Saturday, 7 May 2016

МОД II үзэсгэлэнгийн урилга




МОД II 

Бие даасан, зураасан зургийн МОД цуврал үзэсгэлэн 
5 сарын 21 нд 14:00 цагт 976 АРТ ГАЛЕРЕЙ-д нээлтээ хийнэ. 


Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. 
Үзэсгэлэн үргэлжлэх хугацаа хоёр долоо хоног.


Жич: Үзэсгэлэн үнэ төлбөргүй



Хаяг: Соёлын Төв Өргөөний ард 
ТУУШИН зочид буудлын нэг давхарт 
976 АРТ ГАЛЕРЕЙ


Холбоо барих утас: 99051127, 96330628, 88138855

Tuesday, 26 April 2016

Энэ асуултад үүрд цэг тавих минь


ҮНДЭСНИЙ ШУУДАН
                                                     
The National Post 
ҮНДЭСНИЙ ӨДӨР ТУТМЫН СОНИН  2016 оны 04 сарын 26.
Мягмар гараг. №083 |  
И-мэил: undesniishuudan@yahoo.com | www.undesniishuudan.mn  Факс: +976-11-354631    Үнэ 500 төгрөг
УРЛАГ 9-р нүүр 
Д.Баярцэцэг 2016 он.


Сэтгүүлч Д.Пүрэвсүрэн: Годо буюу уран бүтээлч Д.Баярцэцэгтэй ярилцлаа. 
-Кафкагийн “Шүүх ажиллагаа”-г уншиж дуусахаас айдаг гэсэн (сэтгүүлч Д.Оюунномингийн “Гоодаль” сэтгүүлд нийтэлсэн “Абсурд ба абсурд бус” ярилцлага) байсан. Дууссан уу?
-Ф.Кафка Улаанбаатарт хүчтэй давалгаалж буйд би хувьдаа баяртай байна. “Шүүх ажиллагаа”-г уншиж дуусахаас “айдаг” тухай, уншиж дууссан эсэхийг бараг сэтгүүлч бүр ярилцлагынхаа өмнө асуудаг учир жаахан дэлгэрүүлж яриад энэ асуултад үүрд цэг тавих минь.
Хятадын урлагийн академид 2003 онд мастер, бакалаврын уран зургийн ангийн оюутнуудад ОРЧИН ЦАГИЙН УРЛАГ-ийн тухай Америкт төгссөн Хятад багш бүтэн сар лекц оров оо. Хичээл ч өндөрлөж бидний даалгавар,бүтээлүүдийг шалгахад манай ангийн хятад хүү Ф.Кафкагаар туршиц \experimental\ богино хэмжээний кино бүтээсэн байв. Мань хүн Кафкад автчихаад хичээл дээр байнга номоо чирээд ирнэ, амрах зав зайгаараа уншаад л..., харин би Кафкаг тэр үед уншаагүй, монгол хэл дээр орчуулагдаагүй байсан үе, ангийнхаа хүүхдийн бүтээсэн “Кафка” хэмээх киног үзээд айдас төрсөн. Намайг гадаад оюутан болохоор бүгд их сайн хандана аа. Кафкагийн талаар ангийн хүүхэд маань өөрийнхөө ойлголтыг ярьж, үнэн голоосоо шаналж, бас биширсэн тухай хуучилж, ер байнга л уран зохиол, философи, сонгодог урлаг, амьдралын мөн чанарын тухай ярьдаг, маш сайн зурдаг мундаг хүү байж билээ. 2004 онд Жэрэми Аиронс гол дүрд тоглосон, Стивэн Содэрбэргийн бүтээл “Кафка” бүрэн хэмжээний уран сайхны кино гарч мөн л үхтлээ айж шаналж үзсэн, сайн бүтээл болсон байсаан. 2007 онд Ц.Сүхбаатарын орчуулгаар “Шүүх ажиллагаа”-г анх уншсан. Эх хэлээрээ танилцахаас өмнө хоёр ч киног нь түрүүлээд үзчихсэн, ангийнхаа хүүхдээс хятадаар баахан лекц сонссон байсан тул уншаад үнэндээ юу ч, бүр юу ч ойлгоогүй: би юу уншаад байна аа! гэж бодсон. 2007 онд Ф.Кафкагийн хөргийг бэхээр муутуун дээр бүтээсэн маань тун санаандгүй маш амжилттай болсон бөгөөд энэ хөргөө хэнд ч өгөхгүй, зарахгүй хэмээн өөртөө андгайлав. 2012 оны хавар гурван долоо хоног эмнэлэгт хэвтэв ээ. Ф.Кафкатай маш адилхан, эсвээс миний бүтээлтэй усны дусал шиг ижилхэн төрхтэй хасаг \казах\ залуу тус эмнэлэгт  хэвтэж эмчлүүлж байв. Нүдэндээ ч итгэхгүй, бүүр гайхаад:
-Өөрөө Франц Кафка гэдэг зохиолч мэдэх үү? 
-Мэдэхгүй.
Зурсан хөргөө гар утсан дээрээ гаргаж үзүүлээд:
-Энэ!
-Танихгүй.
[c] Д.Баярцэцэг  "ФРАНЦ КАФКА" 30х60 муутуу, бэх, зотон 2007.
Ф.Кафкагийн “Шүүх ажиллагаа”-г дахин уншихад маш хүнд байсаан. Арай ядан уншиж дуусаад удаагүй байтал өнгөрсөн жил зохиолч, яруу найрагч, орчуулагч О.Чинбаяр ах “Шүүх ажиллагаа”-г орчуулж буй хэмээгээд номын зураг асууж билээ. Эл хөрөг О.Чинбаяр ахын Кафкагийн номын шилд тавигдсан бол, орчуулагч П.Туяа эгчийн Кафкагийн “Хонгилд” өгүүллэгийн түүврийн хавтасны нүүрийг чимсэн. Ерөөс Ф.Кафка бид хоёр үйлийн үртэй юм шиг холбоотой байдаг нь бид нэг өдөр төрсөнтэй холбоотой юу, миний зурсан хөрөг үү, бичсэн шүлэг үү, өнөөх хоёр адын кино юу, мэдэхгүй. Дашрамд сонирхуулахад: Ф.Кафка бид хоёр нэг өдөр төрсөн бол, бид төрсөн өдөр “Д Доорс” хамтлагийн дуучин Жим Моррисон бурхан болж одсон юм билээ. О.Чинбаяр ахын орчуулгыг одоо болтол уншиж амжаагүй. Тэгэхээр би “Шүүх ажиллагааг” уншиж дуусаагүй байна гэсэн үг үү, дуусдаггүй аймаар байгаа биз, гоё ч юм уу.
-Одоо ямар ном уншиж байна вэ?
-Эртний урлагийн түүх, археологи, түүх, судалгааны бүтээлүүд уншиж байгаа. Уншихаасаа бодох нь их ээ.
-Ер нь таны унших арга барил ямар вэ. Номуудыг зэрэг унших, зарим уншсан номоо байнга эргэж харах, тухайн үеийн нөхцөл байдлаас унших сонголтоо хийх гэх мэт?
-Шинээр гарч буй уран зохиолын номуудыг тухайн цагт нь авч уншихыг хичээдэг. Байнга сөхөж хардаг ширээний ном бий, Ц.Дамдинсүрэн абугайн “Монгол үсгийн дүрмийн толь” болон бусад толь бичгүүд. Хааяа өөрийн болон бусад яруу найрагчдын шүлгийн түүвэр унших дуртай. Унших арга барил гээд сүйд болох юм үгүй дээ, өөрийгөө ажаад байх нь сүүлийн үед номыг цоохорлож, гарчиг хөөж унших гээд байдаг болсон, олон ном зэрэг эхэлдэгтэй холбоотой байх.
-Та уран бүтээлчийн хувьд ч, хувь хүнийхээ хувиар ч хэрхэн амьдрах, юу хийхээ мэдэхгүй зогсолтод орох үе байсан уу?
-Юу хийхээ мэдэхгүй зогсолтод орох үе үгүй дээ, харин хэрхэн амьдрах талаар нухацтай бодож буй. Мөнгө төгрөг, ажил алба, ар гэрийн амьдрал, бүтээл зохиолоо зохицуулах цагийн талаар бодох үед хэцүүхэн л санагддаг.
-Амьдралын чиг шугамын тухайд энэ зөв гэсэн баримжаагаа хэдийд олсон бэ. Юу тусалсан бэ?
-Амьдралд үнэнч шударга хандаж, урлагт чин сэтгэл, буй бүхнээ зориулж өөрийгөө нээнэ гэдэг бүтээл туурвил.
-Шашны тухайд та ямар бодолтой байдаг вэ. Таны үзэл санаанд хэр нөлөөлсөн бэ?
-Шашин бол урлаг, урлаг бол шашин. Би шашин шүтдэг гэр бүлд өсч хүмүүжээгүй ч шашны тухай домог, үлгэр, түүх, зохиол, судалгааны бүтээлүүд унших дуртай. Буддын болон бусад шашны сүм хийдүүдээр аялах зочлох ч дуртай. Ихэнхдээ сүм хийдийн хана, адар, дээвэр, туурганы баримал зураг чимэглэл гээд бүгдийг урлаг талаас нь харж биширдэг. Эрт цагийн монгол хийцийн буддын сүмүүд үнэхээр шүтэхгүй байхын аргагүй бүтээгдсэн байдаг бол Түрэгийн түрүү үеийн болон Гандхар хийцийн буддын баримлууд дэлхийн урлагт “Дорнын сонгодог эрин” гэгдэх ур хийцтэй гайхамшигт өв соёл. Оюутан байхад олон сайхан газраар аялж, ангайж алмайрч явсан минь буддын соёлыг бишрэх сэтгэл төрүүлсэн болов уу. Аливаа шашин, урлагийн бүтээлд болон үзэл санаанд тодорхой хэмжээгээр нөлөөлөх нь бий, хэт автахгүй байхыг хичээдэг. Учир нь хуулбарлах сэтгэлгээ автахаас үүдэлтэй.Энэтхэгийн философич С.Радхакришнан хэлэхдээ: “Хэрвээ нийгэм өөрийнхөө оюун санааны ололтуудад итгэхээ болих юм бол, чиг баримжаагаа ч, жолоодлогоо ч алдана” хэмээжээ. Энэ бол үргэлж шинээр нээх, хөгжүүлэх, төгс төгөлдөрт тэмүүлэх санаа, тиймээс өөрийн үндэстний урт удаан хугацааны туршид бүтээсэн, хадгалагдаж үлдсэн өв соёлоо судалж хөгжүүлэх, цаашлаад шинэ үзэл санаагаар төлөвшүүлэн авч явахыг хичээх нь монгол үндэст хүн бүрийн бодох ёстой асуудал. 
“Туйлын” гэх үзэл үгүй боловч надад хамгийн ихээр нөлөөлсөн философич бол Нагаржунай. Тэнгэр, нар, сар, гараг ертөнц, оршихуй, бурхан, шашин зэрэг ойлголтыг оргүй хоосон болгосон хүн дээ. Хэрэв Нагаржунайн онолыг дагаад эхэлбэл юун “би” байх биз. Өөрийн “би” үгүй бол бүх зүйл хоосон. Ингээд бодохоор надад нөлөөлсөн л болж таарах нь. (инээв)
-Танд өнгөрсөн хугацаанд хамгийн хүнд бэрх үе хэзээ, юу байсан бэ?
-Мэдэхгүй. Гэхдээ өвдөх болон гэдэс өлсөхөөр яасан хэцүү юм бэ гэж боддог. Өлссөн, зовсон, өвдсөн хүмүүсийг харах хэцүү. Өлсөж ядарч зовж үзээгүй ард түмэн үүнийг ойлгохгүй биз ээ. Нэг нууцаа дэлгэчих үү. Мастер хамгаалахын өмнөх хэдэн сар мөнгө дуусаад, өлсгөлөн байдалтайгаар хүнд цаг хугацааг давж туулсан, надад ус будаа хоёр л байсан. Яг тэр үед бичсэн миний нэг богино өгүүллэг бий, олон жил хав дарчихаад саяхан новшоо ухаж байгаад гаргаж ирж уншихад амттай байсан шүү. Өгүүллэгийн нэр “Өлсгөлөн өдрүүд” 

2009 онд бичсэн, одоогоор хаа нэгтээ нийтэлж хэвлүүлээгүй.
-“Амаа хамхиж сурсан цагт хүн жинхэнээсээ амьдарч эхэлдэг” гэдэг үгийг та иш татжээ. Та одоо өөрөө өөртөө хэр сэтгэл хангалуун байна вэ?
-Латин зүйр үг. Грек нь бас л бодмоор: “Зоогийн ширээний ард амаа хамхиж бай”. Өөрөөр хэлбэл оюун санаандаа ч тэр, хоол идэж байхдаа бүү чалч гэсэн үг. Хоол идэхдээ би юу ч боддоггүй болсон. Амаараа дүүрэн хоол чихчихээд хүний өөдөөс яриад байдаг хүнд дургүй. Миний аав их дуугүй намуухан хүн. Тэр нь надад нөлөөлсөн байх ёстой. Гэтэл сэтгүүлчид асуулт асууна, найз нөхөдтэйгөө ярина, оюутнууддаа номлоно, би ярьсаар л.... шүлэг, зохиол ч мөн нэг төрлийн яриа шүү дээ. Худлаа бурж, дэмий чалчихгүй, хэр хэмжээгээ мэддэг бол болох нь тэр.  
-Мөн та дээрх ярилцлагын “өөрийгөө бүтээж байна уу, олох гэж эрэл хайгуул хийж байна уу” гэсэн асуултад “гээх гэж” хэмээн хариулжээ. Яагаад?
-Өөрийгөө гээнэ гэдэг олохтой ижил. Бурангуй үзэлдээ итгэчихээд түүнтэйгээ үхширтэл зууралдаад байдаг хүн хөгждөггүй, өөрөөс хэрэггүй зүйлээ гээж шинэ бүхнийг өөриймшүүлж байх, гэхдээ даган дууриахгүй гэсэн санаа.
-“Уран бүтээл эхлэх цэг гэж байдаг” гэж зураач Ж.Мөнхцэцэг хэлж байсан.  Та зураач, яруу найрагч, урлаг судлаач хүн. Таны зураачийн, яруу найрагчийн, урлаг судлаачийн эхлэх цэг юу байсан бэ?
-Ямар хэцүү асуулт вээ, бараг амьдралын түүхээ ярих нь байна шүү дээ. Товчхондоо бол, цаг хугацаа бүхнийг шүүх байх аа даа. Миний бүтээсэн бүхэн эхэлсэн цэг хэмээн санаваас үхэхийнхээ өмнө энэ асуултыг дахин нэг бодож үзнэ ээ. (инээв) Тэр болтол зураг, яруу найраг, судалгаа маань хаа хүрсэн байхыг хэн мэдэхэв. Төрсөн од эхэлсэн цэг байж магад.
-Урлаг таныг хэрхэн өөрчилсөн бэ. Хүн бүрт байдаг нандин чанар (ихэнх хүмүүс түүнийг алддаг гэж боддог)-аа алдаж буйг мэдэрдэг үү, эсвэл урлагаар амьдарч буй учир төрөлх мөн чанараа хадгалж байгаа юу?
-Түүхээс харахад урлаг соёл өндөр хөгжихийн хэрээр хүний ёс суртахуунд өөрчлөлт гарсан байдаг. Жишээ нь хүн сэтгэлээ илчлэн байхад, бүтээлээ тайлбарлан таниулж байхад, үзэл бодлоо илэрхийлэн туурвиж байхад өөдөөс нь ард нийтээрээ хамраа ухаад, шүлсээ нулимаад, бохь зажлаад суух нь хэр зохистой вэ гэдэг ч юм уу, сайн баримал гудманд байршуулаад тавихад өшигчих, дээр нь эрээчих эвдэх гэдэг ч юм уу, Японы ард түмэн дэлхийн бүх улс үндэстний зоосон мөнгийг хайлж хонх цутгаад Монгол Улсад бэлэглэж түүнийг талбайн цэцэрлэгт хүрээлэнд байршуулсан, гэтэл бид хэрхэн хадгалж байна вэ, тэр бол энх тайван, амгалан энхийн бэлгэ тэмдэг шүү дээ ч гэдэг юм уу бодмоор зүйлс Монголд их бий. Нандин чанараа гээгээгүй хүн, урлагийн хүмүүн болон урлагийг хайрладаг ард түмэн л урлагийн түүхэнд үлддэг байх.
-Саяхан болсон контемпорари урлагийн тухай хэлэлцүүлэг дээр та “Урлагийг хэн егүүтгэсэн бэ [Who kill the ART]” гэдэг асуултыг нийтэд тавьсан. Ямар өнцгөөс та энэ асуултыг тавихад хүрсэн бэ.  Жишээ нь  “Урлагт дүр эсгэгчид олширсноос уу, эсвэл урлаг судлал байхгүй байгаагаас болоод уу” гэх мэтээр надад бодогдсон. Мэдээж энэ бол ганц асуултын дор бүрэн хариулагдахгүй өргөн хүрээтэй сэдэв байх.
-Өнцгөөс өнцөгдөж асуугаагүй шүү. Хэлэлцүүлгийн сэдэв “Урлаг уу, солиорол уу” байсан. Сэдвийн хүрээнд хоёр өдөр хэлэлцэхдээ дэлхий нийтэд сөргүүлэн тавьж буй асуудал юм аа, тэрнээс яг асуулт бус. Урлаг асуудал дэвшүүлэхийг илүүд үздэг бөгөөд асуулт гарч ирэх бүрт “Урлаг гэж юу вэ” хэмээх эгдүү хүргэм асуулт хэзээ ч дуусдаггүй. Хариулт нь ч мөн адил хүн бүр өөр өөрийнхөөрөө тайлбарладаг. Тиймээс би дэлхийн улс орны, ер бүх хүмүүст, цаашлаад харь гарагийнханд хүртэл хамаатай байхаар асуудал дэвшүүлсэн ухаантай. Асуудлаас улбаалж аандаа гарч ирэх санаанууд, асуултууд урлагтай харьцах, урлагт хандах хэн бүхнийг өөрчилж, шинэ эриний урлагийн түүхэнд хувь хүн бүрийн хэлэлцэх, ярилцах сэдвийн хурц асуудал байсаар байх болно хэмээн тооцсон.


Асуудал байхаар тооцно гэдэг хуучрахгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл “Урлагийг хэн егүүтгэсэн бэ” гэж хэн нэг хүн бүхэн өөрөөсөө асуулаа гэж бодъё. Эндээс нэн тэргүүнээ “Урлаг гэж юу вэ” хэмээх улигт асуултыг анх удаа өөрөөсөө, нухацтайгаар, зайлшгүй, дахин асуух учиртай болно оо доо. Манай дэлхий хэдэн хүн амтай билээ! Аандаа, хаа сайгүй, хэний янаагүй, жишээ нь: үзэгчид идэвхтэй болно, урлаг судлаачид, шүүмжлээчид ажлаа сайн хийнэ, бүтээгч туурвигчид дүр эсгэж суухын оронд амьдарч эхэлнэ, улс нийгмүүд хөдөлгөөнд орж, олон соёлын харилцаа жинхэнэ утгаар хөгжиж хүн төрөлхтөний бүтээсэн, бүтээж буй түүх ба урлагийн түүх сонирхолтойгоор үргэлжилнэ хэмээн миний урьдчилж харсан бодол. Дэлхийн урлагийн түүхийн сайн туршлагагүй бид уншаад, судлаад байж дээ.
Гэхдээ урлаг судлал бий шүү! Манайд урлаг судлалын ангийг жил бүр олон олон оюутан төгсдөг ч төгсөөд ажлын байрны асуудал, хамрах хүрээ, орчин байхгүйгээс хөөрхий хүүхдүүдийн хувь тавилан сайн дурын, сайхан сэтгэлийн, бүр зарим нь даамжраад их мэдэгчид, туйлшрагчид болж хувирдаг. Монгол Улс урлаг судлаачдаа дэмжих бодлогоо өргөжүүлэх хэрэгтэй.

Tuesday, 5 April 2016

ТЭНГЭР БА ГАШУУН НУЛИМС

"Микеланжело Бэкэт хоёрын хөрөг"
[с] Годо, харандаа цаас, 25.3х18


-visual-


"Portraits of Michelangelo & Beckett"
[c] Godo, pencil on paper, 25.3x18


| дурсамж vгvvлэл |

Оюутан байхад Микеланжелогийн намтарыг уншаад ихэд шимширч билээ, миний уншсан намтар дотроос гуниг төрvvлсээр байдаг бvтээлчид бол Ван Гог, Микеланжело хоёр. Яагаад ч юм цаг vе нийгэм нь тэднийг огт ойлгоогvй шиг санагддаг. Академийн Уран Зургийн Бакалаврын гуравдугаар курст сурч байх vед ээ, хар зургийн хичээл, Микеланжелогийн "БООЛ" хэмээх нvсэр бvтээлийг гурван сар чардайтлаа гvрдийтлээ нухаж зурсаны эцэст дуусч яс амарсан. БООЛ хэмээх баримал оргинал эх хэмжээгээрээ гурав орчим метр, хэр чинээгээрээ эх хэмжээтэй дvйцэх хар зургийн ажлаа гvйцэтгэсэнсэн. Тухайн vед баримал анги анги дамжин хэссээр эмтэрч халтайж сааралтаад тонн нь мэдэгдэхээ байж булчингийн ялгаралыг ялгаж харах тамтаггvй зурахад маш хvнд байсан тул багшдаа эл зовлонгоо тоочтол багш: -хар нvдний шил зvvгээд зураад vз! хэмээн зөвлөж билээ. Багшийн зөвлөснөөр зурж буй барималаа харахдаа шилтэй, цаас руу зураг руугаа харахдаа шилээ авч, өдөр цаг хором бvрийн энэ төвөгтэй vйлдлээсээ залхаад сvvлдээ ангидаа нарны хар шилтэй зогсож зургаа зурж дууссан даа. Эргээд санахад, хөндлөнгөөс ажихад тун хийц муутай тэнэг шил зvvчихсэн өөрийгөө бодоод инээд хvрдэг, гэсэн ч туршлагатай сайн багшийн зөвөлгөөгөөр амжилттай дуусгасан хэмээн одоо санадаг. 

Тэр гурван сарын хар зургийн дvн А/95 оноо авлуу, багш дvн дээр хатуу, барагтай л 85-с дээш оноо өгдөггvй, яагаад ч юм миний ажлыг vнэлсэн л юм даг. Гол нь би сайндаа ч бус Микеланжелогийн БООЛ хэмээх бvтээлийг зурах нь харьцангуй хvнд ажлын тоонд зvй ёсоор ордог. Зурахад ч амттай чамбай сайн бvтээл. Yе vе гудманд алхаж явахад суут зураач барималч Микеланжело абугай тэнгэрээс хууч хөөрөх сэтгэгдэл төрөх vед тийн хэмээн таньж догдолсондоо элдвийг бурж өгнө өө. 

ОНГОД ТЭНГЭР БА ЧУХАМДАА АГУУ БYТЭЭЛЧИЙН YГС СЭТГЭЛИЙГ ЦЭМБИЙТЭЛ, СЭРГЭЭД ТЭНГЭРТ НИСТЭЛ ХYYРНЭЛДДЭГ БӨГӨӨС БУРХАДЫГ БYТЭЭГЧДИЙН ЗОВЛОН ЖАРГАЛ НЭГ ЮМ АА ХЭМЭЭН САНАХАД Л НYДНИЙ АЯГАНД НУЛИМС ЦИЙЛЭЛЗЭН ΘΘРИЙН ЭРХГΥЙ БИШРЭХ ХΥНДЛЭХ ΘΡΘΒΔΘΧ ХАЙРЛАХ СЭТГЭЛ ТΘΡΔΘΓ ΘΘ.

Урлагийн Бурхад цэвэр сэтгэлийг хаа ч явсан таньдаг.


Годо 2016.

Michelangelo di Lodovico Buonarroti Simoni
(
Italian: [mikeˈlandʒelo])
(March 1475 – 18 February 1564),
Italian sculptor, painter, architect, poet, and engineer
of the 
High Renaissance who exerted an unparalleled influence on the development of Western art.


"SLAVE"



СЭРҮҮН СҮМИЙН ЗҮГ

Богино шүлгийн СЭРҮҮН СҮМ номоо хэвлүүлэх болсон түүх тун сонирхолтой эхэлсэн. 
Энэ тухай тусгай ном болгон хэвлүүлэх төлөвлөгөө бий.
Ямартай ч, анх удаа зэнгийн сүмд-
шавилан суух гэдэг..
сүмийн амьдралын туршлагаас мэдрэх гэдэг.. 
ерөөс ЗЭН хэмээх өвөрмөц урсгал сэтгэлгээ хэрхэн
төлөвшсөн өөрийн зэнгийн түүхээсээ хуваалцахаар шийдэв.

Доорх гурван зураг:
1. Сүм рүү хүрэх уулын замд (цаг гаруй алхсан)
2. Алсад Сэрүүн Сүм дөнгөж үзэгдэх агшин
3. Сүм энэ л модон замаар хөтлөн аваачсан

эхний гэрэл зургийг:
Foto by [с] Seine Kim 2012.
Сэин Ким, Солонгос.
Хятадад Академид хамт сурч байсан дотны анд,
түүний ачаар л СЭРҮҮН СҮМ ийг төвөггүй олсон билээ л.
ПС: "СЭРҮҮН СҮМ" богино шүлгийн түүвэр Интерном, Мажестик номын дэлгүүрүүдэд болон Брити Грэй, Кафэ Дө Амор -т тус тус борлуулагдаж буй.





Tuesday, 9 February 2016

ЧИХЭВЧЭЭР БҮТЭЭСЭН АЯЛГУУТ ШӨНИЙН ГЯЛБАА




Bodikhuu “Night Shine”
genre | tag:: spiritual, jazzhop,
jazzbass, funkbeat, experimental
release album:: 4th of January 2016
tracks:: 12

online links::
www.facebook.com | 1 bodikhuu
www.soundcloud.com | bodikhuu
www.bodikhuu1.bandcamp.com




| нийтлэл, судлал |

Хөгжмийн бүтээлүүдийг цомгоор нь сонсох хэрэгтэй.” хэмээн нэгэн найз минь зөвлөсөн билээ.


ХӨГЖИМ МЭДРЭХ СОНСОХ ТУХАЙ

Хөгжим урлагийн тухай ярихаас урьтаад хувь хүн бүрт тавих асуулт: ТА УРЛАГТ ХАЙРТАЙ ЮУ ?
Урлагийн түүхийн хөгжлийн явцад жам ёс, бүтээгч хүмүүн, зүрх сэтгэл бүтээл төрүүлдэг, гагц сайн бүтээл хүн төрөлхтөний урлагийн түүхэнд мөнхөрдөг. 


БИДНИЙ ЭРИН ЦАГИЙН СЭТГЭЛГЭЭНИЙ ТУХАЙ ТОВЧ


Өөрийн далд совин, зөн, дадал, туршлага дээр суурилан бүтээсэн туурвилууд амьд гэгээн сүнслэг байдаг. Монголын бүтээлчид Дэлхийн бусад улс үндэстний бүтээн туурвигчидтай нэгэн цаг үед бүтээлээ туурвиж буй. 
Шинэ зууны технологийн шинжлэх ухааны хөгжлийн ертөнцөд эрин цагийнхаа сэтгэлгээний БИ-г илэрхийлсэн БОДЬХҮҮ-гийн хөгжмийн бүтээлүүдийг: шигшин сонгож, түүвэрлэн эмхэтгэж, нэн өөр, шинийг эрэлхийлсэн илэрхийллээр бүтээлээ хүмүүсийн хүртээл болгож буй хэмээн бид, урлаг судлаачид дүгнэж байна. 


Тэрбээр өгүүлэхдээ:
ЗАЛУУСЫН ТӨДИЙЛӨН МЭДДЭГГҮЙ, СОНСОХОО БОЛИОД УДСАН, БАРАГ ТҮҮХНЭЭ МАРТАГДАХ ДӨХСӨН ХУУЧНЫ БҮТЭЭЛҮҮДИЙГ ЭРЖ, ТАНИЛЦАЖ, ӨӨРТ ОНЦГОЙ СЭТГЭГДЭЛ ТӨРҮҮЛСЭН, ТААЛАГДСАН ХЭСГИЙГ ХЭСЭГЧИЛЭН СОНГОЖ, ТАСЛАН ЦУГЛУУЛЖ МӨН ӨӨРИЙН ЭРГЭН ТОЙРНЫ АХУЙ АМЬДРАЛААС ОЛЖ НЭЭСЭН БҮХНЭЭ ТОГЛОХ, БИЧИХ, ХАДГАЛАХ, САНУУЛАХ ИЙН БҮРДҮҮЛСЭН ХӨГЖМИЙН АРХИВАА ШИНЭЭР ДАХИН НАЙРУУЛЖ ДАН АЯЗ, ХЭМНЭЛ, ҮГЛЭЛ, ЦОХИЛТ БҮРИЙГ ТУРШИЦ /experimental/ -ЫН КОДЛОН СИСТЕМЧЛЭХ  ЗАМААР БҮТЭЭСЭН ХОЁР ДАХЬ ЦОМОГ. БИ ЯМАР НЭГЭН ТӨРӨЛ ЖАНРТ БАРИГДАХЫГ ХҮСДЭГГҮЙ ТИЙМЭЭС АЛЬ БОЛОХ ЧӨЛӨӨТЭЙ СЭТГЭЖ, БАРИГДМАЛ, УЙТГАРТАЙ, НЭГ ХЭВИЙН, ХЭВШМЭЛ, ХҮМҮҮСИЙН СОНСОЖ ДАДСАН НИЙТИЙН ГЭГДЭХ УРСГАЛ ХЭМНЭЛЭЭС АНГИД БАЙХЫГ ХҮСДЭГ. хэмээсэн юм.

ТЭВЧЭЭР БОЛ ХҮМҮҮНИЙ ГАЙХАМШИГТ ЧАНАР

Ахуй нөхцөл авъяасыг хэзээд хорьж дарж боож хааж түлхэж хавчиж чадахгүйн тод жишээ бол бүтээл туурвих орчин. Бусдад тээр дараа садаа болохгүйгээр өөрийн тэвчээр ухаан чадвар туршлагад тулгуурлан ажиллах гэдэг урлагийг бүтээгч хүмүүнд хэзээд шинэ туршиц, өөрөөр нээлт /EVRIKA/ болдог ба эл цомгийн явцын турш бүхий л бүтээлүүдээ зөвхөн чихэвчээр бүтээсэнд оршино. Нүргэлэх, чихарах, жингэнэх, үглэх, тачаах, орилох, хашхирах, дуулах, цуурайтах ер хорвоогийн бусад бүхий л дуу чимээг түүвэрлэн ангилан эвлүүлж найруулаад түүнээ дахин дахин давтан давтан сонсон тоглуулах нь, мэргэжилийн энэхүү ажлын явц ар гэр, эргэн тойрныхны нь чихнээ, сонсол болон мэдрэл, сэтгэл санаанд чийртэй тээр дараатай байлгүй л яав гэж.... харин Бодьхүү энэ бэрхшээлийг дан ганц чихэвчээрээ зоригтойгоор давж туулсан болохыг та бүхэн цомгийг сонсох зуур ухааран ойлгох буй за.

Амьдралын салшгүй хэсэг хөгжим, хөгжмийн урлаг аль ч цаг үеийн хүмүүсийн хүмүүжил төлөвшилд ямагт нөлөөлсөн, нөлөөлж буй, нөлөөлсөөр байх бөгөөд хувь хүний хөгжмийн урлагийн боловсрол, таашаал, сонголтоос хамаарч соёлын ялгаа үүсдэг учир өөрийн БИ-г мэргэжлийн түвшинд цэгнэн дүгнэж хөгжүүлэн боловсруулах эхлэл тавигдана хэмээсэн урлагийн анхдагч зүй тогтол бөлгөө. Бүх хүн хүүхэд байхаасаа л зурдаг бичдэг сонсдог ч хүн бүр зураач зохиолч хөгжимчин болдоггүй шүү дээ. Хүсэл мөрөөдлөө биелүүлж хүмүүст гуниг, баяр, ухаарал, гайхашрал төрүүлэх урлагийн ХҮН болон төлөвших, бүтээгч туурвигч болох амар үгүй ээ. Танин мэдэж, ойлгож, туулсан бүхнээ өөрийн ухамсар ба ухамсар бусад боловсруулан хүн төрөлхтөнд бүтээл болгон үлдээнэ гэдэг том хариуцлага шүү. Сүнснийхээ оршихуйн ертөнцөөс дурсамжаа онгичин уудлах нь тавилан бас төрөл. 
 

“NIGHT SHINE”


Миний гартаа барьж буй энэ цомог ГАНЦ хувь. 

Хүн бүрийнх адил ГАНЦ хувь. 
Ганц хувь гэхээр та гайхаж магадгүй.

.... ЯАГААД ....

Мөнгөтэй, чинээлэг, эрх мэдэл бүхүй хүмүүсийн дэмжлэг тэтгэлэг хайж эрэлгүйгээр өөрт буй бололцоо нөөц, ухаанаар бүтсэн цомгууд нь олны хүртээл болоод удаагүй. Энэ бол зохиогчийн шийдэл. Зохиогчийн эрхийн шийдвэр. Өөрийн гараар сэтгэл гарган нямбайлан урлаж, гадар бүрийг, ширхэг бүрийг хүн хүн тус бүрт зориулан хатуу цаасыг хэмжээ тавин зүсэж, нааж, цоолмол хэвээр /stencil/ шүршин хаяглаад, сд бүхнээ нэг нэгээр хувилан олшруулж эцсийн бүтээгдэхүүн, шууд сонсоход бэлэн болгож, сонсогчиддоо барьсан болохыг бодитоор гартаа барьж буй хэн бүхэн мэдэж буй биз ээ. 

NIGHT SHINE – ШӨНИЙН ГЯЛБАА – ГЯЛБАХ ШӨНӨ

сонсогч таны бурханлиг сонслоор сэрэхүйн гайхамшиг, өгүүлэн үгүүлэх хөгжим сонирхогч цуглуулагч бүтээгч судлаач шүүмжлээч та бүхний зүрх сэтгэлээ нээн өрнүүлэх яриа, хөөрөлдөх СЭДЭВ мэндэллээ.

Ингэхэд бид ер алив шинэ бүхнийг хүлээн авч, бодол оюунд хүртсэн бүхнийг сэтгэлээ уудлан, сэтгэгдэлээ хуваалцдагсан билүүсэн үү дээ. Энд СОЁЛ эхлэж үүнийг бид УРЛАГИЙН ТУХАЙ ЯРИА хэмээмүй.


ХҮН БҮРИЙН УРЛАГТ ӨГСӨН СЭТГЭЛ ҮНЭН, АРИУН, ШӨНИЙН ГЯЛБАХ ОДДЫН АДИЛ ГЭТЭЛГЭГЧ ГЭГЭЭН ТУНГАЛАГ БАЙХ БОЛТУГАЙ.


21:57
2016.02.07
Улаанбаатар хот
МОНГОЛ УЛС