Friday, 12 December 2014

абсурд ба абсурд бус







Дотор ямар нэг хэсэг
Чулуужчих шиг

Чулуунаас эмтрэх шиг
Эсвэл
Дотор ямар нэг талст
Хэмгүй болох шиг

Хэмнэл алдах шиг
Эсвэл
Дотор ямар нэг далай
Манан болон хөөрөх шиг

Говь цөл болчих шиг
Бидний үнэн дүр
Энэ ч шиг.  



/2007 он, Д.Баярцэцэг/



Сэтгүүлч Дэмбэрэлийн Оюунномин

Үзэгдэл 1

Түүнтэй уулзсан уулзалтыг А цэгээс Б цэг хүртэл хийсэн аялал гэе. Навчны тухай, навчны өнгөний тухай, салхины үнэрний тухай, салхи бол хөдөлгөөн болох тухай, нам гүмийн тухай хүүрнэсэн аялал. Яг тэр аялсан замаараа эргээд аялбал онц гойд зүйлгүй тийм ертөнц. Алдагдсан, мартагдсан цаг хугацаа руу өчнөөн баяртайгаар аялчихаад “одоо” цагт эргэн ирэхдээ хөндүүрлэсэн тийм мэдрэмж. Аялсан аялалаа нэхэн дурсахад яг тухайн цагт төрсөн сэтгэгдэл, дарамт, тайвшрал бодитоор, тэр цаг үеийнх шигээ мэдрэгдэх нь тийм их аз, бас тэр хэмжээгээрээ дарамт. Бид хүмүүсийг таньж мэдэх гэж адгадаг. Би ч гэсэн ялгаагүй ярилцаж буй, хамт аялсан хүнээ таньж мэдэхийг хүссэн. Энэ явцад түүний тухай бодсон бодлууд; үг, үйлдэл ч хувь хүний мөн чанарын тусгал биш, аз жаргалтай, хөгжилтэй харагдах байдлаар чухамдаа эмгэнэлтэй, гутранги, бүх юмсын өмнө хүчин мөхөстсөн жинхэнэ дүрээ нууж байдаг абсурд жүжгийн дүрүүдтэй тэр төсөөтэй, түүнийг таньж мэдэхийн тулд их цаг хугацаа хэрэгтэй юм шиг... Гэхдээ би түүнийг таньж мэдлээ гээд яах юм?! Түүний өөрийнх нь Тарковскийн тухай “Тийм гэх тэмдэггүй гүн эмзэг уг” хэмээн бичсэн тодотгол Тарковскийд биш Баярцэцэгт өөрт нь хамгийн оновчтой тохирох мэт. Бодит байдалтай тулгарснаар түүний тухай бодож олсон төсөөллөө нураан, дахин шинэ төсөөлөл бүтээн босгож өөрийгөө төөрөлдүүлэхгүй, зүгээр л түүний тухай юу ч бодохгүй, төсөөлөхгүй байсан нь дээр гэж тогтов. Тэр хэн ч биш. “Хэн ч биш” байх нь “Хэн нэгэн” байхаас хавьгүй дээр ч юм бил үү. А эсвэл Б, бүр Ц, цаашлаад Х-гийн мэддэг Баярцэцэг ч миний мэдэхээс огт өөр хүн нь мэдээж. Доорх ярилцлагыг уншсан уншигчийн төсөөлөх Баярцэцэг ч бас өөр нэг дүр... Юмыг таньж мэдэж дуусахгүйдээ ийн тэмдэглэж буй хэрэг биш, таньж мэдэх нь онцын ач холбогдолгүйд л тэр.

Үзэгдэл 2

Д.Баярцэцэг: “Улаанбаатарын гашуун утаа надад гунигтай өчигдөр шиг санагддаг” 




Д.О. Дүрслэх урлаг, зурах урлаг гэдэг чинийхээр
зохиогчийн 
мэдрэмжийн тусгал уу, эсвэл тогтсон дэг 
жаягтай урлахуйн ухаан уу?



Д.Б. Зурах урлагийн талаар ярихын тулд зураасны тухай ярих хэрэгтэй болно. Зураасны тухай ярих гэхээр зурааслал гэх зүйл рүү орчихно. Зурааслалын тухай ярихаар цэгийн тухай ойлголтод хүрнэ. Ерөнхийдөө бүтээл гэдэг бол цэвэр орчин. Гадаад, дотоод аль нь ч байж болно.


Д.О. Зураг зурж байхдаа хөгжим сонсдог уу?


Д.Б. Янз бүр дээ. Нэг мэдэхэд миний хийж байгаа юмтай сонсож байгаа хөгжим зөрчилдөнө. Эсвэл би хийж байгаа юм руугаа гүн орох үед хөгжим илүүц чимээ авиа үүсгэх нь бий. Заримдаа нийлж аль алиных нь гүнд орохгүй, дунд нь зогсож байдаг.


Д.О. Бүтээлээ нэг өгүүлбэрээр тодорхойлбол?


Д.Б. Миний үй олон дүр.


Д.О. Өөрийнхөө энэ үй олон дүртэй нэг өрөөнд байх,   
хамт орших нь төвөгтэй биш үү?


Д.Б. Зурагнууд хөглөрөөд, агуулах газар байхгүй болох үед шатаачихмаар болдог л юм.


Д.О. Өнгөний тухай чиний ойлголт?


Д.Б. Өнгө уйлна, худлаа ярина, инээнэ, дуулна, хашгична, үсчинэ. Өнгө бол зан авир, араншин, үйл хөдлөл.


Д.О. Хамгийн их чимээтэй өнгө?


Д.Б. Улаан өнгө. Тэр чимээтэй гэхээсээ илүү хүчтэй өнгө.


Д.О. Өөрийгөө өнгөөр илэрхийл гэвэл?


Д.Б. Нэг хэсэг би ихэнхдээ хөх өнгө давамгайлсан бүтээлүүд хийж байсан. Яагаад гээд бодохоор тэр үед би Пиккассод автаж байсан. Өнгийг хүмүүс өмчилж, хувьчилж авах надад гэнэт утгагүй санагдсан, огт таалагдаагүй. Тэгээд л би хар, цагаан өнгөөр уран бүтээлээ хийх болсон. Миний гүнийн гүн дэх өнгө бол хар, цагаан, саарал гэдгийг мэдсэн. Үүнийгээ мэдэхээс өмнө би зүгээр л өнгөн дунд төөрөлдөж явсан юм шиг. Би бол тунгалаг. Тунгалаг гэдэг нь харагддаггүй тийм өнгө. Магадгүй өнгө биш, гэхдээ өнгө. Нар өөд зовхио хагас аниад харахаар сормуусны үзүүрт дугуй дугуй дүрс үзэгддэг дээ. Сайн харвал тэр нь хувирдаг, солонго шиг олон өнгө давхцах тэр л тунгалаг.


Д.О. Үзэгч бүтээлээс чинь юу мэдэрч, олж харж байгаа нь 

хэр чухал вэ?


Д.Б. Мэдээж чухал. Үзэгч юу мэдэрч, харж байгааг мэдэх амархан бас энгийн. Үзэсгэлэнгийн үеэр санал хүсэлтийн дэвтэр дээр юу бичсэнийг уншаад л мэдчихнэ. Ер нь тэгээд миний бүтээлийн тухай дэлгэж ярьдаг хүн цөөхөн. Монголд энэ тухай бичдэг, нийтэлдэг, урлаг судлал, жинхэнэ мэргэжлийн шүүмж одоогоор алга. Энэ утгаараа монголын урлаг эмх замбараагүй байдалд байна. Үе тэнгийн зураачид маань надад “Чи өөрийгөө олчихжээ” гэж хэлдэг. Тэр үед нь би өөрөөсөө зугтмаар болдог. Учир нь, энэ чинь яг л нуугдаж тоглохтой адилхан. Тоглоомын үед эрж байгаа хүүхэд нь эрэл хайгуул хийж, нуугдаж байгаа хүүхэд амархан олдчихвол урамгүй байдагтай л адил.


Д.О. Бүтээл туурвих сэдэл, санаагүй болох үе бий юу?


Д.Б. Тийм үе байхгүй. Харин ч санаа ихдээд хаягдах үе их. Өөрөөс минь олон янзын зүйл гарч байгаа нь сонирхолтой. Яг л зургийн цомог шиг. Яах вэ, хааяа залхуурах үе бий бий.


Д.О. Камю, Сартр, Бэккет, өөр бусдын бүтээлийг унших нь 

бидний оюун ухаанд тийм хэрэгцээтэй зүйл үү. Уншигч 

өөртөө тавьсан асуултынхаа хариуг л уншиж буй зүйлээсээ 

хайдаг. Хайгаад байгаа хариултаа өөрийнхөө дотор 

бясалгах нь хангалттай юм шиг...


Д.Б. Уншихгүй бол үхчих байх. Унших бол дадах явц. Ном уншсаны дараа сэтгэл зүрхэнд ирдэг мэдрэмж болгон хоорондоо адилгүй. Достоевскийн “Гэм зэм”-ийг анх уншихдаа бартаат зам дээр гүйж байгаа мэт багтарсан сэтгэл зүйгээр уншиж дуусгаж байсан “донтох” гэх юм уу удаа. Надад их тайван уншиж байгаа зохиолууд бий. Кафкагийн “Шүүх ажиллагаа” зохиолыг би ойролцоогоор хоёр жил уншиж байна. Тэр зохиолыг хэзээ уншиж дуусах бол гэхээс айж байна.


Д.О. Олонх хүн нийгмийг өөрийнх нь дотоод ертөнц рүү 

халдаж байна гэх. Харин чиний хувьд нийгэм гэж юу 

болох, энэ нь чамд дарамт өгч байгаа эсэх тухай?


Д.Б. Нийгмээс ирэх тайван бус байдлыг тухайн хувь хүн хэрхэн хүлээж авахаас л болно. Тайван, амар амгалан гэгч нь хүний сэтгэлд л байдаг. Түүнд ямар ч гадны нөлөө үгүй. Надад бол гайхаш тасрах үе л байдаг. Өөрийнхөө хаана байгааг мэдэхгүй байна гэдэг зөрчил үү? Би ер нь өөрийгөө хаана байна даа гэж их боддог. Гэхдээ энэ зөрчил гэхэд бас зөрчил биш. Хэрэв зөрчил байгаа бол тэр нь ухамсарт л байгаа. Нийгмийн зөрчлийг дарамт болгож хүлээж аваад л байвал зөрчилдөөд л байна. Тэр болгоныг дарамт гэж бодоод дарамтлуулаад яваад байх нь тэгэг л дээ. Юу зөрчил вэ, юу зөрчил биш вэ гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Оршуулъя гэвэл хэнийг ч дотроо оршуулж, нойрсуулж мөн амьдруулж бүтээж ч болно. Хэрэв би бодохыг хүсэх л юм бол миний дотор зохиол оршиж байж ч магад. Өөрийнхөө дотор руу живж гэхдээ ерөөсөө амь авраарай гэж орилохгүй. Өөрийгөө ахиад улам гүн рүү нь живүүлээд үзмээр байна. Дотоод сэтгэлдээ би жингүйднэ, хөвнө, ниснэ, заримдаа бүр өндрийн өндрөөс газарт унаж бяц үсэрнэ. Бодохгүй юм гэж алга, бодлоо дуусгаж байж л үхэх байх. Бүгд зэрэгцэн байгаа энэ орчинд сонголт хамгийн чухал зүйл. Гудамжинд хэн нэгнийг хүлээгээд сууж байхдаа тэнд хоёр хүн зодолдож байгааг, машины дуу чимээг сонсох уу, эсвэл салхины, навчны чимээг сонсох уу гэдэг хувь хүний сонголт. Гэхдээ анхнаасаа өгөгдсөн байсан зүйлийг хүн өөрөө ойлгох юм бол юунд шунаж юунд тэмүүлж байна гэдгээ ялгаж салгах юм бол юу ч хэцүү биш.


Д.О. Үхлийн тухай чиний ойлголт?


Д.Б. Эргээд л юуг амьдрал, юуг үхэл гэх вэ гэсэн асуулт гарч ирнэ. Унтаж байгаа сэрүүн байгаа хоёроо ялгах. Яг одоо унтаж байна уу, үгүй юу гэдгийг хөндлөнгөөс л харж болдог. Бодит гээд хэлчихээр энэ их хийсвэр ойлголт, хийсвэр ойлголтын тухай ярихад зүүдээ санана гэсэн үг. Алийг нь зүүд, алийг нь амьдрал гэж ойлгох нь хүний сонголт. Ер нь зүүдэлсэн зүүд эргээд хожим амьдрал дээр давтагдах нь бий. Тэгэхээр зүүд бол давтамж, явц. Түүнтэй адил үхэл ганцхан биш. Байгаль дээрх олон үхэл, олон амьдрал өөрөө олон давтамж. Мартана гэдэг хамгийн сайн өшөө авалт гэдэг үгтэй би санал нийлэхгүй. Харин ч мартана гэдэг хамгийн том аз.  “Амаа хамхиж сурсан цагт хүн жинхнээсээ амьдарч эхэлдэг” гэсэн латин зүйр үг байдаг. Би энэ үгийг үргэлж боддог ч яг одоо чамтай яриад л сууж байна. Тэгэхээр би яг одоо амьдарч байна уу, эсвэл үхчихсэн байна уу гэхээр эргэлзээтэй. Гэснээс... бид их сонин цаг үед амьдарч байгаа юм шиг. Харилцаа холбоо, мэдээлэлд тулгуурласан, романтик утгаа гээсэн үе. Заавал харилцахгүйгээр, зүгээр л хийсэн бүтээсэн зүйлийг зохиогчтой нь уулзахгүй, ярилцахгүй ойлголцож болно.


Д.О. Харилцаа холбоо хувьсаж байгаа ч гэсэн анхдагч 

утгаараа байсаар буй зүйлсүүд бий шүү дээ...


Д.Б. Хүн төрөлхтөн оршин байгаа цагт байж л байх сонгодог ойлголтууд бий. Гэхдээ тэр нь цаг үеэсээ шалтгаалаад илрэх хэлбэр нь өөр өөр. Амьдралд мөнхийн сэдэв, мөнхийн асуудлууд нэг их биш дээ. Түүний нэг нь хайр.


Д.О. Хүүхэд насны чинь хамгийн онцгой, сайхан дурсамж?


Д.Б. Аавтайгаа орой бүр сарыг дуранддаг байсан үе. Мөн өглөө бүр аав пянз тоглуулагчаар дуу тоглуулж намайг сэрээдэг байсан мөчүүд. Дууны чимээ шууд биш аажмаар, намуухнаар чихэнд хүрээд сэрнэ. Хэзээ ч намайг нэрээр дуудаж юм уу, эсвэл надад хүрч сэрээдэггүй байсан. Одоо бол би цочиж сэрж байна. Хөгжмөөр сэрэх тэр мэдрэмж л хамгийн сайхан дурсамж юм даа. Бас нэг удаа аавтай хамт хөдөө яваад, машины ачаан дээр зулсан эсгийн дээр дээшээ харж хэвтээд тэнгэрийн заадсыг шөнөжин ширтэж явсан. Тухайн үед би тэнгэрийн заадас хөдлөөд байна гэж бодож, гайхширч байсан болохоос машин явж байгаа тухай огт бодоогүй. Тэнгэр л хөдлөөд, эргэлдээд байна гэж бодож байж.


Д.О. Эмэгтэй хүн бүрийн дотор өөрийгөө үргэлж жаахан 

охин гэж боддог нэг дүр байдаг юм шиг. Харин чиний тэр 

охин чамд зовиур төрүүлж байна уу, эсвэл тэр анхнаасаа л 

байгаагүй юу?


Д.Б. Хүний, ялангуяа эмэгтэй хүний хамгийн том зөрчил. Би багадаа Брюс Лигийн тоглосон кинонд учиргүй дуртай байсан. Тухайн үед тулааны урлаг таалагддаг байснаас өөртөө нэг дүрэм тогтоосон юм. Тэр нь өдөр бүр дасгал хийгээд тоосго хагалж чадвал би эрэгтэй хүн болно, хэрэв чадахгүй бол эмэгтэй хүн болно гэсэн сонголт. Ингээд л кинон дээрээс харсан зүйлээ өдөр бүр сургуулилдаг болов. Гэвч би тэр тоосгыг хагалж чадахгүй гэдгээ удалгүй ухамсарлаж эхэлсэн. Тэгэхээр би эмэгтэй хүн. Тиймээс төөрөлдөх юм алга. Эмэгтэй хүн байна гэдэг эмэгтэй хүнийг “мэднэ”, эрэгтэй хүнийг мэдэрнэ гэсэн үг. Заримдаа ямар ч хүйсний тухай бодоогүй үе бий. Нийгэм надаас эмэгтэй хүн байхыг шаардана. Тэр зөрчлөө дотроо хадгалаад, өөрийнхөө байгаагаар юманд хандахаар эсэргүү болно, ажилд тэнцэхгүй эсвэл халагдаад эргээд л эмээ өвөөгийн охин, жижигхэн дүүгийнхээ эгч болдог. Өөртөө хэл ам, гомдол тарихгүй өөрийнхөөрөө баймаар байна. Жишээ нь, энгийн зүйл дээр ярихад хумсны будаг арилчихлаа гэж янзлаад л, миний энэ тэр ингэчихлээ гээд байхыг хүсдэггүй. Байвал байгаад, болвол болоод, болохгүй бол тэр л биз. Ингэснээр өөрийнхөө аяыг дагаж буй нь тэмцэл. Урьд насны үйлийн үр гэдэг юманд итгэдэг болоод байгаа шүү. Надаас шалтгаалахгүйгээр шийдэгдчихдэг тохиолдлууд бий. Зүв зүгээр урландаа сууж байгаад хэргийн эзэн болчихсон л явна. Надаас шалтгаалахгүй зүйл байх юм бол тэр нь үйлийн үр гэж боддог болсон. Нэг талаар би шалтаг тоочиж, өөрийнхөө толгойг илээд байгаа мэт боловч миний хувьд хамгийн тэвчишгүй зүйл.


Д.О. Үргэлж л тохиодог ч шинэ юм шиг, анх удаа учирч 

байгаа юм шиг цочроодог зүйл бий юу?


Д.Б. Байгалийн онцгой үзэгдэл намайг үргэлж цочроодог.


Д.О. Хүний хамгийн хүчирхэг өгөгдөл, мөн чанар?


Д.Б. Бүхнийг яг байгаагаар нь, бодитойгоор хүлээн авч мэдэрч чаддаг бол хүчтэйн шинж байх. Хоёр туйлын хооронд оршин байх гэсэн санаа юм. Хараас цагаан, гэрлээс сүүдэрт шилжих тэр заагт юмс оршин байдгийг бүхлээр нь олж харах.


Д.О. Чи бүгдийг байгаагаар нь мэдэрч чадаж байна уу?


Д.Б. Шийдвэрт хүрч чадах, чадахгүй хоёрын дунд байгаа нь намайг эгдүүцүүлж, намайг хэрчиж хаяж байна. Тархи зогсолтгүй ажиллаад, бодоод байна гэдэг зарим үед хамгийн тэвчишгүй зүйл. Гэхдээ “Амьдралд цөхрөхгүйгээр түүнийг хайрлаж болдоггүй” хэмээх зохиолч А.Камюгийн хэлсэн үг бий. Цөхрөл, гансрал, гуниг.... амьдралд байдаг бүхий л дуу хоолойг сонсож тэндээс ямар сэтгэгдэл төрж байгааг мэдрэхгүйгээр дуусгах амьдрал гэж үгүй байх. Хүн өөрийгөө уншихдаа хамгийн удаан байдаг ч юм уу. Нэг ёсондоо үхтлээ амьдарч байж уншиж дуусдаг.


Д.О. Баярцэцэг өөрийгөө бүтээж байна уу, эсвэл олох гэж 

эрэл хайгуул хийж байна уу?


Д.Б. Гээх гэж.

2011 он

No comments:

Post a Comment