconda; фр. La Joconde) нь Леонардо да Винчигийн зурсан, XVI зууны хөрөг юм. Энэ бүтээл одоо Парисын Лувpын музейд хадгаглагддаг, "Гунигтайхан харж, учиртай инээмсэглэх" энэ бүсгүйн хөрөг хүн төрөлхтний уран зургийн түүхэнд хүндтэй байр суурь эзэлсэн хэвээр.

Жокондагийн тааврын талаар бичсэн цаас уул овоо шиг их. Мона Лизагийн инээд ямар учиртай, ер нь Луврын музейд хуулбар зураг өлгөөтэй байгаа юм биш биз, Леонардо энэ хөрөгт хэнийг зурсан бэ гэх зэрэг асуултууд урлаг судлаачид, сэтгүүлчид, урлагийн хорхойтнуудын олон зуун жилийн турш маргааныг өрнүүлсээр иржээ. Дунд орчим насны даруухан хувцастай, сайхан гэж хэлмээргүй эмэгтэйн том биш хэмжээний хөрөг. Гэтэл яагаад хүчтэй өрсөлдөгчид болох Рафаэлийн “Сикстины дагина” эсвэл Веласкесын “Толины өмнөх Венера” зэрэг бүтээлүүд энэ бүтээлд хүндэтгэлийн тавцангаа шуудхан тавиад өгөв.

Мона Лизагийн алдрын гол үүд нь Леонардо да Винчийн авъяас юм. Учир утгагүй зүйл гэж үгүй. Жоконда бол их мастерын нэрийн хуудас. Леонардо уг хөрөгт гарын үсэг, он сар бичсэнгүй. Гэхдээ суут зураачийн бүтээл мөн гэдэг нь эргэлзээгүй. Зургийн шинж чанар нь өөрөө үүнийг батлана. Шинэ содон нээлт биш харин сэргэн мандалтын үеийн бүх ололт энэ зурагт нэгдэн өндөр түвшинд бүтээгдсэн билээ. Энд байгал ба хөргийн зохицолдол, бүсгүйн хагас хөндлөн суусан байрлал, үзэгчид хандсан харц, пирамид загварын зохиомж бий. Мөн их мастерын зурах техник илэрхий харагддаг.

Мона Лиза Европын урлагт сэтгэл зүйн хөргийн шинэ жанрын эхлэлийг тавьсан билээ. Аугаа их мастер энэ бүтээлээ туурвихдаа хурц эсрэг тэсрэг байдал ба зөөлөн хөг аялгуу хөдөлгөөнгүй зогсонги чанар ба өөрчлөлт хувиралт, сэтгэл зүйн нарийн мэдрэмж ба шилжилт зэрэг уран сайхны бүх арга хэрэгслийг ашигласан байна.

Зураач бүтээлээ нимгэн давхаргаар үелэн өмнөх давхаргыг хатсаны дараа дараачийхийг нь нэмэх аргаар зуржээ. Гэрэл сүүдрийн тоглолтыг будгаар амилуулан эд зүйлсийн замхран манарах дүрслэл гаргахыг “сфумато” (италиар утаа шиг замхрах) гэнэ.

Жоконда судлаачдын олохыг оролдож буй таавар нь сфуматог гүйцэтгэх авъяаст бий аж. Тэдний олонх будгийн давхарга дор илгээгдсэн гэх “нууц захиаг” олоод үзчихсэн хэмээж буй нь хамгийн сонирхолтой. Леонардогийн өөрийн хөрөг тэнд нуугдаж байгаа ч гэх. Үзэгчид зураачийн бүтээлд нуугдсан дүрслэлийг олохоор ямагт эрмэлзэж байдаг нь нууц биш. Энэхүү зургийн талаар маш олон янзын таамаглал мэдээ байдаг, тэр бүхэн өөр өөрийн гэсэн онцлогтой. Өнөөг хүртэл энэ бүтээлийг олон янзаар хуулбарлан зурах гэж оролдсон боловч үндсэн эх шигээ болж чадаагүйн нууц нь Леонардо Да Винчи энэ зургийг зурахдаа өөрөө будгийг нь найруулан зурсан, түүнчлэн өөр бусад хүмүүс болон туслахууд хажуудаа хэнийг ч байлгаагүйгээс энэхүү зурагны үл тайлагдах нууц үүрд хадгалагдаж үлдсэн буй.

Дүрслэх урлагийн бүтээлүүдийн дунд Жокондагийн төрсөн өдрийг бараг анзаараагүй өнгөрсөн билээ. Ван Эйк, Дуччо нарын шинэ бүтээл дуусаны баярыг Гент ба Сиена хот даяар хэдэн өдөр дараалан тэмдэглэж байлаа. Тийм ч учраас мэргэжилтнүүд Жокондагийн төрсөн өдрийг нарийн тогтоож чадахгүй л байгаа юм. Жоконда 1503-1506 оны хооронд бүтээгджээ гэж үздэг. Тэгэхлээр бид Жокондагийн төрсөн өдрийг дөрвөн жилийн турш тэмдэглээд байхад буруудах зүйл алга. Леонардо насан эцэслэх хүртлээ захиалагчдаа өгөөгүй бөгөөд энэ зургийг өөртөө хадгалж байсан. Гэсэн хэдий ч Мона Лиза “хорионд” байсангүй. Жоконда эхнээсээ алдар нэрийн шүүлтээр дамжсан. Ганц ч бүтээл ийм шүүлтгүйгээр урагш алхдаггүй. Жинхэнэ мэргэжлийн хүмүүс энэ бүтээлийн шүтэн бишрэгчид юм. 16-р зууны уран зурагт Жокондагийн ул мөр, нөлөө их. Агуу Рафаэль л гэхэд энэ зургийн “өвчний” халдвартай байв. Леонардо зураачдын “гарын авлага” болохоор бүтээл туурвижээ. Тэд Мона Лизаг хуулбарлан уран зургийн нууцад суралцаж байлаа.

Жокондагийн алдрыг дэлгэрүүлсэн анхны хүн нь зураач Жоржио Визари болсон юм. “Хамгийн нөлөө бүхий зураач, барималч, уран барилгачдын амьдралын тухай бичлэг” номондоо “Франческо дель Жокондагийн эхнэр Мона Лизагийн хөргийг бичих захиалгыг биелүүлэх зураач нь Леонардо болсон юм. Урлагийн хэлээр байгал орчныг хуулбарлан дууриах эрмэлзэлтэй хүн бүрт энэ боломжийг нээн өгч, зөвхөн уран зурагт байх нарийн нандин арга барилыг энэ зурагт нэгд нэгэнгүй гаргажээ. Хүн гэхээсээ тэнгэрлэг эл хөрөг гайхамшигтай бүтээл хэмээн тооцогдож байна. Өөрөөр ч байх аргагүй, амьдрал өөрөө ийм байдаг” хэмээн тэрээр бичиж байв. Визарийн дүгнэлт мэргэжлийн зураачдын дунд өндөр нэр хүндийг Жокондад авчирсан билээ. Мөн тэрээр ирээдүйн “супер одыг” Мона Лиза Жоконда гэсэн хамгийн тохиромжтой “тайзны нэртэй” болгосон юм.

Флоренцийн торгоны наймаачны эхнэр энд зурагджээ гэдгийг Визаригаас өөр дурьдсан хүн байдаггүй. Харин ч бүгд үүнтэй зөрчилдөж байжээ. Леонардо нэрд гарсан оргил үедээ хэний ч мэдэхгүй нэгэн худалдаачны эхнэрийг зурах хэрэг юу байсан юм бол? Зургийн талаар анхны баримттай мэдээллийг Арагоны санваартны нарийн бичгийн дарга Антонио де Беатис гаргасан байдаг боловч Мона Лиза Жокондагийн тухай нэг ч үг дурсаагүй байна. Агуу зураачийг нас барахаас өмнөхөн Беатис Леонардогийн урлангаар орсон гэнэ. Тэрээр зураачийн урланд Жулиано Медичийн захиалгаар зурагдсан Флоренцийн хатагтайн хөргийг харлаа гэж тэмдэглэлдээ бичин үлдээжээ. Хожим эрдэмтэд их зураачийн загвар нь чухам хэн байж болох тухайд хэд хэдэн таамаглал дэвшүүлэн судалсан юм.

Тэдний дундаас загвар болоход хамгийн тохиромжтой хүн нь Мантуин вангийн хатагтай Изабелла д Эсте байв. Тэр эмэгтэй их зураачтай найзалдаг, захидлаар харилцдаг байжээ. Леонардогийн зурсан Изабеллагийн харандаан таталбартай харьцуулан харвал Луврын музейн алдарт зургийн баатартай адил төстэй шинж байдаг. Гэхдээ шүтэн бишрэгчдийн хувьд Изабелла болон Леонардогийн үеийн бусад нэртэй эмэгтэйчүүд алдарт зургийн загвар болон үлдэж чадаагүй билээ. Зөвхөн Визарийн гаргаж ирсэн наймаачин Жокондагийн эхнэр Мона Лиза энэ зурагт дүрслэгдсэн гэдэгт бүгд итгэх болов. Үүүнээс зургийн Жоконда хэмээх 2 дахь нэр үүссэн аж. Ийн олон жилийн турш олон хувилбар дээр дэлхийн эрдэмтэн, судлаачид, урлагийн зүтгэлтнүүд маргалдаж, мэтгэлцсэний эцэст сайхан Жоконда бодит амьдрал дээр хэн байсныг эцсийн байдлаар тогтоожээ. Энэ бол Флоренцийн гэргий Лиза Герардини мөн болохыг нэгэн дуугаар батлав. Германы Хэйдэлбэргийн их сургуулийн эрдэмтэд уг дүгнэлтийг нээсэн боловч олон нийтэд энэ тухай 2008 он гараад удаагүй байхад зарлажээ.

Леонардогийн суу билэг Жокондагийн амьд харц, түүний нууц далд, тайлагдашгүй инээмсэглэлд оршдог. Түүнээс гадна энэ зургийн ард зурагдсан байгал асар өргөн утга учир хийгээд далд санааг агуулж буй. Гэхдээ үүнийг харсан жирийн нэг шүдний эмч хараад шүдээ хавирдаг зуршилтай гэж хэлжээ.
эх сурвалж: википедиа

Sunday, 29 January 2017

ДИЯАН=ЗЭН

- Self-mortification -

гэрэл зургийг: Цогтын ШУВУУ 2015

Photo by Shubuu Tsogt 2015
All rights reserved: YELLOWBIRD
| not edited |





ЭРТНИЙ СУРГААЛ


Бодь хэмээгч бэлгэ чанар буюу
Бодол сэтгэл төрвөөс атгаг болъюу

Ариун сэтгэл атгагийн дунд оршмуй
Ашдын зөв гурван түйтгэргүй ажгуу




Ертөнцийн хүмүүн Бурханы мөрөөр замнаваас
Ер алив аймаг сав тотгоргүй болмуй

Гагц өөрийн гэмийг шинжиж явбаас
Гарцаагүй сайн номтой магад учирмуй




Төрөл зүйлтэн өөр өөрийн замтай
Тэр бүр харилцан үл харшилмуй

Замаас гажин жам ёсыг эрвээс
Замбуулингийн нас төгстөл түүнээ эс олмуй




Эндүүрэлт орчлонд нэгэн насыг бараад
Эргээд харахад харуусал гуниг дүүрэн

Чин үнэн замыг олъё хэмээвээс
Чигч шулуун явдал тэр болой




Өөрт номын сэтгэл үгүй бол
Өөдгүй явдлаар замыг эс олмуй

Чигч сэтгэлээр явдлыг засагч хүмүүн
Чивэлт орчлонгийн гэмийг үл үзнэм




Гагцхүү бусдын гэмийг сонжин явдаг бол
Гарцаагүй тэр өөрийн гэм мөн

Бусад буруутай өөрөө гэмгүй хэмээвээс
Буруу алдас чухам тэр болой




Атгаг бодлыг биеэс үлдэн хөөж
Атаатан мэт нисваанисын үндсийг тасла

Амармаг болоод хорсох сэтгэл эс халдваас
Алжаасан хөл хөсөр амарч болмуй




Урин зальхайд автагчийн сэтгэлийг номхотгохуйд
Уран аргыг хэрэглэвээс сая бүтмүй

Өрөөлийн сэжиг төөрөгдлийг арилган чадваас
Өөрийн бэлгэ чанар илэрч буй болой




Ертөнцөд оршигч Бурханы ном
Ер ертөнцийн үзлээс ангид бус

Орчлонг огоороод бодийг олно хэмээх нь
Олдошгүй туулайн эврийг эрэхтэй адил




Үнэн үзэл ертөнцөөс нөгчихүй болой
Үзэл буруу нь ертөнцөд агч буюу

Тэрс зөв үзлийг хамт таягдан хая
Тэгж чадвал сая бодь сэтгэлийг үзмүй




Үгүүлэн буй Донминий дуулал болой
Өөр нэрийг их номын онгоц хэмээмүй

Орчлонд төөрөлдсөн нь тоолшгүй галвын хэрэг
Онож гэгээрэх нь агшнаа бүтэх тохиол.






/ “ДИЯАН”᠌᠌ 2011, х-74, орчуулсан доктор, профессор Доржсүрэнгийн Болдбаатар /
 




Thursday, 5 January 2017

"НОМЫН САН ба ИОСИФ БОИС"




the event link:  https://www.facebook.com/events/1818072781787050/

CACM: https://www.facebook.com/CACM.MN/?ref=bookmarks

Monday, 26 December 2016

УРЛАГИЙН ОНОЛ СУДЛАЛД: КОНТЭМПОРАРИ ХАНДЛАГА | судлал, шүүмж |



CONTEMPORARY ART CENTER OF MONGOLIA

ХӨХ НАР КОНТЭМПОРАРИ УРЛАГИЙН ТӨВ
НЭЭЛТТЭЙ АКАДЕМИ ХҮРЭЭЛЭН
ХҮН БАЙГАЛ ХАЙР ЭРХ ЧӨЛӨӨ 
ALT CTRL

























































УРЛАГ СУДЛААЧ, ДЭД КУРАТОР ДАШДОНДОВЫН БАЯРЦЭЦЭГ 2016.12.24, БЯМБА ГАРАГ
УЛААНБААТАР ХОТ, МОНГОЛ УЛС
_____________________________________

[ дүрсийг болон дүрийг тодорхойлон бичиглэх: ]


дүрсийг эвлүүлэн ухаарахад 
дүрсийг эвлүүлэн ойлгуулахад 

дүрсийг дүрслэн илрүүлэхэд 
дүрсийг дүрслэн нээхэд 

дүрсийг тодорхойлон тайлбарлахад 
дүрсийг тодорхойлон таниулахад

бүтээгч хүмүүний сэтгэлгээний 

бүтээгч хүмүүний ухамсрын
бүтээгч хүмүүний удамшлын
            
бодот оршихуйн бие даасан ертөнцүүдийн сэтгэлгээний бүтээлүүдийг нэгэн цогц байдлаар 
МОНГОЛЫН ЭРИН ЦАГИЙН УРЛАГИЙН ТӨВД толилуулж буй бөлгөө.


УРЛАГ хүн төрөлхтөний сэтгэлгээний өвөрмөц орон зайд олон ангилал, чиглэл, урсгал, хандлага | ИЗМ –үүдэд задран нэгдэн нийлэн нэгтгэн дүгнэгдсэн урлагийн түүхэн замнал та бидний цаг үеийн өнгөрсөнд өрнөсөн бол эрин цагийн КОНТЭМПОРАРИ урсгал ДАХИН ЭРГЭЦҮҮЛЭХ хандлагаар үргэлжлэн буй төрөл, урлагийн түүхийн явц, НИЙТИЙН - СЭТГЭЛГЭЭНИЙ ЕРТӨНЦИЙН ТӨВШИНГ НЭМЭХ - БИЛГИЙН МЭЛМИЙГ НЭЭХ - ХАРАХ ӨНЦГИЙГ ТЭЛЭХ - ГЭГЭЭРЭЛД УРИАЛАХ - УХАМСАР ЗҮГ ХӨТӨЛНӨ. Дашрамд: дэлхийн болон монголын урлаг өөрийн үүргээ гүйцэтгэж буйн илрэл бөгөөс ухамсар оюун сэтгэлгээний бүтээлүүдийн орон зайгаар бэлэг барих нь бүтээгч хүмүүний үүрэг бол, таних ойлгох хүртэх таашаах ухаарах нь нийгэм үзэгчдийн хэрэг бөлгөө хэмээн судлаачид бид тодорхойлж байна.

КОНТЭМПОРАРИ хэмээх нэр томъёог Дэлхийн болон Монголын урлагт анхлан хэрэглэсээр даруй тавь гаруй жилийн хугацааг үдэж буй хэдий ч нийгэмд урлагийн боловсролын сургалтын систем хангалтгүй, урлагийн бүхий л салбарт суурь онол арга зүй, мэргэжлийн үг хэллэгийн суурийг гүн гүнзгий судлан ухаагүйн улмаас XXI зууны эхэн хагас, энэ цаг үеийн урлагийн бүх төрөл олон “ХЭЛ”-ний давалгаа, олон “УГСААТАН” –ны давалгаа, олон “СОЁЛ” –ын давалгаанууд дэлхийн бүхий л улс үндэстнийг чөлөөт сэтгэлгээний хамтын хөдөлгөөнд оруулсан өвөрмөц цаг үе билээ.

СЭТГЭЛГЭЭНИЙ УРЛАГ -ийн контэмпорари бүтээлүүд эрин цаг үеийг дамжин туулснаар өнгөрсөн одоо ирээдүйн түүхийг мэдрэх, хойч үе эрин цагийг ойлгох, хувь хүн урлагийн боловсролын чухлыг таних нэн чухаг чиг хандлага бүхүй салбар ухаан юм.

ҮЗЭСГЭЛЭНГИЙН ТАНХИМ бол ОЮУН САНААНЫ ӨВӨРМӨЦ ТАЙЗ бөгөөд “ТАЙЗ ГЭДЭГ БҮТЭЭГДМЭЛ ЦАГ ХУГАЦАА, ОРОН ЗАЙН НЭГДЭЛ.” хэмээжүхүй.*

[
* © П.БАТХУЯГ 2016, ЭСРЭГ ЦАГ III, 162-р талаас дэлгэрүүлэн үзнэ үү.]



СЭТГЭЛГЭЭНИЙ ОРОН ЗАЙ

(дотоод, гадаад)
|
БҮТЭЭЛИЙН ОРОН ЗАЙ 
(дотор, гадна)
|
БҮТЭЭГЧ,ҮЗЭГЧ
(дотоод, гадаад)

______________________________

цаг хугацаа - орон зай – сэтгэлгээ
|

ХҮН
|
 контемпорари урлаг


ЗОРИЛГО
нэгдмэл мөнхийн санааг тодорхойлох, бэлгэдэлт илэрхийлэлийг бүтээлээс хайх, зөн ёр совин зүүд бие тэмдэг түлхүүрийг нээх, магад нэн өөр бодомжуудаар таних, түүхийн эрин үеүүдийг задлан тайлбарлах бодот цаг хугацааны оньс, нэн өөр эриний шинэ түүх мөн.



ДҮГНЭЛТ
Анхны энэхүү үзэсгэлэнд оролцож буй бүтээлчдийг бид тодорхойлохдоо:


1. Дүрслэх урлаг суурьт бүтээлч
2. Хөгжмийн урлаг суурьт бүтээлч
3. Технологи суурьт бүтээлч 

хэмээн ангилж буй бөгөөд мэргэжлийн боловсрол эзэмшсэн түүх, явцыг тухайн бүтээлчийн бүтээл болон  cv | намтраас дэлгэрүүлэн танилцах боломжтой.


Анхаарал хандуулсанд баярлалаа

Урлаг судлаач, куратор
Дашдондовын Баярцэцэг

2016.XII.24 бямба гараг
УЛААНБААТАР ХОТ
МОНГОЛ УЛС.

Sunday, 31 July 2016

Хөрөг

"Зохиолч, яруу найрагч Г.Аюурзанын хөрөг" 
60x80 зотон, тос, акрилик, 2008
"Portrait of the poet, writer G.Ayurzana" 
oil, acrylic on canvas, 2008






ХӨРӨГ

Уран зургийн академийн магистрийн 2-р курс, ихэнх зургийн сургуулиуд бакалавр ч бай мастер ч бай хоёрдугаар курсээсээ эхлэн КУРСЫН АЖИЛ туурвидаг. Миний хувьд бүтэн хагас семестр хичээлд суугаагүй, учир нь хагас жил оюутны байранд, өрөөндөө ном уншиж, кино үзэж хааяа бүтээлээ хийдэг байсан үе. Өдөрт заримдаа арван кино угсруулж үзнэ (хоногийн хорин дөрвөн цагт дунджаар арван кино л үзэж амждаг юм билээ), зарим үед бүтэн сараар ном бариад босохгүй хэвтчихнэ, ийм хүн хэдий завандаа хичээлд явах билээ дээ. Анги уг нь хаяанд л даа гурван минутын дотор л гүйгээд хичээлийн танхимдаа, урландаа оччихно. Надтай хамт мастерт хоёр оюутан сурч байв, бид ангидаа гурвуулаа. Нөгөө хоёр маань намайг өдрийн од шиг сураглана, ихэнхдээ өрөө рүү утас цохин хамт хоол идье, дараа нь ийм тийм музей галерей явъя, ийм багшийн тийм лекц сонсох уу гэж л залгана. Миний сонирхол татах зүйл байвал зарим тохиолдолд хамт гардаг байв. Ангийн хоёр миний юу хийгээд хичээлд ирэхгүй байгааг мэддэг тул юу ч үл асууна, хэнд ч үл хариулна, багшид юу гэж хэлснийг ч бүү мэд. Багш ч хойноос хөөе хаая болохгүй чимээгүйхэн байсаар хоёрдугаар курсын шалгалт дөхөж Курсын ажил шалгаж дүн гарах болов. 2008 оны хавар л даа. Би 2008 оны зун Монголдоо БИЕ ДААСАН үзэсгэлэнд давхар бэлдэж, яг тэр үед хэд хэдэн хөрөг зурж байсан юм. Ихэвчлэн Зохиолчдын ХӨРӨГ. КАФКА, КАМЬЮ, БЛОК, ЦВЕТАЕВА, Монголоос АЮУРЗАНА абугайн хөргийг зурсан нь энэ. Зурагдсан хөргүүдээс ганц амьд нь АЮУР ах бөгөөд зарим хүмүүс заримдаа Аюур ах миний өмнө томоотой суугаад хөргөө зуруулсан хэмээн санадаг шиг байгаа юм, яг ч тийм биш ээ, нэгэн фото зургаас ерөнхий дүрслэлийг нь гаргаж зурсан нь энэ. Эл хөрөг бүтсэн болон хөрөг зохиолчид очсон түүх маш сонин, үүнийг одоогоор нууцлъя.

Дүн гарах үед гэв гэнэт ангийн багшийн өмнө бүтэн үзэсгэлэн дэлгэж тавиад,

-Багш аа намайг хичээл тасласанд уучлаарай, би бүтээлээ хийгээд.... төвлөрөх хэрэгтэй байсан, хичээл миний бүтээлд саад болоод байсан учир хичээлдээ яваагүй, хагас жилийн кредитээ бүтээлүүдээрээ, үзэсгэлэнгээрээ хамгаалан дүгнүүлж болох уу? гэв. Би багшид бус багш маань надад гэнэтхэн утсаар дуудагдаж миний урланд ирсэн учир хэсэгтээ алмайрч гайхан их л нухацтайгаар бүтээлүүдийг минь харж байснаа, чи тэгээд энэ хугацаанд бүтэн үзэсгэлэн бэлдсэн юм уу, за яахав болно л доо, энэ юун хөрөг билээ хэмээгээд эл хөргийг асуувай. Би ч: аан их сайн зохиолч, яруу найрагч хүн байгаа юм аа л гэлээ. Багш тун сонирхсон байдалтай: -үгүй энэ юу юм бэ дээ? гээд хөргийн баруун том орон зайд буй гялгар өнгөггүй хөндлөн өргөн зураасыг асуув. Миний инээд хүрээд, юу гэдгийг нь хэлж чадсангүй,
-зүгээр л.... -юу ч биш ээ.... багш аа, гэлээ. Багш: -дажгүй хөрөг болж ээ! хэмээн дүгнэв. Миний анхны бие даасан үзэсгэлэн ингэж намайг аварсан юм даа. Үзэсгэлэн гаргахаар бэлдэж бүтээлүүд хийгээгүй бол муу дүн аваад шууд хөөгдөх байсан биз. Дашрамд АЮУРЗАНА ах бас оюутан байхдаа сургуулиасаа хөөгдсөн түүх байдаг даа, тэр түүхийг уншаагүй, мэддэггүй байсан үе шүү! Дараа нь уншаад элгээ хөштөл инээж билээ.

Энд өгүүлэх гэсэн хамгийн гол зүйл бол, ангийн багшийн яг онож асуудаг тэр хөндлөн гялгар өргөн зураас юу вэ? Энэ бүтээлд хэний ч мэдэхгүй хичнээн нууц бий вэ? гэдэг тухай. Зохиолчын эл хөрөг одоо өөрт нь хадгалаатай буй. Өөрөө ч мэдэхгүй, бүтээлд буй далд, олон нууцыг олонд дэлгэх ер нь зөв үү? хэмээн нэг бус удаа бодож үзсэн. Ямар ч урлагийн бүтээлд өөрийн НУУЦ байдаг бөгөөд бүтээлийн нууц бүтээлийн сүнс байх.

ПС: Анхны үзэсгэлэн "МИНИЙХ" нэртэйгээр ХААН БАНК Арт Галерейд 2008 оны 8-р сард олон нийтэд дэлгэсэн билээ.















Saturday, 7 May 2016

МОД II үзэсгэлэнгийн урилга




МОД II 

Бие даасан, зураасан зургийн МОД цуврал үзэсгэлэн 
5 сарын 21 нд 14:00 цагт 976 АРТ ГАЛЕРЕЙ-д нээлтээ хийнэ. 


Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. 
Үзэсгэлэн үргэлжлэх хугацаа хоёр долоо хоног.


Жич: Үзэсгэлэн үнэ төлбөргүй



Хаяг: Соёлын Төв Өргөөний ард 
ТУУШИН зочид буудлын нэг давхарт 
976 АРТ ГАЛЕРЕЙ


Холбоо барих утас: 99051127, 96330628, 88138855

Tuesday, 26 April 2016

Энэ асуултад үүрд цэг тавих минь


ҮНДЭСНИЙ ШУУДАН
                                                     
The National Post 
ҮНДЭСНИЙ ӨДӨР ТУТМЫН СОНИН  2016 оны 04 сарын 26.
Мягмар гараг. №083 |  
И-мэил: undesniishuudan@yahoo.com | www.undesniishuudan.mn  Факс: +976-11-354631    Үнэ 500 төгрөг
УРЛАГ 9-р нүүр 
Д.Баярцэцэг 2016 он.


Сэтгүүлч Д.Пүрэвсүрэн: Годо буюу уран бүтээлч Д.Баярцэцэгтэй ярилцлаа. 
-Кафкагийн “Шүүх ажиллагаа”-г уншиж дуусахаас айдаг гэсэн (сэтгүүлч Д.Оюунномингийн “Гоодаль” сэтгүүлд нийтэлсэн “Абсурд ба абсурд бус” ярилцлага) байсан. Дууссан уу?
-Ф.Кафка Улаанбаатарт хүчтэй давалгаалж буйд би хувьдаа баяртай байна. “Шүүх ажиллагаа”-г уншиж дуусахаас “айдаг” тухай, уншиж дууссан эсэхийг бараг сэтгүүлч бүр ярилцлагынхаа өмнө асуудаг учир жаахан дэлгэрүүлж яриад энэ асуултад үүрд цэг тавих минь.
Хятадын урлагийн академид мастер, бакалаврын уран зургийн ангийн оюутнуудад ОРЧИН ЦАГИЙН УРЛАГ-ийн тухай Америкт төгссөн Хятад багш бүтэн сар лекц оров оо. Хичээл ч өндөрлөж бидний даалгавар, бүтээлүүдийг шалгахад манай ангийн хүү Ф.Кафкагаар туршиц \experimental\ богино хэмжээний кино бүтээсэн байв. Мань хүн Кафкад автчихаад хичээл дээр байнга номоо чирээд ирнэ, амрах зав зайгаараа уншаад л..., харин би Кафкаг тэр үед уншаагүй, монгол хэл дээр орчуулагдаагүй байсан үе, ангийнхаа хүүхдийн бүтээсэн “Кафка” хэмээх киног үзээд айдас төрсөн. Намайг гадаад оюутан болохоор бүгд их сайн хандана аа. Кафкагийн талаар ангийн хүүхэд маань өөрийнхөө ойлголтыг ярьж, үнэн голоосоо шаналж, бас биширсэн тухай хуучилж, ер байнга л уран зохиол, философи, сонгодог урлаг, амьдралын мөн чанарын тухай ярьдаг, маш сайн зурдаг мундаг хүү байж билээ. 2004 онд Жэрэми Аиронс гол дүрд тоглосон, Стивэн Содэрбэргийн бүтээл “Кафка” бүрэн хэмжээний уран сайхны киног үзээд мөн л үхтлээ айж шаналж үзсэн, маш сайн бүтээл болсон байсан. 2007 онд Ц.Сүхбаатарын орчуулгаар “Шүүх ажиллагаа”-г анх уншсан. Эх хэлээрээ танилцахаас өмнө хоёр ч кино түрүүлээд үзчихсэн, ангийнхаа хүүхдээс хятадаар баахан лекц сонссон байсан тул уншаад үнэндээ юу ч, бүр юу ч ойлгоогүй: би юу уншаад байна аа! гэж бодсон. Нэг өдөр халгаж халгаж Ф.Кафкагийн хөргийг бэхээр муутуун дээр бүтээсэн маань тун санаандгүй маш амжилттай болсон бөгөөд энэ хөргөө хэнд ч өгөхгүй, зарахгүй хэмээн өөртөө андгайлав. 2012 оны хавар гурван долоо хоног эмнэлэгт хэвтэв ээ. Ф.Кафкатай маш адилхан, эсвээс миний бүтээлтэй усны дусал шиг ижилхэн төрхтэй хасаг \казах\ залуу тус эмнэлэгт хамт хэвтэн эмчлүүлж байв. Нүдэндээ ч итгэхгүй, бүүр гайхаад:
-Өөрөө Франц Кафка гэдэг зохиолч мэдэх үү? 
-Мэдэхгүй.
Зурсан хөргөө гар утсан дээрээ гаргаж үзүүлээд:
-Энэ!
-Танихгүй.
[c] Д.Баярцэцэг  "ФРАНЦ КАФКА" 30х60 муутуу, бэх, зотон 2007.
Ф.Кафкагийн “Шүүх ажиллагаа”-г дахин уншихад маш хүнд байсаан. Арай ядан уншиж дуусаад удаагүй байтал өнгөрсөн жил зохиолч, яруу найрагч, орчуулагч О.Чинбаяр ах “Шүүх ажиллагаа”-г орчуулж буй хэмээгээд номын зураг асууж билээ. Эл хөрөг О.Чинбаяр ахын Кафкагийн номын шилд тавигдсан бол, орчуулагч П.Туяа эгчийн Кафкагийн “Хонгилд” өгүүллэгийн түүврийн хавтасны нүүрийг чимсэн. Ерөөс Ф.Кафка бид хоёр үйлийн үртэй юм шиг холбоотой байдаг нь бид нэг өдөр төрсөнтэй холбоотой юу, миний зурсан хөрөг үү, шүлэг үү, өнөөх хоёр адын кино юу, мэдэхгүй. Дашрамд: Ф.Кафка бид хоёр нэг өдөр төрсөн бол, бидний төрсөн өдөр “Д Доорс” хамтлагийн дуучин Жим Моррисон тэнгэр болсон юм билээ. О.Чинбаяр ахын орчуулгыг одоо болтол уншиж амжаагүй. Тэгэхээр би “Шүүх ажиллагааг” уншиж дуусаагүй байна гэсэн үг үү, дуусдаггүй аймаар байгаа биз, гоё ч юм уу.
-Одоо ямар ном уншиж байна вэ?
-Эртний урлагийн түүх, археологи, түүх, судалгааны бүтээлүүд уншиж байгаа. Уншихаасаа бодох нь их дээ.
-Ер нь таны унших арга барил ямар вэ. Номуудыг зэрэг унших, зарим уншсан номоо байнга эргэж харах, тухайн үеийн нөхцөл байдлаас унших сонголтоо хийх гэх мэт?
-Шинээр гарч буй уран зохиолын номуудыг тухайн цагт нь авч уншихыг хичээдэг. Байнга сөхөж хардаг ширээний ном бий, Ц.Дамдинсүрэн абугайн “Монгол үсгийн дүрмийн толь” болон бусад толь бичгүүд. Хааяа өөрийн болон бусад яруу найрагчдын шүлгийн түүвэр унших дуртай. Унших арга барил гээд сүйд зүйл үгүй дээ, өөрийгөө ажаад байх нь номыг цоохорлож, гарчиг хөөж унших гээд байдаг болсон, олон ном зэрэг эхэлдэгтэй холбоотой байх.
-Та уран бүтээлчийн хувьд ч, хувь хүнийхээ хувиар ч хэрхэн амьдрах, юу хийхээ мэдэхгүй зогсолтод орох үе байсан уу?
-Юу хийхээ мэдэхгүй зогсолтод орох үе үгүй ээ, харин хэрхэн амьдрах талаар нухацтай бодож буй. Мөнгө төгрөг, ажил алба, ар гэрийн амьдрал, бүтээл зохиолоо зохицуулах цагийн талаар бодох үед хэцүүхэн л санагддаг.
-Амьдралын чиг шугамын тухайд энэ зөв гэсэн баримжаагаа хэдийд олсон бэ. Юу тусалсан бэ?
-Амьдралд үнэнч, шударга хандаж, урлагт чин сэтгэл, буй бүхнээ зориулж өөрийгөө нээнэ гэдэг бүтээл туурвил.
-Шашны тухайд та ямар бодолтой байдаг вэ. Таны үзэл санаанд хэр нөлөөлсөн бэ?
-Би шашин шүтдэг гэр бүлд өсч хүмүүжээгүй ч шашны тухай домог, үлгэр, түүх, зохиол, судалгааны бүтээлүүд унших дуртай. Буддын болон бусад шашны сүм хийдүүдээр аялах зочлох ч дуртай. Ихэнхдээ сүм хийдийн хана, адар, дээвэр, туурганы баримал зураг чимэглэл гээд бүгдийг урлаг талаас нь харж биширдэг. Эрт цагийн монгол хийцийн буддын сүмүүд үнэхээр шүтэхгүй байхын аргагүй бүтээгдсэн байдаг бол Түрэгийн түрүү үеийн болон Гандара хийцийн буддын баримлууд дэлхийн урлагт “Дорнын сонгодог эрин” гэгдэх ур хийцтэй гайхамшигтай өв соёл. Оюутан байхад олон сайхан газраар аялж, ангайж алмайрч явсан минь буддын соёлыг бишрэх сэтгэл төрүүлсэн болов уу. Аливаа шашны гүн ухаан урлагийн бүтээлд болон үзэл санаанд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг, хэт автахгүй байхыг хичээдэг. Учир нь хуулбарлах сэтгэлгээ автахаас үүдэлтэй. Энэтхэгийн философич С.Радхакришнан хэлэхдээ: “Хэрвээ нийгэм өөрийнхөө оюун санааны ололтуудад итгэхээ болих юм бол, чиг баримжаагаа ч, жолоодлогоо ч алдана” хэмээсэн байдаг. Энэ бол үргэлж шинээр нээх, хөгжүүлэх, төгс төгөлдөрт тэмүүлэх санаа, тиймээс өөрийн үндэстний урт удаан хугацааны туршид бүтээсэн, хадгалагдаж үлдсэн өв соёлоо судалж хөгжүүлэх, цаашлаад шинэ үзэл санаагаар төлөвшүүлэн авч явахыг хичээх нь монгол үндэстэн хүн бүрийн бодох ёстой асуудал. 
“Туйлын” гэх үзэл үгүй боловч надад хамгийн ихээр нөлөөлсөн философич бол Нагаржунай. Тэнгэр, нар, сар, гараг ертөнц, оршихуй, бурхан, шашин зэрэг ойлголтыг оргүй хоосон болгосон хүн дээ. Хэрэв Нагаржунайн онолыг дагаад эхэлбэл юун “би” оршин байх. Өөрийн “би” үгүй бол бүх зүйл хоосон. 
-Танд өнгөрсөн хугацаанд хамгийн хүнд бэрх үе хэзээ, юу байсан бэ?
-Мэдэхгүй. Гэхдээ өвдөх болон гэдэс өлсөхөөр яасан хэцүү юм бэ гэж боддог. Өлссөн, зовсон, өвдсөн хүмүүсийг харах хэцүү. Өлсөж ядарч зовж үзээгүй ард түмэн үүнийг ойлгохгүй биз ээ. Нэг нууцаа дэлгэчих үү. Мастер хамгаалахын өмнөх хэдэн сар мөнгө дуусаад, өлсгөлөн байдалтайгаар хүндхэн цаг хугацааг давж туулсан, надад ус будаа хоёр л байсан. Яг тэр үед бичсэн миний нэг богино өгүүллэг бий, олон жил хав дарчихаад саяхан новшоо ухаж байгаад гаргаж ирж уншихад амттай байсан шүү. Өгүүллэгийн нэр “Өлсгөлөнгийн өдрүүд”, хаа нэгтээ нийтэлж хэвлүүлээгүй ээ.
-“Амаа хамхиж сурсан цагт хүн жинхэнээсээ амьдарч эхэлдэг” гэдэг үгийг та иш татжээ. Та одоо өөрөө өөртөө хэр сэтгэл хангалуун байна вэ?
-Латин зүйр үг. Грек нь бас л бодмоор: “Зоогийн ширээний ард амаа хамхиж бай”. Өөрөөр хэлбэл оюун санаандаа ч тэр, хоол идэж байхдаа бүү чалч, гэсэн үг. Хоол идэхдээ би юу ч боддоггүй болсон. Амаараа дүүрэн хоол чихчихээд хүний өөдөөс яриад байдаг хүнд дургүй. Миний аав их дуугүй намуухан хүн. Тэр нь надад нөлөөлсөн байх ёстой. Гэтэл сэтгүүлчид асуулт асууна, найз нөхөдтэйгөө ярина, оюутнууддаа номлоно, би ярьсаар л.... шүлэг, зохиол ч мөн нэг төрлийн яриа шүү дээ. Худлаа бурж, дэмий чалчихгүй, хэр хэмжээгээ мэддэг бол болох нь тэр.  
-Мөн та дээрх ярилцлагын “өөрийгөө бүтээж байна уу, олох гэж эрэл хайгуул хийж байна уу” гэсэн асуултад “гээх гэж” хэмээн хариулжээ. Яагаад?
-Өөрийгөө гээнэ гэдэг олохтой ижил. Бурангуй үзэлдээ итгэчихээд түүнтэйгээ үхширтэл зууралдаад байдаг хүн хөгждөггүй, өөрөөс хэрэггүй зүйлээ гээж, шинэ бүхнийг өөриймшүүлж байх, гэхдээ даган дууриахгүй гэсэн санаа.
-“Уран бүтээл эхлэх цэг гэж байдаг” гэж зураач Ж.Мөнхцэцэг хэлж байсан.  Та зураач, яруу найрагч, урлаг судлаач хүн. Таны зураачийн, яруу найрагчийн, урлаг судлаачийн эхлэх цэг юу байсан бэ?
-Ямар хэцүү асуулт вээ, бараг амьдралын түүхээ ярих нь байна шүү дээ. Товчхондоо бол, цаг хугацаа бүхнийг шүүх байх. Миний бүтээсэн бүхэн эхэлсэн цэг хэмээн санаваас үхэхийнхээ өмнө энэ асуултыг дахин нэг бодож үзнэ ээ. (инээв) Тэр болтол зураг, яруу найраг, судалгаа маань хаа хүрсэн байхыг хэн мэдэхэв. Төрсөн од байдаг бол тэр нь эхэлсэн цэг байж магад.
-Урлаг таныг хэрхэн өөрчилсөн бэ. Хүн бүрт байдаг нандин чанар (ихэнх хүмүүс түүнийг алддаг гэж боддог)-аа алдаж буйг мэдэрдэг үү, эсвэл урлагаар амьдарч буй учир төрөлх мөн чанараа хадгалж байгаа юу?
-Түүхээс харахад урлаг соёл өндөр хөгжихийн хэрээр хүний ёс суртахуунд өөрчлөлт гарсан байдаг. Жишээ нь: хүн сэтгэлээ илчлэн байхад, бүтээлээ тайлбарлан таниулж байхад, үзэл бодлоо илэрхийлэн туурвиж байхад өөдөөс нь ард нийтээрээ хамраа ухаад, шүлсээ нулимаад, бохь зажлаад суух нь хэр зохистой вэ гэдэг ч юм уу, сайн баримал гудманд байршуулаад тавихад өшигчих, дээр нь эрээчих эвдэх гэдэг ч юм уу, Японы ард түмэн дэлхийн бүх улс үндэстний зоосон мөнгийг хайлж хонх цутгаад Монгол Улсад бэлэглэж түүнийг талбайн цэцэрлэгт хүрээлэнд байршуулсан, гэтэл бид хэрхэн хадгалж байна вэ, тэр бол энх тайван, амгалан энхийн бэлгэ тэмдэг шүү дээ ч гэдэг юм уу, бодмоор зүйлс их бий. Нандин чанараа гээгээгүй хүн, урлагийн хүмүүн болон урлагийг хайрладаг ард түмэн л урлагийн түүхэнд үлддэг.
-Саяхан болсон контемпорари урлагийн тухай хэлэлцүүлэг дээр та “Урлагийг хэн егүүтгэсэн бэ [Who kill the ART]” гэдэг асуултыг нийтэд тавьсан. Ямар өнцгөөс та энэ асуултыг тавихад хүрсэн бэ.  Жишээ нь  “Урлагт дүр эсгэгчид олширсноос уу, эсвэл урлаг судлал байхгүй байгаагаас болоод уу” гэх мэтээр надад бодогдсон. Мэдээж энэ бол ганц асуултын дор бүрэн хариулагдахгүй өргөн хүрээтэй сэдэв байх.
-Өнцгөөс өнцөгдөж асуугаагүй шүү. Хэлэлцүүлгийн сэдэв “Урлаг уу, солиорол уу” байсан. Сэдвийн хүрээнд хоёр өдөр хэлэлцэхдээ дэлхий нийтэд сөргүүлэн тавьж буй асуудал юм аа, тэрнээс яг асуулт бус. Урлаг асуудал дэвшүүлэхийг илүүд үздэг бөгөөд асуулт гарч ирэх бүрт “Урлаг гэж юу вэ” хэмээх эгдүү хүргэм асуултыг хэзээд асуусаар байдаг. Хариулт нь ч мөн адил хүн бүр өөр өөрийнхөөрөө тайлбарладаг. Тиймээс би дэлхийн улс орны, ер бүх хүмүүст, цаашлаад харь гарагийнханд хүртэл хамаатай байхаар асуудал дэвшүүлсэн ухаантай. Асуудлаас улбаалж аандаа гарч ирэх санаанууд, асуултууд урлагтай харьцах, урлагт хандах хэн бүхнийг өөрчилж, шинэ эриний урлагийн түүхэнд хувь хүн бүрийн хэлэлцэх, ярилцах сэдвийн хурц асуудал байсаар байх болно хэмээн тооцсон. Асуудал байхаар тооцно гэдэг хуучрахгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл “Урлагийг хэн егүүтгэсэн бэ” гэж хэн нэг хүн бүхэн өөрөөсөө асуулаа гэж бодъё. Эндээс нэн тэргүүнээ “Урлаг гэж юу вэ” хэмээх улигт асуултыг анх удаа өөрөөсөө, нухацтайгаар, зайлшгүй, дахин асуух учиртай болно оо доо. Манай дэлхий хэдэн хүн амтай билээ! Аандаа, хаа сайгүй, хэний янаагүй, жишээ нь: үзэгчид идэвхтэй болно, урлаг судлаачид, шүүмжлээчид ажлаа сайн хийнэ, бүтээгч туурвигчид дүр эсгэж суухын оронд амьдарч эхэлнэ, улс нийгмүүд хөдөлгөөнд орж, олон соёлын харилцаа жинхэнэ утгаар хөгжиж хүн төрөлхтөний бүтээсэн, бүтээж буй түүх ба урлагийн түүх сонирхолтойгоор үргэлжилнэ хэмээн миний урьдчилж харсан бодол. Дэлхийн урлагийн түүхийн сайн туршлагагүй бид уншаад, судлаад байж дээ.
Гэхдээ урлаг судлал бий! Манайд урлаг судлалын ангийг жил бүр олон олон оюутан төгсдөг ч төгсөөд ажлын байрны асуудал, хамрах хүрээ, орчин байхгүйгээс хөөрхий хүүхдүүдийн хувь тавилан сайн дурын, сайхан сэтгэлийн, бүр зарим нь даамжраад их мэдэгчид, туйлшрагчид болж хувирдаг. Монгол Улс урлаг судлаачдаа дэмжих бодлогоо өргөжүүлэх хэрэгтэй.