Tuesday 9 February 2016

ЧИХЭВЧЭЭР БҮТЭЭСЭН АЯЛГУУТ ШӨНИЙН ГЯЛБАА




Bodikhuu “Night Shine”
genre | tag:: spiritual, jazzhop,
jazzbass, funkbeat, experimental
release album:: 4th of January 2016
tracks:: 12

online links::
www.facebook.com | 1 bodikhuu
www.soundcloud.com | bodikhuu
www.bodikhuu1.bandcamp.com




| нийтлэл, судлал |

Хөгжмийн бүтээлүүдийг цомгоор нь сонсох хэрэгтэй.” хэмээн нэгэн найз минь зөвлөсөн билээ.


ХӨГЖИМ МЭДРЭХ СОНСОХ ТУХАЙ

Хөгжим урлагийн тухай ярихаас урьтаад хувь хүн бүрт тавих асуулт: ТА УРЛАГТ ХАЙРТАЙ ЮУ ?
Урлагийн түүхийн хөгжлийн явцад жам ёс, бүтээгч хүмүүн, зүрх сэтгэл бүтээл төрүүлдэг, гагц сайн бүтээл хүн төрөлхтөний урлагийн түүхэнд мөнхөрдөг. 


БИДНИЙ ЭРИН ЦАГИЙН СЭТГЭЛГЭЭНИЙ ТУХАЙ ТОВЧ


Өөрийн далд совин, зөн, дадал, туршлага дээр суурилан бүтээсэн туурвилууд амьд гэгээн сүнслэг байдаг. Монголын бүтээлчид Дэлхийн бусад улс үндэстний бүтээн туурвигчидтай нэгэн цаг үед бүтээлээ туурвиж буй. 
Шинэ зууны технологийн шинжлэх ухааны хөгжлийн ертөнцөд эрин цагийнхаа сэтгэлгээний БИ-г илэрхийлсэн БОДЬХҮҮ-гийн хөгжмийн бүтээлүүдийг: шигшин сонгож, түүвэрлэн эмхэтгэж, нэн өөр, шинийг эрэлхийлсэн илэрхийллээр бүтээлээ хүмүүсийн хүртээл болгож буй хэмээн бид, урлаг судлаачид дүгнэж байна. 


Тэрбээр өгүүлэхдээ:
ЗАЛУУСЫН ТӨДИЙЛӨН МЭДДЭГГҮЙ, СОНСОХОО БОЛИОД УДСАН, БАРАГ ТҮҮХНЭЭ МАРТАГДАХ ДӨХСӨН ХУУЧНЫ БҮТЭЭЛҮҮДИЙГ ЭРЖ, ТАНИЛЦАЖ, ӨӨРТ ОНЦГОЙ СЭТГЭГДЭЛ ТӨРҮҮЛСЭН, ТААЛАГДСАН ХЭСГИЙГ ХЭСЭГЧИЛЭН СОНГОЖ, ТАСЛАН ЦУГЛУУЛЖ МӨН ӨӨРИЙН ЭРГЭН ТОЙРНЫ АХУЙ АМЬДРАЛААС ОЛЖ НЭЭСЭН БҮХНЭЭ ТОГЛОХ, БИЧИХ, ХАДГАЛАХ, САНУУЛАХ ИЙН БҮРДҮҮЛСЭН ХӨГЖМИЙН АРХИВАА ШИНЭЭР ДАХИН НАЙРУУЛЖ ДАН АЯЗ, ХЭМНЭЛ, ҮГЛЭЛ, ЦОХИЛТ БҮРИЙГ ТУРШИЦ /experimental/ -ЫН КОДЛОН СИСТЕМЧЛЭХ  ЗАМААР БҮТЭЭСЭН ХОЁР ДАХЬ ЦОМОГ. БИ ЯМАР НЭГЭН ТӨРӨЛ ЖАНРТ БАРИГДАХЫГ ХҮСДЭГГҮЙ ТИЙМЭЭС АЛЬ БОЛОХ ЧӨЛӨӨТЭЙ СЭТГЭЖ, БАРИГДМАЛ, УЙТГАРТАЙ, НЭГ ХЭВИЙН, ХЭВШМЭЛ, ХҮМҮҮСИЙН СОНСОЖ ДАДСАН НИЙТИЙН ГЭГДЭХ УРСГАЛ ХЭМНЭЛЭЭС АНГИД БАЙХЫГ ХҮСДЭГ. хэмээсэн юм.

ТЭВЧЭЭР БОЛ ХҮМҮҮНИЙ ГАЙХАМШИГТ ЧАНАР

Ахуй нөхцөл авъяасыг хэзээд хорьж дарж боож хааж түлхэж хавчиж чадахгүйн тод жишээ бол бүтээл туурвих орчин. Бусдад тээр дараа садаа болохгүйгээр өөрийн тэвчээр ухаан чадвар туршлагад тулгуурлан ажиллах гэдэг урлагийг бүтээгч хүмүүнд хэзээд шинэ туршиц, өөрөөр нээлт /EVRIKA/ болдог ба эл цомгийн явцын турш бүхий л бүтээлүүдээ зөвхөн чихэвчээр бүтээсэнд оршино. Нүргэлэх, чихарах, жингэнэх, үглэх, тачаах, орилох, хашхирах, дуулах, цуурайтах ер хорвоогийн бусад бүхий л дуу чимээг түүвэрлэн ангилан эвлүүлж найруулаад түүнээ дахин дахин давтан давтан сонсон тоглуулах нь, мэргэжилийн энэхүү ажлын явц ар гэр, эргэн тойрныхны нь чихнээ, сонсол болон мэдрэл, сэтгэл санаанд чийртэй тээр дараатай байлгүй л яав гэж.... харин Бодьхүү энэ бэрхшээлийг дан ганц чихэвчээрээ зоригтойгоор давж туулсан болохыг та бүхэн цомгийг сонсох зуур ухааран ойлгох буй за.

Амьдралын салшгүй хэсэг хөгжим, хөгжмийн урлаг аль ч цаг үеийн хүмүүсийн хүмүүжил төлөвшилд ямагт нөлөөлсөн, нөлөөлж буй, нөлөөлсөөр байх бөгөөд хувь хүний хөгжмийн урлагийн боловсрол, таашаал, сонголтоос хамаарч соёлын ялгаа үүсдэг учир өөрийн БИ-г мэргэжлийн түвшинд цэгнэн дүгнэж хөгжүүлэн боловсруулах эхлэл тавигдана хэмээсэн урлагийн анхдагч зүй тогтол бөлгөө. Бүх хүн хүүхэд байхаасаа л зурдаг бичдэг сонсдог ч хүн бүр зураач зохиолч хөгжимчин болдоггүй шүү дээ. Хүсэл мөрөөдлөө биелүүлж хүмүүст гуниг, баяр, ухаарал, гайхашрал төрүүлэх урлагийн ХҮН болон төлөвших, бүтээгч туурвигч болох амар үгүй ээ. Танин мэдэж, ойлгож, туулсан бүхнээ өөрийн ухамсар ба ухамсар бусад боловсруулан хүн төрөлхтөнд бүтээл болгон үлдээнэ гэдэг том хариуцлага шүү. Сүнснийхээ оршихуйн ертөнцөөс дурсамжаа онгичин уудлах нь тавилан бас төрөл. 
 

“NIGHT SHINE”


Миний гартаа барьж буй энэ цомог ГАНЦ хувь. 

Хүн бүрийнх адил ГАНЦ хувь. 
Ганц хувь гэхээр та гайхаж магадгүй.

.... ЯАГААД ....

Мөнгөтэй, чинээлэг, эрх мэдэл бүхүй хүмүүсийн дэмжлэг тэтгэлэг хайж эрэлгүйгээр өөрт буй бололцоо нөөц, ухаанаар бүтсэн цомгууд нь олны хүртээл болоод удаагүй. Энэ бол зохиогчийн шийдэл. Зохиогчийн эрхийн шийдвэр. Өөрийн гараар сэтгэл гарган нямбайлан урлаж, гадар бүрийг, ширхэг бүрийг хүн хүн тус бүрт зориулан хатуу цаасыг хэмжээ тавин зүсэж, нааж, цоолмол хэвээр /stencil/ шүршин хаяглаад, сд бүхнээ нэг нэгээр хувилан олшруулж эцсийн бүтээгдэхүүн, шууд сонсоход бэлэн болгож, сонсогчиддоо барьсан болохыг бодитоор гартаа барьж буй хэн бүхэн мэдэж буй биз ээ. 

NIGHT SHINE – ШӨНИЙН ГЯЛБАА – ГЯЛБАХ ШӨНӨ

сонсогч таны бурханлиг сонслоор сэрэхүйн гайхамшиг, өгүүлэн үгүүлэх хөгжим сонирхогч цуглуулагч бүтээгч судлаач шүүмжлээч та бүхний зүрх сэтгэлээ нээн өрнүүлэх яриа, хөөрөлдөх СЭДЭВ мэндэллээ.

Ингэхэд бид ер алив шинэ бүхнийг хүлээн авч, бодол оюунд хүртсэн бүхнийг сэтгэлээ уудлан, сэтгэгдэлээ хуваалцдагсан билүүсэн үү дээ. Энд СОЁЛ эхлэж үүнийг бид УРЛАГИЙН ТУХАЙ ЯРИА хэмээмүй.


ХҮН БҮРИЙН УРЛАГТ ӨГСӨН СЭТГЭЛ ҮНЭН, АРИУН, ШӨНИЙН ГЯЛБАХ ОДДЫН АДИЛ ГЭТЭЛГЭГЧ ГЭГЭЭН ТУНГАЛАГ БАЙХ БОЛТУГАЙ.


21:57
2016.02.07
Улаанбаатар хот
МОНГОЛ УЛС