Monday 26 June 2017

1. ҮРГЭЛЖЛЭЛ ЭХЛЭЛ

"FRIEDRICHSPLATZ" photo credit by © 2017, Bayartsetseg.D
гэрэл зураг © 2017, Д.Баярцэцэг.

DOCUMENTA 14
"THE PARTHENON OF BOOKS" KASSEL CITY, GERMANY
MARTHA MINUJIN
ARGENTINA, San Telmo.
signature work of D14/( 1983/2017 )

ДОКУМЕНТА 14
"НОМЫН СҮМ"

КАССЕЛ ХОТ, ГЕРМАН УЛС

МАРТА МИНУЖИН

( 1983/2017 )

____________________________________________


1943 онд АРГЕНТИН улсын Сан Тэлмо хотод мэндэлсэн, сэтгэлгээний болон үйл хөдлөлийн урлагаар дагнан туурвидаг энэ хүчирхэг эмэгтэйн *АФИНААС СУРАЛЦАХУЙ ДОР* сэдэвийн хүрээнд "НОМЫН СҮМ" бүтээл 14-р ДОКУМЕНТА.гийн бэлгэдэл, түлхүүр бүтээл болон сүндэрлэж буй.



"THE PARTHENON OF BOOKS | НОМЫН СҮМ" 
Cод хүмүүн, сэтгэгч, яруу найрагч, зохиолч, зураач, бүтээлч МАРТА МИНУЖИН-ы эл бүтээлийг анх олж харуут маш ер бусын сэтгэгдэл төрсөн бөгөөд Германы КАССЕЛ хот руу хөдлөхөөс өмнөх гурван өдөр хандивт өргөх ном цуглуулахаар зарлал нийтлэн олон ажлын дундуур цугларсан номоо бүртгэв. МОНГОЛЫН ОРЧУУЛАГЧДЫН ЭВЛЭЛ-ээс зургаан ном бэлэглэснийг авч, хүрэх газартаа эсэн мэнд ирлээ. Эл бүтээл анх 1983 онд чамгүй шуугиан дэгдээснээр түүний алдрын эхлэл тавигдсан байна. 

Та бүхний яг одоо харж буй байгууламжийн урдхан талд \эргэн тойронд олон номын цэг бий л дээ гэхдээ ганцхан газар\ номын дэлгүүрт өөрийн цуглуулдаг сэтгүүл байж байхыг олж хараад, бүр ДОКУМЕНТА 14-т зориулсан ТУСГАЙ дугаар байсанд нь хичнээн их олзуурхав. Сэтгүүл дээрээс харин санаандгүй Марта Минужины хоёр сарын өмнөх ярилцлагыг дөнгөж уншаад сууж байна. 



Ярилцлагын хөгжилтэй санагдсан хэсгээс: 


-Та хүүхэд байхдаа хамгийн анх ямар ном уншсан бэ? хэмээсэн сэтгүүлчийн асуултанд, 

Марта.М: -Арван настайдаа Алиса Гайхамшгийн Оронд. хэмээжээ. Алисаг хүүхэд байхдаа бид бүгд зурагтаар хүүхэлдэйн киног нь мөн ч их үзсэн дээ, одоо бодох нь Аягүй бол Марта өөрөө бараг гол дүрийн АЛИСА байсан даа, худлаа гэвэл хүүхэд насных нь төрхийг гүүглээс олж хараарай, хэмээн бодож амжив. Мартагийн ертөнцийг өөрчилсөн ном юу гээ? ОГИУДАС, САРТРЫН ОГИУДАС, гайхалтай ном шүү. Огиудасыг монгол хэл рүү хөрвүүлснээр би дөнгөж уржнан олж уншсан. Харин Марта 12 настайдаа эл номыг уншаад ГЭНЭТ ТОМ ХҮН БОЛЧИХСОН гэнэ. Ер номгүйгээр энэ дэлхийг, өөрсдийн ертөнцөө та бүхэн төсөөлөөд үз дээ?

     Хүүхдийн баяраар ээж минь дандаа үлгэрийн ном авч өгдөг байж билээ, харин зуны амралтаар миний ном уншдаг газар байшингийн дээвэр байсан. Алимны хайрцагт хэдэн номоо өрж хийчихээд ээлж дараалан уншихдаа ерөөс энэ ертөнц тэр чигээрээ номноос бүтдэг  байх хэмээн санаж, номын тухайд миний хүүхэд насны төсөөлөл, ойлголт өдөр бүр биежиж буй гэвч хүн бүрийн бодол адилгүй шүү дээ.
   Энэ удаагийн ДОКУМЕНТА 14 хоёр улсад зэрэг болж буйгаараа онцлог, Монгол Улсыг төлөөлөн анх удаа Монгол бүтээлчид бүтээлээ дэлгэж, бид бүгд энэ хотыг зориход маш олон хүний хүч хөдөлмөр шингэж, маш чухал уулзалтууд өөрөөр хэлбэл өндөр ХАРИУЦЛАГА биднийг угтаж байсан юм. 
Монголын Орчуулагчдийн Эвлэлээс захирал О.Чинбаяр ахын өгч явуулсан номыг өөрийнхөө сүүлийн шүлгийн номтой хамт хандивын хайрцагт хийж буйгаа ихэд хичээнгүйлэн баримт болгож ганц нэг зураг даруулав. 
Бидний Кассел хотоор, Документа руу аялсан анхны өдөр ийн эхлэсэн юм. Ямартай ч эл аварга байгууламжид зориулсан номын хандивыг эл хайрцагт ёслол төгөлдөр илгээлээ. Эдгээр номнуудын хувь заяа хэрхэхийг МАРТА МИНУЖИН мэдтүгэй.

пс: "Хориотой Ном"-ын хандив үргэлжилж буй, хандивын хайрцагт ном хийхэд заавал хүснэгтийг бөглөсөн байх шаардлагатай бөгөөд энд тухайн цаг үедээ эсвэл яг одоо, хурцаар шүүмжлүүлсэн, хориглосон, хориотой номуудыг эл бүтээлд хамруулан оролцуулж, өлгөн байршуулж буй хэмээсэн шүү.







ном хандивлах холбоос: 



Марта Минужины эл бүтээлийн талаарх дэлгэрэнгүй түүхийг:
http://www.tate.org.uk/art/artworks/minujin-the-parthenon-of-books-t14343

Биднийг дэмжиж тусласан Герман улс, Монгол улс, Берлин болон Монголд буй ГЁТЕ ИНСТИТУТ, Монголын Орчин Үеийн Урлагийг Дэмжих Холбоо/MCASA, Монголын Урлагийн Зөвлөл, ДОКУМЕНТА 14 багийн хамт олон туслаж дэмжсэн бүх байгууллагууд, хувь хүмүүс, урлагт хайртай хүн бүхэнд нийт багийн хамт олны нэрийн өмнөөс баярласан талархсанаа илэрхийлье.



























Хүндэтгэсэн Годо.
2017.06.26