Saturday 20 December 2014

Оюутнууд сургууль дээрээ мөнхөд ажиллаж байдаг

Б: Ингэж суралцах боломж байдгийг мэддэггүй байх үед Дүрслэх Урлагийн Дээд Сургуулийн уран зургийн ангийн Г.Лхагвасүрэн багш маань шалгалт өгөхийг санал болгосон. Шалгалтанд тэнцэж, нэг жил Монголдоо, нэг жил БНХАУ-д хэлний бэлтгэл хийгээд, мэргэжлийн сургуульдаа элсэн орсон. Бакалаврын зэрэг эзэмшчихээд мастерт суралцах хүн эх орондоо хоёр жил ажилласан байх ёстой гэсэн шаардлагын дагуу Монголдоо хоёр жил ажиллаад, эргэн очиж мастерын зэрэг хамгаалсан. Сургууль маань Хятадын Урлагийн Төв Академи учраас жинхэнэ академик боловсрол олгодог, урлагийн хамгийн том сургууль.

Н:  Яагаад гадаадад суралцахыг илүүд үзсэн бэ?  

Б: Надад оногдсон хувь тавилан тэр байсан болов уу, тухайн үед шалгалт өгөөд тэнцсэн. Явснаараа их зүйлийг сурч мэдэх боломж олдсон өөрийгөө би азтай гэж боддог.

Н: Монголын болон гадаадын урлагийн сургуулиудын ялгаа юун дээр их анзаарагдав?

Б: Асар ялгаатай. Үнэндээ өнөөдөр монголын дүрслэх урлагийн сургууль, тэнд суралцаж байгаа оюутнуудыг хараад өрөвдөхгүй байхын аргагүй. Зөвхөн багаж, материалын хувьд гэхэд хүссэн хэмжээнд олддоггүй. Бид өнөөдөр өөрсдөө будаг, цаас, зургийн хэрэгсэл үйлдвэрлэдэггүй. Хятад эртний уламжлалтай. Жинхэнэ Академи гэдэг орчноосоо эхлэнэ. Зөвхөн хар зургийн хичээлд зориулсан музейтэй байх. Нэг жишээ ярья л даа. Хятадад очихын өмнө Монголд хоёрдугаар курст Давидын нүүрийг зуруулж байсан, дараа нь академид очиход оригинал хэмжээтэй бүтэн толгойг нь зуруулах үед анх ялгааг нь олж харсан. Мэргэжилээрээ дунд сургуульд дөрвөн жил суралцсан хүнийг Академид элсүүлдэг учраас надтай харьцуулахад хятад оюутнууд хэдийнээ уран бүтээлчид болцгоосон байсан. Иймээс би маш их ажиллах хэрэгтэй болсон. Угаасаа ч тэнд оюутнууд сургууль дээрээ 24 цагийг өнгөрөөж, мөнхөд ажиллаж байдаг. Соёл урлагт хандах улсын бодлого эрс өөрчлөгдөж буй нь мэдрэгдэж, урлагаа дагаад улс орон яаж хөгждөг бодит жишээ Академи.

Н: Өнөөгийн монголын улс төр, шинжлэх ухаан, эдийн засгийн гэх мэт бүхий л салбарт гадаадад төгссөн боловсон хүчнүүд илүүтэй үнэлэгдэж байна. Дүрслэх урлагийн салбарт ч энэ адил байна уу?

Б:  Урлаг гэдэг өөрөө агуу зүйл. Гадаадад сураад мундаг зураач, монголдоо сурвал муу зураач болно гэж байхгүй. Урлаг бол цэвэр зүрх сэтгэл. Тийм учраас үнэхээр урлагт хайртай байх, хувь заяа нь өгөгдсөн хүн мөн л бол сурсан сураагүй уран бүтээлч болно. Харин сургууль бол оюун ухаан талаас нь дэмжиж өгдөг хоёр дахь гэр бүлийн орчин гэж хэлж болно. Эзэн хичээвэл юу гэдэг билээ /инээв/.

Н: Монголын болон гадаадын бүтээлчдийн сэтгэлгээний ялгаа хэрхэн ажиглагдсан бэ?

Б: Сэтгэлгээгээ яаж хөгжүүлснээс бүх юм шалтгаална шүү дээ. Хэл соёл, ахуй уламжлал, өссөн орчин, найз нөхөд хүний сэтгэлгээнд шууд ч бай шууд бус ч бай  нөлөөлдөг. Улс эх орон нь урлагт хэрхэн хандаж буй, урлагийн боловсролыг хэрхэн эзэмшиж эзэмшүүлж буйгаас, хүний сэтгэж хийж бүтээснийг цаашид хэрхэн өвлөн хадгалж авч явж байгаа зэрэг нь өнөөдрийн асуудал болоод байна уу даа. Монголд монгол хэл дээрх мэргэжлийн судлаачид, галерей, сонин сэтгүүл нь хэд билээ, багаасаа юу үзэж харж, ямар нийгэмд өсч байна,  хэн нэг нь нэг өдөр 30 метр бүтээл бүтээчихлээ гээд бариад очиход дэлгээд тавих музей галерей юу билээ гээд л эхэлнэ шүү дээ.

Н: Урлагийн хүн хөгжихийн тулд хамгийн түрүүнд анхаарах зүйл нь боловсрол уу, оюун санаа юу, эс бөгөөс сэтгэл рүүгээ илүү анхаарах ёстой юу?

Б: Хүн хүн өөр өөр, миний хувьд гол анхаарлаа хандуулж буй зүйл бол мөн чанар. Муутуу цаас, бэх, бийр, будаг, зотон юунаас бүтдэг вэ? бол мөн чанарын асуудал. Зураач зургаа зурлаа, үзэсгэлэн үзэж буй үзэгчид бүтээлийг хэрхэн уншиж ойлгож мэдэрч таашааж хүлээж авах вэ, агаар байна уу, хэрхэн яаж хаагуур амьсгалах вэ? энэ бүхэн өөрөө урлагийн боловсролтой байх тухай юм.

Н: Боловсрол эзэмшсэн газар нь тухайн уран бүтээлчийн чадварыг тодорхойлж чадах уу? 

Б:  Мэдэхгүй, чухал биш байх аа.

Н: Эх орныхоо дүрслэх урлагийн салбарт ямар шинэчлэл, өөрчлөлт хийхийг хүсдэг вэ?

Б:  Өөрөөрөө л баймаар байна.


Нийслэл гаид 2012-11-22
ярилцсан сэтгүүлч Г.Наранзул