Friday, 1 May 2015

Санжаасүрэнгийн Анударын нэрэмжит шилдэг эссэ, өгүүллэг, тууж, роман бичих уралдаан


Санжаасүрэнгийн Анударын нэрэмжит
шилдэг эссэ, өгүүллэг, тууж, роман бичих уралдаан

Бүтээл бичих хугацаа:
2012 | 12 | - 2017 | 12 |
Сонгон шалгаруулалт
төрөл тус бүрт нэг хүн
2017 | 12 | 31 - 2018

Уралдааны болзолт дөрвөн төрөлд нэг хүн хэдэн ч төрөлд оролцож болох ба төрөл тус бүрд нэг хүн нэг бυтээлээр оролцоно.

Бүтээлд тавигдах шаардлага:
Word файлаар үг үсгийн дүрмийн алдаагүй бичсэн байх.
Гар бичмэл бол хуудсын дараалал тодорхой монгол хэл дээр бичсэн байх.
Хэвлэсэн ном товхимол /заасан цаг хугацаанд хамрагдах/ бүтээлээ шуудангаар илгээх болон биеэр авч ирнэ.

Уралдаанд оролцогчдод анхааруулахад:
цахим шуудангаар бүтээлээ ирүүлэхдээ холбогдох хаяг утасны дугаараа овог нэртэйгээ хамт илгээгээрэй.

Бүтээл илгээх хаяг:
Улаанбаатар – 26,
шуудангийн хайрцаг – 9,
Улаанбаатар хот, Монгол Улс


waitingodo@gmail.com
хаягаар хүлээн авах бөгөөд
+976-88138855 дугаарын утсаар лавлаж болно.

Бүтээл хүлээн авах эцсийн хугацаа:
2017 оны 12 дугаар сарын 31 – ний 19:00 цаг

Хугацаа хэтэрсэн бүтээлийг хүлээн авахгүй бөгөөд уралдаанд ирүүлсэн бүтээлийг буцаан олгохгүй.
|ЖИЧ: Бүтээлийг буцаан олгохгүй тул уралдаанд илгээсэн хувилбараа оролцогч хувь хүн өөртөө нэг хувийг хадгалах.|

Шагнал гардуулах ёслол бүтээлүүд тодорсны дараа зарлагдах болно.






































Торгон хэвлэл, цаас © Д.Баярцэцэг 2009


Энэхүү уралдаан нь шинээр төрж буй залуу зохиолчдыг нээх, тодорхой хугацаанд бүтээл зохиолоо туурвиж буй зохиолч, зураач, уран бүтээлчид авъяас, бүтээлээрээ нэгдэх түүнчлэн С.АНУДАР САН байгуулах зорилттой бөгөөд жил бүрийн 6 САРЫН 19 “С.Анударын нэрэмжит өдөрлөг” –ийг зарлан түүний гэрэлт хорвоод мэндэлсэн гэгээн өдрийг Монголд анх удаа тэмдэглэн зохион байгуулах гэж буйгаараа онцлог.
Үүнд миний бие 2009 онд С.Анударын хөргийг торгон хэвлэлийн аргаар бүтээсэн ба түүн дундаас шилмэл цөөн бүтээлээ 976 Арт Галерейд КОНТЭМПОРАРИ АРТ МОНГОЛИА II 2013 үзэсгэлэнгээр олон нийтэд дэлгэсэн болно.

Бүтээлийг үзэсгэлэнгийн цахим холбоосоор нээн үзэх:

  1. https://www.facebook.com/waitingodo/media_set?set=a.959658847392021.1073741839.100000437430710&type=3
  2. https://www.facebook.com/media/set/?set=a.695779997151287.1073741867.316257941770163&type=3


1973 он, 6 сарын 19
С.АНУДАР – ын ТӨРСӨН ӨДӨР.

1995
он, 12 сарын 29
С.АНУДАР –ын БУРХАН БОЛСОН ӨДӨР.

Энэ жилийн өдөрлөгт сайн дураар хамтран ажиллах хувь хүн, албан байгууллага, анд найз нөхөд, шүтэн бишрэгчид болон Монголын нийт залуучуудыг урьж байна.


Хүндэтгэсэн Годо

2015. 05. 01
Улаанбаатар хот
МОНГОЛ УЛС.



Wednesday, 18 March 2015

ARTHUR RIMBAUD












“IT IS HONOUR TO READ YOUR POEM NEVER DISCOVERED SADNESS, AND UNDERSTAND WHAT WAS YOUR LIFESIDE FEELING BE STANDS ON YOUR IMPRESSION THE WAY TO GO OUT. BE STAND ON YOUR OWN SELF.”



2014| III | 1


THE DAY OF SPRING ASIA
ULAANBAATAR CITY,
MONGOLIA.

Thursday, 12 March 2015

Нислэг

Нислэг
[өгүүлэл]





                                     Шүүдэрт өвсний анхилуун чийгт агаар толгой өндийн амьдралаас зүүдний ертөнцөд угтдаг сэрүүхэн зуны өглөө бүр ижий аав дэрэн доор заавал ямар нэгэн зүйл орхиод хаалга гаднаас цоожлоод явдаг тэр л уртын урт дуусдаггүй шидэт үлгэр шиг өдрүүд, зүүдэндээ амьдраад сэрэхэд амьдрал оньсого шиг санагдах хүүхэд нас хичнээн тод, тэдгээр зүүдэн дурсамжаа хаа нэгтээ хадгалан бичих өдрөө хүлээх нь эмзэг хэврэг хэрнээ оршсоор байдаг бол ердөө ганцхан өдрийн т үүх бүтэн эрин үеийг урсгасан байж гэмээнэ энд өгүүлэх нэг өдөр насан туршид минь санаанаас гараагүй мөчид, ахархаан агшин байсныг эргэн санахад магад энэ хорвоод энэ амьдралд харсан хамгийн аймшигтай зүүд байж мэдэх л, гэсэн ч зүүд амьдрал хоёрыг ялган таньж чадах насан дээрээ байсан юм шүү.

               Цэцэрлэг сургуулийн бага ангиудын зуны амралт эрт эхэлдэг учир, соц үеийн хэлээр лагерь хэмээх ижил ижил модон байшингууд, айл бүрийн байшин хоорондын зай уртрагийн зуу орчим, өргөрөгийн таванзуун метрт уулын амын хөндийд тус тусдаа ойн захаар уул дов толгод дунд байрлах олон зуслангуудын нэгэн, зусландаа манайх хамгийн эрт гарч хамгийн орой буудаг нь байлаа. Хоёр өрөө доторгүй модон байшингийн жижиг өрөөний толгойн тушаа адарт үүрээ зассан зөгийн том цагаан үүр нойрноос сэрэхэд хамгийн түрүүн нүднээ тусч, намхан цонхны хажууд төмөр орны толгойг баруун тийш зүглүүлэн байршуулсан тул өдөр бүрийн өглөө нүдээ нээхэд зүүн хананд аавын минь зурсан ойн захад инээмсгэлэн алхаж яваа томоос том илбэнх угтаж, өндийн дэрээ сөхөж харчихаад цонхны гүймэл төмөр түгжээг тайлж жижиг модоор цонхоо тулж тогтоох хүртэл ойн сэнгэнэсэн дэггүй салхи тэр мөчийг тэвчээртэйгээр тэсэн ядан хүлээсэн мэт шуртхийн орон дээр ганцхан ойгоод өрөөний амьгүй бүхнийг амь орон шуугих хүртэл ирсгэрэн нисч дүүг нойрноос нь сэрээх зуур цонхны тавцанг эрүүгээрээ тулан нууцлаг өтгөн ойг зүүрмэг хэдий ч бишрэнгүй харцаар санаашран санаашран удаанаас удаанаар ажин тогтон ширтдэг байвай.

             Цонх газраас ердөө хагас алд, дэлэм хэрийн өндөртэй тул цонхоор гарах гэдэг миний хувьд юу ч биш, харин дүүгээ тосон буулгах яггүй тул өөрийн биеэр өглөө бүр олон янзаар цонхоор гарах үзүүлбэртээ төдхөнөө дасаж бараг л циркийн акробатчин шиг байхад дүүгийн хөдөлгөөн болхи удаан эв хавгүй ч яаж ийгээд гэрийн хорионоосоо бид ямар ч асуудалгүйгээр гарч, нэг мэдэхэд л хөтлөлцчихсөн томоос том цоожтой будаг нь халцарсан цайвар цэнхэр модон хаалгаа ширтэн хэсэг үүргэлтэн зогсож цонх тулсан модоо орруугаа шидчихээд чөлөөлөгдсөн мэт хаашаа ч хамаагүй хар эрчээрээ гүйхэд дүү араас хүлээхийг асуун уйлагнан зогсоход сая эргэж харан гүйж очоод гараас нь хөтлөн цэлмэг тэнгэр, нар, уул толгод, моддын орой, зарим үед үүлс, шувууд, өвсний толгойд тэсэн үлдэж чадсан шүүдэр, цэцэгс, эрвээхэй, ялаа, зөгий ер амьд бүхнийг ширтэн зуслангийнхаа айлуудын байшинг хоёул ширтэн алхахдаа алсад зурайн хийсэж буй тахиралдсан луу шиг шороон замаар хааяахан хаа нэг давхих машины чимээ машинаасаа түрүүлж зуслан даяар хүржигнэн хөндийгөөр цуурайлахад тэр зүг гараа саравчлан харуулдахдаа бидний зүг, хүүхүүдийнхээ зүг, гэр гэрийнхээ зүг өдөр бүрийн орой зургаан цагийн ажилчид-ын унааг буцаж ирэхээс өмнө цоожтой байшиндаа цонхоороо эргэж ороод гэрээсээ гараагүй сайн хүүхдүүд болох, эс бөгөөс цоожтой хаалганы цаанаас хэрхэн яаж гарсныг аав ээж гайхах хүртэл, урт өдрийнхөө төгсгөлд нь шийдхээр төлөвлөөд шуудхан тоглоомын талбайг зорьдогсон.

        Өглөө эрт хүүхдүүд бараг үгүй учир савлуурт дугаарлах хүлээх шаардлагаггүй, хамгийн гол нь нойрноосоо гүйцэд сэрээгүй зүүд зэрэглээ шиг сүүмгэр, зураасан нүдтэй, эрх, нялх, хув цагаан ишиг шиг дүүгээ баярлуулчихвал, тэр минь өдөржин хөөрхөн сайхан ааштай байвал тэнгэр цэлмэг байдаг нь үргэлж хачирхал төрүүлдэг болохоор. Хүнд зузаан зэвтэй төмөр савлуурыг гараар атган зөөлөн савлаж эхлэхэд ер бусын цагаан гэрэл сацран хацар нь хонхойж, буржгар зөөлөн сэвлэг нь салхинаа зүг бүрт эгээ л пүрш аятай бургин эргэлдэн хийсэхэд хорвоо ертөнц түүний хувьд диваажин болон хувирч, уйдан буух тэр цагийг залхтлаа чилтлээ тэвчин хүлээнэ. Савлуураас уйддаг хүүхэд байдаг бил үү. Өөрийн ээлж ирэхэд тэнгэрт нисэж нисэж бууж ирсэн дүү минь хэр чадлаараа эгчийгээ савлахад туслахыг завдах агаад харин дүүдээ хол зогсохыг анхааруулан өндрөөс өндөрт савлаж эхлэхэд л өглөөний салхи аандаа тойрон эргэлдэж толгой эргээгүйг сануулах.... үе үе тэнгэр, үе үе газар...., тэнгэр хөхрөн цайран хөхрөн цайран, нар гялс гялс алтран гялбаж, хурган үүлс нүдний буланд бултгасхийн, газар цэлс цэлс цэлийн, уулс дүүжин даажин дүүжин даажин, өтгөн ой бүүвэй бүүвэй, зуслангийн байшингууд найгах модод адил зарим үед согтуу ч юм шиг дайвалзан ганхахыг ажиглах зуур хүүхдүүд хэдийн шавчихсан толгойнууд нь зэрэг зэрэг зүүн баруун зүүн баруун зүүн баруун зүүн баруун, бүгд горьдонгуй харцаар савлан хөдлөхийг дагуулан ширтэн зогсоог гэнэт мэдээд амьдралдаа анх удаа савлуурын савлах хөдөлгөөнийг дагуулан харах нь хөндлөнгөөс тун инээдтэй харагддаг болохыг өөртөө нээн, өвдгөө нугаламаараа нугалахаа больж савлуур төдхөнөө ажуу уужуудаа зөөлрөн зөөлөрсөөр зогсон зогстол нь зогсох зуур хүлээж ядсан нэг нь савлуур дээр удаан савлан буугаагүйгээс, бараг байнга, олны дундаас заавал тэр л нэгэн эрсхэн, гараараа бариулаас атган чирэгдэн чирэгдэн хүчээр хүчлэн зогсооход урамгүйхэн бууж дараагийн савлах ээлж иртэл хүлээх зуураа, газраар ойр хавийн шоргоолж, цох, эрвээхэйг харцаараа хайн тэдний хөдөлгөөн бүрийг алдалгүй хөөн нэхэн ажиглаж цаг хугацаанд аялан уусаад амрах мөч, дүүгийн часхийн хашхирч өндөрт инээх чимээнээр гэнэт сэхээ орно.  Хөөрсөн олон хүүхдүүд өндрөөс өндөрт нисэх мөрөөдөлдөө шунамгайрч дор дороо догдлон тэвчээртэй хүлээх хэдий ч тэвчээр нь алдарсан хүүхэд бас байдаг шүү дээ!

         Зоримогхон алхаад савлуур дээр зогссон, эхлээд алгуур савлаж байснаа сүүлдээ эрчээ нэгэнт авсан хүнд төмрийн лут жинтэй, хүчтэй, огцом савалтууд ойр хавьд байсан бүгдийг алмайруулж зарим нэг нь дуу алдан, шүлсээ гоожуулан алмайрч, гөлийх нэг нь гөлийн хөшөө болон зогсох үед савлуур дээрх турьхаан цагаан, нуруугаараа савлуурын өндрийн хагастай тэнцэх зоримог хүүгийн эр зоригийг шалгах гэсэн шиг нэг дүрсгүй нь хөндлөн тушаа ард нь өнцөгдөн зогсоод хүч нэмэхээр түлхээд л байв түлхээд л байв, цохиод л байв цохиод л байв. Бидний тоглоомын талбайд байдаг ганцхан тоглоом болох цул зэвтэй төмөр, зэврээд хүрэн улбар зосын өнгө ялгарсан тиймдээ ч холоос бараантаж хөшөө шиг харагддаг, баримал гэмээр ч юм уу, майжгийдуухан, онгон зөөлөн хөрсөнд өдрөөс өдөрт шигдэн суусан тиймээс сууж савлахад тухгүй учир зогсдог дөрвөлжин суурь нь үе үе газарт шүргэн алдан өнгөрдөг, савалтын өндрийн хязгаарыг хэн ч багцаалж баримжаалж тооцож үзээгүйг савлуур дээр тоглодог хүүхдүүд бүгдээрээ өөр өөрсдийн савах туршлагаараа мэддэг, эцэг эхчүүд цэх зогсоход толгой нь дээш илүү гарах тул тийш хэзээ ч томчуул зүгэлдэггүй, зуслангийн айлуудын тэхий голд байрлах өчүүхээн талбайг эзлэх тэрээхэндээ өвс нь халцарч газар нь хонхойж шороо пургисан, зогсоохыг оролдсон бараг бүгд гараа цохиулан өвтгөсөн учраас савлах үед хэн ч ойртдоггүй ёстой л эрлэг гэмээр эргэлддэг, мэдээж бороонд л зэвэрдэг учир зуслан даяар хяхтнах аймшгийн чимээнээс сэргийлэн сайхан сэтгэлт аав ээжүүдийн нэг нь тослоод эргэлт нь гаарчихснаас үүдэлтэй нүд эрээлжлэм удаан хугацааны савалт сүүлрүүгээ бүтэн нэг эргэхэд хүүхдүүд нэгэн зэрэг дуу алдан, ахин нэг эргэхэд ахин дуу алдан, ахин эргэхэд амаа ангайн алмайрч түгшин нам гүм болцгоон, одоо савлуур дээр зогсож буй хүүгийн төрхийг тогтож олж харахыг хичээцгээх авч эргэлт дэндүү огцом, сайтар онож онийж  харвал царай төрх нь хэдийн хувхай цайгаад гантиг шиг хөшчихсөн нь зэрвэс үзэгдэхэд галзуурсан савлуурыг анх түлхэж хүчилсэн хүү хэрхэн зогсоох учрыг олж ядан байтал гайхал савлуур цагийн зүү арван хоёр дээр зогсчих шиг нүд ирмэх зуургүй гацчихав, гэв гэнэт! Хүү газар яах ийхийн завдалгүй пөдхийн дээш харан унахдаа тэнгэр өөд харан огт хөдөлгөөнгүй, тэр мөчид хүүхдүүд дэрхийн цочин бүгд жинхэнэ хөшөө болон нүд нь аяганаасаа бүлтрэх шахсан амьтад бие биерүүгээ харах, зарим нь нүдээ тас аньж, гараараа нүүрээ дарах нь дарж, гарынхаа салаа, хурууныхаа завсар, өрөөсөн нүдээрээ харах нь харж, бүлтийсэн нэг нь тэр чигтээ дүрлийтэл ширтэн тэнд яг юу болоод буйг ойлгох сөгөөгүй байтал зэвтэй төмөрний зэвүүн гянхийх чимээтэй савлуур эгээ л гэнэт амь орсон мэт өндрөөс уруудан эргэх дугуй адил юу юугүй хурдаа аваад хүүгийн зүг чиглэн буух нь тэр.




2015 оны 3 дугаар сарын 12


Улаанбаатар,
МОНГОЛ УЛС.


Saturday, 24 January 2015

Түлхүүр


Түлхүүр


| зүүднээс ирсэн үгүүлэл |

            Түлхүүрээ хэрэв мартсан бол, буруу түлхүүр байсан болж гэмээнэ гадаа гайхшраа барж зогсох байсан даа хэмээсэн совинт бодол зурсхийн хуруун дээрх бэхийн толбоос цэцэг ч юм уу навч, мөчир ургах үед зураачийн төсөөлөлд үлдэх ухамсарын нүдийг олж дээ хэмээсэн амаргүй бодлын дунд эргэлдсээр....

~Зүүд~

      Аманд орсон бүхэн эргэн гарахдаа үсэг болон хувирч байх агаад үсэг бүр нь тодхон харагдана. Ярихад л амнаас үсэг ниснэ гэдэг.... тэдгээр үсгүүдийг танил зураач эмэгтэйн өмнө гаргаж үзүүлэхэд учиргүй гайхаж бас баярлахдаа нүд нь гялалзан үсэг бүрийг ширтэн дуу алдах аж. Би яг л шидтэн шиг амандаа чихэр зажлан бутлаад л, бутарсан үйрмэг бүр үсэг болж биежих юм. Зүүдэнд үсгээ тогтоосон атлаа өөр бодолд түүртээд яг бичиж авах мөчид умартаж орхилоо гэнэ.


      Морьны жүчээ, малын хашаа, хөдөө нутаг.... яг хаана, аль нутаг, энэ хэнийх вэ? Тодорхойгүй, ойлгомжгүй зүүдэн бодлын үнэрт бодолд бодол болон суух зуур хэдийн зүүдний орноос урландаа сэрээд нүдээ зөөлөн нээн олж харсан сэтгэлийн дүрс бүхэн тольдогдон буй эрх чөлөөний таашаалаар угтсан тайвшрал, өег өдөр. Өнөөдөр чинь, битүүний өдөр шүү дээ. Аяга халуун ус уугаад гэрийн зүг яаран алхлаа. Өндөр байшингуудын завсраар нар гэрэлтэн, үе үе таарах сүүдэрт алхах мөчид нарны илчийг үгүйлж буйгаа мэдэрч.... Яг юу бодож байлаа даа байз. Ер нь гудамжаар алхахад харагдсан бүхэн үргэлжилсэн өгүүлбэр болон үргэлжилсээр өгүүлэгчийн санаанаас тэс өөр утга бүхий асуулт болон хувирах, яг ямар асуулт асуулаа даа байз, гудамнууд нийлж хот үүсдэг шиг машин зам дагуу явган хүний замаар алхаж явах үес нарлуу хараад асуултаа тавихад нар толгой дохиж мөрөө хавчлаа.

   Тэнгэрийн хаяанаа үүлэн зам татаж ирснээ гэнэтхэн тэнгэрээс гэрэл татуулсан бурхан хажуугаар шуртхийн салхи татуулан одох зүг нь тодорхой үзэгдсэн хэдүй ч аргаггүй хурдан, тийн үзэгдэл болж өнгөрсний дараа сая нэг юм ухаан орж Лхам Бурхан биз ээ хэмээн танимхайрав. Ямар ч байсан хүнийх нь бүртгэлд тоологдсон л юм байна. Нар буухаас, харуй бүрий нөмрөхөөс өмнө гэртээ амжиж хүрэх нь үү үгүй юу, юутай ч алхааны хурдаа нэмж гэхдээ нэгэн жигд хэмээр, яарсаар, зүүдээ бодсоор бодсон бодлоо эргэн тунгаахуйд үлдсэн бодол ердөө л энэ. Уг нь урлангаасаа гараад алхах үед хичнээн сайхан эхэллээ дээ. Ээ энэ мартагдсан бүхий л өгүүлбэр үү, бурхадын бясалгал ч юм бил үү, салхи зулайг илбэн хацар дээр үнэрлэх үест дуусгаагүй номоо зохиолч санаж байх хэрэгтэй, эхнээс нь дахин нэг эхлэхээс дээ, хэдий тайлбар нь тийм гайхалтай сайн биш ч гэлээ.

     Тийм ч их зүйл өөрчлөгдөөгүй ажээ энэ дэлхийд бүх зүйл хэвээрээ, хэв хэвээрээ л юм шиг уулс сүндэрлэн, салхи салхилан, нар хэвийж, сар үе үе улалзан, үүлс л харин тэнгэрийн өнгөтэй хоршоод сонирхолтой. Өнөөдрийн, битүүний үүлсийг харсан хүн бол яав ч хачирхахгүй, харцаа салгахгүй байхын аргаггүй, ийм алт шиг өнгийн  тийм нарийн зураасаар урласан шиг, уран тансаг хийц бүхий өнөөх зүүдний судрын хуудас, хуудас нь гэрэлтэн тув тунгалаг байх үе тийм ч олон тохиолддоггүй тохиолдол тохиох тохиолдол тохиолдсонд л.... гол нь зүүдэнд болсон, олж харсан бүхэн, мөч бүрийн дараах сэтгэгдэл төсөөллийн гүнд нэвчсэн дараалалгүй хуудас билээ. 

      Дараалалгүй хуудсаа сөхөх бүрт гайхамшигтай, алгуурхан дэлгэгдэх тавилан. Сонгосон тавиландаа үлдсэн ертөнтөцөд мартагдсан өгүүлбэрүүд мянга мянган жилээр өгүүлэх домог, домог нь зүүд, зүүд нь туурвил, бүтээл, амьдрал, төсөөлөл, мөрөөдөл, дурлал болтлоо хувирах амирлангуй бодолдоо ганцаардлаа үргэлжлүүлсээр нэг л мэдэхэд гэрийнхээ гадаа ирж, зуршил ёсоор тэнгэр ширтэхдээ талархах сэтгэлээ харцаараа илгээн инээмсэглээд шилэн хаалганы хажуугийн нууц гэгдэх ч ил харагдах дөрвөн оронтой товчлуурууд дээр дарлаа.



2014.I.30-31
05:47
Улаанбаатар хот
МОНГОЛ УЛС.

Monday, 5 January 2015

“СЭРҮҮН СҮМ”

© 2015. Д.БАЯРЦЭЦЭГ.


“СЭРҮҮН СҮМ”
богино шүлгийн түүвэр
© Д.БАЯРЦЭЦЭГ 2003-2014.


НИЛЭЭД ХЭДЭН ЖИЛ САР БЭЛДСЭНИЙ ЭЦЭСТ ШҮЛГИЙН ТҮҮВЭР ХЭВЛЭЛТЭНД ЯВАХАД БЭЛЭН БОЛЛОО. ХАВТАСНЫ БҮТЭЭЛИЙГ БОДОЖ БОДОЖ ЭЦЭСТ НЬ НЭГ ИЙМЭРХҮҮ СОНГОЛТТОЙ ӨНДӨРЛӨВ. 
НОМЫН НЭРНИЙ ТУХАЙ ДАРАА ЖИЧ ӨГҮҮЛЭМЗ
ОДОО ХҮЛЭЭХ Л ҮЛДЛЭЭ ДЭЭ.

2015.1.5
06:39


Улаанбаатар хот
МОНГОЛ УЛС


СЭРҮҮН СҮМ

АЛБАН ЁСНЫ БОРЛУУЛАХ ЦЭГҮҮД:
976 АРТ ГАЛЕРЕЙ-Н НОМЫН ДЭЛГҮҮР
ИНТЕРНОМ НОМЫН ДЭЛГҮҮР /ӨРГӨӨ 2 КИНОТЕАТРЫН УРД БАЙРЛАЖ БУЙ/
МАЖЕСТИК НОМЫН ДЭЛГҮҮР /ИХ ДЭЛГҮҮРИЙН 6 ДАВХАРТ БАЙРЛАЖ БУЙ/


ХУДАЛДААЛАХ ҮНЭ: 13К /13 000 ТӨГРӨГ/

Thursday, 25 December 2014

ЗУРААСНЫ ҮРГЭЛЖЛЭЛ

                                                    120х240 МУУТУУ, БЭХ 2009 ОН.

ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ, ХЭЛ ЗОХИОЛЫН ХҮРЭЭЛЭНГИЙН СУДЛААЧ ЭРДЭМТЭН, МОНГОЛ ХЭЛ, УРАН ЗОХИОЛЫН ДОКТОР ПРОФФЕСОР ОНХОД ОВГИЙН Р.ОТГОНБААТАР АХТАЙ "ХАРААЦАЙН ДУУЛЬ" ҮЗЭСГЭЛЭНГИЙН БҮТЭЭЛИЙН ӨМНӨ ЯРИЛЦАЖ БУЙ....


                                                              ГЭРЭЛ ЗУРГИЙГ ЗОЛОО, 976 АРТ ГАЛЕРЕЙ 2014 ОН.


ЮУН ТҮРҮҮН ЭЛ БҮТЭЭЛИЙН ТАЛААР ТОВЧ ТАЙЛБАР ӨГӨХ НЬ ЗӨВ БОЛОВ УУ. УЧИР НЬ ҮЗЭСГЭЛЭН ГАРАХ ХУГАЦААНД  НИЛЭЭД ОЛОН СЭТГҮҮЛЧДЭД ЯРИА ӨГСӨН БОЛОВЧ ИХЭНХ НЬ БҮТЭЭЛИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙН ТАЛААР ЭНДҮҮ ТАШАА МЭДЭЭЛСЭН /ЯЛАНГУЯА ГЭРЭГ СЭТГҮҮЛ N33/2014 СЭТГҮҮЛЧ Б.ЭГШИГЛЭНГИЙН БИЧСЭН ЦАГ БОЛЖ НӨХЦӨЛ БҮРДЭХЭДНИЙТЛЭЛИЙН ХЭСЭГ: ҮЙ ОЛОН ЗУРААСНААС БҮТСЭН УГ АЖЛЫГ ГОДО БАРЛАХ АРГААР ТУУРВИСАН ЮМ. / ИЙМИЙН ТУЛ ЗАЛРУУЛАХ ҮҮДНЭЭС, ДАРААГИЙН МОД ҮЗЭСГЭЛЭНД ҮЗЭГЧИД ЗӨВ ОЙЛГОЛТТОЙ БАЙГААСАЙ ХЭМЭЭГЭЭД ТОВЧ ӨГҮҮЛЬЕ.

ГАРААР ТАТСАН ЗУРААСЫГ БАРЛАХ ГЭЖ БИЧИХ НЬ, ОЙЛГОХ НЬ МАШ ТОМ ЭНДҮҮРЭЛ. БАРЛАХ ГЭДЭГ НЬ ХЭВЛЭЛИЙН ҮНДСЭН АРГА БАРИЛ, СУДАР БИЧИГ ХЭВЛЭДЭГ ЭРТНИЙ УЛАМЖЛАЛТ АРГА ШҮҮ ДЭЭ, ХАРИН ЗУРАХ ГЭДЭГ....ЗУРААСЫГ ТАТАХ ГЭДЭГ.... 
ЕР НЬ ТА ӨӨРӨӨ ЗУРААСЫГ ТАТАЖ ҮЗЭЭД МЭДЭРЧ БАС БОЛНО ШҮҮ. УГТАА БИЧВЭРИЙН ЭНЭ Л ЭНДҮҮРЛЭЭС БОЛООД ЭЛ БҮТЭЭЛИЙГ МАШИНААР, ГАР АРГААР ХЭВЛЭСЭН БОЛЖ ТААРАХ ГЭЭД БАЙНА АА ДАА, БҮР ХӨГЖИЛТЭЙ НЬ, НЭГ ХҮН: ЭНЭ ЧИНЬ ХУЛДААС ЮМ УУ? БИШ ЭЭ ОБОЙ, ХАНЫН ЦААС? Ч ГЭЖ БАЙХ ШИГ. ӨӨР НЭГ ХҮН САМ ШИГ ӨРГӨН БИЙРЭЭР ТАТСАН ЗУРААС УУ Ч ГЭХ.... ҮГҮЙ, ЗА БАЙЗ ЯАЖ ТАЙЛБАРЛЪЯ ДАА....


ГРАФИК ГЭДГИЙГ МОНГОЛ ХЭЛНЭЭ УЛАМЖЛАЛТ БАР ЗУРАГ ХЭМЭЭН ХӨРВҮҮЛЭН ОЙЛГОЖ БАЙСАН Ч БАР ХЭМЭЭХ НЬ БУРУУ ЮМ АА, УЧИР НЬ ДҮРСЛЭХ УРЛАГИЙН ЦАГ ХУГАЦААНЫ, ТЕХНОЛОГИЙН ХӨГЖЛИЙН ХЭРЭЭР БАРЛААГҮЙ ДИЖИТАЛ БҮТЭЭЛҮҮД Ч ГРАФИКТ БАГТАЖ БУЙ УЧРААС ДҮРСЛЭХ УРЛАГИЙН ҮНДСЭН ГОЛ АЖИЛЛАГАА БОЛОХ ЗУРААС БОЛОН ЗУРААСНААС ҮҮДЭЛТЭЙ ГЭДЭГ УТГААРАА ЗУРААСАН ЗУРАГ ХЭМЭЭН НЭРИЙДЭЭД БАЙГАА БИЛЭЭ. ГЭХДЭЭ ЭНД ХОЁР ЯЛГАА БИЙ. ГАР АЖИЛЛАГАА ТҮЛХҮҮ ОРСОН ТӨРЛИЙГ ЗУРААСАН ЗУРАГ, ТЕХНИК АШИГЛАЖ БҮТЭЭСЭН ТӨРЛИЙГ НЬ ГРАФИК ГЭСЭН МАШ ЕРӨНХИЙ НЭРИЙН ДОР БҮРТГЭДЭГ. ЭНЭ Л НЭРШЛИЙН ҮҮДНЭЭС МОНГОЛЫН ОРЧИН ЦАГИЙН ДҮРСЛЭХ УРЛАГ ТӨРӨЛ ТУС БҮРЭЭ ЭХ МОНГОЛ ХЭЛНЭЭ ЗӨВ ОНОВЧТОЙ НЭРЛЭХ НЬ ТУЛГАМДСАН АСУУДАЛ БОЛООД БУЙГ ЭНЭ САЛБАРТ АЖИЛЛАЖ БУЙ ХЭН БҮХЭН САЙН МЭДЭЖ БУЙ БИЗ ЭЭ.

ЕР НЬ БОЛ ОДООГИЙН БАЙДЛААР МЭДЭГДЭЖ БУЙГААР ЗУРААС ГЭДГИЙГ МОНГОЛ ХЭЛНЭЭ ГОРОО ХЭМЭЭН ХЭЛЦДЭГ. ГОРООЛОХ ГЭДЭГ НЬ ҮЙЛ ХӨДЛӨЛИЙН БҮТЦИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ НЭРШИЛ ЮМ УУ ДАА. ЖИШЭЭ НЬ САНСАР ОГТОРГУЙН ХЭМЖЭЭСТ СУУРЬ ОЙЛГОЛТТОЙ НҮҮДЭЛЧДИЙН ӨВӨРМӨЦ СЭТГЭЛГЭЭНИЙ ГОР ЮМ УУ, УУЛЫГ ТОЙРОН АЛХАХЫГ АГУЛА ГОРООЛОХУ - УУЛ ТОЙРОХ, УУЛ ТОЙРОН АЛХАЖ БУЙ ХҮНИЙГ ХЭЛЖ БУЙГ ОГТОРГУЙГААС ТӨСӨӨЛСӨН БАЙХ ЖИШЭЭТЭЙ.

БАРУУН МОНГОЛЧУУД БУЮУ ХӨХ НУУРЫНХАН ЭРЭЭ ЭРЭЭЛЭХ ХЭМЭЭН ХЭЛЦДЭГ, ЭРЭЭ ГЭЖ ЗУРАГ, ЭРЭЭЛЭХ ГЭДЭГ НЬ ЗУРАХ ХЭМЭЭХ ҮЙЛ ҮГ. ГОРОО ГОРООЛСОН ГЭЖ ХЭЛЖ БОЛНО Л ДОО, ....ТЭЭР ЖИЛ ХӨХ НУУРЫН МОНГОЛЧУУДЫН  ДУНД ХЭЭРИЙН ДАДЛАГААР СУДАЛБАР ХИЙЖ ЯВАХ ҮЕД ТОХИОЛДСОН ЮМ, -ЭРЭЭ ЭРЭЭЛЖ СУУНУУ ТА? ХЭМЭЭХ ҮЕД /ЮУ ГЭСЭН ҮГ ЮМ БОЛ ОО, ДОТРОО ИХЭД БАЛМАГДАН НЭРЭЛХЭХ ГЭСЭН ҮГ ЮМ БОЛОВ УУ ЭРЭЭЛЭХ ГЭЖ....? НЭРЭЛХЭЭД БАЙГАА ЮМ УУ? ГЭЖ БАЙНА ГЭХЭЭР ЮУ БИЛЭЭ.... ЗАЗА МЭДЭХГҮЙ./ ТОЛГОЙ ДОХИХ Ч ХЭЦҮҮ СЭГСРЭХ Ч ХЭЦҮҮ БУШУУХАН БАЙРЛАЖ БАЙСАН АЙЛЫНХАА ЭГЧЭЭС ОЧООД, БЭРГЭЭН ЭРЭЭ ЭРЭЭЛЭХ ГЭЖ ЮУГ ХЭЛЖ БАЙХУУ? ХЭМЭЭН АСУУТАЛ ИНЭЭД АЛДААД,
-АЛИЙ ҮРҮҮН ЮУ КИЙГЭЭ, ТЭР.... ЭНЭ ЭРЭЭ, ЭНЭ ЭРЭЭЛЭХ АЖИЛ МЭДЭЭ.... ГЭЭД ЗУРСАН ЗУРАГ РУУ ЗААГААД ХОЁУЛ УЧИРГҮЙ ИНЭЭЛДСЭНСЭН. ЯГ Л ҮҮН ЛУГАА ЮМ БОЛООД БАЙНА УУ ДАА МАНАЙ УРЛАГТ.

2009 ОНД УРЛАГИЙН ТӨВ АКАДЕМИ ТӨГСДӨГ ЖИЛ ДИПЛОМЫН БҮТЭЭЛ БОЛОХ ГУРВАН ЦУВРАЛ АДАР ХЭМЭЭХ УЛАМЖЛАЛТ АРГААР ЗУРААСАН ЗУРАГ,  ХЯТАДААР БОЛ БАЙ МИАО/ГОРООЛОХ/, ТОРГОН ХЭВЛЭЛ, ШИНЭ ТУРШИЦ ГАР ХЭВЛЭЛ+ТОРГОН ХЭВЛЭЛ ХЭМЭЭСЭН ЦУВРАЛ БҮТЭЭЛЭЭР ХАМГААЛСАН ЮМ. ДУУСАШГҮЙ САНАГДАХ МУУТУУ ЦААСАН ДЭЭР ТАТСАН ЗУРААСАА ЯГ ТООЛВОЛ НИЙТ 19 ХОНОГ ЗУРСАН. ӨДӨРТ ОЙРОЛЦООГООР ХАМГИЙН ДООД ТАЛ НЬ 12 ЦАГ ДЭЭД ХУГАЦАА НЬ 18 ЦАГ ЧАНХ ЗОГСООГООРОО АЖИЛЛАЖ БАЙЖ ДУУСГАСАН. ЭНЭ ХҮНД ДАВААГ ТУУЛАН ГАРАХ ХҮРТЭЛ ЮУ ЭС БОДОГДСОН ГЭХ ВЭЭ. ХӨЛ ЗААНЫ ХӨЛ ШИГ БОЛТОЛ ХӨӨЖ БАДАЙРАН ЯДРАХ, ШАНТРАХ, ТУЙЛДАХ, УТГА ҮГҮЙГЭЭС УТГА ҮГҮЙ УТГАА АЛДСАН ЦАГ ХУГАЦААГ УМАРТАН БАЙЖ БҮТЭЭСЭН. НЭГ Л БҮТЭЭЛ ШҮҮ ДЭЭ, ГЭТЭЛ ЦААНА НЬ ХОЁР Ч БҮТЭЭЛ ДУТУУ БАЙДАГ, ДИПЛОМЫН ҮЗЭСГЭЛЭН БОЛОХ ГЭЭД ЦАГ НЬ ТУЛЧИХААД БАЙДАГ.... УГ НЬ БОЛ УЛАМЖЛАЛТ УРАН ЗУРГИЙН АНГИЙН МАСТЕР ХАМГААЛЖ БАЙГАА ХҮН ШҮҮ ДЭЭ, ГЭТЭЛ ЮУН ТОСОН ЗУРАГ БАЙХАВ.... 

ХЯТАДДАА БҮТЭЭЛ НЬ ХАМГИЙН ӨНДӨР ҮНЭЭР ЗАРАГДДАГ, АЛДАРТАЙ ЗУРААЧ, МАНАЙД ҮНДСЭН МЭРГЭЖЛИЙН ХИЧЭЭЛ ОРДОГ ЛИЮ СИАО ДУН БАГШ ДИПЛОМ ХАМГААЛАЛТ ДЭЭР ЭЛ БҮТЭЭЛИЙГ НИЛЭЭН УДААН АЖИЖ ХАРЖ ЗОГСОЖ БАЙСНАА ГЭНЭТ НАМАЙГ ДУУДААД АСУУЖ БАЙНА:

-ЧИ ЭНИЙГ ЯАЖ ЗУРСАН ЮМ БЭ?

/ЭНЭ БОДВОЛ ШАЛГАЛТЫН АСУУЛТ БАЙХ ДАА, ЮУ ГЭСЭН ҮГ ЮМ БОЛ ОО ЯАЖ ЗУРСАН ГЭДЭГ НЬ? БИ БУРУУ СОНСОЖ, БУРУУ ОЙЛГООГҮЙ БАЙГАА ДАА, ЗА БАЙЗ ЮУ БИЛЭЭ.... ЯАЖ ЗУРЛАА..../ БАНТАЖ МЭГДЭН САНДАРСАНДАА ШУУДХАН Л

-НННН.... БИЙРЭЭ АВААД БЭХЭНД ДҮРЭЭД ЦААСАН ДЭЭР ЗУРААСАА ТАТСАН.

-ААН.


ИЙМ ЯРИА БОЛСОН. ИЙМ Л ТҮҮХТЭЙ БҮТЭЭЛ.

ЗУРААС БОЛ ЗУРААС, ЗУРААСЛАХ ГЭДЭГ ЦАГ ХУГАЦААНЫ ХҮЛЭЭЛТИЙГ ДАВЖ БУЙ ХҮЧ. ЭНЭ ХҮЧИЙГ ЗҮГЭЭР Л ОЛОН ТООГООР ХЭВЛЭСЭН ОЛОН ТООНЫ ХУУЛБАР БАЙЛГАМААРГҮЙ БАЙНА. БҮТЭЭЛИЙН СҮНСИЙГ БҮТЭЭЛЧ ӨӨРӨӨ Л ХАМГААЛДАГ ЮМ ШИВ ДЭЭ.


2014.12.25
Улаанбаатар хот
МОНГОЛ УЛС.


Saturday, 20 December 2014

Оюутнууд сургууль дээрээ мөнхөд ажиллаж байдаг

Б: Ингэж суралцах боломж байдгийг мэддэггүй байх үед Дүрслэх Урлагийн Дээд Сургуулийн уран зургийн ангийн Г.Лхагвасүрэн багш маань шалгалт өгөхийг санал болгосон. Шалгалтанд тэнцэж, нэг жил Монголдоо, нэг жил БНХАУ-д хэлний бэлтгэл хийгээд, мэргэжлийн сургуульдаа элсэн орсон. Бакалаврын зэрэг эзэмшчихээд мастерт суралцах хүн эх орондоо хоёр жил ажилласан байх ёстой гэсэн шаардлагын дагуу Монголдоо хоёр жил ажиллаад, эргэн очиж мастерын зэрэг хамгаалсан. Сургууль маань Хятадын Урлагийн Төв Академи учраас жинхэнэ академик боловсрол олгодог, урлагийн хамгийн том сургууль.

Н:  Яагаад гадаадад суралцахыг илүүд үзсэн бэ?  

Б: Надад оногдсон хувь тавилан тэр байсан болов уу, тухайн үед шалгалт өгөөд тэнцсэн. Явснаараа их зүйлийг сурч мэдэх боломж олдсон өөрийгөө би азтай гэж боддог.

Н: Монголын болон гадаадын урлагийн сургуулиудын ялгаа юун дээр их анзаарагдав?

Б: Асар ялгаатай. Үнэндээ өнөөдөр монголын дүрслэх урлагийн сургууль, тэнд суралцаж байгаа оюутнуудыг хараад өрөвдөхгүй байхын аргагүй. Зөвхөн багаж, материалын хувьд гэхэд хүссэн хэмжээнд олддоггүй. Бид өнөөдөр өөрсдөө будаг, цаас, зургийн хэрэгсэл үйлдвэрлэдэггүй. Хятад эртний уламжлалтай. Жинхэнэ Академи гэдэг орчноосоо эхлэнэ. Зөвхөн хар зургийн хичээлд зориулсан музейтэй байх. Нэг жишээ ярья л даа. Хятадад очихын өмнө Монголд хоёрдугаар курст Давидын нүүрийг зуруулж байсан, дараа нь академид очиход оригинал хэмжээтэй бүтэн толгойг нь зуруулах үед анх ялгааг нь олж харсан. Мэргэжилээрээ дунд сургуульд дөрвөн жил суралцсан хүнийг Академид элсүүлдэг учраас надтай харьцуулахад хятад оюутнууд хэдийнээ уран бүтээлчид болцгоосон байсан. Иймээс би маш их ажиллах хэрэгтэй болсон. Угаасаа ч тэнд оюутнууд сургууль дээрээ 24 цагийг өнгөрөөж, мөнхөд ажиллаж байдаг. Соёл урлагт хандах улсын бодлого эрс өөрчлөгдөж буй нь мэдрэгдэж, урлагаа дагаад улс орон яаж хөгждөг бодит жишээ Академи.

Н: Өнөөгийн монголын улс төр, шинжлэх ухаан, эдийн засгийн гэх мэт бүхий л салбарт гадаадад төгссөн боловсон хүчнүүд илүүтэй үнэлэгдэж байна. Дүрслэх урлагийн салбарт ч энэ адил байна уу?

Б:  Урлаг гэдэг өөрөө агуу зүйл. Гадаадад сураад мундаг зураач, монголдоо сурвал муу зураач болно гэж байхгүй. Урлаг бол цэвэр зүрх сэтгэл. Тийм учраас үнэхээр урлагт хайртай байх, хувь заяа нь өгөгдсөн хүн мөн л бол сурсан сураагүй уран бүтээлч болно. Харин сургууль бол оюун ухаан талаас нь дэмжиж өгдөг хоёр дахь гэр бүлийн орчин гэж хэлж болно. Эзэн хичээвэл юу гэдэг билээ /инээв/.

Н: Монголын болон гадаадын бүтээлчдийн сэтгэлгээний ялгаа хэрхэн ажиглагдсан бэ?

Б: Сэтгэлгээгээ яаж хөгжүүлснээс бүх юм шалтгаална шүү дээ. Хэл соёл, ахуй уламжлал, өссөн орчин, найз нөхөд хүний сэтгэлгээнд шууд ч бай шууд бус ч бай  нөлөөлдөг. Улс эх орон нь урлагт хэрхэн хандаж буй, урлагийн боловсролыг хэрхэн эзэмшиж эзэмшүүлж буйгаас, хүний сэтгэж хийж бүтээснийг цаашид хэрхэн өвлөн хадгалж авч явж байгаа зэрэг нь өнөөдрийн асуудал болоод байна уу даа. Монголд монгол хэл дээрх мэргэжлийн судлаачид, галерей, сонин сэтгүүл нь хэд билээ, багаасаа юу үзэж харж, ямар нийгэмд өсч байна,  хэн нэг нь нэг өдөр 30 метр бүтээл бүтээчихлээ гээд бариад очиход дэлгээд тавих музей галерей юу билээ гээд л эхэлнэ шүү дээ.

Н: Урлагийн хүн хөгжихийн тулд хамгийн түрүүнд анхаарах зүйл нь боловсрол уу, оюун санаа юу, эс бөгөөс сэтгэл рүүгээ илүү анхаарах ёстой юу?

Б: Хүн хүн өөр өөр, миний хувьд гол анхаарлаа хандуулж буй зүйл бол мөн чанар. Муутуу цаас, бэх, бийр, будаг, зотон юунаас бүтдэг вэ? бол мөн чанарын асуудал. Зураач зургаа зурлаа, үзэсгэлэн үзэж буй үзэгчид бүтээлийг хэрхэн уншиж ойлгож мэдэрч таашааж хүлээж авах вэ, агаар байна уу, хэрхэн яаж хаагуур амьсгалах вэ? энэ бүхэн өөрөө урлагийн боловсролтой байх тухай юм.

Н: Боловсрол эзэмшсэн газар нь тухайн уран бүтээлчийн чадварыг тодорхойлж чадах уу? 

Б:  Мэдэхгүй, чухал биш байх аа.

Н: Эх орныхоо дүрслэх урлагийн салбарт ямар шинэчлэл, өөрчлөлт хийхийг хүсдэг вэ?

Б:  Өөрөөрөө л баймаар байна.


Нийслэл гаид 2012-11-22
ярилцсан сэтгүүлч Г.Наранзул