Wednesday 11 May 2016

ИКЕА



Хятад улс, Бээжин, Дүрслэх Урлагийн Төв Академи, Салбар бүрийн мэргэжилтэн, төгсөх оюутнууд- зарим нь иргэн, зарим нь эрдэмтэн, ихэнх нь гоц авъяастан- гүн ухаантан, яруу найрагч, зохиолч, зураач, барималч............ хэмээн нэрэлвээс дуусахгүй.



Сургуулийн шинэхэн цэцэрлэгт хүрээлэнд салхилж суув. 
Найз хятад охин:


-маргааш амралтын өдөр бид хэлэлцээд ИКЕА руу явахаар төлөвлөсөн, та хоёр хамт явах уу?
/та хоёр гэдэг нь: монголоос хамт нэг сургуульд ирсэн найз охин Дариа, асууж буй нь Дариагийн ангийн хятад охин, манай ангийн дарга хятад охины сайн найз охин, ангийн дарга охин бид хоёр найз, бид дөрөв сайн найзууд/


-юу? дахиад ярь даа, бид юу ч ойлгосонгүй.

хятад охин асуултаа давтав.

-аан.

-та хоёр тэгээд явах юм уу?

бид хоёр чин үнэнийг хэлэхэд юу ч ойлгоогүй учир дэмий л мөрөө хавчив.

-ингэхэд та хоёр ер нь икеа гэж мэдэх үү?

/икеа-г хятадаар И ЗИА ЗИА ЗЬҮ хэмээн дууддаг, уур хүрвэл И ЖА ЖАА ЖҮ, орчуулваас ИКЕА ГЭРИЙН ТАВИЛГА гэж буй./

-сайн мэдэхгүй.

-энэ бол Шведийн компани Бээжинд ганцхан байдаг, юмнууд нь их хямдхан маш сонирхолтой дэлгүүр, та хоёроос бусад нь бүгд мэднэ. Охидуудаараа явж мөрөөдөцгөөе, дараа нь хамт хоол идье тэнд сайхан хоолны газар бий амттай бөгөөд хямд шүү дээ, за алив ээ хариул л даа, хамт явъя аа.


Би Дариагаас асуув: -чи явах юм уу?

Дариа: -харин ээ, яах уу, чи?

Би: -явахгүй ээ, дараа л болъё, даалгавар ихтэй, амжихгүй.

Хятад найз: -та хоёр юу ярьсан бэ? Би ойлгохгүй байна.

Дариа хятадаар: -бид хамт ИКЕА явж амжихгүй нь ээ, та нар өдрийг сайхан өнгрүүлээрэй, дараа хамт явцгаая.
Би: -тийн, уучлаарай, амжихгүй.


Гуравдугаар тойрогт байрших Бээжингийн анхны ИКЕА амралтын өдрүүдээр аймшиг, пиг хүн, сургуулиас гарсан л бол орой нь ядарсан амьтан болж ирдэг гэдгийг мэдэх учир юуун икеа микеа.
Тэр өдрөөс хойш, тэр нэг икеа-г нь олж очоод сонирхох юмсан хэмээн үе үе бодогдох болов, огт зав гарахгүй байсаар бакалавр дүүргэсэн дээ. Мастерт сурахаар сургуулиа дахин зорив. Дөрөвдүгээр тойрогт, манай Академийн хажууханд, алхахад таван минутын газар, нүсэр том, шинэ ИКЕА баригдаад, нээгдчихсэн гэж дууллаа. Хичээл эхлэх яагаа ч үгүй, бараг сарын зай байсан учир шинэ ИКЕА руу очиж, сонирхов. Баклаврт сурч байхдаа очиж байх минь яав даа, ямар толгой эргэм том, хэцүү дэлгүүр вээ. Эхний өдөр, анх удаа орж үзээд төөрч будилж бантсаар байгаад учрыг ололгүй гарлаа. 
Хараал идсэн том дэлгүүр чинь хамаг цаг авчихлаа. 


Ингээд хичээл эхэлтэл бараг өдөр бүр ИКЕА ордог ажилтай, өөрийн маршруттай ч болов. 


Миний маршрут ийм:


  1. Икеа- зайрмаг 
  2. Икеа- зайдас 
  3. Икеа ресторан- хар кофе 
  4. Икеа- Лаа, Рам Жааз, Зураг, Даавуу, Сандал,         Гэрэл, Ургамал

За тэгээд энэ маршруутаараа бараг жил явсан дөө.
Жааз: Яагаад ч юм олон өнгийн олон хэмжээс бүхүй рам жааз хэвлэмэл зураг харахаар хачин гайхамшигтай мэдрэмж төрдөгсөн. Арай Икеагийн рам жаазнаас болоод графикт дуртай болоогүй л баймаар хэмээн бодох үе байсаан, таталбар зургуудаа өөртөө, өөрөө шалгаруулаад нэг шилдэгийг нь икеа жаазаар мялааж бүтэн сар эсвээс хагас жил өрөөндөө байршуулж тавих. 

Зураг: Икеагийн хэвлэмэл зургууд тухайн цагийн хэвлэлийн технологийн дэвшилтийг тодорхойлдог учир имрээд илээд үнэрлээд ширтээд бясалгаад зогсчихно. 
Лаа: Икеагийн лаагүйгээр өрөөгөө төсөөлж ч чадахаа болив. Орой бүр унтахын өмнө лааны гэрэлд бясалгаж бүх бурхадад зориулж зулны оронд ЛАА өргөнө. Лаанаас болж олон хэрэг манай байранд гарсан даа. 
Гадаад оюутны дотуур байрны, манай давхарын нэг солонгос оюутан мухарын өрөөнд ганцаараа водка, виски ер хатуу болгоныг уугаад л байна уугаад л байна, байнга согтуу, гэхдээ хэзээ ч хэнд ч агсам тавьж үзээгүй, хачин цонхигор хүү. 
Нэг удаа надаас: -аниа та надад монгол водканы гоё шил байвал өгөөрэй хэмээж билээ. 
Би асуусан нь: -яах гэж байгаан?
-би бүх улсын архины шил цуглуулж байгаа юм аа, тгд л....
-чи тэгээд эднийг бүгдийг нь уусан хэрэг үү?
(тэр хүү архины өвөрмөц шил цуглуулдаг болох нь илт, өрөөтэй байсан)
-за бараг ихэнхийг нь?
-ихэнхийг нь гэж юу гэсэн үг вэ?
-яахав дээ, олддоггүй архи гэж байна аа даа, тэгээд шилийг нь хүнээс гуйж авахгүй юу.
-аан, за за, эгч нь архи уудаггүй л дээ, гэхдээ шил олдвол дүүдээ өгнө өө!
-баярлалаа.
Нэг шөнө түс пас тас пар хийх чимээ гарах шиг болж, удсан ч үгүй бөөн хүмүүс үймэлдээд эхлэв. Хамгийн чимээ багатай давхар манайх байсан тул гайхаж гайхаж хаалгаараа шагайтал мухрын өрөөний үүдэнд хэдэн цагдаа нар дотуур байрны жижүүртэй зогсож байна. Зурагтныхаа дээр том лаа асаагаад, согтуу байсан учир унтраахаа мартаад дугжирч байх зуур нь лааны тос телевизорын ар тал руу урсаад халуун тосноос болж асаатай зурагт дэлбэрч өрөө нь өөртэй нь хамт ЦАГААН СААРАЛ уран баримал, хэт контемпорари болчихсон байж билээ. Би сандраад хальсны аппаратаа барьсаар буцаж иртэл галынхан зураг даруулахгүй гээд тас хориглов. Тэр мөчийг буулгасан ч бол доо.

Сарын дараа оюутны байранд дахиад гал гарав, бас л лаа, лаа асаачихаад манай нэг монгол оюутан нийтийн гал тогоонд хоол хийж байх зуур өрөө нь шатчихаж.
Сарын дараа оюутны байранд бас л гал гарав, дахиад л лаа, лаа асаачихаад япон оюутан нийтийн гал тогоонд хоол хийх зуур өрөө нь шатчихаж.
Сарын дараа нийтийн гал тогоонд гал гарав, нэг нь хийн зуухан дээр хоолоо залгаж мартаад.... хэрэв тэр үед нийтийн гал тогооны өрөөний цонх хаалттай байсан бол гадаад оюутны байр дэлбэрэх байсан гэнэ.
Сарын дараа сургуульд гал гарав, хятад оюутны түр байр тэр чигтээ шатчихаж. Аз болоход бүгд хичээлдээ явсан байсан тул нэг ч хүний амь нас эрсдээгүй гэх. Ангийн багш: өчигдөр мэдээ уншиж байсан хаа байсан Америкийн, Нью Йоркийн нэгэн хэвлэлд манай академид хэд хэдэн гал гарсан тухай мэдээ гарч, бид урлагаараа гайхагдаж гадны хэвлэлд гарах бус  гал түймэрийн мэдээгээрээ дэлхийд танигдаж байна шүү нөхөд өө! хэмээхэд нь ангиараа түс хийтэл инээлдэж билээ. Яг сарын дараа гадаад оюутны нэг давхарын цахилгаан шатны дэргэд томоос том самбар дээр дотуур байранд гал түймэр тавьсан гадаад оюутнуудыг нэрлээд шатсан өрөөнийх нь зургийг олон нийтэд анхааруулах үүднээс хэвлэж өлгөсөн байв. СОЛОНГОС МОНГОЛ ЯПОН оюутнууд.


Даавуу: Сургуульд байхдаа өөрийн даавууны үйлдвэртэй болж зурсан зургаараа даавуу нэхнэ хэмээн мөрөөддөг байсан. Зураасан зураг графикт дуртай тул орон орны дизайнеруудын зурсан даавууны хээг харж сайнаар нь бахархаж мууг нь шүүмжилж, мөрөөдсөөр. Миний зурсан зургууд ингээд даавуу болчихсон худалдаанд гарч олон хүний хэрэглээ болвол сайхан аа. ИКЕА-гийн метрийн даавууны эн дээр зураачийн нэр зурсан он нь зохиогчийн эрхийн тэмдэгтэйгээ хэвлэгдсэн байдаг. Үйлдвэрээс худалдаанд шилжээд албан ёсны икеатай дэлхийн улс бүрийн хэрэглэгчидэд хүрдэг. Тэгээд...., би ер нь юугаараа дутах билээ, өөрийгөө сорьж үзье хэмээн өдийг хүртэл олон график бүтээсэн. Миний зурсан ажлууд таны дэр хөнжил хөшиг хувцасны даавуун дээр хэвлэгдвэл гоё уу. Мөрөөдлүүдийн минь нэг биелээгүй л байна, хэр чинээгээрээ цаасан дээр ил захидал болгон өөрөө хэвлэсэн ч зарим нэгэн намайг ил захидлын зураач гэж авч байна олон нийтийн хэвлэлээр! Даавуун дээр хэвлэгдвэл даавууны зураач гэх юм байна л даа. Монголд даан ч даавууны үйлдвэр байхгүй. Даавууны бүү хэл графикийн нэгдсэн урлан ч байхгүй. Шалтгаан нь хуухай мөнгө. 
Сандал: эмээ өвөөгийн өөрөөр хэлбэл тос хир даагинд баригдаад ирмэгүүд нь элийж мөлийгөөд бөндийсөн тагжгар сандал зуухны өмнө байж байдаггүй юү. Арай ахиад орос матмал сандал нэг хэсэг хотын айл бүрийд байдаг байж билээ. Намайг бага байхад аав дүү бид хоёрт нэг нэг түшлэгтэй модон сандал урлаж нэгэнд нь чоно нөгөөд нь туулайг өнгөөр ялган зурж өгч билээ. Аавынхаа урласан сандал дээрээс хорвоог удаан гэгч ширтэх гэдэг үү. Хожмоо ухаан суугаад кино найруулагчид дүү бид хоёрынх шиг гэхдээ даавуун суудал түшлэгтэй сандал дээр суудаг болохыг анзаараад, ИКЕА-д найруулагчийн сандал зардаг болохыг олж мэдсэн дээ. Надад нэг найруулагчийн сандал бий, тэр сандал дээр мөн ч олон зочид тухлан суусансан, урлаг судлаач, зураач Ч.Болдбаатар багш маань хааяа Бээжинд зочлох үеэр манай өрөөнд орж ирүүтээ: -за Годоогийнхоо найруулагчийн сандал дээр жаахан тухлаад авъя байз! гээд шигдэн тухлаад элдвийг хүүрнэдэгсэн, сандлаа монголд чирж ирээд тагтан дээрээ тавьж мөн ч олон бүтээл бичиж зурсан даа. Харамсалтай нь зүүн тал нь хугарчихсан, нэг найз сууж байтал гэнт. 
САНДАЛ сонин эд шүү, баруун монголчууд сандлыг ширээ, урт сандлыг бандаа хэмээдэг. Хөх нуурт судалгаагаар явж байх үед дээ, айлын бэргэн: -хүүхээд тэр ширээ аваад өг, хэмээн сандал хэлсэн юм байж л дээ, би мэдэхгүй гэрийн хойморт байрлах том ширээг тэнхээ мэдэн өргөтөл биш ээ тэр ширээ гээд сандал руу заагаад хоёул өдөржин инээлдсэнсэн. ИКЕАд маш олон төрлийн сандалны тасагт оруут ёстой нэг гайхаш тасрана. 
Гэрэл: Нар сар од далай тэнгис амьтан ургамал навч цэцэг ер бүхий л төрлийн гэрэл бий. Надад хамгийн гоё нь ЛАМП. Бүрхүүлгүй лампнуудыг хэдэн зуугаар нь асаачихсан байгаа тэр хэсэгт очоод хорвоог болон өөрийгөө умартам, гайхамшиг. Гэрлээр бүтээлээ тууривдаг бүтээлчид икеа-с эхтэй ч байж магад.
Ургамал: Икеагаас гарахын өмнө тооцооны тасгийн наад хэсэгт икеагийн ботаникийн хүрээлэн бий. Яг тэр хэсэгт очуут гэв гэнт орчны агаар өөр, ШАЛ ӨӨР, туйлын цэвэр, чийглэг, сэнгэнэсэн, анхилуун, хүчилтөрөгч илт их байгааг мэдэрдэг. Хүн бүр, хүн бүхэн амьсгалдаг. Өрөөгөөрөө дүүрэн ургамал тарьж өсч өндийхийг нь ажиглан суух, завтай үедээ ганц нэг таталбар татан, сэдэв, арын фонн-д ашиглан, үе үе төрөх гуниг баяраа хуваалцахад ургамал гайхалтай сайн сонсогч байж чаддаг. Ингэхэд би өрөөндөө тарьсан ургамалдаа зориулж шүлэг бичсэн юм байна шүү. 
Кофе ба зайрмаг: Икеагийн ресторанд кофе ууж суух зуур хэд хэдэн хайку, ганц нэг өгүүллэг бичсээн. Гишүүний карттай бол кофены аяга үнэгүй, хамгийн хөгжилтэй нь хэрэв та икеад кофены аяганд мөнгө төлсөн л бол хэдэн ч удаа кофе ууж болно. Хятадууд икеагийн кофег янз янзаар л тайлбарладаг, ямар боловч зүрхээ дэлстэл кофе уух ч сайхан даа.
Гарахдаа нэг юаний зайрмагнаас дахин нэгийг аваад яг сургуулийн хаалга хүрэхэд дуусдаг. 
Зайдас: Икеагийн зайдасыг ИКЕАд ороод худалдаа хийхээсээ өмнө заавал идэж үзээрэй.


Монголоос ирсэн найзууд танил хүмүүст икеаг танилцуулж бүр зарим нэгийг нь Икеагаар өвчлүүлсэн дээ. 
Эрчүүд хэлэхдээ: эхнэртэйгээ икеад орвол хэтэвч дансыг нь атгаад, амыг нь сайн сойж яваарай хэмээн хэлцдэг. Шоопиндох ч амаргүй спорт доо. Ортой үг шүү. (инээв)


Төгсөөд Монгол руугаа буцахдаа өөрийн хэрэглэж байсан ИКЕА тавилгаа, ээжийн өгсөн мөнгөөр нэмж нэг буйдан бас бус зүйлс авч ачуулаад харив. Хүлээж авах үед буйдангийн гадарны өнгө солигдчихож. Тэгээд бодов, хэрэв Монголд ИКЕА байсан бол буцаж очоод солиулах байсан даа гэж.

Энэ мэтчлэн миний ИКЕА тай холбоотой хөгжилтэй түүхүүд дуусахгүй ээ. Икеа-р үйлчлүүлсэн хүн бүр, айл бүрт хөгжилтэй түүхүүд бий гэдэгт эргэлзэхгүй байна.

Улс орон бүрийн ИКЕА өөрийн орны соёлын онцлогт тохирсон бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Икеа Монголд албан ёсоор нээгдвэл маш олон монгол гар урчууд байнгын ажилтай болно доо.

Бээжингийн ИКЕА-д богино модон харандаа, цаасан метр үнэгүй. Яагаад гэдгийг урлаг тайлбарлана. 


Икеаг үүсгэн байгуулсан хүний сонирхолтой үнэн түүх намтар баримтыг доорх линкээс орчуулаад заавал уншаарай.



Годо 

2016.V.11
20:30

Улаанбаатар,
Монгол улс.










No comments:

Post a Comment