Thursday 17 May 2018

Сайхан сэтгэлт Умберто Эко үхэлд бэлдэхийг зөвлөв


1998- 5 - 22
"Коммерсант" сонин 
дугаар 090

Умберто Экотой хийсэн ярилцлага
| Орчуулсан © 2017 Пүрэвийн Энхтуяа / Сахиусан тэнгэрүүдийн хот |

     1998 оны 5 сард Италийн философич, нэрт зохиолч, эрдэмтэн, сэтгүүлч Умберто Эко Москвад айлчилжээ. Москвагийн Их Сургууль түүнд хүндэтгэлийн honoris causa докторын зэргээ олгосон байна. Умберто мэргэжил нэгтнүүдтэйгээ уулзаж, хоёр лекц уншиж, Их театрт "Евгений Онегин" дуурь үзэн, Европт хамгийн их алдаршиж түгсэн бэстселлер болох "Дипломын ажлыг хэрхэн яаж бичих вэ" номыг нь хэвлэхээр зэхэж буй "Университетская книга" хэвлэлийн газраар зочилжээ. Таван сарын 20-нд Петербург хотыг зорихоос нь өмнө сурвалжлагч Валерий Панюшкин, профессор Экотой уулзаж ярилцсаныг орчуулан хүргэмүй.

Хоёр лекцийн танхим бив битүү дүүрч, сэтгүүлчид түүнийг тал талаас  бүчин, Москвагийн их сургуулийн хүмүүнлэгийн салбарын II байрны үүдэнд, түүний номыг барьсан, мөн гарын үсэг зуруулахаар бэлдэж үзэг бал шоволзуулсан оюутнууд бужигнан хүлээж байлаа.

Их сургуулийн захиргаанаас гаргаж өгсөн тусгай танхимд профессор зуун хорин таван удаа давтан асуусан, та эрдэмтэн үү, зохиолч уу, эсвэл сэтгүүлч үү, хэмээх асуултанд, өөрийн үндсэн мэргэжлээ лимбэчин гэж тооцдогоо хэлж уулзалтаа нээсэн юм....

-Та сэтгүүлч үү, зохиолч уу, эсвэл эрдэмтэн үү? 

Эко инээгээд: -Би өөрийгөө философич л гэж боддог. Тавь хүрч байхдаа гэнэт нэг өдөр л маш их зарагдаж борлогдсон, эрэл сурал болсон роман бичээд эхэлсэн хүн шүү дээ. Ердөө л тэр. Би хэзээ ч зохиолчдын хурал, уулзалтанд очдоггүй, харин философи болон семиотиологийн хурал чуулганд бол байнга оролцохоор явдаг. Сонин сэтгүүлд нийтлүүлдэг ажлын минь тухайд гэвэл Европт ингэж хэвшсэн байдгийг ойлгох хэрэгтэй болох байх. АНУ-аас ялгаатай нь Европт их сургуулийн эрдэмтэд үргэлж ямар нэгэн хэмжээгээр нийгэм-улс төрийн сэтгүүлүүдтэй хамтарч ажилладаг. Нийгэмд өөрийн үзэл бодлыг илэрхийлэх, магадгүй, олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд ямар нэгэн байдлаар нөлөөлөх, тэднийг тэр хуудсан дээр нь ингэж нийтлэн бичихээс өөрөөр сонин, сэтгүүлийг шүүмжлэх арга байдаггүй. Ямар ч тохиолдолд энэ бол хэвийн л зүйл. Эрдэмтэн хүн улс төрийн тэмдэглэлээ нийтлүүлсний төлөө, хэн ч түүнийг хуруугаараа чичиж, солиотой амьтан гэж хэлдэггүй. Сэтгүүлзүйг би өөрийн хоёрдахь эсвэл гуравдахь мэргэжлээр ч тооцдоггүй. Миний хувьд сэтгүүлзүй бол цагийг зөв зүйтэй өнгөрөөх арга хэрэгсэл төдий л юм.

-Академич эрдэмтэн судлаачдын ертөнц тун хаагдмал байдаг. Та тэр хил хязгаарыг яаж давж гарсан бэ? Тэгээд хамгийн гол нь, яах гэж тэр билээ?

-Та намайг яах гэж анхны романаа бичсэн юм бэ, гэж асууж байна аа даа?

-Тийм ээ.

-Ямар ч эргэлзээнгүй, их сургуулийн профессор бүрийн бичгийн ширээн дээр бичсэн романых нь эх бичмэл хэвтэж байдаг юм. Профессоруудыг ойролцоогоор хоёр бүлэгт хувааж болно: бичсэн романаа хэвлүүлсэн хэсэг, мөн хэвлүүлэхээсээ ичингүйрэгсэд эсвэл айж эмээгсэд. Уран сайхны бүтээлээ хэвлэн нийтлүүлсэн профессоруудын 95% нь бүрэн сүйрлийг амсдаг бол, дөнгөж 5% нь л харьцангуй амжилтандаа сэтгэл ханамжтай явдаг. Ерөнхий дүр байдал ямар ч тохиолдолд үүнээс өөрчлөгдөхгүй. Их сургуулийн профессорууд , бүр математик, химийн салбарынх ч бай ялгаагүй, санаанд багтамгүй зөрүүдлэн, өөрийн романаа "ширээндээ" үргэлжлүүлэн бичсээр л суудаг.

Магадгүй, би бага зэрэг хэтрүүлсэн байлаа гэхэд, та харсан ч болоосой, хамт ажиллагсад маань нөхөрсөг ярианыхаа завсар надад роман эсвэл хэсэг бүлэг үгүүллэг бичиж буйгаа байнга дуулгаж байдаг гээ!

-Тэгсэн ч гэсэн, та яагаад, гэв гэнэт бичгийн ширээнийхээ нүдэнд хэвтэж байсан романаа хэвлүүлэхээр шийдэв?

-Хариулах арга алга даа. Энэ бол намайг яагаад цагаан дарсыг улаан дарснаас илүү таашаадгийг асуухтай л адил. Нэмж хэлэх юм ёстой алга! Зүгээр л нэг өдөр амьдрал минь өөрчлөгдөж, тархи толгойнд роман бичих санаа төрж, дараа нь хэвлүүлэхээр шийдсэн нь тэр. Энэ алхмыг хийх ямар ч нухацтай шалтаг, шалтгаан надад байгаагүй.

-Гудамжаар явж буй жирийн хүний тархины бүтцээс, академич эрдэмтний тархины бүтэц юугаараа ялгаатай вэ?

-Харин, ямар нэгэн зарчмын ялгаа бий гэж үү? Үгүй дээ. Магадгүй, тоон ялгаа байж болох л юм. Их сургуулийн профессорын тархи толгой элдвийн хэрэгтэй, хэрэггүй мэдээллээр чигжээстэй явдаг нь, ямар ч байдлаар түүний зүгээс амьдралд зөв зохистой хандах баталгаа болж чадахгүй. Боловсрол харамсалтай нь амьд явахад тусладаггүй шүү дээ. Тархины бүтэц зохион байгуулалтын тухай хэн нэгэн тархи-мэдрэлийн мэс засалчаас асуувал дээр болов уу. Би хэзээ ч гавлын яс хөрөөдөж, задлан хийж үзээгүй тул хүний тархи ямар бүтэцтэйг үнэхээр хэлж мэдэх юм алга даа.

-Тэгвэл шинжлэх ухааны номууд яагаад тийм уйтгартай байдаг юм бол?

-Энд би харин тантай огт санал нийлэхгүй! "Цэвэр ой ухааны шүүмж" ном жишээлбэл, миний бодлоор, туйлын шинжлэх ухаанч ном гэлээ ч, тун чиг олон романаас илүү сонирхолтой ном доо. Магадгүй, зөвхөн танд л шинжлэх ухааны номууд уншихад тийм сонирхолгүй байдаг байх...

-Яагаад гэвэл би жирийн хүн болохоор...

-Тэгвэл ингээд л шууд хэлчхэж бай. Харин надад бол америкийн цагдаагийнхны амьдралын тухай роман уншиж байснаас Платоныг уншиж суух хамаагүй илүү сонирхолтой. Магадгүй Платон удаан уншигдана л даа, гэхдээ энэ бол таны унших дадал хэвшил л мэдэх хэрэг. Өөрөөр хэлбэл та шинжлэх ухааны номыг сонирхох, эсвэл огт тоохгүй байх чинь, таны ямар хурдтайгаар уншиж хэвшсэнээс шалтгаална.

-За тийм байдаг юм байж, тэгвэл бэстселлерт цойлох шинжлэх ухааны ном бичиж болох уу?

-Мэдээжийн хэрэг! Академик номууд маш сонирхолтой болж болно шүү дээ, за байз... ямар ном, аа тийм, Толкиены романууд шиг. Академик бичвэр уншлагын удаан хэмнэл санал болгодгоороо онцлогтой.

-Таны одоо унших гэж буй "Интернет"-ийн тухай лекц "Фукогийн дүүжинт цаг" романд тань гардаг эрдэмтдийн нууц хуйвалдаантай адил биш гэж үү?

-Ха ха ха! Бага зэрэг. Ер нь "Интернет" яваандаа тийм нууц хуйвалдаанд хувирч, соёл иргэншилд сүйрэл авчирна.

-Яагаад?

-Шүүлтүүр хяналтгүй хүлээж авах асар их мэдээллийн багтаамж яваандаа солиоролд хүргэнэ. Миний бодлоор, "Интернет"-ийн хамгийн гол аюул нь энэ. Магадгүй, хүн үнэнийг худлаас ялгаж салгаж чадахгүйд хүрэх, мэдээллийн тодорхой нэгэн эгзэгтэй багтаамж гэж байдаг байх.

-Таны "Дипломын ажлыг хэрхэн яаж бичих ёстой вэ" номонд юу үгүүлдэг вэ?

-Юуны ч тухай биш. Би энэ номоо 30 жилийн өмнө бичсэн. Оюутнууд дипломын ажлаа яаж эхлэх, хэрхэн дуусгах, ашигласан номын нэрсээ яаж жагсааж бүрдүүлэх гэх мэт асуултаар байнга намайг булж, зовоож байдаг тул би нэг сайхан өдөр зүгээр л сууж аваад, жилээс жилд улиран давтагдаж буй зөвлөлгөөнүүдээ нэгтгээд биччихсэн хэрэг. Оюутан бүрт зориулах хоёр цагийн ярилцлагын оронд би тэдэнд тэр хэвлэмэл эхээ тарааж өгсөн. Ингээд л болоо. Харин энэ ном маань 100 мянган хувь борлогдож, намайг гайхашруулсан шүү, оюутнуудад дипломын ажлаа хэрхэн, яаж бичих гарын авлага, удирдамж үнэхээр хэрэгтэй байсан юм билээ.

-Тэгвэл яах гэж дипломын ажлыг бичих ёстой юм бэ? Яагаад ер нь заавал суралцах ёстой гэж?

-Суралцах ерөөсөө албагүй. Хүмүүс зүгээр л сурч байдаг, тэгээд л болоо. Яагаад гэвэл сурах чинь өөрөө сонирхолтой шүү дээ. Яагаад гэхээр ерөөсөө л тийм байх ёстой. Аливаа сургалтанд, яг сургалтаас нь өөр ямар ч өөр утга санаа агуулагддаггүй. Хүмүүс их сургуулиа төгсөхдөө, хууль журманд хуульчлан тусгагдаж заагдсан байдгийн дагуу дипломын ажил бичих болдог.

-Таны академик сургалтууд... бид хоёрын ярилцаж суусан ширээ рүү Экогийн бичиг хэргийн туслах бүсгүй шийдэмгий дөхөн ирж, гараа савчин, миний асуултыг тасаллаа.

-Уучлаарай. Таны цаг дууссан.

-Та амласан шүү дээ! - гээд би ч мөчөөгөө өгсөнгүй.

Гэвч туслах бүсгүй эрс шулуухан: -Та ойлго л доо, тантай ярилцаж тамираа бараад, тэрбээр лекцээ уншиж чадахгүй шүү дээ. Тэгээд бүсгүй Эко руу харахад цаадах нь бүхий л байдлаараа туйлын хүлцэнгүйгээр түүний үгэнд орж буйгаа илтгэн суух ажээ. 

-Умберто, чи ярилцлагаа үргэлжлүүлэх юм уу, эсвэл амармаар байна уу?

-Мэдэхгүй ээ. - гэж Эко сайхан сэтгэлт- хорон санаат мөрдөн байцаагчийн хоёр дүрд тун ч сэтгэл ханамжтайгаар зэрэг тоглож буй мэт хариуллаа.

- Юу л гэж хэлнэ, би дагана. Би чинь дуулгавартай хүн шүү дээ.

Тэгмэгц ч би үргэлжлүүлэн: -Таны академик сургалтууд роман бичихэд тань тус нэмэр болдог уу? 

-Хариулахад төвөгтөй асуулт байна шүү. Хэрэв би эрдэмтэн байгаагүй сэн бол, яаж болон ямар романууд бичих байснаа хэлж мэдэхгүй юм. Хэрэв Наполеон төрөөгүй сэн бол, Европын түүх яаж эргэх байсан бол, гэж асууж байгаатай л адил юм даа. Би мэдэхгүй ээ. Хэн ч мэдэхгүй. Хэрэв би, жишээлбэл мужаан байсан сан бол, ямар романууд бичих байснаа, ёстой хэлж мэдэхгүй. Тэгэхлээр, хэдэн арван жилийг их сургуульд ажиллаж өнгөрөөсний дараа л анхны романаа бичсэнд хамаг учир байна аа даа. Энэ бүх ажил намайг ямар нэг зүйлд сургана аа даа. Текстийг ялгаж салгаж ойлгох чадвар болон текстийг яаж бичдэг тухай цогц төсөөллийг би энд яриагүй байна. Хэрэв би махны лангуунд ажиллаж байсан бол, магадгүй, амьдралын өөр туршлага хуримтлуулсан болж таарах нь ээ дээ.

-Таны овог, - гээд би туслах бүсгүйн зэмлэсэн харцнаас жишүү харж бултангаа, - хаанаас үүсэлтэй юм бол? хэмээн үргэлжлүүлэн асуулаа.

("Эко" италиар "цуурай" гэсэн үг, ер нь ч тэгээд Италид ийм овог огт байдаггүй.) -Өө- өө! Өвөө минь олдмол орхидос хүүхэд байсан гэдэг. Тэгээд л түүнд ийм нэр өгсөн хэрэг. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн хотын захиргааны мяндагтан түшмэлд, хаягдмал жаалыг Цуурай гэж нэрлэвэл хачин сайхан санагдаж л дээ.

-Таны дуртай зохиолч?

-Миний дараа юу?.. Данте Алигьери.

Эког танхим руу дагуулан авч явлаа. Ярилцлага ч өндөрлөв. Үргэлжид л хамгийн чухал зүйлээ асууж чадалгүй үлддэгээ санан байж: -Профессор оо, амьдралын утга учир юунд оршдог юм бол оо?

-Үхэлд бэлтгэхэд.

-Тийм гэж үү? Та ер нь яагаад миний асуултуудад хариулаад байна?

-Сайхан сэтгэлтэй болохоор л тэр.





No comments:

Post a Comment