Monday, 5 January 2015

“СЭРҮҮН СҮМ”

© 2015. Д.БАЯРЦЭЦЭГ.


“СЭРҮҮН СҮМ”
богино шүлгийн түүвэр
© Д.БАЯРЦЭЦЭГ 2003-2014.


НИЛЭЭД ХЭДЭН ЖИЛ САР БЭЛДСЭНИЙ ЭЦЭСТ ШҮЛГИЙН ТҮҮВЭР ХЭВЛЭЛТЭНД ЯВАХАД БЭЛЭН БОЛЛОО. ХАВТАСНЫ БҮТЭЭЛИЙГ БОДОЖ БОДОЖ ЭЦЭСТ НЬ НЭГ ИЙМЭРХҮҮ СОНГОЛТТОЙ ӨНДӨРЛӨВ. 
НОМЫН НЭРНИЙ ТУХАЙ ДАРАА ЖИЧ ӨГҮҮЛЭМЗ
ОДОО ХҮЛЭЭХ Л ҮЛДЛЭЭ ДЭЭ.

2015.1.5
06:39


Улаанбаатар хот
МОНГОЛ УЛС


СЭРҮҮН СҮМ

АЛБАН ЁСНЫ БОРЛУУЛАХ ЦЭГҮҮД:
976 АРТ ГАЛЕРЕЙ-Н НОМЫН ДЭЛГҮҮР
ИНТЕРНОМ НОМЫН ДЭЛГҮҮР /ӨРГӨӨ 2 КИНОТЕАТРЫН УРД БАЙРЛАЖ БУЙ/
МАЖЕСТИК НОМЫН ДЭЛГҮҮР /ИХ ДЭЛГҮҮРИЙН 6 ДАВХАРТ БАЙРЛАЖ БУЙ/


ХУДАЛДААЛАХ ҮНЭ: 13К /13 000 ТӨГРӨГ/

Thursday, 25 December 2014

ЗУРААСНЫ ҮРГЭЛЖЛЭЛ

                                                    120х240 МУУТУУ, БЭХ 2009 ОН.

ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ, ХЭЛ ЗОХИОЛЫН ХҮРЭЭЛЭНГИЙН СУДЛААЧ ЭРДЭМТЭН, МОНГОЛ ХЭЛ, УРАН ЗОХИОЛЫН ДОКТОР ПРОФФЕСОР ОНХОД ОВГИЙН Р.ОТГОНБААТАР АХТАЙ "ХАРААЦАЙН ДУУЛЬ" ҮЗЭСГЭЛЭНГИЙН БҮТЭЭЛИЙН ӨМНӨ ЯРИЛЦАЖ БУЙ....


                                                              ГЭРЭЛ ЗУРГИЙГ ЗОЛОО, 976 АРТ ГАЛЕРЕЙ 2014 ОН.


ЮУН ТҮРҮҮН ЭЛ БҮТЭЭЛИЙН ТАЛААР ТОВЧ ТАЙЛБАР ӨГӨХ НЬ ЗӨВ БОЛОВ УУ. УЧИР НЬ ҮЗЭСГЭЛЭН ГАРАХ ХУГАЦААНД  НИЛЭЭД ОЛОН СЭТГҮҮЛЧДЭД ЯРИА ӨГСӨН БОЛОВЧ ИХЭНХ НЬ БҮТЭЭЛИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙН ТАЛААР ЭНДҮҮ ТАШАА МЭДЭЭЛСЭН /ЯЛАНГУЯА ГЭРЭГ СЭТГҮҮЛ N33/2014 СЭТГҮҮЛЧ Б.ЭГШИГЛЭНГИЙН БИЧСЭН ЦАГ БОЛЖ НӨХЦӨЛ БҮРДЭХЭДНИЙТЛЭЛИЙН ХЭСЭГ: ҮЙ ОЛОН ЗУРААСНААС БҮТСЭН УГ АЖЛЫГ ГОДО БАРЛАХ АРГААР ТУУРВИСАН ЮМ. / ИЙМИЙН ТУЛ ЗАЛРУУЛАХ ҮҮДНЭЭС, ДАРААГИЙН МОД ҮЗЭСГЭЛЭНД ҮЗЭГЧИД ЗӨВ ОЙЛГОЛТТОЙ БАЙГААСАЙ ХЭМЭЭГЭЭД ТОВЧ ӨГҮҮЛЬЕ.

ГАРААР ТАТСАН ЗУРААСЫГ БАРЛАХ ГЭЖ БИЧИХ НЬ, ОЙЛГОХ НЬ МАШ ТОМ ЭНДҮҮРЭЛ. БАРЛАХ ГЭДЭГ НЬ ХЭВЛЭЛИЙН ҮНДСЭН АРГА БАРИЛ, СУДАР БИЧИГ ХЭВЛЭДЭГ ЭРТНИЙ УЛАМЖЛАЛТ АРГА ШҮҮ ДЭЭ, ХАРИН ЗУРАХ ГЭДЭГ....ЗУРААСЫГ ТАТАХ ГЭДЭГ.... 
ЕР НЬ ТА ӨӨРӨӨ ЗУРААСЫГ ТАТАЖ ҮЗЭЭД МЭДЭРЧ БАС БОЛНО ШҮҮ. УГТАА БИЧВЭРИЙН ЭНЭ Л ЭНДҮҮРЛЭЭС БОЛООД ЭЛ БҮТЭЭЛИЙГ МАШИНААР, ГАР АРГААР ХЭВЛЭСЭН БОЛЖ ТААРАХ ГЭЭД БАЙНА АА ДАА, БҮР ХӨГЖИЛТЭЙ НЬ, НЭГ ХҮН: ЭНЭ ЧИНЬ ХУЛДААС ЮМ УУ? БИШ ЭЭ ОБОЙ, ХАНЫН ЦААС? Ч ГЭЖ БАЙХ ШИГ. ӨӨР НЭГ ХҮН САМ ШИГ ӨРГӨН БИЙРЭЭР ТАТСАН ЗУРААС УУ Ч ГЭХ.... ҮГҮЙ, ЗА БАЙЗ ЯАЖ ТАЙЛБАРЛЪЯ ДАА....


ГРАФИК ГЭДГИЙГ МОНГОЛ ХЭЛНЭЭ УЛАМЖЛАЛТ БАР ЗУРАГ ХЭМЭЭН ХӨРВҮҮЛЭН ОЙЛГОЖ БАЙСАН Ч БАР ХЭМЭЭХ НЬ БУРУУ ЮМ АА, УЧИР НЬ ДҮРСЛЭХ УРЛАГИЙН ЦАГ ХУГАЦААНЫ, ТЕХНОЛОГИЙН ХӨГЖЛИЙН ХЭРЭЭР БАРЛААГҮЙ ДИЖИТАЛ БҮТЭЭЛҮҮД Ч ГРАФИКТ БАГТАЖ БУЙ УЧРААС ДҮРСЛЭХ УРЛАГИЙН ҮНДСЭН ГОЛ АЖИЛЛАГАА БОЛОХ ЗУРААС БОЛОН ЗУРААСНААС ҮҮДЭЛТЭЙ ГЭДЭГ УТГААРАА ЗУРААСАН ЗУРАГ ХЭМЭЭН НЭРИЙДЭЭД БАЙГАА БИЛЭЭ. ГЭХДЭЭ ЭНД ХОЁР ЯЛГАА БИЙ. ГАР АЖИЛЛАГАА ТҮЛХҮҮ ОРСОН ТӨРЛИЙГ ЗУРААСАН ЗУРАГ, ТЕХНИК АШИГЛАЖ БҮТЭЭСЭН ТӨРЛИЙГ НЬ ГРАФИК ГЭСЭН МАШ ЕРӨНХИЙ НЭРИЙН ДОР БҮРТГЭДЭГ. ЭНЭ Л НЭРШЛИЙН ҮҮДНЭЭС МОНГОЛЫН ОРЧИН ЦАГИЙН ДҮРСЛЭХ УРЛАГ ТӨРӨЛ ТУС БҮРЭЭ ЭХ МОНГОЛ ХЭЛНЭЭ ЗӨВ ОНОВЧТОЙ НЭРЛЭХ НЬ ТУЛГАМДСАН АСУУДАЛ БОЛООД БУЙГ ЭНЭ САЛБАРТ АЖИЛЛАЖ БУЙ ХЭН БҮХЭН САЙН МЭДЭЖ БУЙ БИЗ ЭЭ.

ЕР НЬ БОЛ ОДООГИЙН БАЙДЛААР МЭДЭГДЭЖ БУЙГААР ЗУРААС ГЭДГИЙГ МОНГОЛ ХЭЛНЭЭ ГОРОО ХЭМЭЭН ХЭЛЦДЭГ. ГОРООЛОХ ГЭДЭГ НЬ ҮЙЛ ХӨДЛӨЛИЙН БҮТЦИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ НЭРШИЛ ЮМ УУ ДАА. ЖИШЭЭ НЬ САНСАР ОГТОРГУЙН ХЭМЖЭЭСТ СУУРЬ ОЙЛГОЛТТОЙ НҮҮДЭЛЧДИЙН ӨВӨРМӨЦ СЭТГЭЛГЭЭНИЙ ГОР ЮМ УУ, УУЛЫГ ТОЙРОН АЛХАХЫГ АГУЛА ГОРООЛОХУ - УУЛ ТОЙРОХ, УУЛ ТОЙРОН АЛХАЖ БУЙ ХҮНИЙГ ХЭЛЖ БУЙГ ОГТОРГУЙГААС ТӨСӨӨЛСӨН БАЙХ ЖИШЭЭТЭЙ.

БАРУУН МОНГОЛЧУУД БУЮУ ХӨХ НУУРЫНХАН ЭРЭЭ ЭРЭЭЛЭХ ХЭМЭЭН ХЭЛЦДЭГ, ЭРЭЭ ГЭЖ ЗУРАГ, ЭРЭЭЛЭХ ГЭДЭГ НЬ ЗУРАХ ХЭМЭЭХ ҮЙЛ ҮГ. ГОРОО ГОРООЛСОН ГЭЖ ХЭЛЖ БОЛНО Л ДОО, ....ТЭЭР ЖИЛ ХӨХ НУУРЫН МОНГОЛЧУУДЫН  ДУНД ХЭЭРИЙН ДАДЛАГААР СУДАЛБАР ХИЙЖ ЯВАХ ҮЕД ТОХИОЛДСОН ЮМ, -ЭРЭЭ ЭРЭЭЛЖ СУУНУУ ТА? ХЭМЭЭХ ҮЕД /ЮУ ГЭСЭН ҮГ ЮМ БОЛ ОО, ДОТРОО ИХЭД БАЛМАГДАН НЭРЭЛХЭХ ГЭСЭН ҮГ ЮМ БОЛОВ УУ ЭРЭЭЛЭХ ГЭЖ....? НЭРЭЛХЭЭД БАЙГАА ЮМ УУ? ГЭЖ БАЙНА ГЭХЭЭР ЮУ БИЛЭЭ.... ЗАЗА МЭДЭХГҮЙ./ ТОЛГОЙ ДОХИХ Ч ХЭЦҮҮ СЭГСРЭХ Ч ХЭЦҮҮ БУШУУХАН БАЙРЛАЖ БАЙСАН АЙЛЫНХАА ЭГЧЭЭС ОЧООД, БЭРГЭЭН ЭРЭЭ ЭРЭЭЛЭХ ГЭЖ ЮУГ ХЭЛЖ БАЙХУУ? ХЭМЭЭН АСУУТАЛ ИНЭЭД АЛДААД,
-АЛИЙ ҮРҮҮН ЮУ КИЙГЭЭ, ТЭР.... ЭНЭ ЭРЭЭ, ЭНЭ ЭРЭЭЛЭХ АЖИЛ МЭДЭЭ.... ГЭЭД ЗУРСАН ЗУРАГ РУУ ЗААГААД ХОЁУЛ УЧИРГҮЙ ИНЭЭЛДСЭНСЭН. ЯГ Л ҮҮН ЛУГАА ЮМ БОЛООД БАЙНА УУ ДАА МАНАЙ УРЛАГТ.

2009 ОНД УРЛАГИЙН ТӨВ АКАДЕМИ ТӨГСДӨГ ЖИЛ ДИПЛОМЫН БҮТЭЭЛ БОЛОХ ГУРВАН ЦУВРАЛ АДАР ХЭМЭЭХ УЛАМЖЛАЛТ АРГААР ЗУРААСАН ЗУРАГ,  ХЯТАДААР БОЛ БАЙ МИАО/ГОРООЛОХ/, ТОРГОН ХЭВЛЭЛ, ШИНЭ ТУРШИЦ ГАР ХЭВЛЭЛ+ТОРГОН ХЭВЛЭЛ ХЭМЭЭСЭН ЦУВРАЛ БҮТЭЭЛЭЭР ХАМГААЛСАН ЮМ. ДУУСАШГҮЙ САНАГДАХ МУУТУУ ЦААСАН ДЭЭР ТАТСАН ЗУРААСАА ЯГ ТООЛВОЛ НИЙТ 19 ХОНОГ ЗУРСАН. ӨДӨРТ ОЙРОЛЦООГООР ХАМГИЙН ДООД ТАЛ НЬ 12 ЦАГ ДЭЭД ХУГАЦАА НЬ 18 ЦАГ ЧАНХ ЗОГСООГООРОО АЖИЛЛАЖ БАЙЖ ДУУСГАСАН. ЭНЭ ХҮНД ДАВААГ ТУУЛАН ГАРАХ ХҮРТЭЛ ЮУ ЭС БОДОГДСОН ГЭХ ВЭЭ. ХӨЛ ЗААНЫ ХӨЛ ШИГ БОЛТОЛ ХӨӨЖ БАДАЙРАН ЯДРАХ, ШАНТРАХ, ТУЙЛДАХ, УТГА ҮГҮЙГЭЭС УТГА ҮГҮЙ УТГАА АЛДСАН ЦАГ ХУГАЦААГ УМАРТАН БАЙЖ БҮТЭЭСЭН. НЭГ Л БҮТЭЭЛ ШҮҮ ДЭЭ, ГЭТЭЛ ЦААНА НЬ ХОЁР Ч БҮТЭЭЛ ДУТУУ БАЙДАГ, ДИПЛОМЫН ҮЗЭСГЭЛЭН БОЛОХ ГЭЭД ЦАГ НЬ ТУЛЧИХААД БАЙДАГ.... УГ НЬ БОЛ УЛАМЖЛАЛТ УРАН ЗУРГИЙН АНГИЙН МАСТЕР ХАМГААЛЖ БАЙГАА ХҮН ШҮҮ ДЭЭ, ГЭТЭЛ ЮУН ТОСОН ЗУРАГ БАЙХАВ.... 

ХЯТАДДАА БҮТЭЭЛ НЬ ХАМГИЙН ӨНДӨР ҮНЭЭР ЗАРАГДДАГ, АЛДАРТАЙ ЗУРААЧ, МАНАЙД ҮНДСЭН МЭРГЭЖЛИЙН ХИЧЭЭЛ ОРДОГ ЛИЮ СИАО ДУН БАГШ ДИПЛОМ ХАМГААЛАЛТ ДЭЭР ЭЛ БҮТЭЭЛИЙГ НИЛЭЭН УДААН АЖИЖ ХАРЖ ЗОГСОЖ БАЙСНАА ГЭНЭТ НАМАЙГ ДУУДААД АСУУЖ БАЙНА:

-ЧИ ЭНИЙГ ЯАЖ ЗУРСАН ЮМ БЭ?

/ЭНЭ БОДВОЛ ШАЛГАЛТЫН АСУУЛТ БАЙХ ДАА, ЮУ ГЭСЭН ҮГ ЮМ БОЛ ОО ЯАЖ ЗУРСАН ГЭДЭГ НЬ? БИ БУРУУ СОНСОЖ, БУРУУ ОЙЛГООГҮЙ БАЙГАА ДАА, ЗА БАЙЗ ЮУ БИЛЭЭ.... ЯАЖ ЗУРЛАА..../ БАНТАЖ МЭГДЭН САНДАРСАНДАА ШУУДХАН Л

-НННН.... БИЙРЭЭ АВААД БЭХЭНД ДҮРЭЭД ЦААСАН ДЭЭР ЗУРААСАА ТАТСАН.

-ААН.


ИЙМ ЯРИА БОЛСОН. ИЙМ Л ТҮҮХТЭЙ БҮТЭЭЛ.

ЗУРААС БОЛ ЗУРААС, ЗУРААСЛАХ ГЭДЭГ ЦАГ ХУГАЦААНЫ ХҮЛЭЭЛТИЙГ ДАВЖ БУЙ ХҮЧ. ЭНЭ ХҮЧИЙГ ЗҮГЭЭР Л ОЛОН ТООГООР ХЭВЛЭСЭН ОЛОН ТООНЫ ХУУЛБАР БАЙЛГАМААРГҮЙ БАЙНА. БҮТЭЭЛИЙН СҮНСИЙГ БҮТЭЭЛЧ ӨӨРӨӨ Л ХАМГААЛДАГ ЮМ ШИВ ДЭЭ.


2014.12.25
Улаанбаатар хот
МОНГОЛ УЛС.


Saturday, 20 December 2014

Оюутнууд сургууль дээрээ мөнхөд ажиллаж байдаг

Б: Ингэж суралцах боломж байдгийг мэддэггүй байх үед Дүрслэх Урлагийн Дээд Сургуулийн уран зургийн ангийн Г.Лхагвасүрэн багш маань шалгалт өгөхийг санал болгосон. Шалгалтанд тэнцэж, нэг жил Монголдоо, нэг жил БНХАУ-д хэлний бэлтгэл хийгээд, мэргэжлийн сургуульдаа элсэн орсон. Бакалаврын зэрэг эзэмшчихээд мастерт суралцах хүн эх орондоо хоёр жил ажилласан байх ёстой гэсэн шаардлагын дагуу Монголдоо хоёр жил ажиллаад, эргэн очиж мастерын зэрэг хамгаалсан. Сургууль маань Хятадын Урлагийн Төв Академи учраас жинхэнэ академик боловсрол олгодог, урлагийн хамгийн том сургууль.

Н:  Яагаад гадаадад суралцахыг илүүд үзсэн бэ?  

Б: Надад оногдсон хувь тавилан тэр байсан болов уу, тухайн үед шалгалт өгөөд тэнцсэн. Явснаараа их зүйлийг сурч мэдэх боломж олдсон өөрийгөө би азтай гэж боддог.

Н: Монголын болон гадаадын урлагийн сургуулиудын ялгаа юун дээр их анзаарагдав?

Б: Асар ялгаатай. Үнэндээ өнөөдөр монголын дүрслэх урлагийн сургууль, тэнд суралцаж байгаа оюутнуудыг хараад өрөвдөхгүй байхын аргагүй. Зөвхөн багаж, материалын хувьд гэхэд хүссэн хэмжээнд олддоггүй. Бид өнөөдөр өөрсдөө будаг, цаас, зургийн хэрэгсэл үйлдвэрлэдэггүй. Хятад эртний уламжлалтай. Жинхэнэ Академи гэдэг орчноосоо эхлэнэ. Зөвхөн хар зургийн хичээлд зориулсан музейтэй байх. Нэг жишээ ярья л даа. Хятадад очихын өмнө Монголд хоёрдугаар курст Давидын нүүрийг зуруулж байсан, дараа нь академид очиход оригинал хэмжээтэй бүтэн толгойг нь зуруулах үед анх ялгааг нь олж харсан. Мэргэжилээрээ дунд сургуульд дөрвөн жил суралцсан хүнийг Академид элсүүлдэг учраас надтай харьцуулахад хятад оюутнууд хэдийнээ уран бүтээлчид болцгоосон байсан. Иймээс би маш их ажиллах хэрэгтэй болсон. Угаасаа ч тэнд оюутнууд сургууль дээрээ 24 цагийг өнгөрөөж, мөнхөд ажиллаж байдаг. Соёл урлагт хандах улсын бодлого эрс өөрчлөгдөж буй нь мэдрэгдэж, урлагаа дагаад улс орон яаж хөгждөг бодит жишээ Академи.

Н: Өнөөгийн монголын улс төр, шинжлэх ухаан, эдийн засгийн гэх мэт бүхий л салбарт гадаадад төгссөн боловсон хүчнүүд илүүтэй үнэлэгдэж байна. Дүрслэх урлагийн салбарт ч энэ адил байна уу?

Б:  Урлаг гэдэг өөрөө агуу зүйл. Гадаадад сураад мундаг зураач, монголдоо сурвал муу зураач болно гэж байхгүй. Урлаг бол цэвэр зүрх сэтгэл. Тийм учраас үнэхээр урлагт хайртай байх, хувь заяа нь өгөгдсөн хүн мөн л бол сурсан сураагүй уран бүтээлч болно. Харин сургууль бол оюун ухаан талаас нь дэмжиж өгдөг хоёр дахь гэр бүлийн орчин гэж хэлж болно. Эзэн хичээвэл юу гэдэг билээ /инээв/.

Н: Монголын болон гадаадын бүтээлчдийн сэтгэлгээний ялгаа хэрхэн ажиглагдсан бэ?

Б: Сэтгэлгээгээ яаж хөгжүүлснээс бүх юм шалтгаална шүү дээ. Хэл соёл, ахуй уламжлал, өссөн орчин, найз нөхөд хүний сэтгэлгээнд шууд ч бай шууд бус ч бай  нөлөөлдөг. Улс эх орон нь урлагт хэрхэн хандаж буй, урлагийн боловсролыг хэрхэн эзэмшиж эзэмшүүлж буйгаас, хүний сэтгэж хийж бүтээснийг цаашид хэрхэн өвлөн хадгалж авч явж байгаа зэрэг нь өнөөдрийн асуудал болоод байна уу даа. Монголд монгол хэл дээрх мэргэжлийн судлаачид, галерей, сонин сэтгүүл нь хэд билээ, багаасаа юу үзэж харж, ямар нийгэмд өсч байна,  хэн нэг нь нэг өдөр 30 метр бүтээл бүтээчихлээ гээд бариад очиход дэлгээд тавих музей галерей юу билээ гээд л эхэлнэ шүү дээ.

Н: Урлагийн хүн хөгжихийн тулд хамгийн түрүүнд анхаарах зүйл нь боловсрол уу, оюун санаа юу, эс бөгөөс сэтгэл рүүгээ илүү анхаарах ёстой юу?

Б: Хүн хүн өөр өөр, миний хувьд гол анхаарлаа хандуулж буй зүйл бол мөн чанар. Муутуу цаас, бэх, бийр, будаг, зотон юунаас бүтдэг вэ? бол мөн чанарын асуудал. Зураач зургаа зурлаа, үзэсгэлэн үзэж буй үзэгчид бүтээлийг хэрхэн уншиж ойлгож мэдэрч таашааж хүлээж авах вэ, агаар байна уу, хэрхэн яаж хаагуур амьсгалах вэ? энэ бүхэн өөрөө урлагийн боловсролтой байх тухай юм.

Н: Боловсрол эзэмшсэн газар нь тухайн уран бүтээлчийн чадварыг тодорхойлж чадах уу? 

Б:  Мэдэхгүй, чухал биш байх аа.

Н: Эх орныхоо дүрслэх урлагийн салбарт ямар шинэчлэл, өөрчлөлт хийхийг хүсдэг вэ?

Б:  Өөрөөрөө л баймаар байна.


Нийслэл гаид 2012-11-22
ярилцсан сэтгүүлч Г.Наранзул 

Thursday, 18 December 2014

Маамхүү ахыгаа дурсахуй


                                       Миний өвөө Н.Дагва Г.Маамхүү ах хоёр


Үүлгүй цэлмэг тэнгэрээс мөсөн талст бударсан өдөр, духны голыг нэвт өрөмдөх наран дор тэнгэр ширтэн зогсоод....


хов хоосон гэдэг, 
энэ ертөнц гэдэг, 
уулс гэдэг, 
үүлс гэдэг, 
шувууд гэдэг, 
салхи гэдэг, 
гариг эрхис гэдэг, 
хувь тавилан гэдэг, 
үхэл гэдэг, 
амьдрал гэдэг, 
НАР гэдэг.... 


Өдөр шөнө ээлжлэх энэхэн дэлхийд хүмүүс хаанаас ирээд хаашаа буцдаг тухай эгэрцүүлсээр хэсэг үүргэлтэж зогсов.

Маамхүү ах Баянхонгор аймгийн уугуул, аавын минь ээж эмээгийн дүү нь, зураг дээрх хөдсөн хурган дээлтэй, тоорцог толгойдоо далийлган өмссөн дэлдэн бор жаал. Эмээ ээжийн минь гэр бүлийн түүх ер нь л их ээдрээтэй толгой эргэм, үлгэрийн ч юм шиг хачин жигтэй үйл явдал их тохиосон байдаг, ой муутай над шиг хүн тийм ч амар тогтоохгүй ээ, хичнээн олон удаа асууж шалгаадаг гэж санана, харин эмээ ой сайтай ухаан маш саруул хүн учир бүхнийг эхнээс нь унтууцалгүй цааргалалгүй давтаад ахин дахин ахин дахин бидэнд ярьж өгдөг. Ингэж ярьж өгсний ачаар л аав минь угийн гарвал бичигээ хөтлөн аав ээж эмээ өвөө ах дүүсийнхээ нэрийг тун сайхан схемлээд бичиж авсан юм. Эмээгийн ах Гончигдорж гэж сайхан буурай байж билээ, ер нь эмээгийн талынхан их өндөр насалдаг хүмүүс л дээ, хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд аав ээжийг нь буудан хороож бүх хөрөнгийг нь хурааж, эмээг лам хүнд өргүүлсэн юм гэдэг. Харин эмээ цэрэгт мордож улсын хүн амын бүртгэл болоход том ах Гончигдорж нь дүү нараа өөрийн нэрээр овоглуулсан түүхтэй, тухайн үеийн Монгол Улсын Төв Архивын Захирал, Монгол Кино Үйлдвэрийг үүсгэн байгуулалцсан, анхны даргаар нь ажиллаж байсан ба Хятад, Орос өөр хичнээн ч хэлээр юм гаргуун сайн ярьдаг Монгол судлаач, эрдэмтэн, жинхэнэ сэхээтэн хүн байж билээ /гэргий нь өдгөө амьд сэрүүн 90 гаран настай жижигхээн турьхан эмээ бий/. Хөдөөний бор дүүгээ тэр үеийн жүжигчид, найруулагчдад ер нь л Монгол Кино үйлдвэрт даатгаад орхичихсон, тэндээс л Маамхүү ахын маань амьдралын зам мөр тодорч тэрбээр олон ч кино, театрын тайз дэлгэцэнд дүр нь мөнхрөн үлдэж, эргээд мянга мянгаар тоологдох Монголын олон нэртэй жүжигчдийг сурган хүмүүжүүлсэн, найруулагч хүн билээ.

Аав ээж хоёрыгоо дагаад жил бүр цагаан сараар очиж золгохдоо хачин дуу цөөтэй намдуухан зөөлөн зантай Маам ахыгаа хараад дотроо их л бишрэн байж ширтэн суудаг байж билээ, аав тэр хоёрын яриа үл сонстоно.


2005 оны хавар ангийн найзтайгаа хамтарч ЧИНГИС АРТ Галерей-д үзэсгэлэн гаргахад үзэсгэлэн нээж үг хэлэх хүн олддоггүй, Маамхүү ах ирчихсэн байгааг хараад учиргүй баярлан: -алив та нэг үзэсгэлэн нээгээд хэдэн үг хэлээд өг гэхэд, -Би юугаа хэлж ярина аа энэ чинь одоо, за за гээд намайг их л өрөвдсөн харцаар ширтээд хав халуун, урт урт, үлгэр шиг өгүүлбэрүүд урсгаж, тийн ярьсандаа хүүхэд шиг догдолчихсон өөдөөс ирээд духан дээр зөөлөн үнэрлэж амжилт аз хийморийг ерөөж билээ. 2014 оны цагаан сараар очиж золгохдоо өвөөтэй минь хамт авхуулсан зурагны талаар болон өвөөгийн тухай мэддэг бүх түүхээ ярьж өгөхийг хүсэхэд  тэрээр: -тэгээрэй миний хүү, хоёул дараа тухтай сайхан хууч хөөрч суух зуураа ах нь ярьж өгнө өө гэж билээ. 

Би гэдэг хүн хөөрөөд л баярлаад л....төд удалгүй Монгол улсын гавъяат хэмээх цол тэмдгээр шагнуулсан дуулдав, ГАВЪЯАТ-ын цол тэмдгийг нь мялаах ямар нэг бүтээл дурсгахаар бодов. Тухайн үед дөнгөж дуусаад байсан цоо шинэ, зураасан зургийн нэг бүтээлээ жаазлаад бариад очихдоо л сая Маамхүү ахынхаа хийж бүтээсэн бүхнийг 20, 30-аад хормын богино баримтат кинон дээрээс үзээд бахархаж Монголын үе үеийн олон алдартай хүмүүсийг төрүүлсэн нь тэд бүгд хуран цугласан байгааг хараад өөртөө оройжин Үлгэрийн киноны охин шиг санагдаж билээ. 


-Тантай тухтай ярьж суух зав ер гарахгүй юм, та ч завгүй би ч завгүй хүн юм аа хэмээн инээлдээд хамтдаа зургаа авхуулан удахгүй уулзаж жинхэнэ түүх яриулах болоод бодоод л бодоод л яваад байв. Амьхандаа камер барьж очоод бичлэг хийх санаатай бэлдээд байсан боловч өмнөө бэлдсэн бүтээл болон үзэсгэлэнгүүддээ шаналсаар цаг хугацаа ниссэн сум шиг өнгөрч түүнийг дагаад ах минь амьд домгоо аваад энэ ертөнцийг орхисон байна. 


Юу ч гэхэв дээ. Үнэхээр дуудах, бодох үг ч алга.
Урд шөнөжин нэгэн нийтлэл сийрүүлэн өглөөний зургаан цагийн алдад өрийн эрхгүй ядраад хэсэг зуур нойр авахаар хэвттэл нам унтаж орхиж, гэнэтхэн дуудсан дүүгийн түгшингүй сандрангуй хоолойноос сэрэхдээ аянганд ниргүүлэх шиг л болов. 


Маамхүү ахын гэргийг дурдахгүй өнгрөхийн аргагүй, хүн хэдийд гэгээрдэг, яагаад гэгээрдэг түүнчлэн зайлшгүй тохиолдсон үед хүн сэтгэлээ хэрхэн өв тэгш чанд хатуу барьдаг хийгээд Шинэхүү эгчийн хаттай байгаа байдал намайг гайхшруулж мөн хязгааргүй ихээр гуниглуулан, гуниглан сууж байна.
Хийсэн бүтээсэн бүхэн тань хойч үед үүрд дуурсагдан үлдэж, амьд домог бүхэн тань амьдралд шингэж, гэрэлт дэлхийд Монголоо гэсэн сэтгэл есөн үеийн наран зүг гийсээр байх болно зээ.




Хүндэтгэн гүнээ мэхийн ёсолсон,
Дашдондовын Баярцэцэг

2014.12.18


Улаанбаатар хот
МОНГОЛ УЛС.


Монгол ба Tэд

                                Номын худалдаачин өвгөн  © Д.Баярцэцэг 2003 он.


Монголоос холгүй орших, түүхэндээ Цагаадайн хаант улсын өлгий нутаг, доголон хочит Төмөр хааны үетэй үндэстний хувьд холбогдсон, ТОРГОНЫ ЗАМ-ын түүхэн судас, өдгөө монгол түмний үр сад, хөх толбот ХАЗААР МОНГОЛ-чууд хүн амынх нь нэгээхэн хэсгийг бүрдүүлэгч АФГАНИСТАН улс /Цагаадайн хожмын угсааг залгамжилсан хунтайж Бабурын шарил өдгөө ч Афганистаны Хабул хотод буй./ Пуштун үндэстэн 60% орчим, 20% орчим Тажикууд, үлдсэн нь чантуу, нуристан, туркмен, хазаар (могол), белуж, кизильбаш, чараймак, казак гэх мэт олон үндэстэн уулын хавцал ам болгоноор амьдарч буй, шашны хувьд ИСЛАМ, 80 хувь нь Сунни, үлдсэн 20 хувь нь Шиит /шииа ч гэдэг, хойшид шииа гэнэ/ урсгалыг дагадаг.
Терроризмийн эсрэг Монгол Улсын цэрэг эрс Афганистаныг зорьж ПОСТ-ТАЛИБАН гэдэх Афганистаны үндэсний зэвсэгт хүчнийг байгуулах үйлсэд Монголын Зэвсэгт Хүчин дэмжлэг үзүүлэхээр мордсон, мото-буудлагын салаа цэрэг энхийг сахиулхаар хөдлөсөн нь саяхан.

Удалгүй талибанчууд Монголын зэвсэгт хүчнийг гарсны дараахан ХАЗААР МОГОЛ-чуудыг алж хядаж эхэлсэн нь тун сонин шүү. Тэгэхээр бид цэрэг эрсээ АНУ-ын шатрын хүүд тоглуулчихаад иржээ дээ.

Тэртээх зууны түүхийн жимрүү хөтлөгдөн орох аваас, Афганистан улсын БАМИЯН мужид 50 гаруй метрийн өндөртэй Бурхан багш БУДДА-ийн зогсоо баримал бий бөгөөд ЮНЕСКО-гоос дэлхийн оюуны өв сангийн бүртгэлдээ авсан нь буддын шашинт монголчуудын оюун санааны хөрш гэдгийг батлаад өгөх баримт, тус улсын ЧАГААДАЙ хэмээх хот газрын зураг дээр тэмдэглээтэй буйг мартаж үл болно. Алтан ургийн хаадын нэрээр нэрлэсэн хот дэлхийд тийм ч олон биш байх аа. Ямартай ч монгол улсад ЧИНГИСгэдэг хот байхгүй.

Хэрэв та Монголын Нууц Товчоо, Алтан Товчзэрэг түүхэн тэмдэглэл бүтээлүүдийг анхааралтай уншиж үзсэн бол Цагаадай хааны тухай, түүний ухаан, эрдэм, чадал, сэтгэл зүрхийг тодхон мэдрэх буй заа, Чингис хааны таван хөвгүүд дотроос ухааны цар хүрээг би хувьдаа л шүтэн биширч явдаг хаадын нэг нь Ч. ЦАГААДАЙ.


XX-р зуун. АФГАНИСТАН.
1978 оны 4 дүгээр сарын Ардын Ардчилсан Хувьсгал-ын ялалтын дараа манай хоёр орны хооронд ах дүүгийн найрамдал тогтсон. Тухайн цагийн удирдагч Б.Кармаль, Ерөнхий сайд хазаар үндэстэн С.А.Кештманд /өдгөө Лондонд цагаачлан суугаа/ Монгол улсад айлчлан хэн нэгийнх нь энгэрийг Сүхбаатарын одонгоор шагнасан түүх бий. 1988-1989 онд Афганы өнчин хүүхдүүдийг өсгөхөөр Улаанбаатар хотод авчраад хүүхдүүдийн хувь заяа юу болсныг хэн ч мэдэхгүй.
Өдгөө нийслэл Хабул хотод Монгол Улсын элчин сайдын яам 10 гаран жил оршин тогтносон ч иргэний дайны үеэр үнс нурам болтлоо шатаж тонуулсан баримт мэдээ засгийн газарт бий гэдэгт итгэнэ. Азаар нэг ч хүний амь эрсдээгүй өнгөрч, Афганы талаархи гадаад бодлого ч тэгсгээд мухардсан бөгөөд 2006 оны 6 дугаар сард Хятадын Шанхай хотноо ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр хоёр улсын ерөнхийлөгч /Монгол-Афганистан/ уулзан ЭСЯ-даа харилцан нээх тухай хөндөн ярилцаад өнөөдрийг хүртэл таг чиг.


Афган этно
Тус орны хүн ам, этник /угсаатан, үндэстэн/ бүтцийн талаар статистикийн үнэн бодит тоог хэзээ ч хэн ч гаргаж байсангүй. XVIII зууны дунд үест төр улсаа байгуулсан тэр цагаас хүн амын тооллого хийлгүй явсаар 1979 оны зун иргэний дайн ид өрнөх үед тооллого хийж үзтэл 15,5 сая хүн ам гэсэн тоо гарчээ. Талибанчууд 1996 онд Хабул хотыг эзэлсний дараах тооллогоор  18,6 сая гэсэн тоо гарсан нь баримжаа тоо хэмээн Афган геополитик судлаачид үзжээ. Учир нь Афганы иргэн бус араб, чечень, бусад лалын орнуудын дайчид тэнд буй мөн олон жилийн иргэний дайны улмаас дайжсан таван сая дүрвэгсэд хөрш Пакистан, Иранд бий цаашлаад дэлхий даяар тархсан Афганчуудыг тооцвол хүн амын үнэн бодит тоо ойрын арван жилдээ шийдэгдэхгүй асуудал.
Тус улс 30 мужтай, хотжиж иргэншсэн хүн ам нийт хүн амынхаа ердөө л 11% эзэлдэг, насанд хүрсэн хүн амын 10% нь бичиг үсэгт тайлагдсан, өнчин өрөөсөн, тахир дутуу, эрэмдэг зэрэмдэг, хар тамхичин сэтгэл өвдөм олон гээд бодвол гол харлам дүр зураг гарч ирэх.
Улс төрийн системийн хувьд 1992 оноос Лалын Бүгд Найрамдах Улс /ЛБНУ/, Ерөнхийлөгч, парламентын засаглалтай, гэсэн ч өнгөрсөн 10 жил хэрэгжээгүй. Талибанаас гадна ЛАЛЫН гэсэн малгайтай улс төрийн 10 гаруй нам, хөдөлгөөн бий гэх боловч ил байгаа нь ер үгүй. АААН хэмээх коммунист маягийн нам 1978-1992 онд Москвагийн шүхэр дор засгийн эрхэнд байсан авч өнөөдөр нэг ч гишүүнгүй болтлоо хядуулж, цөөн тооны удирдагчид нь улаан батлахаа урж хаяад гадаадруу цагаачилжээ.
Тус улс XIX зуунаас эхлэн том гүрнүүдийн геополитикийн сонирхлын бүс болж, Британи улс ихээхэн хамааралтай байсан бол XX зуунд хойд хөрш  СССР тус орны хувь заяаны гол тодорхойлогч байсан юм. Афганистан-Британийн хооронд 1838-1842, 1878-1880, 1919 онуудад гурван удаа дайн дэгдэж Англичууд Афганчуудтай түүхийн 100 орчим жил зууралджээ. Энэ дайны нөлөөгөөр өнөөгийн Афганы хилийн шугамыг тогтоож, эцэст нь тусгаар тогтнолыг нь хүлээн зөвшөөрсөн хэдий ч үндэстэн хоорондын зөрчлийг шийдэж чадсангүй. XIX-XX зууны зааг үед төр барьсан эзэн хаан – Абдуррахман хан, Аманулла хан нар /цөөнх тажикууд/ Англичуудын тоглоомын хүү байж, Аманулла хан 1921 оноос Хойд хөршөө дагах болж, үүнийг нь эсэргүүцсэн ард түмний бослого 1928 онд дэгдэж, бослогыг дарахаар оросууд хил даван орж олон хүний аминд хүрсэн удаатай, гэсэн ч улаан арми тажикуудын дэглэмийг торгоож чадалгүй пуштун үндэстэн Надир ханд эрх мэдлийг алджээ. Англичууд эргэж нөлөөгөө тогтоож 1933 онд Надир ханыг цааш харуулан дүү нь болох Захир шах хаан болсноор Британчуудтай Дэлхийн II-р дайныг үдсэн бөгөөд Англичууд Энэтхэгийг орхисны дараа төвийг сахих бодлого зарлажээ.


Москвагийн шатрын хүү (1973-1992 он)
Пуштунууд 1928-1979 онд хаан, ерөнхийлөгч, генсек хэлбэрээр засгийн эрхийг ээлж халаагүй барьснаар улс орны үндэсний эв нэгдэлд нөлөөлж, Москвагийн тоглоом болж байв. 1973 онд хааны дүү Мухаммед Дауд төрийн эргэлт хийж Зөвлөлт Холбоот улсад элэгтэй БНУ-ыг зарлан хаант ёсыг халж, төрсөн ахаа гадаадруу хөөж гаргав. Ардын хувьсгалч, 1978 оны хувьсгалын хошууч – АААН хэмээх зүүний коммунист нам пуштун /намын Хальк” буюу “Ард түмэн” жигүүр/ /тажикаар Парчам -“Уриа жигүүр/ хоёр хуваагдсан хоёр жигүүрээс бүрдэж байв. Хувьсгалт цэргийн эргэлт Даудын гэр бүлийг хүйс тэмтэрч, хувьсгалын маргаашнаас эхлэн СОЦИАЛИСТ туршилтуудыг угсруулан хийснээр тус орон иргэний дайнд живжээ.
Намын Хальк жигүүр дотор гарсан хагарал, улсын тогтворгүй байдал, ээлж дараалсан бүтэлгүй туршилтуудаасаа залхсан Москва, КГБ-г илгээж Мухаммед Даудыг хороон, шинээр гарч ирсэн генсек Н.М.Таракийг унагах хуйвалдаан зохион байгуулж, дараагийн генсек Хафизулла Аминыг гаргаж ирсэн боловч түүнийг гурван сарын дараа гэр бүлийн хамт хүйс тэмтэрч, Зөвлөлт-Афганы хооронд 1978 онд байгуулсан холбоотны гэрээний дагуу Зөвлөлтйин армийг оруулахаар хэдэнтээ ярилцаж шалтаг олдохгүй байсаар АНУ Энэтхэгийн далайгаас интервенц хийхээр айсуй хэмээн зохиож 1979 оны 12 сарын 27-ны шөнө КГБ-ийн АЛЬФА бүлэг ерөнхийлөгчийн ордон дээр бууж Хафизулла Аминыг амийг егүүтгээд, оронд нь Парчам-ын удирдагч Бабрак Кармаль гэгч пуштун тажикийн эрлийз эрийг Москвагаас авчран, Хабул хотын генсек болгожээ. Прагад Элчин сайдаар сууж асан Кармаль ийнхүү зөвлөлтийн 40 дүгээр хээрийн армитай хамт нутагтаа эргэн ирж улс орноо цусан далайд жүвүүлжээ.

Зөвлөлтийн армийн гэнэтийн цөмрөлт Афганистан улсын олон улсын статусыг эрс өөрчилж, дэлхийн харилцаанд эсрэгээр, тэгэхдээ нэн хүчтэй нөлөөлжээ. Орос улсын эсрэг маш олон улс гүрнүүдийн эвсэл бүрдэж АНУ – ЕВРОП, Хятад – Пакистан, Саудын араб тэргүүтэй Петро – Исламын эмиратууд нэгдсэнээр Афганы босогчдыг сурталдаж араанд нь тултал зэвсэглэв. Энэ үеэр Осама Бин Ладен хэмээх араб эр ТТГ-ын үнэнч хүнээр элсэгджээ. Оросын интервенцийг зэвсгийн хүчээр зогсоож эс чадваас хар тамхиар хүчийг нь сулруулна гэх зарчмаар ажилласан Америкчууд. Өнөөдөр дэлхий даяар гүйлгээнд буй нийт хар тамхины 90 хувийг Афганистанд тариалж, хураан авч боловсруулдаг гэвэл хариуцлагыг хэн нь хүлээх болж байна вэ? 

Москвагийн дэмжлэг төгс байлаа /120 мянган цэрэг/, гэсэн ч Горбачев засгийн эрхэнд гарч Кермалийг Нажибулла хэмээх хүчтэй залуухан генералаар сольж удалгүй Нажибулла цаазлуулсан байна. 1988 оны Женевийн хэлэлцээрийн дагуу 1989 онд ЗХУ-ын Улаан Армийг гаргасны дараа Хабул хотын коммунист засаг 1991 онд СССР тарж бутарсны дараа гар мухардан 1992 оны хавар арга буюу бууж өгчээ.

Бүгдээр хэлэлцвэл буруугүй ч заримдаа буруутай, бүлээн усаар угаавал хиргүй гэвч цустай. Ийм аймшигт ялзарсан төрийн эрхийг барих, дайны хөлд нэрвэгдэж байсан, одоо ч байсаар байгаа Хазаар МОНГОЛ түмэн минь хамгийн түрүүнд сэтгэлд бодогдож нүдэнд харагдсаар....


АНУ-ын шатрын хүү (2001- ....)
1992 онд босогчид Хабулыг эзлэн авсан хэдий ч барууныхны төсөөллөөс дор засаглал тогтов. Оросууд Хабул дахь найдваргүй засгийн төлөө цус урсгасны ашиг гарсангүй, Оросуудыг хөөн гаргах гэж 10 гаруй жил баруун болон хятад, лалын орнууд цуцалтгүй зэвсэглэж санхүүжүүлсэн ч тэдэнд ашиг мөн л үл гарснаар 2001 онтой золгожээ. Омог – аймаг, угсаатан хоорондын мөргөлдөөн зөрчилдөөндөө гүнзгий автаж хямарсан Афганистан улс, нийслэл Хабул хотод л гэхэд 16 засгийн газар өөр хоорондоо тулалдан тэмцэж байсан бөгөөд 1996 онд талибанчуудын өгөөш болжээ. 
1996-2001 засгийн эрхийг удирдан чиглүүлсэн 30 Мулла /өөрсдийгөө Шура” буюу Зөвлөл гэх (манайхаар нутгийн зөвлөл юм уу даа)/ Омар ламаар толгойлуулан улсаа удирдаж байлаа. Тэдний засгийн газрыг 2001 онд АНУ-ын төлөөлөгчид Хамид Карзайг засгийн эрхэнд томилжээ. Тус орныг чөлөөлсний дараа 1945 онд Герман улсыг зүүн баруун гэж хуваасан шиг баруун хэсгийг Иран, өмнө ба дорно хэсгийг Пакистан улс захирах тухай хувилбар ч байсан гэдэг.



МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ СУДЛАЛ НИЙГЭМЛЭГ
Олхонуд Дашдоржийн Баярхүү
2007 он.


Tuesday, 16 December 2014

БАЯЛАГ гэж юу вэ & АЗУР ба ЛАЗУР



\өөрийн би-тэй хийсэн товч ярилцлага\


- БАЯЛАГ ГЭЖ ЮУ ВЭ ?



- Хүн.



- ХҮН ЮУ БҮТЭЭДЭГ ВЭ?



- Түүх.



- ТҮҮХ ЮУ БҮТЭЭДЭГ ВЭ?



- Эх орон.



- ЭХ ОРОН ГЭЖ ЮУ ВЭ?



- Байгаль, Дэлхий, Тэнгэр, Нар, Сар, Од, Гариг, Эрхис, Далай, Шороо, 

  Мод, Чулуу, Уулс, Тал, Ан амьтан.... эх орон гэж....ер бүх юм.



- БАЯЛАГ ХЭРХЭН БИЙ БОЛДОГ ВЭ?



-Цаг хугацааны уртад.


* * * *


  1. Том талсттай Азурын чулуу, Шилу зэсийн орд, Гуандун муж, Хятад
 
   
1.  Azurite with large crystals and light surface weathering.

       Shilu Mine, Guangdong Province, China



АЗУРЫН ЧУЛУУ ГЭЖ ЮУ ВЭ?



ЗЭС урвалд орж, ЗЭСИЙН ХҮДЭР-ийн ОРДООС л АЗУРЫН ЧУЛУУ хэмээх зөөлөн, гүн хөх ЗЭС-ээс ялгаран үүсдэг эрдэс бодис үүсэн бий болдог. Эрдэс бодис, нүүрсхүчлийн давсыг /carbonate - нүүрстөрөгчийн давс; carbon нүүрстөрөгчөөр нь бүр шил зүсдэг алмаз, хорын цаас хийж болдог./ эрт дээр үеийн хүмүүс мэддэг , ашигладаг байсан ба байгалийн түүхнээ ГРЕК хэлэнд – υανός [kuanos] - ГҮН ХӨХ гэсэн утга бүхий, Англи хэлэнд – cyan, Латин хэлний нэршил нь - caeruleum.


Азур ер бусын тунгалаг цэвэр гүн хөх өнгөтэй байдаг шалтгаан нь эртний эрт уламжлалаар анагаах увдистай, чийгшил багатай цөлийн, өвлийн гүн хөх хязгааргүй уудам цэлмэг шөнийн тэнгэр лугаа бэлгэдэл болон оршимуй.
                                                                ЭМЧ ДОМЧ, ОТОЧ МАНАЛ БУРХАНЫ ДҮР



Бүхий л эрдэс бодисын чуулбар тусгал болсон азур болон лазурыг араб персээр lazhward (لاژورد),

[ лапиз лазур - lapis lazuli ]  гэж дууддагийг хожим Англи хэлтнүүд "stone of azure" - азурын чулуу хэмээн нэрийджээ.


MINERALOGY - ЭРДЭС СУДЛАЛ; ЭРДЭС ЗҮЙ

Зэс исэлдэж урвалд орох:: Хоёр төрлийн зэсийн нүүрсхүчлийн давс, эрдэс бодисоос АЗУРИТЫН ЧУЛУУ үүсэн бий болдог бөгөөд л үүнийг ашигт малтмал хэмээмүй. Азуритын чулуу маш зөөлөн, дулаан, халуунд амархан устаж үгүй болдог. Ер ажиглаад байх нь ээ буддын сүм хийд нь ихэвчлэн модоор урласан байдаг бөгөөд хана туурга адрын хээг хөх өнгөөр чимсэн байхыг та олонтаа ажаа байлгүй, бас тийм ч хурдан бүдгэрч баларч арилаагүй байдаг шүү, яг энэ мөрнөөс ....түүхийн.... 700 гаруй сүм хийд.... хүнтэйгээ.... номтойгоо.... шатаагдсан нь.... нэмээд зэс гуулин бурхадын баримал /баримал бол урлагийн бүтээл – 80, 90 тохой оргинал МАЙДАР БУРХАН/ хэнээр хэрхэн бүтээгдэж хаашаа одсон нь.... хачин.... эргэлзээтэй.... бодогдох.... санагдах...., уг нь зэсээ хөрсөнд нь байлгаж л байхгүй дээ! Тэгсэн бол МОНГОЛ жинхэнэ тэнгэр газар холбосон ХӨХ зам татуулаад л.... бүх хүн ХӨХ дээл өмсөөд л.... заа за доор удахгүй танилцана.


Азур Устах явц:: нүүрстөрөгчийн давхар ислээ алдаж шингэн төлөвт шилжин хар өнгийн биет /ХАР АЛТ буюу НҮҮРС арай биш байгаа/, зэсийн ислэг нунтаг болон хувирдаг байна. Энгийнээр бол зэсийн нүүрсхүчлийн давс дангаараа байгальд оршдоггүй. 


Азуритийн химийн томъёо:: Cu3(CO3)2(OH)2  Зэсийн нүүрсхүчлийн давс, устөрөгчийн хий.


ХӨХ ШОРООН БУДАГ
Зуун зууны туршид хэрэглэсээр ирсэн Гүн Хөх буюу УЛЬТРАМАРИН алтнаас үнэтэй шороон будаг байсан гэдэг. Газарзүйн байршил, нутгийн хөрсний онцлог, эрдэс бодисоос хамаараад улс орон бүрийн азурын гүн хөх харилцан адилгүй байдаг. Нэг үгээр бол зэсийн хүдрийн ордтой улс болгонд АЗУР хэмээх энэ ХӨХ чулуу байх, хөрсөндөө зэстэй л бол бий болох боломжтой. Байгаль дэлхийд хур тундас хаа сайгүй тэгш тэнцүү буудаг шүү дээ. Дундад зуун буюу XII-XV зуунд Лазурын чулууг одоогийн Афганистанаас олборлож баруун европ тийш далайгаар зөөж худалдаалдаг байсан бөгөөд тухайн үеийн өрнийн зураачдын уран зургийн дэг ёсонд зөвхөн хаад, хатдын нөмрөг, өмсгөлийг зурахад зориулдаг бүр хэрэглэх будгийн хэмжээг нь хүртэл гэрээнд тусгадаг байв. Хөх шороон будгийг тостой холих үед зөөлөн ногоон, харин өндөгний шартай холиход саарал ногоон өнгө үүсдэг. Азур буюу Лазурын чулууны хөх шороон будаг гүн, тод, цэвэр учир маш үнэтэй тиймдээ ч байгаль дээрх ультрамаринаас /хөх/ гүнээрээ ялгардаг. Ультрамарин халууныг тэсвэрлэдэг бол азур хар зэсийн исэл болж орхидог байна.

Гэхдээ.... шавар шороон ханан дээр гүн хөхөөр зурсан зураг 2000 гаруй жил өнгөрсөн байхад будаг нь ховхорсон хуучирсныг эс тооцвол түүхэнд байрандаа үлддэг хоёр гуравхан өнгийн нэг. Уйгурчуудын нутаг дахь өнөөгийн Шинжаан мужын Кызылын агуйн хана адрын зураг,

шинжан, кызыл

Ганьсу мужийн Дунхуанийн ханын зураг, за цаашлаад Афганистаны нэг хот бүр тэр чигээрээ ХӨХ гадартай барилга байшинтай, үлгэрийн хот шиг.... ГАЙХАМШИГТАЙ. Төмөр ийм гоё хөх өнгийг ялгаруулдаг гээд бод доо.
Нэгэн өдөр огторгуйд нисэж явсан одон гараг эрхис манай дэлхийн хаа нэгтээ унаж сая л хүн төрөлхтөн ТӨМӨР-тэй болсон нь сая сая жилийн уртад уг нэрийг олтлоо урвалд оржээ гэсэн үг. Дайн байлдааны зэр зэвсэг, ахуй хэрэглээндээ бид төмрийг янз бүрээр л хэрэглэдэг шүү дээ.

СОЛИР – СҮҮЛТ ОД – КОБАЛЬТ – ТӨМӨР - ган

Мөнгөлөг саарал, гялалзсан, хатуу, буцаан хайлуулж болдог КОБАЛЬТ газрын хөрсөнд, өнгөн гадаргуунаас олддог, химийн элемент Co, атомын дугаар 27 


Тайлбар:

Azurite – Азур Азурын чулуу - Гүн хөх 
Cobalt – Кобальт Солирын төмөр
Metal - Метал- Төмөр, хүдэр агуулсан эрдэс

                         2. Азурын чулуу /ногоолинтой/, “Зэсийн Хатан Хаан уурхай, Бисби, Аризона
                                                 2. Azurite with Malachite, Copper Queen mine, Bisbee, Arizona 

                                      3. Азурын чулуу, Түисси, Морокко 
                                                  3. Azurite from Touissit, Morocco


                    4. Азурын чулуу, Моренси, Аризона         4. Azurite, Morenci, Arizona

                  5. Азурын чулуу, эрдийн чулуунд буй нь, Малбункa” уурхай, Умард Территори, Австрали
                     5. Azurite in siltstone, Malbunka mine, Northern Territory, Australia



                                         6. Азурын чулуу, Цумэб, Намиби
                                                       6. Azurite from Tsumeb, Namibia

                                                     7. Азурын чулуу, залгаа бүхий чулуужсан дусал, Бисби, Аризона 
                                                     7. Azurite, cross-section through merged stalactites, Bisbee, Arizona




Эх сурвалж:: https://en.wikipedia.org/wiki/Azurite

2014.XII.16
03:22

Улаанбаатар хот
МОНГОЛ УЛС