Sunday 7 January 2018

ТЭНГЭРТ НЭГЭН УДААГИЙН ДУРСАМЖ

Б.Батэрдэнэ 
“ТЭНГЭРТ НЭГЭН УДАА”
2017

ХААН галерей



1. ХҮҮХДҮҮДИЙН МӨРӨӨДӨЛ

Эл бүтээлийг үзэсгэлэнгийн танхимд анх хараад юун тухай бодож, ямар сэтгэгдэлтэй гарснаа хуваалцахаар шийдлээ. Соц нийгмийн айл бүрд шахуу байдаг хар өнгөт орос зурагтууд. Зурагтын засварчинг ирэхэд хүүхдүүд л түүнийг тойрч зогсоод ажигладаг, хамрын үзүүрээ шургуулах нь холгүй зурагтын ар руу өнгийн ширтдэг, ийм хүүхдүүд олон байсан гэдэгт эргэлзэхгүй байна, манайх ч мөн ийм гэхдээ үүнээс арай том орос зурагттай байсан, хүүхдүүдийн л адил бүтээлийн ар руу шагайлаа. Жирэлзэх нь хар цагаан, ер ямар ч зурагт жирэлзхээрээ хар цагаан байдаг мөн сонин шүү, одоо ч тэр.

Тийм ээ, жирэлзээнээс болж л зурагтын арын таг онгойх болдог тул сониуч хүүхдүүдэд гайхамшиг. Аав минь зурагтаа өөрөө засчихдаг байсан тул хааяа нэг зурагтын арын таг онгорхой гэрт хэдэн өдөр өнждөг сөн. Надаас өөр сониучирхаж толгойгоо зурагт руу шургуулах хүн манайд үгүй тул, үсээ олон лампнуудад орооцолдуулан байж өлийж хардаг тэр хэрээр бодол санаа ч тэндээ жинхнээсээ тэнэдэг байв. Пээ тэр тоос шуух хуухай тун нарийн гэм. Гэрэл хамгаалагч ламп тогны өндөр хэлбэлзлээс болж гэрийн зурагт үе үе шатаж аав бухимдуухан шинэ лампнууд байн байн худалдаж авдаг учир зурагтанд ааваас өөр хэн ч гар хүрч зүрхэлдэггүй байж билээ. Одоо бол удирдлага л даа, зурагтын суваг солигч, юу гэдэг юм бэ дээ цахилгаан зуухны халууныг тохируулж эргүүлдэг шиг суваг солих эргүүлэгч нь жаахан масстай, хоёр дээр монгол дөрөв дээр оросын суваг гардаг, мэдээж гурав дээр юу ч гардаггүй ч тийн жирэлздэг учир сувгийн эргүүлэгч чихийг тачигнатал хүчтэй мушгихад пад пад хийн эргэдэг, дутуу эргүүлбэл масслан жирэлздэг, тэр л жирэлзээг яагаад ч юм тогноос болж масслаж байна хэмээн санадаг, тиймээс хүрэхээс ч айдаг байжээ, зурагтаа шатаачихвал хэцүүднэ гэдгийг мэдэлгүй дээ, мөн ч хүнд эд байж билээ. Нэг өдөр ааваасаа: - зурагт яагаад ийм хүнд байдаг юм бэ, хамгийн хүнд хэсэг яг аль нь юм бэ ? гэхэд аав инээснээ: -зурагтны шил хамгийн хүнд дээ, хэмээн зурагтын ар доторх эд зүйлийг нэг бүрчлэн тайлбарлаж өгч билээ нэгэн удаа. Тийм лекц сонссон хүн хэцүүднэ дээ, миний хувьд шууд муу авахаар ойлгосон байв. Ойлгосон үгүйгээ мэдэж байгаа ч юм алга одоо. Бага байхад зурагтны нүүрний шилийг ээж голдуу арчдаг байв. Би ээж аав хоёрт зурагтын шилэнд хүрэхээр тог цохиод байдаг тухай хэлж (бага байхад өвөөгийн гэрийн багананд өлгөөтэй шугамын радиогийн нүх рүү чихэвчний оксыг шургуулж тогны хүчтэй өндөр чимээнд дүйнгэтэж, хэд хэдэн удаа цахилгааны залгуураас болж тогонд цохиулж, ер тог цахилгаантай бүхэнд хүрэхээс үхтлээ айдаг болчихсон юм.), одооны энэ лэд зурагтнуудын дэлгэц ч цахилгаанждаг, тог цохьдог шүү дээ. Уг нь яагаад тог цохьдог, яахаар би цахилгаанждаг вэ гэдгийг хэдийн судалчихсан мэддэг ч, гэлээ ч хааяа зориуд шалан дээрх ноосон утсаар нэхсэн хивсэн дээгүүр ноосон оймс өмсөөд хөлөө чирж хэсэг эргэлдэж хивстэй сайтар үрэлцэж хүрэлцэж байгаад хэн нэгний арьсан дээр хаа нэгтээ хуруугаа хүргэхэд л чад хийн цочтол цахилгаан цохьдог, тэр хэрээр өөрийгөө цахилгаан тог дамжуулагч гэдгээ мэддэг, харин зурагтны шилэнд хүрэхэд цохьдог цахилгаан тогны мэдрэмж арай нягт бөгөөд хатуу, дэлгэцэнд хүрч цахилгаан цохих тэр хачин мэдрэмж үргэлж жигтэй байдалд намай хүргэдэг, одоо ч хэвээр.., үзэсгэлэнгийн зааланд, бүтээлд гар хүрээгүй ээ л гэх гэсэн юм.  

2. ГАЙХАМШИГТ ҮЗЭГДЛҮҮД

Оюутан байхад академийн гадаад оюутны дотуур байрны хоёр дугаар давхарын мухарын өрөөнд солонгос, зураач хүү амьдардаг байв. Тэр ердөө л архичин. Ганцаараа өдөржин өрөөндөө архи уудаг учир найзууд нь түүнээс дөлдөг болж улмаар ганцаардаж нүдэн дээр гүн архинд оров оо, үргэлж согтуу, үргэлжийн согтуу, хааяа нийтийн хоолны өрөөнд бид ширээ тойрч суугаад хооллонгоо ганц нэг шар айраг, ганц нутгийн зуу зэргийг хүртэх үзэгдэл энүүхэнд, яг тэр хавар манай сургуульд дөрвөн гал түймэр гарсны гурван нь гадаад оюутнуудын дотуур байранд, нэг нь хятад оюутнуудын нийтийн байранд гарсан түймэр. Эхний хэрэг архичин хүүгийнх. Цагаан сараар гэртээ хариад буцахдаа ганц шил чингис авч очлоо, мань хүн дэлхийн бүх архины шилийг цуглуулах ажилтай байсан тул бүхий л найзууд нь түүнд ердөө л таньж мэдэхгүй архи бэлэглэдэг, өөрөө ч чамгүй мөнгө зарж уусан шилээ цуглуулдаг байж билээ, цуглуулганд нь монгол архины шил үгүй тул амралтаараа харихдаа монголоос архи авчирч өгөхөө амлаад тийн чингис архиа өглөө, уулаа, өрлөө. Нэг өдөр оройн арван нэгэн цагийн алдад ном уншаад орондоо тухалчихсан байх үе, гонхонд бөөн үймээн шуугиан. Цаг гаран боллоо, шуугиан намждаггүй ээ, шаагилдаад л үе үе том дуу хадаж цуурайтаад байсан тул номоо түр хааж, хувцаслаад хаалгаар шагайтал архичин солонгос хүүгийн өрөөний үүдэнд цагдаа нар зогсож байв. Би ч шалавхан хальсны камераа шүүрч гараад хэрэгт дурлан хэнэггүйхэн очоод байдлыг хөндлөнгөөс ажив. Өрөөнийх нь хаалга онгорхой, тэнд байсан бүх эд зүйлс эзэнтэйгээ хамт үнсэн саарал баримал болчихож, өрөө тэр чигтээ. Юу билээ ? Энэ ямар содон үзэгдэл вэ ? хэмээн уулга алдаад зураг дарах гэтэл цагдаа нар хориглож болохгүй гэв. Яагаад гэтэл хэргийн газар хэрэг илрээгүй байхад зураг дарах хориотой гэнэ. Со хүү өөрөө хөл дээрээ ч зогсох тэнхэлгүй согтуу байгаа нь илт, цагдаа, галынхан, оюутны байрны дарга нар байцаагаад нэмэр алга бололтой, шал согтуу үнсэн саарал тоос нөмөрчихсөн зураасан нүд нь бүлцийж онийгоод юу болоод буйг төдий сэхээрч амжаагүй байгаа хүнтэй юу ярихсан билээ л, байрны дарга: өрөөндөө өөрөө дэлбэрчихсэн бол яах болж байна хэмээн үглээд л загнаад л, тэр толгой гудайж хөл дээрээ тэнцэж ядан дайван зогсоно. Төд удалгүй сарын дотор ар араасаа ээлж дараалан гал түймэр дэгдсэн мэдээг манай дотуур байрны нэг давхарын цахилгаан өргүүр шатны хананд томоор нэр ус шатсан өрөөнийх нь зургийг хэвлэж анхааруулгын үзүүлэн самбар болгож өлгөсөн байгааг хараад бүгд нулимсаа гартал инээлдэж билээ. Тэдгээр гал түймрийн хэргийн эзэд хэн гээ бүтэлгүй Солонгос, Монгол, Япон, Хятад оюутнууд.

Солонгос
Өрөөндөө ганцаараа уйтгарладаг архичин хүү зурагт үзэхдээ тэр өдөр зурагтан дээрээ лаа асаагаад архи уусан байж л дээ, мань хүн согтоод тасарчихсан хойгуур лааны тос зурагтны арын хуванцар тагны агааржуулагчийн зай завсраар урсаж халуун тос нэг мэдэхэд лампанд хүрч хэт халалтын улмаас зурагт дэлбэрчээ. Зурагт дэлбэрвэл ийм зүйл болдог байх нь, ийм гэж цагаан саарал тоосонцор 40 метр кв өрөөг хангалттай бүчин хучин буусан аж. Харсан үзсэн тэнд байсан бүхэн шок байдалтай алмайрч хэсэг дуу шуугүй эргэн тойрноо, хэргийн эзнийг ширтэцгээж байлаа. Мэдээж тэнд сиймхийг хайж ганц зураг дарчих санаатай хүлээн зогсоод тусыг эс олов, үзэгдлийн гайхамшгийг хальсанд буулгаж чадаагүй.

Монгол
Дөрвөн давхрын нэг өрөөнд нэг монгол охин амьдардаг байв. Өрөөгөө цэвэрлэж, өрөөндөө лаа асааж, даалгавараа хийнгээ хажуугаар нь оройн хоолоо хийхээр хоёр давхарын нийтийн гал тогооны өрөө рүү очиж хоёр цаг болох зуур өрөөнд дэггүй салхи үймж түймэр асчээ, өрөөний тэн хагас нь шатаж утаанд аваарын дохио таазнаас гал унтраагч усны шүршигч төхөөрөмж ажиллан тэр давхар нэлэнхүйдээ усанд автжээ. Хоолоо хийчихээд өрөөндөө иртэл гал түймэр хэдийн гараад унтарсан байсныг хоёр хоногийн дараа монгол охинтойгоо гадаа тааралдахдаа сая мэдсэн юм. Би тэр үед хичээлээ таслан таслан ном уншдаг байсан учир эргэн тойронд юу болж буйг анзаарч амжилгүй л бөөн бөөн үйл явдлууд өрнөчихсөн байдаг байсан юм.

Япон
Хачирхалтай нь монгол япон хоёрын галын шалтгаан яг адилхан байж билээ.

Хятад
Үд өнгөрч байхад аваар түгшүүр гал командын машины дохио тархин дундуур хангинан хэдий удаан үргэлжилсэн ч юм бэ дээ үүлгэртэн сэрж ядах зуур гэнэт өрөөний утас хангинав. Утас автал ангийн хүүхэд ярьж байна, чи чинь босоогүй байгаа юм биш биз, наана чинь хойд оюутны байр шатаад өдөржин үймэлдэж байхад чи мэдээ ч үгүй дугжирч байдаг, бос бос, алив шатсан байрыг очиж үзэцгээе гэв. Нэг оюутны компьютер халж дэлбэрэхдээ ганц давхар навтгар түр байрлах нийтийн тагз пүрхийгээд асчих нь тэр. Сургууль нэр хүндээр, хүмүүс эд хөрөнгөөр хохирол амсаж, хаа холын америкт нэг өдрийн сонинд манай академид дэгдсэн гал түймрийн мэдээ хэвлэгдсэн тухай ангийн багш ярьж бид ангиараа түс хийтэл инээлдэж билээ.

Б.Батэрдэнэ 
“ТЭНГЭРТ НЭГЭН УДАА” 
2017

ХААН галерей

Дээрх хэргүүд, адармаатай адал явдлуудыг хэдийн мартчихсан, хэзээ хойно ийн Баагийн бүтээлээс хүүхэд насны, оюутан цагийн хөгжилтэй дурсамжууд амьлах мэт.. үзэсгэлэнгийн танхимд ар нь онгорхой зурагтын нүцгэн нүүр жирэлзээд байж байх гэж. Оруут шалавхан ойртоод чагналаа, хүүе.. трансформатор нь дүнгэнэж байна, үгүй мөн.. зурагттай холбоотой бүх дурсамж, Тэнгэрт Нэгэн Удаа үзэсгэлэн, бүтээлч өөрөө яг л хүүхэд насны сэтгэгдлүүд, мөрөөдөл, зүүд шиг бодлууд дунд аялан буйгаар сэтгэж, үзэсгэлэнгийн заалыг монголын ёс гурав хэмээн дотогш орж тойрохоосоо өмнө аяга цагаан дарсыг гурван удаа том томоор балгаж төд дуниартаад гадагш гарахад саарал гудамжинд өнгө өнгийн лэд гэрэлт үсгүүд тодрон ассан өвлийн ид хүйтэнд бүтээлч найзынхаа шинэ үзэсгэлэнг үзэж баяр хүргэхээр гэрээс галерей хүртэл хоёр цаг замын түгжрэлд элдвийг эргэцүүлсэн ч харихдаа өнөөх өндөр урт бүрээ шиг жигтэй яригчны баруун гар талаасаа дөрөв дэх яригчны гойд намуухан онцгой чимээ чихэнд цуурайлсаар байлаа. 

3. Баагийн үзэсгэлэн үргэлжлэхдээ юуг санагдуулна бичвэр ийн үргэлжилмой.





___________________________________________________________________

ПС: Батэрдэнэ ээ, сайхан үзэсгэлэнгээр чих дэлдийлгэж нүд бүлтийлгэсэнд чин сэтгэлээсээ баяр хүргэж энэхүү бичвэрээ зориулав, нөгөө дуугаа үргэлжлүүлнэ шүү, дууныхаа бичлэгт орохдоо бэлдээд байж байгаарай. чшшшшшшшшшшшшшшшшш






2018.1.07
Улаанбаатар хот

Урлаг судлаач, зураач
Дашдондовын Баярцэцэг.