Thursday 12 March 2015

Нислэг

Нислэг
[өгүүлэл]





                                     Шүүдэрт өвсний анхилуун чийгт агаар толгой өндийн амьдралаас зүүдний ертөнцөд угтдаг сэрүүхэн зуны өглөө бүр ижий аав дэрэн доор заавал ямар нэгэн зүйл орхиод хаалга гаднаас цоожлоод явдаг тэр л уртын урт дуусдаггүй шидэт үлгэр шиг өдрүүд, зүүдэндээ амьдраад сэрэхэд амьдрал оньсого шиг санагдах хүүхэд нас хичнээн тод, тэдгээр зүүдэн дурсамжаа хаа нэгтээ хадгалан бичих өдрөө хүлээх нь эмзэг хэврэг хэрнээ оршсоор байдаг бол ердөө ганцхан өдрийн т үүх бүтэн эрин үеийг урсгасан байж гэмээнэ энд өгүүлэх нэг өдөр насан туршид минь санаанаас гараагүй мөчид, ахархаан агшин байсныг эргэн санахад магад энэ хорвоод энэ амьдралд харсан хамгийн аймшигтай зүүд байж мэдэх л, гэсэн ч зүүд амьдрал хоёрыг ялган таньж чадах насан дээрээ байсан юм шүү.

               Цэцэрлэг сургуулийн бага ангиудын зуны амралт эрт эхэлдэг учир, соц үеийн хэлээр лагерь хэмээх ижил ижил модон байшингууд, айл бүрийн байшин хоорондын зай уртрагийн зуу орчим, өргөрөгийн таванзуун метрт уулын амын хөндийд тус тусдаа ойн захаар уул дов толгод дунд байрлах олон зуслангуудын нэгэн, зусландаа манайх хамгийн эрт гарч хамгийн орой буудаг нь байлаа. Хоёр өрөө доторгүй модон байшингийн жижиг өрөөний толгойн тушаа адарт үүрээ зассан зөгийн том цагаан үүр нойрноос сэрэхэд хамгийн түрүүн нүднээ тусч, намхан цонхны хажууд төмөр орны толгойг баруун тийш зүглүүлэн байршуулсан тул өдөр бүрийн өглөө нүдээ нээхэд зүүн хананд аавын минь зурсан ойн захад инээмсгэлэн алхаж яваа томоос том илбэнх угтаж, өндийн дэрээ сөхөж харчихаад цонхны гүймэл төмөр түгжээг тайлж жижиг модоор цонхоо тулж тогтоох хүртэл ойн сэнгэнэсэн дэггүй салхи тэр мөчийг тэвчээртэйгээр тэсэн ядан хүлээсэн мэт шуртхийн орон дээр ганцхан ойгоод өрөөний амьгүй бүхнийг амь орон шуугих хүртэл ирсгэрэн нисч дүүг нойрноос нь сэрээх зуур цонхны тавцанг эрүүгээрээ тулан нууцлаг өтгөн ойг зүүрмэг хэдий ч бишрэнгүй харцаар санаашран санаашран удаанаас удаанаар ажин тогтон ширтдэг байвай.

             Цонх газраас ердөө хагас алд, дэлэм хэрийн өндөртэй тул цонхоор гарах гэдэг миний хувьд юу ч биш, харин дүүгээ тосон буулгах яггүй тул өөрийн биеэр өглөө бүр олон янзаар цонхоор гарах үзүүлбэртээ төдхөнөө дасаж бараг л циркийн акробатчин шиг байхад дүүгийн хөдөлгөөн болхи удаан эв хавгүй ч яаж ийгээд гэрийн хорионоосоо бид ямар ч асуудалгүйгээр гарч, нэг мэдэхэд л хөтлөлцчихсөн томоос том цоожтой будаг нь халцарсан цайвар цэнхэр модон хаалгаа ширтэн хэсэг үүргэлтэн зогсож цонх тулсан модоо орруугаа шидчихээд чөлөөлөгдсөн мэт хаашаа ч хамаагүй хар эрчээрээ гүйхэд дүү араас хүлээхийг асуун уйлагнан зогсоход сая эргэж харан гүйж очоод гараас нь хөтлөн цэлмэг тэнгэр, нар, уул толгод, моддын орой, зарим үед үүлс, шувууд, өвсний толгойд тэсэн үлдэж чадсан шүүдэр, цэцэгс, эрвээхэй, ялаа, зөгий ер амьд бүхнийг ширтэн зуслангийнхаа айлуудын байшинг хоёул ширтэн алхахдаа алсад зурайн хийсэж буй тахиралдсан луу шиг шороон замаар хааяахан хаа нэг давхих машины чимээ машинаасаа түрүүлж зуслан даяар хүржигнэн хөндийгөөр цуурайлахад тэр зүг гараа саравчлан харуулдахдаа бидний зүг, хүүхүүдийнхээ зүг, гэр гэрийнхээ зүг өдөр бүрийн орой зургаан цагийн ажилчид-ын унааг буцаж ирэхээс өмнө цоожтой байшиндаа цонхоороо эргэж ороод гэрээсээ гараагүй сайн хүүхдүүд болох, эс бөгөөс цоожтой хаалганы цаанаас хэрхэн яаж гарсныг аав ээж гайхах хүртэл, урт өдрийнхөө төгсгөлд нь шийдхээр төлөвлөөд шуудхан тоглоомын талбайг зорьдогсон.

        Өглөө эрт хүүхдүүд бараг үгүй учир савлуурт дугаарлах хүлээх шаардлагаггүй, хамгийн гол нь нойрноосоо гүйцэд сэрээгүй зүүд зэрэглээ шиг сүүмгэр, зураасан нүдтэй, эрх, нялх, хув цагаан ишиг шиг дүүгээ баярлуулчихвал, тэр минь өдөржин хөөрхөн сайхан ааштай байвал тэнгэр цэлмэг байдаг нь үргэлж хачирхал төрүүлдэг болохоор. Хүнд зузаан зэвтэй төмөр савлуурыг гараар атган зөөлөн савлаж эхлэхэд ер бусын цагаан гэрэл сацран хацар нь хонхойж, буржгар зөөлөн сэвлэг нь салхинаа зүг бүрт эгээ л пүрш аятай бургин эргэлдэн хийсэхэд хорвоо ертөнц түүний хувьд диваажин болон хувирч, уйдан буух тэр цагийг залхтлаа чилтлээ тэвчин хүлээнэ. Савлуураас уйддаг хүүхэд байдаг бил үү. Өөрийн ээлж ирэхэд тэнгэрт нисэж нисэж бууж ирсэн дүү минь хэр чадлаараа эгчийгээ савлахад туслахыг завдах агаад харин дүүдээ хол зогсохыг анхааруулан өндрөөс өндөрт савлаж эхлэхэд л өглөөний салхи аандаа тойрон эргэлдэж толгой эргээгүйг сануулах.... үе үе тэнгэр, үе үе газар...., тэнгэр хөхрөн цайран хөхрөн цайран, нар гялс гялс алтран гялбаж, хурган үүлс нүдний буланд бултгасхийн, газар цэлс цэлс цэлийн, уулс дүүжин даажин дүүжин даажин, өтгөн ой бүүвэй бүүвэй, зуслангийн байшингууд найгах модод адил зарим үед согтуу ч юм шиг дайвалзан ганхахыг ажиглах зуур хүүхдүүд хэдийн шавчихсан толгойнууд нь зэрэг зэрэг зүүн баруун зүүн баруун зүүн баруун зүүн баруун, бүгд горьдонгуй харцаар савлан хөдлөхийг дагуулан ширтэн зогсоог гэнэт мэдээд амьдралдаа анх удаа савлуурын савлах хөдөлгөөнийг дагуулан харах нь хөндлөнгөөс тун инээдтэй харагддаг болохыг өөртөө нээн, өвдгөө нугаламаараа нугалахаа больж савлуур төдхөнөө ажуу уужуудаа зөөлрөн зөөлөрсөөр зогсон зогстол нь зогсох зуур хүлээж ядсан нэг нь савлуур дээр удаан савлан буугаагүйгээс, бараг байнга, олны дундаас заавал тэр л нэгэн эрсхэн, гараараа бариулаас атган чирэгдэн чирэгдэн хүчээр хүчлэн зогсооход урамгүйхэн бууж дараагийн савлах ээлж иртэл хүлээх зуураа, газраар ойр хавийн шоргоолж, цох, эрвээхэйг харцаараа хайн тэдний хөдөлгөөн бүрийг алдалгүй хөөн нэхэн ажиглаж цаг хугацаанд аялан уусаад амрах мөч, дүүгийн часхийн хашхирч өндөрт инээх чимээнээр гэнэт сэхээ орно.  Хөөрсөн олон хүүхдүүд өндрөөс өндөрт нисэх мөрөөдөлдөө шунамгайрч дор дороо догдлон тэвчээртэй хүлээх хэдий ч тэвчээр нь алдарсан хүүхэд бас байдаг шүү дээ!

         Зоримогхон алхаад савлуур дээр зогссон, эхлээд алгуур савлаж байснаа сүүлдээ эрчээ нэгэнт авсан хүнд төмрийн лут жинтэй, хүчтэй, огцом савалтууд ойр хавьд байсан бүгдийг алмайруулж зарим нэг нь дуу алдан, шүлсээ гоожуулан алмайрч, гөлийх нэг нь гөлийн хөшөө болон зогсох үед савлуур дээрх турьхаан цагаан, нуруугаараа савлуурын өндрийн хагастай тэнцэх зоримог хүүгийн эр зоригийг шалгах гэсэн шиг нэг дүрсгүй нь хөндлөн тушаа ард нь өнцөгдөн зогсоод хүч нэмэхээр түлхээд л байв түлхээд л байв, цохиод л байв цохиод л байв. Бидний тоглоомын талбайд байдаг ганцхан тоглоом болох цул зэвтэй төмөр, зэврээд хүрэн улбар зосын өнгө ялгарсан тиймдээ ч холоос бараантаж хөшөө шиг харагддаг, баримал гэмээр ч юм уу, майжгийдуухан, онгон зөөлөн хөрсөнд өдрөөс өдөрт шигдэн суусан тиймээс сууж савлахад тухгүй учир зогсдог дөрвөлжин суурь нь үе үе газарт шүргэн алдан өнгөрдөг, савалтын өндрийн хязгаарыг хэн ч багцаалж баримжаалж тооцож үзээгүйг савлуур дээр тоглодог хүүхдүүд бүгдээрээ өөр өөрсдийн савах туршлагаараа мэддэг, эцэг эхчүүд цэх зогсоход толгой нь дээш илүү гарах тул тийш хэзээ ч томчуул зүгэлдэггүй, зуслангийн айлуудын тэхий голд байрлах өчүүхээн талбайг эзлэх тэрээхэндээ өвс нь халцарч газар нь хонхойж шороо пургисан, зогсоохыг оролдсон бараг бүгд гараа цохиулан өвтгөсөн учраас савлах үед хэн ч ойртдоггүй ёстой л эрлэг гэмээр эргэлддэг, мэдээж бороонд л зэвэрдэг учир зуслан даяар хяхтнах аймшгийн чимээнээс сэргийлэн сайхан сэтгэлт аав ээжүүдийн нэг нь тослоод эргэлт нь гаарчихснаас үүдэлтэй нүд эрээлжлэм удаан хугацааны савалт сүүлрүүгээ бүтэн нэг эргэхэд хүүхдүүд нэгэн зэрэг дуу алдан, ахин нэг эргэхэд ахин дуу алдан, ахин эргэхэд амаа ангайн алмайрч түгшин нам гүм болцгоон, одоо савлуур дээр зогсож буй хүүгийн төрхийг тогтож олж харахыг хичээцгээх авч эргэлт дэндүү огцом, сайтар онож онийж  харвал царай төрх нь хэдийн хувхай цайгаад гантиг шиг хөшчихсөн нь зэрвэс үзэгдэхэд галзуурсан савлуурыг анх түлхэж хүчилсэн хүү хэрхэн зогсоох учрыг олж ядан байтал гайхал савлуур цагийн зүү арван хоёр дээр зогсчих шиг нүд ирмэх зуургүй гацчихав, гэв гэнэт! Хүү газар яах ийхийн завдалгүй пөдхийн дээш харан унахдаа тэнгэр өөд харан огт хөдөлгөөнгүй, тэр мөчид хүүхдүүд дэрхийн цочин бүгд жинхэнэ хөшөө болон нүд нь аяганаасаа бүлтрэх шахсан амьтад бие биерүүгээ харах, зарим нь нүдээ тас аньж, гараараа нүүрээ дарах нь дарж, гарынхаа салаа, хурууныхаа завсар, өрөөсөн нүдээрээ харах нь харж, бүлтийсэн нэг нь тэр чигтээ дүрлийтэл ширтэн тэнд яг юу болоод буйг ойлгох сөгөөгүй байтал зэвтэй төмөрний зэвүүн гянхийх чимээтэй савлуур эгээ л гэнэт амь орсон мэт өндрөөс уруудан эргэх дугуй адил юу юугүй хурдаа аваад хүүгийн зүг чиглэн буух нь тэр.




2015 оны 3 дугаар сарын 12


Улаанбаатар,
МОНГОЛ УЛС.