Thursday, 18 December 2014

Монгол ба Tэд

                                “Номын худалдаачин өвгөн”  © Д.Баярцэцэг 2003 он.


Монголоос холгүй орших, түүхэндээ Цагаадайн хаант улсын өлгий нутаг, доголон хочит Төмөр хааны үетэй үндэстний хувьд холбогдсон, ТОРГОНЫ ЗАМ-ын түүхэн судас, өдгөө монгол түмний үр сад, хөх толбот ХАЗААР МОНГОЛ-чууд хүн амынх нь нэгээхэн хэсгийг бүрдүүлэгч АФГАНИСТАН улс /Цагаадайн хожмын угсааг залгамжилсан хунтайж Бабурын шарил өдгөө ч Афганистаны Хабул хотод буй./ Пуштун үндэстэн 60% орчим, 20% орчим Тажикууд, үлдсэн нь чантуу, нуристан, туркмен, хазаар (могол), белуж, кизильбаш, чараймак, казак гэх мэт олон үндэстэн уулын хавцал ам болгоноор амьдарч буй, шашны хувьд ИСЛАМ, 80 хувь нь Сунни, үлдсэн 20 хувь нь Шиит /шииа ч гэдэг, хойшид шииа гэнэ/ урсгалыг дагадаг.
Терроризмийн эсрэг Монгол Улсын цэрэг эрс Афганистаныг зорьж ПОСТ-ТАЛИБАН гэдэх Афганистаны үндэсний зэвсэгт хүчнийг байгуулах үйлсэд Монголын Зэвсэгт Хүчин дэмжлэг үзүүлэхээр мордсон, мото-буудлагын салаа цэрэг энхийг сахиулхаар хөдлөсөн нь саяхан.

Удалгүй талибанчууд Монголын зэвсэгт хүчнийг гарсны дараахан ХАЗААР МОГОЛ-чуудыг алж хядаж эхэлсэн нь тун сонин шүү. Тэгэхээр бид цэрэг эрсээ АНУ-ын шатрын хүүд тоглуулчихаад иржээ дээ.

Тэртээх зууны түүхийн жимрүү хөтлөгдөн орох аваас, Афганистан улсын БАМИЯН мужид 50 гаруй метрийн өндөртэй Бурхан багш БУДДА-ийн зогсоо баримал бий бөгөөд ЮНЕСКО-гоос дэлхийн оюуны өв сангийн бүртгэлдээ авсан нь буддын шашинт монголчуудын оюун санааны хөрш гэдгийг батлаад өгөх баримт, тус улсын “ЧАГААДАЙ” хэмээх хот газрын зураг дээр тэмдэглээтэй буйг мартаж үл болно. Алтан ургийн хаадын нэрээр нэрлэсэн хот дэлхийд тийм ч олон биш байх аа. Ямартай ч монгол улсад “ЧИНГИС”гэдэг хот байхгүй.

Хэрэв та “Монголын Нууц Товчоо”, “Алтан Товч” зэрэг түүхэн тэмдэглэл бүтээлүүдийг анхааралтай уншиж үзсэн бол Цагаадай хааны тухай, түүний ухаан, эрдэм, чадал, сэтгэл зүрхийг тодхон мэдрэх буй заа, Чингис хааны таван хөвгүүд дотроос ухааны цар хүрээг би хувьдаа л шүтэн биширч явдаг хаадын нэг нь Ч. ЦАГААДАЙ.


XX-р зуун. АФГАНИСТАН.
1978 оны 4 дүгээр сарын “Ардын Ардчилсан Хувьсгал”-ын ялалтын дараа манай хоёр орны хооронд ах дүүгийн найрамдал тогтсон. Тухайн цагийн удирдагч Б.Кармаль, Ерөнхий сайд хазаар үндэстэн С.А.Кештманд /өдгөө Лондонд цагаачлан суугаа/ Монгол улсад айлчлан хэн нэгийнх нь энгэрийг Сүхбаатарын одонгоор шагнасан түүх бий. 1988-1989 онд Афганы өнчин хүүхдүүдийг өсгөхөөр Улаанбаатар хотод авчраад хүүхдүүдийн хувь заяа юу болсныг хэн ч мэдэхгүй.
Өдгөө нийслэл Хабул хотод Монгол Улсын элчин сайдын яам 10 гаран жил оршин тогтносон ч иргэний дайны үеэр үнс нурам болтлоо шатаж тонуулсан баримт мэдээ засгийн газарт бий гэдэгт итгэнэ. Азаар нэг ч хүний амь эрсдээгүй өнгөрч, Афганы талаархи гадаад бодлого ч тэгсгээд мухардсан бөгөөд 2006 оны 6 дугаар сард Хятадын Шанхай хотноо ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр хоёр улсын ерөнхийлөгч /Монгол-Афганистан/ уулзан ЭСЯ-даа харилцан нээх тухай хөндөн ярилцаад өнөөдрийг хүртэл таг чиг.


Афган этно
Тус орны хүн ам, этник /угсаатан, үндэстэн/ бүтцийн талаар статистикийн үнэн бодит тоог хэзээ ч хэн ч гаргаж байсангүй. XVIII зууны дунд үест төр улсаа байгуулсан тэр цагаас хүн амын тооллого хийлгүй явсаар 1979 оны зун иргэний дайн ид өрнөх үед тооллого хийж үзтэл 15,5 сая хүн ам гэсэн тоо гарчээ. Талибанчууд 1996 онд Хабул хотыг эзэлсний дараах тооллогоор  18,6 сая гэсэн тоо гарсан нь баримжаа тоо хэмээн Афган геополитик судлаачид үзжээ. Учир нь Афганы иргэн бус араб, чечень, бусад лалын орнуудын дайчид тэнд буй мөн олон жилийн иргэний дайны улмаас дайжсан таван сая дүрвэгсэд хөрш Пакистан, Иранд бий цаашлаад дэлхий даяар тархсан Афганчуудыг тооцвол хүн амын үнэн бодит тоо ойрын арван жилдээ шийдэгдэхгүй асуудал.
Тус улс 30 мужтай, хотжиж иргэншсэн хүн ам нийт хүн амынхаа ердөө л 11% эзэлдэг, насанд хүрсэн хүн амын 10% нь бичиг үсэгт тайлагдсан, өнчин өрөөсөн, тахир дутуу, эрэмдэг зэрэмдэг, хар тамхичин сэтгэл өвдөм олон гээд бодвол гол харлам дүр зураг гарч ирэх.
Улс төрийн системийн хувьд 1992 оноос Лалын Бүгд Найрамдах Улс /ЛБНУ/, Ерөнхийлөгч, парламентын засаглалтай, гэсэн ч өнгөрсөн 10 жил хэрэгжээгүй. Талибанаас гадна ЛАЛЫН гэсэн малгайтай улс төрийн 10 гаруй нам, хөдөлгөөн бий гэх боловч ил байгаа нь ер үгүй. АААН хэмээх коммунист маягийн нам 1978-1992 онд Москвагийн шүхэр дор засгийн эрхэнд байсан авч өнөөдөр нэг ч гишүүнгүй болтлоо хядуулж, цөөн тооны удирдагчид нь улаан батлахаа урж хаяад гадаадруу цагаачилжээ.
Тус улс XIX зуунаас эхлэн том гүрнүүдийн геополитикийн сонирхлын бүс болж, Британи улс ихээхэн хамааралтай байсан бол XX зуунд хойд хөрш  СССР тус орны хувь заяаны гол тодорхойлогч байсан юм. Афганистан-Британийн хооронд 1838-1842, 1878-1880, 1919 онуудад гурван удаа дайн дэгдэж Англичууд Афганчуудтай түүхийн 100 орчим жил зууралджээ. Энэ дайны нөлөөгөөр өнөөгийн Афганы хилийн шугамыг тогтоож, эцэст нь тусгаар тогтнолыг нь хүлээн зөвшөөрсөн хэдий ч үндэстэн хоорондын зөрчлийг шийдэж чадсангүй. XIX-XX зууны зааг үед төр барьсан эзэн хаан – Абдуррахман хан, Аманулла хан нар /цөөнх тажикууд/ Англичуудын тоглоомын хүү байж, Аманулла хан 1921 оноос Хойд хөршөө дагах болж, үүнийг нь эсэргүүцсэн ард түмний бослого 1928 онд дэгдэж, бослогыг дарахаар оросууд хил даван орж олон хүний аминд хүрсэн удаатай, гэсэн ч улаан арми тажикуудын дэглэмийг торгоож чадалгүй пуштун үндэстэн Надир ханд эрх мэдлийг алджээ. Англичууд эргэж нөлөөгөө тогтоож 1933 онд Надир ханыг цааш харуулан дүү нь болох Захир шах хаан болсноор Британчуудтай Дэлхийн II-р дайныг үдсэн бөгөөд Англичууд Энэтхэгийг орхисны дараа төвийг сахих бодлого зарлажээ.


Москвагийн шатрын хүү (1973-1992 он)
Пуштунууд 1928-1979 онд хаан, ерөнхийлөгч, генсек хэлбэрээр засгийн эрхийг ээлж халаагүй барьснаар улс орны үндэсний эв нэгдэлд нөлөөлж, Москвагийн тоглоом болж байв. 1973 онд хааны дүү Мухаммед Дауд төрийн эргэлт хийж Зөвлөлт Холбоот улсад элэгтэй БНУ-ыг зарлан хаант ёсыг халж, төрсөн ахаа гадаадруу хөөж гаргав. Ардын хувьсгалч, 1978 оны хувьсгалын хошууч – АААН хэмээх зүүний коммунист нам пуштун /намын “Хальк” буюу “Ард түмэн” жигүүр/ /тажикаар “Парчам” -“Уриа” жигүүр/ хоёр хуваагдсан хоёр жигүүрээс бүрдэж байв. Хувьсгалт цэргийн эргэлт Даудын гэр бүлийг хүйс тэмтэрч, хувьсгалын маргаашнаас эхлэн СОЦИАЛИСТ туршилтуудыг угсруулан хийснээр тус орон иргэний дайнд живжээ.
Намын “Хальк” жигүүр дотор гарсан хагарал, улсын тогтворгүй байдал, ээлж дараалсан бүтэлгүй туршилтуудаасаа залхсан Москва, КГБ-г илгээж Мухаммед Даудыг хороон, шинээр гарч ирсэн генсек Н.М.Таракийг унагах хуйвалдаан зохион байгуулж, дараагийн генсек Хафизулла Аминыг гаргаж ирсэн боловч түүнийг гурван сарын дараа гэр бүлийн хамт хүйс тэмтэрч, Зөвлөлт-Афганы хооронд 1978 онд байгуулсан холбоотны гэрээний дагуу Зөвлөлтйин армийг оруулахаар хэдэнтээ ярилцаж шалтаг олдохгүй байсаар “АНУ Энэтхэгийн далайгаас интервенц хийхээр айсуй” хэмээн зохиож 1979 оны 12 сарын 27-ны шөнө КГБ-ийн “АЛЬФА” бүлэг ерөнхийлөгчийн ордон дээр бууж Хафизулла Аминыг амийг егүүтгээд, оронд нь “Парчам”-ын удирдагч Бабрак Кармаль гэгч пуштун тажикийн эрлийз эрийг Москвагаас авчран, Хабул хотын генсек болгожээ. Прагад Элчин сайдаар сууж асан Кармаль ийнхүү зөвлөлтийн 40 дүгээр хээрийн армитай хамт нутагтаа эргэн ирж улс орноо цусан далайд жүвүүлжээ.

Зөвлөлтийн армийн гэнэтийн цөмрөлт Афганистан улсын олон улсын статусыг эрс өөрчилж, дэлхийн харилцаанд эсрэгээр, тэгэхдээ нэн хүчтэй нөлөөлжээ. Орос улсын эсрэг маш олон улс гүрнүүдийн эвсэл бүрдэж АНУ – ЕВРОП, Хятад – Пакистан, Саудын араб тэргүүтэй Петро – Исламын эмиратууд нэгдсэнээр Афганы босогчдыг сурталдаж араанд нь тултал зэвсэглэв. Энэ үеэр Осама Бин Ладен хэмээх араб эр ТТГ-ын үнэнч хүнээр элсэгджээ. Оросын интервенцийг зэвсгийн хүчээр зогсоож эс чадваас хар тамхиар хүчийг нь сулруулна гэх зарчмаар ажилласан Америкчууд. Өнөөдөр дэлхий даяар гүйлгээнд буй нийт хар тамхины 90 хувийг Афганистанд тариалж, хураан авч боловсруулдаг гэвэл хариуцлагыг хэн нь хүлээх болж байна вэ? 

Москвагийн дэмжлэг төгс байлаа /120 мянган цэрэг/, гэсэн ч Горбачев засгийн эрхэнд гарч Кермалийг Нажибулла хэмээх хүчтэй залуухан генералаар сольж удалгүй Нажибулла цаазлуулсан байна. 1988 оны Женевийн хэлэлцээрийн дагуу 1989 онд ЗХУ-ын Улаан Армийг гаргасны дараа Хабул хотын коммунист засаг 1991 онд СССР тарж бутарсны дараа гар мухардан 1992 оны хавар арга буюу бууж өгчээ.

Бүгдээр хэлэлцвэл буруугүй ч заримдаа буруутай, бүлээн усаар угаавал хиргүй гэвч цустай. Ийм аймшигт ялзарсан төрийн эрхийг барих, дайны хөлд нэрвэгдэж байсан, одоо ч байсаар байгаа Хазаар МОНГОЛ түмэн минь хамгийн түрүүнд сэтгэлд бодогдож нүдэнд харагдсаар....


АНУ-ын шатрын хүү (2001- ....)
1992 онд босогчид Хабулыг эзлэн авсан хэдий ч барууныхны төсөөллөөс дор засаглал тогтов. Оросууд Хабул дахь найдваргүй засгийн төлөө цус урсгасны ашиг гарсангүй, Оросуудыг хөөн гаргах гэж 10 гаруй жил баруун болон хятад, лалын орнууд цуцалтгүй зэвсэглэж санхүүжүүлсэн ч тэдэнд ашиг мөн л үл гарснаар 2001 онтой золгожээ. Омог – аймаг, угсаатан хоорондын мөргөлдөөн зөрчилдөөндөө гүнзгий автаж хямарсан Афганистан улс, нийслэл Хабул хотод л гэхэд 16 засгийн газар өөр хоорондоо тулалдан тэмцэж байсан бөгөөд 1996 онд талибанчуудын өгөөш болжээ. 
1996-2001 засгийн эрхийг удирдан чиглүүлсэн 30 Мулла /өөрсдийгөө “Шура” буюу Зөвлөл гэх (манайхаар нутгийн зөвлөл юм уу даа)/ Омар ламаар толгойлуулан улсаа удирдаж байлаа. Тэдний засгийн газрыг 2001 онд АНУ-ын төлөөлөгчид Хамид Карзайг засгийн эрхэнд томилжээ. Тус орныг чөлөөлсний дараа 1945 онд Герман улсыг зүүн баруун гэж хуваасан шиг баруун хэсгийг Иран, өмнө ба дорно хэсгийг Пакистан улс захирах тухай хувилбар ч байсан гэдэг.


Олхонуд Дашдоржийн Баярхүү
2007 он.


Tuesday, 16 December 2014

БАЯЛАГ гэж юу вэ & АЗУР ба ЛАЗУР



\өөрийн би-тэй хийсэн товч ярилцлага\


- БАЯЛАГ ГЭЖ ЮУ ВЭ ?

- Хүн.

- ХҮН ЮУ БҮТЭЭДЭГ ВЭ?

- Түүх.

- ТҮҮХ ЮУ БҮТЭЭДЭГ ВЭ?

- Эх орон.

- ЭХ ОРОН ГЭЖ ЮУ ВЭ?

- Байгаль, Дэлхий, Тэнгэр, Нар, Сар, Од, Гариг, Эрхис, Далай, Шороо, 

  Мод, Чулуу, Уулс, Тал, Ан амьтан.... эх орон гэж....ер бүх юм.

- БАЯЛАГ ХЭРХЭН БИЙ БОЛДОГ ВЭ?

-Цаг хугацааны уртад.

* * * *


  1. Том талсттай Азурын чулуу, Шилу зэсийн орд, Гуандун муж, Хятад
 
   
1.  Azurite with large crystals and light surface weathering. 
Shilu Mine, Guangdong Province, China


АЗУРЫН ЧУЛУУ ГЭЖ ЮУ ВЭ?


ЗЭС урвалд орж, ЗЭСИЙН ХҮДЭР-ийн ОРДООС л АЗУРЫН ЧУЛУУ хэмээх зөөлөн, гүн хөх ЗЭС-ээс ялгаран үүсдэг эрдэс бодис үүсэн бий болдог. Эрдэс бодис, нүүрсхүчлийн давсыг /carbonate - нүүрстөрөгчийн давс; carbon – нүүрстөрөгчөөр нь бүр шил зүсдэг алмаз, хорын цаас хийж болдог./ эрт дээр үеийн хүмүүс мэддэг , ашигладаг байсан ба байгалийн түүхнээ ГРЕК хэлэнд – υανός [kuanos] - ГҮН ХӨХ гэсэн утга бүхий, Англи хэлэнд – cyan, Латин хэлний нэршил нь - caeruleum.

Азур ер бусын тунгалаг цэвэр гүн хөх өнгөтэй байдаг шалтгаан нь эртний эрт уламжлалаар анагаах увдистай, чийгшил багатай цөлийн, өвлийн гүн хөх хязгааргүй уудам цэлмэг шөнийн тэнгэр  оршмуй.
                                                                ЭМЧ ДОМЧ, ОТОЧ МАНАЛ БУРХАНЫ ДҮР


Бүхий л эрдэс бодисын чуулбар тусгал болсон азур болон лазурыг араб персээр lazhward (لاژورد),

[ лапиз лазур - lapis lazuli ]  гэж дууддагийг хожим Англи хэлтнүүд "stone of azure" - азурын чулуу хэмээн нэрийджээ.


MINERALOGY - ЭРДЭС СУДЛАЛ; ЭРДЭС ЗҮЙ

Зэс исэлдэж урвалд орох:: Хоёр төрлийн зэсийн нүүрсхүчлийн давс, эрдэс бодисоос АЗУРИТЫН ЧУЛУУ үүсэн бий болдог бөгөөд л үүнийг ашигт малтмал хэмээмүй. Азуритын чулуу маш зөөлөн, дулаан, халуунд амархан устаж үгүй болдог. Ер ажиглаад байх нь ээ буддын сүм хийд нь ихэвчлэн модоор урласан байдаг бөгөөд хана туурга адрын хээг хөх өнгөөр чимсэн байхыг та олонтаа ажаа байлгүй, бас тийм ч хурдан бүдгэрч баларч арилаагүй байдаг шүү, яг энэ мөрнөөс ....түүхийн.... 700 гаруй сүм хийд.... хүнтэйгээ.... номтойгоо.... шатаагдсан нь.... нэмээд зэс гуулин бурхадын баримал /баримал бол урлагийн бүтээл – 80, 90 тохой оргинал МАЙДАР БУРХАН/ хэнээр хэрхэн бүтээгдэж хаашаа одсон нь.... хачин.... эргэлзээтэй.... бодогдох.... санагдах...., уг нь зэсээ хөрсөнд нь байлгаж л байхгүй дээ! Тэгсэн бол МОНГОЛ жинхэнэ тэнгэр газар холбосон ХӨХ зам татуулаад л.... бүх хүн ХӨХ дээл өмсөөд л.... заа за доор удахгүй танилцана.


Азур Устах явц:: нүүрстөрөгчийн давхар ислээ алдаж шингэн төлөвт шилжин хар өнгийн биет /ХАР АЛТ буюу НҮҮРС арай биш байгаа/, зэсийн ислэг нунтаг болон хувирдаг байна. Энгийнээр бол зэсийн нүүрсхүчлийн давс дангаараа байгальд оршдоггүй. 


Азуритийн химийн томъёо:: Cu3(CO3)2(OH)2  Зэсийн нүүрсхүчлийн давс, устөрөгчийн хий.


ХӨХ ШОРООН БУДАГ
Зуун зууны туршид хэрэглэсээр ирсэн Гүн Хөх буюу УЛЬТРАМАРИН алтнаас үнэтэй шороон будаг байсан гэдэг. Газарзүйн байршил, нутгийн хөрсний онцлог, эрдэс бодисоос хамаараад улс орон бүрийн азурын гүн хөх харилцан адилгүй байдаг. Нэг үгээр бол зэсийн хүдрийн ордтой улс болгонд АЗУР хэмээх энэ ХӨХ чулуу байх, хөрсөндөө зэстэй л бол бий болох боломжтой. Байгаль дэлхийд хур тундас хаа сайгүй тэгш тэнцүү буудаг шүү дээ. Дундад зуун буюу XII-XV зуунд Лазурын чулууг одоогийн Афганистанаас олборлож баруун европ тийш далайгаар зөөж худалдаалдаг байсан бөгөөд тухайн үеийн өрнийн зураачдын уран зургийн дэг ёсонд зөвхөн хаад, хатдын нөмрөг, өмсгөлийг зурахад зориулдаг бүр хэрэглэх будгийн хэмжээг нь хүртэл гэрээнд тусгадаг байв. Хөх шороон будгийг тостой холих үед зөөлөн ногоон, харин өндөгний шартай холиход саарал ногоон өнгө үүсдэг. Азур буюу Лазурын чулууны хөх шороон будаг гүн, тод, цэвэр учир маш үнэтэй тиймдээ ч байгаль дээрх ультрамаринаас /хөх/ гүнээрээ ялгардаг. Ультрамарин халууныг тэсвэрлэдэг бол азур хар зэсийн исэл болж орхидог байна.

Гэхдээ.... шавар шороон ханан дээр гүн хөхөөр зурсан зураг 2000 гаруй жил өнгөрсөн байхад будаг нь ховхорсон хуучирсныг эс тооцвол түүхэнд байрандаа үлддэг хоёр гуравхан өнгийн нэг. Уйгурчуудын нутаг дахь өнөөгийн Шинжаан мужын Кызылын агуйн хана адрын зураг,

шинжан, кызыл

Ганьсу мужийн Дунхуанийн ханын зураг, за цаашлаад Афганистаны нэг хот бүр тэр чигээрээ ХӨХ гадартай барилга байшинтай, үлгэрийн хот шиг.... ГАЙХАМШИГТАЙ. Төмөр ийм гоё хөх өнгийг ялгаруулдаг гээд бод доо.
Нэгэн өдөр огторгуйд нисэж явсан одон гараг эрхис манай дэлхийн хаа нэгтээ унаж сая л хүн төрөлхтөн ТӨМӨР-тэй болсон нь сая сая жилийн уртад уг нэрийг олтлоо урвалд оржээ гэсэн үг. Дайн байлдааны зэр зэвсэг, ахуй хэрэглээндээ бид төмрийг янз бүрээр л хэрэглэдэг шүү дээ.

СОЛИР – СҮҮЛТ ОД – КОБАЛЬТ – ТӨМӨР - ган

Мөнгөлөг саарал, гялалзсан, хатуу, буцаан хайлуулж болдог КОБАЛЬТ газрын хөрсөнд, өнгөн гадаргуунаас олддог, химийн элемент Co, атомын дугаар 27 


Тайлбар:

Azurite – Азур – Азурын чулуу - Гүн хөх 
Cobalt – Кобальт – Солирын төмөр
Metal - Метал- Төмөр, хүдэр агуулсан эрдэс

                         2. Азурын чулуу /ногоолинтой/, “Зэсийн Хатан Хаан” уурхай, Бисби, Аризона
                                                 2. Azurite with Malachite, Copper Queen mine, Bisbee, Arizona 

                                      3. Азурын чулуу, Түисси, Морокко 
                                                  3. Azurite from Touissit, Morocco


                    4. Азурын чулуу, Моренси, Аризона         4. Azurite, Morenci, Arizona

                  5. Азурын чулуу, эрдийн чулуунд буй нь, “Малбункa” уурхай, Умард Территори, Австрали
                     5. Azurite in siltstone, Malbunka mine, Northern Territory, Australia



                                         6. Азурын чулуу, Цумэб, Намиби
                                                       6. Azurite from Tsumeb, Namibia

                                                     7. Азурын чулуу, залгаа бүхий чулуужсан дусал, Бисби, Аризона 
                                                     7. Azurite, cross-section through merged stalactites, Bisbee, Arizona


2014.XII.16
03:22

Улаанбаатар хот
МОНГОЛ УЛС



Friday, 12 December 2014

абсурд ба абсурд бус







Дотор ямар нэг хэсэг
Чулуужчих шиг
Чулуунаас эмтрэх шиг

Эсвэл

Дотор ямар нэг талст
Хэмгүй болох шиг
Хэмнэл алдах шиг

Эсвэл

Дотор ямар нэг далай
Манан болон хөөрөх шиг
Говь цөл болчих шиг

Бидний үнэн дүр
Энэ ч шиг.  

/Д.Баярцэцэг/



Сэтгүүлч Дэмбэрэлийн Оюунномин

Үзэгдэл 1

Түүнтэй уулзсан уулзалтыг А цэгээс Б цэг хүртэл хийсэн аялал гэе. Навчны тухай, навчны өнгөний тухай, салхины үнэрний тухай, салхи бол хөдөлгөөн болох тухай, нам гүмийн тухай хүүрнэсэн аялал. Яг тэр аялсан замаараа эргээд аялбал онц гойд зүйлгүй тийм ертөнц. Алдагдсан, мартагдсан цаг хугацаа руу өчнөөн баяртайгаар аялчихаад “одоо” цагт эргэн ирэхдээ хөндүүрлэсэн тийм мэдрэмж. Аялсан аялалаа нэхэн дурсахад яг тухайн цагт төрсөн сэтгэгдэл, дарамт, тайвшрал бодитоор, тэр цаг үеийнх шигээ мэдрэгдэх нь тийм их аз, бас тэр хэмжээгээрээ дарамт. Бид хүмүүсийг таньж мэдэх гэж адгадаг. Би ч гэсэн ялгаагүй ярилцаж буй, хамт аялсан хүнээ таньж мэдэхийг хүссэн. Энэ явцад түүний тухай бодсон бодлууд; үг, үйлдэл ч хувь хүний мөн чанарын тусгал биш, аз жаргалтай, хөгжилтэй харагдах байдлаар чухамдаа эмгэнэлтэй, гутранги, бүх юмсын өмнө хүчин мөхөстсөн жинхэнэ дүрээ нууж байдаг абсурд жүжгийн дүрүүдтэй тэр төсөөтэй, түүнийг таньж мэдэхийн тулд их цаг хугацаа хэрэгтэй юм шиг... Гэхдээ би түүнийг таньж мэдлээ гээд яах юм?! Түүний өөрийнх нь Тарковскийн тухай “Тийм гэх тэмдэггүй гүн эмзэг уг” хэмээн бичсэн тодотгол Тарковскийд биш Баярцэцэгт өөрт нь хамгийн оновчтой тохирох мэт. Бодит байдалтай тулгарснаар түүний тухай бодож олсон төсөөллөө нураан, дахин шинэ төсөөлөл бүтээн босгож өөрийгөө төөрөлдүүлэхгүй, зүгээр л түүний тухай юу ч бодохгүй, төсөөлөхгүй байсан нь дээр гэж тогтов. Тэр хэн ч биш. “Хэн ч биш” байх нь “Хэн нэгэн” байхаас хавьгүй дээр ч юм бил үү. А эсвэл Б, бүр Ц, цаашлаад Х-гийн мэддэг Баярцэцэг ч миний мэдэхээс огт өөр хүн нь мэдээж. Доорх ярилцлагыг уншсан уншигчийн төсөөлөх Баярцэцэг ч бас өөр нэг дүр... Юмыг таньж мэдэж дуусахгүйдээ ийн тэмдэглэж буй хэрэг биш, таньж мэдэх нь онцын ач холбогдолгүйд л тэр.

Үзэгдэл 2

Д.Баярцэцэг: “Улаанбаатарын гашуун утаа надад гунигтай өчигдөр шиг санагддаг” 

Д.О. Дүрслэх урлаг, зурах урлаг гэдэг чинийхээр зохиогчийн мэдрэмжийн тусгал уу, эсвэл тогтсон дэг жаягтай урлахуйн ухаан уу?


Д.Б. Зурах урлагийн талаар ярихын тулд зураасны тухай ярих хэрэгтэй болно. Зураасны тухай ярих гэхээр зурааслал гэх зүйл рүү орчихно. Зурааслалын тухай ярихаар цэгийн тухай ойлголтод хүрнэ. Ерөнхийдөө бүтээл гэдэг бол цэвэр орчин. Гадаад, дотоод аль нь ч байж болно.


Д.О. Зураг зурж байхдаа хөгжим сонсдог уу?


Д.Б. Янз бүр дээ. Нэг мэдэхэд миний хийж байгаа юмтай сонсож байгаа хөгжим зөрчилдөнө. Эсвэл би хийж байгаа юм руугаа гүн орох үед хөгжим илүүц чимээ авиа үүсгэх нь бий. Заримдаа нийлж аль алиных нь гүнд орохгүй, дунд нь зогсож байдаг.

Д.О. Бүтээлээ нэг өгүүлбэрээр тодорхойлбол?


Д.Б. Миний үй олон дүр.


Д.О. Өөрийнхөө энэ үй олон дүртэй нэг өрөөнд байх,    хамт орших нь төвөгтэй биш үү?


Д.Б. Зурагнууд хөглөрөөд, агуулах газар байхгүй болох үед шатаачихмаар болдог.


Д.О. Өнгөний тухай чиний ойлголт?


Д.Б. Өнгө уйлна, худлаа ярина, инээнэ, дуулна, хашгична, үсчинэ. Өнгө бол зан авир, араншин, үйл хөдлөл.


Д.О. Хамгийн их чимээтэй өнгө?


Д.Б. Улаан өнгө. Тэр чимээтэй гэхээсээ илүү хүчтэй өнгө.


Д.О. Өөрийгөө өнгөөр илэрхийл гэвэл?


Д.Б. Нэг хэсэг би ихэнхдээ хөх өнгө давамгайлсан бүтээлүүд хийж байсан. Өнгийг хүмүүс өмчилж, хувьчилж авах надад утгагүй санагдсан, огт таалагдаагүй. Тэгээд л би хар, цагаан өнгөөр уран бүтээлээ хийх болсон. Миний гүнийн гүн дэх өнгө бол хар, цагаан, саарал гэдгийг мэдсэн. Үүнийгээ мэдэхээс өмнө би зүгээр л өнгөн дунд төөрөлдөж явсан юм шиг. Би бол тунгалаг. Тунгалаг гэдэг нь харагддаггүй тийм өнгө. Магадгүй өнгө биш, гэхдээ өнгө. Нар өөд зовхио хагас аниад харахаар сормуусны үзүүрт дугуй дугуй дүрс үзэгддэг дээ. Сайн харвал тэр нь хувирдаг, солонго шиг олон өнгө давхцах хэрнээ тунгалаг.


Д.О. Үзэгч бүтээлээс чинь юу мэдэрч, олж харж байгаа нь 

хэр чухал вэ?


Д.Б. Мэдээж чухал. Үзэгч юу мэдэрч, харж байгааг мэдэх амархан бас энгийн. Үзэсгэлэнгийн үеэр санал хүсэлтийн дэвтэр дээр юу бичсэнийг уншаад л мэдчихнэ. Ер нь тэгээд миний бүтээлийн тухай дэлгэж ярьдаг хүн цөөхөн. Монголд энэ тухай бичдэг, нийтэлдэг, урлаг судлал, жинхэнэ мэргэжлийн шүүмж одоогоор алга. Энэ утгаараа монголын урлаг эмх замбараагүй байдалд байна. Үе тэнгийн зураачид маань надад “Чи өөрийгөө олчихжээ” гэж хэлдэг. Тэр үед нь би өөрөөсөө зугтмаар болдог. Учир нь, энэ чинь яг л нуугдаж тоглохтой адилхан. Тоглоомын үед эрж байгаа хүүхэд нь эрэл хайгуул хийж, нуугдаж байгаа хүүхэд амархан олдчихвол урамгүй байдагтай л адил.


Д.О. Бүтээл туурвих сэдэл, санаагүй болох үе бий юу?


Д.Б. Тийм үе байхгүй. Харин ч санаа ихдээд хаягдах үе их. Өөрөөс минь олон янзын зүйл гарч байгаа нь сонирхолтой. Яг л зургийн цомог шиг. Яах вэ, хааяа залхуурах үе бий бий.


Д.О. Камю, Сартр, Бэккет, өөр бусдын бүтээлийг унших нь бидний оюун ухаанд тийм хэрэгцээтэй зүйл үү. Уншигч өөртөө тавьсан асуултынхаа хариуг л уншиж буй зүйлээсээ хайдаг. Хайгаад байгаа хариултаа өөрийнхөө дотор бясалгах нь хангалттай юм шиг...


Д.Б. Уншихгүй бол үхчих байх. Унших бол дадах явц. Ном уншсаны дараа сэтгэл зүрхэнд ирдэг мэдрэмж болгон хоорондоо адилгүй. Достоевскийн “Гэм зэм”-ийг анх уншихдаа бартаат зам дээр гүйж байгаа мэт багтарсан сэтгэл зүйгээр уншиж дуусгаж байсан “донтох” гэх юм уу удаа. Надад их тайван уншиж байгаа зохиолууд бий. Кафкагийн “Шүүх ажиллагаа” зохиолыг би ойролцоогоор хоёр жил уншиж байна. Тэр зохиолыг хэзээ уншиж дуусах бол гэхээс айж байна.


Д.О. Олонх хүн нийгмийг өөрийнх нь дотоод ертөнц рүү халдаж байна гэх. Харин чиний хувьд нийгэм гэж юу болох, энэ нь чамд дарамт өгч байгаа эсэх тухай?

Д.Б. Нийгмээс ирэх тайван бус байдлыг тухайн хувь хүн хэрхэн хүлээж авахаас л болно. Тайван, амар амгалан гэгч нь хүний сэтгэлд л байдаг. Түүнд ямар ч гадны нөлөө үгүй. Надад бол гайхаш тасрах үе л байдаг. Өөрийнхөө хаана байгааг мэдэхгүй байна гэдэг зөрчил үү? Би ер нь өөрийгөө хаана байна даа гэж их боддог. Гэхдээ энэ зөрчил гэхэд бас зөрчил биш. Хэрэв зөрчил байгаа бол тэр нь ухамсарт л байгаа. Нийгмийн зөрчлийг дарамт болгож хүлээж аваад л байвал зөрчилдөөд л байна. Тэр болгоныг дарамт гэж бодоод дарамтлуулаад яваад байх нь тэгэг л дээ. Юу зөрчил вэ, юу зөрчил биш вэ гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Оршуулъя гэвэл хэнийг ч дотроо оршуулж, нойрсуулж мөн амьдруулж бүтээж ч болно. Хэрэв би бодохыг хүсэх л юм бол миний дотор зохиол оршиж байж ч магад. Өөрийнхөө дотор руу живж гэхдээ ерөөсөө амь авраарай гэж орилохгүй. Өөрийгөө ахиад улам гүн рүү нь живүүлээд үзмээр байна. Дотоод сэтгэлдээ би жингүйднэ, хөвнө, ниснэ, заримдаа бүр өндрийн өндрөөс газарт унаж бяц үсэрнэ. Бодохгүй юм гэж алга, бодлоо дуусгаж байж л үхэх байх. Бүгд зэрэгцэн байгаа энэ орчинд сонголт хамгийн чухал зүйл. Гудамжинд хэн нэгнийг хүлээгээд сууж байхдаа тэнд хоёр хүн зодолдож байгааг, машины дуу чимээг сонсох уу, эсвэл салхины, навчны чимээг сонсох уу гэдэг хувь хүний сонголт. Гэхдээ анхнаасаа өгөгдсөн байсан зүйлийг хүн өөрөө ойлгох юм бол юунд шунаж юунд тэмүүлж байна гэдгээ ялгаж салгах юм бол юу ч хэцүү биш.

Д.О. Үхлийн тухай чиний ойлголт?


Д.Б. Эргээд л юуг амьдрал, юуг үхэл гэх вэ гэсэн асуулт гарч ирнэ. Унтаж байгаа сэрүүн байгаа хоёроо ялгах. Яг одоо унтаж байна уу, үгүй юу гэдгийг хөндлөнгөөс л харж болдог. Бодит гээд хэлчихээр энэ их хийсвэр ойлголт, хийсвэр ойлголтын тухай ярихад зүүдээ санана гэсэн үг. Алийг нь зүүд, алийг нь амьдрал гэж ойлгох нь хүний сонголт. Ер нь зүүдэлсэн зүүд эргээд хожим амьдрал дээр давтагдах нь бий. Тэгэхээр зүүд бол давтамж, явц. Түүнтэй адил үхэл ганцхан биш. Байгаль дээрх олон үхэл, олон амьдрал өөрөө олон давтамж. Мартана гэдэг хамгийн сайн өшөө авалт гэдэг үгтэй би санал нийлэхгүй. Харин ч мартана гэдэг хамгийн том аз.  “Амаа хамхиж сурсан цагт хүн жинхнээсээ амьдарч эхэлдэг” гэсэн латин зүйр үг байдаг. Би энэ үгийг үргэлж боддог ч яг одоо чамтай яриад л сууж байна. Гэснээс... бид их сонин цаг үед амьдарч байгаа юм шиг. Харилцаа холбоо, мэдээлэлд тулгуурласан, романтик утгаа гээсэн үе. Заавал харилцахгүйгээр, зүгээр л хийсэн бүтээсэн зүйлийг зохиогчтой нь уулзахгүй, ярилцахгүй харж, ойлгож болно.


Д.О. Харилцаа холбоо хувьсаж байгаа ч гэсэн анхдагч утгаараа байсаар буй зүйлсүүд бий шүү дээ...


Д.Б. Хүн төрөлхтөн оршин байгаа цагт байж л байх сонгодог ойлголтууд бий. Гэхдээ тэр нь цаг үеэсээ шалтгаалаад илрэх хэлбэр нь өөр өөр. Амьдралд мөнхийн сэдэв, мөнхийн асуудлууд нэг их биш дээ. 


Д.О. Хүүхэд насны чинь хамгийн онцгой, сайхан дурсамж?


Д.Б. Аавтайгаа орой бүр од, сарыг дуранддаг байсан үе. Мөн өглөө бүр аав пянз тоглуулагчаар дуу тоглуулж нойрноос сэрээдэг байсан мөчүүд. Дууны чимээ шууд биш аажмаар, намуухнаар чихэнд хүрээд сэрнэ. Хэзээ ч намайг нэрээр дуудаж юм уу, эсвэл надад хүрч сэрээдэггүй байсан. Одоо бол сэрүүлгэнд цочин сэрж байна. Хөгжмөөр сэрэх тэр мэдрэмж л хамгийн сайхан дурсамж. Бас нэг удаа аавтай хамт хөдөө яваад, машины ачаан дээр зулсан эсгийн дээр дээшээ харж хэвтээд тэнгэрийн заадсыг шөнөжин ширтэж явсан. Тухайн үед тэнгэрийн заадас хөдлөөд байна л гэж бодож, гайхширч байсан болохоос машин явж байгаа тухай таг мартчихсан явсан. Тэнгэр л дээр хөдлөөд, эргээд байна гэж бодож байж ээ.


Д.О. Эмэгтэй хүн бүрийн дотор өөрийгөө үргэлж жаахан охин гэж боддог нэг дүр байдаг юм шиг. Харин чиний тэр охин чамд зовиур төрүүлж байна уу, эсвэл тэр анхнаасаа л байгаагүй юу?


Д.Б. Хүний, ялангуяа эмэгтэй хүний хамгийн том зөрчил. Би багадаа Брюс Лигийн тоглосон кинонд учиргүй дуртай байсан. Тухайн үед тулааны урлаг таалагддаг байснаас өөртөө нэг дүрэм тогтоосон юм. Тэр нь өдөр бүр дасгал хийгээд тоосго хагалж чадвал би эрэгтэй хүн болно, хэрэв чадахгүй бол эмэгтэй хүн болно гэсэн сонголт. Ингээд л кинон дээрээс харсан зүйлээ өдөр бүр сургуулилдаг болов. Гэвч би тэр тоосгыг хагалж чадахгүй гэдгээ удалгүй ухамсарлаж эхэлсэн. Тэгэхээр би эмэгтэй хүн. Тиймээс төөрөлдөх юм алга. Эмэгтэй хүн байна гэдэг эмэгтэй хүнийг “мэднэ” гэсэн үг. Заримдаа ямар ч хүйсний тухай бодохгүй үе бий. Нийгэм надаас эмэгтэй хүн байхыг шаардана. Тэр зөрчлөө дотроо хадгалаад, өөрийнхөө байгаагаар юманд хандахаар эсэргүү болно, ажилд тэнцэхгүй эргээд л эмээ өвөөгийн охин, жижигхэн дүүгийнхээ эгч болдог. Өөртөө хэл ам, гомдол тарихгүй өөрийнхөөрөө баймаар байна. Жишээ нь, энгийн зүйл дээр ярихад хумсны будаг арилчихлаа гэж янзлаад л, миний энэ тэр ингэчихлээ гээд байхыг хүсдэггүй. Байвал байгаад, болвол болоод, болохгүй бол тэр л биз. Ингэснээр өөрийнхөө аяыг дагаж буй юм. 


Д.О. Үргэлж л тохиодог ч шинэ юм шиг, анх удаа учирч байгаа юм шиг цочроодог зүйл бий юу?


Д.Б. Байгалийн онцгой үзэгдэл намайг үргэлж цочроодог.


Д.О. Хүний хамгийн хүчирхэг өгөгдөл, мөн чанар?


Д.Б. Бүхнийг яг байгаагаар нь, бодитойгоор хүлээн авч мэдэрч чаддаг бол хүчтэйн шинж байх. Хоёр туйлын хооронд оршин байх гэсэн санаа юм. Хараас цагаан, гэрлээс сүүдэрт шилжих тэр заагт юмс оршин байдгийг бүхлээр нь олж харах.


Д.О. Чи бүгдийг байгаагаар нь мэдэрч чадаж байна уу?


Д.Б. Шийдвэрт хүрч чадах, чадахгүй хоёрын дунд байгаа нь намайг эгдүүцүүлж, хэрчиж хаяна аа. Тархи зогсолтгүй ажиллаад, бодоод байна гэдэг зарим үед тэвчишгүй хүнд. “Амьдралд цөхрөхгүйгээр түүнийг хайрлаж болдоггүй” хэмээх  А.Камюгийн хэлсэн үг бий. Цөхрөл, гансрал, гуниг.... амьдралд байдаг бүхий л дуу хоолойг сонсож тэндээс ямар сэтгэгдэл төрж байгааг мэдрэхгүйгээр дуусгах амьдрал гэж үгүй. Хүн өөрийгөө уншихдаа хамгийн удаан байдаг ч юм уу. Нэг ёсондоо үхтлээ амьдарч байж уншиж дуусна.


Д.О. Баярцэцэг өөрийгөө бүтээж байна уу, эсвэл олох гэж эрэл хайгуул хийж байна уу?


Д.Б. Гээх гэж.